Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0041

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монгол ******************* шашны нийгэмлэг”

шашны байгууллагын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллага

          Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол ******************* шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/*** тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол ******************* шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0769 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.П, П С /P S/

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч

          Орчуулагч Ц.Ц

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

          Хэргийн индекс: 128/2025/0498/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол ******************* шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/*** тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол ******************* шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр шийдвэрээр “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 18 дугаар зүйлийн 3, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дүгээр зүйлийн 1, 3, 5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/*** тоот шийдвэрийг 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн тухайд: Хариуцагч нь шашны байгууллагын хугацааг сунгахгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлох, шүүх хариуцагчийн нотолгоо бодитой, хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлтэй эсэхэд хяналт хийхэд чиглэх ёстой. Гэтэл шүүх хариуцагчийн тогтоох ёстой зүйлсэн анхаарал хандуулж улмаар шүүх түүнийг тогтоохгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн, хараат бус байх зарчмаа алдагдуулж байна.

          3.2 Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/** дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан боловч ажлын хэсгээс дүгнэлт гэсэн эрх зүйн баримт бичиг гараагүй байдаг. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Илтгэх хуудас гэсэн баримт гарсан. Энэхүү илтгэх хуудаст асуултын хариуг тэмдэглэхдээ ердөө л “+”, “-“ гэсэн тэмдэг тавьсан байсан бөгөөд үнэлгээний шалгуур, аргачлал, үнэлгээний дүнг огт бичээгүй байсан. Иймд хяналт шалгалтын дүгнэлтийн үнэн бодитой, найдвартай эсэхийг үнэлэх бараг боломжгүй юм. Түүнчлэн, илтгэх хуудаст ямар нэгэн зүйлийг бол дүгнээгүй, харин шашны чиглэлийн хяналт шалгалт хийдэг мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болтол зөвшөөрөл олгохгүй, сунгахгүй байх санал гарсан. Энэ нь зөвшөөрөл сунгахгүй байх үндэслэл огтоос биш юм. Шүүхээс хариуцагчийг хяналт шалгалт хийхдээ ямар баримтуудыг судалж, үзэж дүгнэлт санал гаргасан талаар баримтуудаа шүүхэд өгөхийг шаардсан боловч хариуцагчаас баримт ирүүлээгүй. Энэ байдал нь хариуцагч юунд үндэслэж, юуг судалж эрсдэл үүсэх магадлал өндөр гэж үзсэн нь ойлгомжгүй байсан бөгөөд хариуцагч нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Дээрх байдлаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

          3.3 Нотлох баримт цуглуулах үүргийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн тухайд: Хэрэгт хариуцагч гаргасан мэдэгдлээ батлах ач холбогдол бүхий ямар ч нотлох баримт гаргаагүй. Үүнийг тооцвол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой байсан. Энэ талаар анхан шатны шүүх Үндэслэх хэсгийн 11-д тайлбарласан. Энэ хэсэг нь буруу бөгөөд хууль бус болж байна. Учир нь шүүх нотлох баримт цуглуулах үүргийг шилжүүлсэн нь шаардлага хангасан нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч байгууллага болон түүний итгэгчдийн шашин шүтэх эрх чөлөөг хязгаарлахыг хариуцагчид зөвшөөрснөөс өөрцгүй хэрэг юм.

          3.4 Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй тухайд: Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгахгүй байгаагаас болж нэхэмжлэгч байгууллагын удирдлага, итгэгч хүмүүсийн Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээгээр хамгаалагдсан эрх, эрх чөлөө, Монгол ******************* шашны нийгэмлэг шашны байгууллагын шашны үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

          3.5 Хууль бус эс үйлдэхүй, зүй бус хойшлуулсан тухайд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013-2015, 2018-2022 онуудад нэхэмжлэгч шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг сунгаж байсан. 2017 онд зөвшөөрлийг цуцалсан боловч шүүх үүнийг хууль бус гэж шийдвэрлэсэн. 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүрч энэхүү нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч шашны байгууллагын зүгээс энэ хугацаанд үйл ажиллагааны улмаас иргэдэд хор хохирол учирсан талаар гомдол нэг ч гарч байгаагүй, мөн Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг хариуцагчийн зүгээс нотлоогүй, нэхэмжлэгчийн хувьд ч хуулийн дээрх хориглолт бүхий хэсгүүдийг зөрчөөгүй болно. Тэгэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй мөн бөгөөд татгалзсан шийдвэр нь хууль бус юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаа явуулах эрхийг сунгаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан нөхцөлүүд тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

          3.6 Иймд анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02/*** тоот шийдвэрийг хууль бус гэж тогтоож, холбогдох хууль тогтоомжид зааснаар нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрлийг сунгахыг даалгаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллага нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ** дүгээр албан бичгээр үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/*** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэх мэт заалтыг зөрчсөн байж болзошгүй талаар иргэн, холбогдох байгууллагаас мэдээлэл ирүүлсэн тул үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг одоогоор шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.

          4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/** дугаар захирамжаар Сүм, хийдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.

          5. Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулсан тухай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Илтгэх хуудсаар ...уг хяналт шалгалтаар 82 байгууллага хамрагдаж, хяналт шалгалтын үнэлгээгээр 33 цуглааны газар 53-110 оноо буюу “эрсдэл үүсэх магадлал ихтэй” гэж дүгнэгдсэн байна. Үүнд “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллага нь Баянгол, Налайх дүүрэгт байрлах сүмүүдийн номлол, сургаалд итгэгч, гишүүд цэргийн алба хаах, бусдад цусаа өгөхийг хориглодог талаар, ...тодорхой бус, бүртгэл хяналт сул зэрэг зөрчилтэй, 110 оноо буюу “эрсдэл үүсэх магадлал ихтэй”  шаардлага хангаагүй гэж дүгнэж байсан.

          6. Нэхэмжлэгч байгууллагаас дахин 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24/** дүгээр, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25/** дүгээр албан бичгээр шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тус тус гаргасан байдаг.

          7. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/*** дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, уг шалгалтаар “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллага нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.8, 9 дүгээр зүйлийн 9.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-д заасныг тус тус хангаагүй буюу “Эрсдэл үүсэх” магадлалтай гэж үнэлсэн байна.

          8. Маргаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/*** дугаар албан бичгээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/** дугаар захирамжаар байгуулагдсан сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тус байгууллага нь эрсдэл үүсэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтийг Монгол ******************* шашны нийгэмлэгт танилцуулсан. Монгол ******************* шашны нийгэмлэг болон А ************ шашны байгууллага нь нэг шашны үзэл номлолтой салбар сүмүүд тул дээрх нөхцөл байдлыг харгалзан тус шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгаагүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          9. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, 3.3-д “Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 3.4-д “Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй” гэж тус тус заажээ.

          10. Хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэний шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшил, мөн түүнчлэн шашин шүтэх эрхийг албадах, хязгаарлах, ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг сахин биелүүлэх зэрэг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээгээр зохицуулахаар байна.

          11. Хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТЕГ01/*** дугаар албан бичигт “...А/*** дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шалгалтаар “Монгол ******************* шашны нийгэмлэг” нь холбогдох хууль тогтоомжид заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээ хийгээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлээгүй, мөн итгэгчдийн бүртгэл хөтөлдөггүй, санхүүгийн дэлгэрэнгүй тайлан гаргаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн. Үүнээс гадна номлолдоо ашиглаж буй “Г**** судар”-т зааснаар итгэгчдэдээ цэргийн алба хаах, үндэсний баяр наадам тэмдэглэх, цусаа сэлбэхийг хориглох зэргийг номлодог нь Монгол Улсын Үндсэн хуулийн арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.5, 7.7 дахь хэсэгт заасныг тус тус харшилж байна гэж үзсэн тул тус байгууллагын шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх саналыг ажлын хэсэгт гаргасан” гэж дурдсан.

          12. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” ** дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталж, уг журмын Тав. Хяналт тавих, 5.2-т “Зөвшөөрөл авсан шашны байгууллага нь батлагдсан дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагааны чиглэл, байршил, удирдах бүрэлдэхүүн, ахлагч нь өөрчлөгдсөн тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тухай бүр албан ёсоор мэдэгдэнэ”, 5.4-д “Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь батлагдвал тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ”, 5.6-д “Зөвшөөрөлд заагдсан нутаг дэвсгэрээс өөр байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Зургаа. Шийдвэрийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, 6.4-д “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, энэхүү журмыг заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хугацааг цуцлан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус журамлажээ.

          13. Хариуцагч захиргааны байгууллагаас  Хяналт шалгалтын хүрээнд “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагыг “эрсдэл үүсэх магадлал ихтэй” гэж дүгнэж, мөн итгэгчдэдээ цэргийн алба хаах, үндэсний баяр наадам тэмдэглэх, цусаа сэлбэхийг хориглох зэргийг номлодог тул Монгол Улсын түүх, өв уламжлал, соёл заншил, эв нэгдэлд харшлах үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж тайлбарлаж үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа татгалзлаа бодит нөхцөл байдалд хэрхэн үнэлж, нотлох баримтыг хэрхэн цуглуулсан нь тодорхойгүй байна.

          14. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хүрээнд багтаж буй эсэх, үйл ажиллагаандаа ашиглаж буй Ариун библи болон Грек судруудын агуулга нь Монголын ард түмний уламжлал, улмаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учрах нөхцөл бодитоор үүссэн эсэх нь тодорхойгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          15. Харин анхан шатны шүүхийн “...Библийн сургаалыг тайлбарлах замаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, цусны менежмент хөтөлбөр нь манай улсад ямар агуулгаар хэрэгжиж буй, цус сэлбүүлэхээс татгалзсан, үүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан, учирч болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр цус сэлбэхээс татгалзах сургаал нь Монгол Улсын хүн ам, удмын сангийн болон хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх, “эзний таалал” гэх ойлголт нь тусгай мэргэжлийн онолын тайлбараар тайлбарлагдахаар байна” гэх дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж үзэхээр байна.

          16. Дээрх журамд заасанчлан “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ямар байршилд үйл ажиллагаа явуулж байгаа, үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншилд харшлах ямар үйл ажиллагаа явуулсан, иргэдээс ямар санал, гомдол гаргаж байгаа, зөвшөөрлийн хугацаанд хийгдсэн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, ажлын тайланг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэх шаардлагатай баримт, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны үндсэн дээр үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

          17. Өөрөөр хэлбэл, хариуцагч хяналт шалгалтын хүрээнд ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь “Хяналтын хуудас”, Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулсан тухай Илтгэх хуудсаар бүрэн тодорхойлогдохгүй байгаа энэ тохиолдолд дээрх үйл баримтын хүрээнд тогтоосон үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. 

          18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

          19. Мөн зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.

          20. Энэхүү маргааны хувьд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүл”-сэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тодруулж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй.

          21. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол ******************* шашны нийгэмлэг” шашны байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА