Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

            Хохирогч: З.Гансүлд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэлд холбогдох 201603000296 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэв.  

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 20-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэл /РД:АГ79021416/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Очгэрэл нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Наранбулагийн 21а-1 тоотод оршин суух хохирогч З.Гансүлдийн монгол гэрт нэвтэрч, улаан өнгийн чулуун хөөрөг, эмэгтэй хүний хурган дотортой дээл, пүүзэн гутал зэргийг хулгайлж, бусдад 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч З.Гансүлдийн мэдүүлсэн: “...2016 оны 06 сарын 21-22-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж, манай эхнэрийн өмсдөг байсан хурган дотортой дээл, пүүзэн гутал, миний хөөрөг зэрэг алга болсон. Би алга болсон эд зүйлээ үнэлүүлэхэд 2.160.000 төгрөг болсон. Энэ хохирлыг л барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг

 

201603000296 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч З.Гансүлдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Юмсэрчмаа болон 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сум руу амрах гэж явсан. Тэгээд Өлзийт суманд очоод 2 хоноод байж байхад манай гэрт хулгай орчихсон байна гэж айлын ах Энхтайван хэлсэн. Манай гэр дотроос зүүн талын авдар дотор байсан шинэ цагийн их бие дээрээ цагаан өнгийн жижигхэн  одтой хөөрөг, хөөрөгний их бие дээр цагаан өнгийн толботой чулуу, хурган дотортой дээл, эхнэрийн өмсдөг байсан мизонно гэх пүүз зэрэг эд зүйлс алдагдсан. Миний алдагдсан эд зүйлс болох хөөрөг маань улаан өнгөтэй, хөөрөгний их бие дээр цагаан өнгийн жижигхэн одтой, цагаан өнгийн толботой чулуутай, хар ногоон торгоор хийсэн, хурган дотортой дээл, улаан өнгийн оруулга оруулсан пүүз зэрэг байгаа. Би алдагдсан эд зүйл болох хөөргөө 1.500.000 төгрөг, хурган дотортой үстэй дээл 1.200.000, пүүзээ 60.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байна, миний алдсан пүүз болох мизонно нэртэй пүүзийг өмсчихсөн байсан Очгэрэл гэх хүнийг сэжиглэж байна. Надтай өс хонзон болон өр авлагатай гэхээр ямар ч хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-07-08х/

           

            Гэрч Р.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эрх, үүргээ ойлголоо, асуух зүйл байхгүй. Би З.Гансүлдийг танина. Хөрш айл болон танилын харилцаатай, ураг төрлийн холбоо байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цагийн үед босоод бие засах гээд гарч 21а-01 тоотод байх Гансүлдийн хашаа руу, бие засах газар руугаа явж байтал Гансүлдийн гэрийнх нь нэг талын хаалганых нь цүү нь доошоо уначихсан байсан. Тэгээд би дараа нь Гансүлд рүү хэлээд дотогшоо ороход зүүн талын авдарных нь хужаа цоожийг доош нь сугалаад авчихсан байсан. Хөөрөгнийх дайлан нь газарт уначихсан байсан. Тэгээд орой нь Гансүлд гэртээ ирсэн. Гансүлдийн хашаанд нэг бие засах газар байдаг юм, манай хашаа голоороо нэг нэгийнх рүүгээ ордог хашааны банзнуудыг нь авч хаясан орж гарах зайтай байдаг. Гансүлд болон Юмсэрчмаа 2 надад хэлэхдээ бид хоёр хөдөө явлаа шүү, бороо орвол манай өрхийг татаарай гэж хэлээд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сум руу явсан. Би хамгийн сүүлд Гансүлдийн гэрийг 2016 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эргэсэн. Учир нь би тэр үед сонгуулийн сурталчилгааны ажлаар Ардчилсан намын гэрт байж байгаад өөрийн гэртээ ирсэн юм. Би гэртээ ирээд бие засахад тэдний гэр нь цоожтой хэвээрээ байсан. Би Гансүлдийн гэрийг гар чийдэнгээ тусгаад эргэж тойрч харсан. Би Гансүлдийн гэрт хулгай орсон болохыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг болж байхад босч, Гансүлдийн жорлонд бие засах гэж байгаад хаалга руу нь хартал хаалганы цүү нь наашаагаа сугарчихсан байсан. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг би мэдэхгүй байна, надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн хэрэг гардаг шөнө сэжигтэй хүн болон сэжигтэй тээврийн хэрэгсэл Гансүлдийнд ирсэн болох нь надад мэдэгдээгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг гэж унтсан. Өглөө би 07 цаг гээд боссон бөгөөд тэр хугацаанд хулгай орсон байх. Гансүлдэд улаан шүрэн хөөрөг байдаг талаар би мэднэ, 2016 оны хавар цагаан сараар Гансүлд манайд орж ирж золгохдоо надтай хөөрөглөж байсан. Тухайн үед улаан шүр гэмээр улаан хөөрөг байсан. Яг шүрэн хөөрөг бол биш байсан. Хөөрөг нь их бие дээрээ цагаан одтой, улаан шүрэн толгойтой байсан болохыг би анзаарч байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11х/

 

            Гэрч П.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би эрх, үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Гансүлдийг таних бөгөөд эхнэрийнх нь төрсөн ах байгаа юм. Би Гансүлдэд байх улаан хөөргийг мэднэ. Учир нь 2016 оны цагаан сараас өмнө З.Гансүлдэд 1.500.000 төгрөгөөр зарж байсан. Уг хөөрөг маань их бие нь бурхны шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй байгаа байх, улаан өнгөтэй, содон шинж гэвэл уг хөөрөг маань их бие нь улаан өнгөтэй, түүний дээр нь 4-5 ширхэг жижигхэн цагаан өнгийн одтой бөгөөд уг одыг зарим хүмүүс хөөрөгний мэнгэ гэж ярьдаг. Шүрэн хөөрөг бол биш харин ямар чулуу болохыг нь бас мэдэхгүй байна. Гансүлдийн хөөргийг би хамгийн сүүлд 2016 оны цагаан сараар өөрт нь байхыг харсан. Манайд очиж золгохдоо надтай хөөрөглөж байсан. Би тэрнээс хойш хөөргийг хараагүй. Би Юмсэрчмаад хурган дотортой дээл байсныг мэдэж байна. 2016 оны цагаан сараар өмсөж байсан ногоон туяатайдуу хар өнгийн хээтэй дээл байсан шиг санагдаж байна. Тийм дээл өмсөж байсан, харин өөр зүйлийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-12-13х/

 

Гэрч Б.Ванданшаравын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Очгэрэл гэх хүнийг танина. Төрөл садан болон найз нөхдийн харилцаа байхгүй. Очгэрэл нь манай гэр болох Архангай аймгийн Янгиртай хясааны Бумбат гэх газар 09 дүгээр сараас хойш байсан. Манай гэрт байх хугацаандаа надтай тохиролцож өвс хадах болон малын хашаанаас малын хуримтлагдсан баас, индэр ухах, өвөлжөө бууцанд буулгах, байр барих гэх мэтийн ажлуудыг хийлгэсэн. Очгэрэл манай гэрт байх хугацаандаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа хэлж байгаагүй. Ажлаа л хийдэг байсан. Би Очгэрэл гэх хүнийг 5 жилийн өмнөөс мэднэ. Очгэрэл нь ажилд сайн өмнө нь мужаан байсан болохоор гарын эв дүй сайтай. Хүнд тусархаг архи уухгүй бол их сайн залуу. Өмнө нь дандаа манай гэрт ажил хийж мөнгө төгрөг авдаг байсан. Очгэрэл манай гэрт байх хугацаандаа архи дарс ууж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-32-33х/

 

 Гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлгож мэдлээ, асуух зүйл байхгүй. Би Очгэрэлийг танина, би төрсөн эх нь байгаа юм. Би энэ хэргийн талаар мэдэхгүй учраас мэдүүлэг өгөхгүй. Хүүгийнхээ хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгнө. Миний хүү болох Очгэрэл нь манай хамгийн том хүү байгаа юм. Очгэрэл нь 1979 онд төрж, айлын ууган хүү болж мэндэлж байсан. Манай хүү Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн бага сургуульд сурч байсан. Тэгээд 4-р ангиа төгсөөд сургуулиас гарч надад туслах гээд малчин болохоор шийдсэн. Тэгээд мал маллаж байгаад 18 насандаа цэрэгт 1 жил явж ирээд 2 хүүхэдтэй Амараа гэх эмэгтэйтэй гэрлэсэн. 2000 оны эхээр эхнэртэйгээ Улаанбаатар хот руу явж ажиллана гээд явсан бөгөөд түүний дараа 3 жил болоод эхнэрээсээ салж ирээд энд бид нартай хамт салалгүй амьдарч байгаа. Эхнэрээсээ салахаасаа өмнө манай хүү архи уухаа больсон байсан. Миний хүү архи уухаараа л зан муутай болчихдог. Хүү маань ажилд сайн, мужаан байсан. Гарын эв дүй сайтай хүүхэд, Улаанбаатар хотод Жигүүр грандад нимгэн төмөрчин гээд төмрөөр эд зүйл хийдэг байсан. Түүнээс хойш надтай хамт байгаа. Очгэрэл өмнө нь нэг удаа хулгай хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-34х/

 

Гэрч П.Юмсэрчмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Очгэрэл гэх хүнийг танихгүй. Миний хулгайд алдагдсан гэх хурган дотортой үстэй дээл маань ногоон өнгөтэй, ногоон өнгөтэй торгон дээр хар судалтай, хурган дотортой дээл байсан. Миний дээлний материал Нарантуул захаас авахад 700.000 төгрөг болж байсан. Миний алдсан гэх дээл маань гэрийн зүүн талын авдар дотор сул тавьсан байсан. Тэр авдарт маань хөөрөг бас байсан. Хөөрөгний дайланг гаргаж тавин хөөргийг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-35х/

 

А.Очгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Би өмгөөлөгч сонгон авсан, байцаалтандаа өөрийн сонгон авсан өмгөөлөгч Д.Насанжаргалыг оролцуулна. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн ойролцоо архи уучихсан ганцаараа явж байгаад 23 цаг өнгөрч байсан байх би санахгүй байна, эзэнгүй айл байх шиг байсан. Тэгэхээр нь дотогшоо ортол нохой байгаагүй болохоор нь монгол гэрийн хаалганых нь цүүг эвдээд дотогшоо ороод авдарыг нь онгойлгоод эд зүйл хайж байхад ногоондуу өнгийн үстэй дээл байсныг аваад дахин ухаж байтал дайлантай хөөрөг байхаар нь авсан. Тэгээд гарах гэж байтал нэг пүүз байсан, нэрийг нь санахгүй байна. Тэгээд тэр пүүзийг аваад үстэй дээлэнд хумхиж боогоод үүрээд айлын хаалгыг хаагаад гарч явган алхаад нэг гудамжинд унтчихсан байсан. Би хулгай хийхдээ ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, ганцаараа байсан. Надад хулгай хийх ямар нэгэн шалтгаан байгаагүй, би эд зүйл олж архи уух санаатай байсан. Би эдгээр зүйлийг хулгайлаад 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зарсан. Хөөргийг нь Архангай аймгийн Нийтийн худалдааны төв болох зах дээр нэг залууд 5.000 төгрөгөөр зарчихсан. Эмэгтэй хүний ногоон өнгөтэй үстэй дээлийг зах дээр 2 шил архиар сольчихсон. Тэгээд пүүзийг нь би өөрөө өмчихсөн байсан. Би дээрх зүйлсийг зарсан гэх хүмүүсээ танихгүй. Явуулын хүмүүс байсан байх гэж бодож байна. Өмнө нь зах дээр тийм хүмүүс харагдаж байгаагүй. Би Гансүлд гэх хүнийг танихгүй. Надад ямар нэгэн өс хонзон санасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-46-47х/

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Очгэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өмгөөлөгч Д.Насанжаргалыг сонгон авсан, байцаалтандаа оролцуулна. Би эрх, үүргийг ойлголоо. Би мэдүүлэг өгнө. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хулгай хийсэн нь үнэн. Надад хамгийн бага ялыг оноож өгнө үү. Миний ээжийн бие муу байгаа. Надад нэмж асуух зүйл байхгүй. Энэ хэрэгт өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-52-53х/

 

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоол /хх-55-57х/

 

А.Очгэрэлийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-30х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09, 31х/

Эд зүйлийн үнэлгээ /16х/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58-59х/ зэрэг болно.

 

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч А.Очгэрэл нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2016 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэсвсгэр Наранбулагийн 21а-01 тоотод хохирогч З.Гансүлдийн гэрт хууль бусаар нэвтэрч улаан өнгийн чулуун хөөрөг, эмэгтэй хүний хурган дотортой дээл, пүүзэн гутал зэргийг хулгайлж, бусдад 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч З.Гансүлдийн “...Манай гэр дотроос зүүн талын авдар дотор байсан шинэ цагийн их бие дээрээ цагаан өнгийн жижигхэн  одтой хөөрөг, хөөрөгний их бие дээр цагаан өнгийн толботой чулуутай, хурган дотортой дээл, эхнэрийн өмсдөг байсан мизонно гэх пүүз зэрэг эд зүйлс алдагдсан. Надад сэжиглэж байгаа хүн байна, миний алдсан пүүз болох мизонно нэртэй пүүзийг өмсчихсөн байсан Очгэрэл гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-07-08х/, гэрч Р.Энхтайваны “...Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цагийн үед босоод бие засах гээд гарч 21а-01 тоотод байх Гансүлдийн хашаа руу, бие засах газар руугаа явж байтал Гансүлдийн гэрийнх нь хаалганы нэг талын хаалганы цүү нь доошоо уначихсан байсан. Тэгээд би дараа нь Гансүлд рүү хэлээд дотогшоо ороход зүүн талын авдарных нь хужаа цоожийг доош нь сугалаад авчихсан байсан. Хөөрөгний дайлан нь газарт уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11х/, гэрч П.Юмсэрчмаагийн “...Миний алдсан гэх дээл маань гэрийн зүүн талын авдар дотор сул тавьсан байсан. Тэр авдарт маань хөөрөг бас байсан. Хөөрөгний дайланг гаргаж тавин хөөргийг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-35х/, А.Очгэрэлийн “...Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн ойролцоо архи уучихсан ганцаараа явж байгаад 23 цаг өнгөрч байсан байх, би санахгүй байна, эзэнгүй айл байх шиг байсан. Тэгэхээр нь дотогшоо ортол нохой байгаагүй болохоор нь монгол гэрийн хаалганых нь цүүг эвдээд дотогшоо ороод авдарыг нь онгойлгоод эд зүйл хайж байхад ногоондуу өнгийн үстэй дээл байсныг аваад дахин ухаж байтал дайлантай хөөрөг байхаар нь авсан. Тэгээд гарах гэж байтал нэг пүүз байсан, нэрийг нь санахгүй байна. Тэгээд тэр пүүзийг аваад үстэй дээлэнд хумхиж боогоод үүрээд айлын хаалгыг хаагаад гарч явган алхаад нэг гудамжинд унтчихсан байсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-46-47, 52-53х/, эд зүйлийн үнэлгээ /хх-16х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17х/, 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 47 тоот шийтгэх тогтоол /хх-55-57/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иймээс шүүгдэгч А.Очгэрэлийг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Очгэрэл нь хорих ялыг тэнссэн байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Архангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй.  

 

            Шүүгдэгч О.Очгэрэл нь 8 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Очгэрэлээс хохиролд 1.160.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Наранбулагийн 21А-01 тоотод оршин суух Амбан хошуу овогт Зунагийн Гансүлдэд олгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           

             Шүүгдэгч А.Очгэрэл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржгин овогт Алтангэрэлийн Очгэрэлийг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Очгэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 47 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Очгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Очгэрэлийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч А.Очгэрэлээс хохиролд 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Наранбулагийн 21А-01 тоотод оршин суух Амбан хошуу овогт Зунагийн Гансүлдэд олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Очгэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНЦЭЦЭГ