Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч М.Одгэрэл,

шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-н О д холбогдох эрүүгийн 2334000000266 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Б-н О , ......................., урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймгийн сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1.3-т зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар,

2.Төв аймгийн сум дундын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2, 216.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жил тэнсэн харгалзах ялаар,

3.Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, .............. регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр багийн төвд иргэн Г.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие Төв аймгийн Борнуур суманд ам бүл тавуулаа амьдардаг. Би тэр өдөр Энхжаргал гэдэг хүний дэлгүүрийн гадаа очсон тэгтэл Б  гэдэг хүн дэлгүүрийн гадаа байж байсан. Тэгээд чи манай ахаас уучлалт гуйдаггүй юм уу чи манай ахын хашаанд очиж манай ахыг дарамталсан байна чамайг ална гээд миний мөр лүү 3 зохисон машинд нь байсан хүмүүс бууж ирэхээр  нь салгах гэж байна даа гэж бодсон чинь намайг ахиад 2 цохисон.  Би тэгээд нэг цохичихсон юм.” гэв.

 

            Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Хохирогч Г.Б ын мэдүүлэг /хх-ийн 6, 7 хуудас/, Шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 354 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 хуудас/, Гэрч О.И ын мэдүүлэг /хх-ийн 10, 11 хуудас/, Гэрч Т.Б гийн мэдүүлэг /хх-ийн 14, 15 хуудас/, Шинжээч эмч И.Ганболорын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 28, 29 хуудас/, Яллагдагч Б.О ын мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/ зэрэг болно.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О ын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.О  болон түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О  нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр багийн төвд иргэн Г.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2334000000266  хэрэгт авагдсан:

Хохирогч Г.Б ын: "Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр н.Ч , н.И , н.Э , н.Б  нарын хамт Улаанбаатар хот ороод орой 21 цаг өнгөрч байх үед Борнуур суманд ирээд н.Энхжаргал гэх хүний дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон. Би машинаас буугаад Б.О тай таарсан юм. Тэгээд Б.О  урд өмнө нь манай гэрийн хашаанд шөнө ирээд манай ах н.Болдоог дарамталж, айлгасан байсан болохоор Б.О ыг н.Болдоо ахаас уучлалт гуйчих гэсэн чинь би танай хашаагаар очоогүй гэсэн. Тэгсэн ч би та нараас хэзээ ч уучлалт гуйхгүй гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад хоёр биеийгээ цохисон. Тэгтэл н.Ч , н.И  хоёр салгасан. Тэгшээд н.Ч  бид хоёрыг битгий зодолд учраа ол гэсэн. Б.О  утсаараа н.Түвшинтөр гэх залууг дуудсан. Удалгүй н.Түвшинтөр ирсэн. Би н.Түвшинтөртэй юм яриад зогсож байх үед Б.О  миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Би машиндаа суугаад сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд миний шүд хугарсан байсан. Мөн хамрандаа 2 ширхэг оёдол тавиулаад Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч О.И ын “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед найз н.Б , н.Б , н.Ч  нарын хамт Улаанбаатар хот ороод орой Улаанбаатар хотоос 22 цаг 40 минутын үед Борнуур суманд ирсэн. Сумын төвд Баян-Өлзийт дэлгүүрийн үүдэнд зогсоод Г.Б  бие засахаар буусан. Тэр хооронд Г.Б ын эхнэр н.Б  дэлгүүр орсон байсан. Г.Б  бие засчихаад нааш ирж явах замдаа Б.О тай таараад юм яриад тамхи татаад зогсож байсан. Удалгүй Б.О , Г.Б  нар нэг нэгийгээ түлхээд байхаар нь би машинаас буугаад тэр хоёрыг салгах гэтэл хоорондоо цохилцож эхэлсэн. Тэгээд би голоор нь орж салгахад Г.Б ын хамраас цус гарсан байсан. Г.Б  хамрынхаа цусыг арилгаж байх үед Б.О  тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл Б.О  Г.Б ыг хоёулаа учраа ольё гээд цаашаа нь дагуулаад явсан. Тэгээд удалгүй 2-3 минутын орчим ярилцаж байгаад эргээд хүрээд ирсэн. Тэр хооронд н.Түвшинтөр гэх залуу ирсэн. Тэгээд Г.Б  н.Түвшинтөртэй урд өмнө нь болсон асуудлын талаар яриад зогсож байтал Б.О  гэнэтэ Г.Б ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамраас нь цус гараад тогтохгүй байсан мөн хамар нь хавдсан байсан. Тэгээд Г.Б ын хамт явж байсан н.Б , н.Ч , н.Энхээ нарын хамт сумын эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

-Гэрч Т.Б гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Г.Б  найз н.Ч , О.И , н.Э  бид нар Улаанбаатар хот ороод орой 21 цаг өнгөрч байх үед Борнуур сумын төвд ирээд н.Энхжаргал гэх хүний дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон чинь Г.Б  машинаас бууж бие засаад нэг портер машинтай хүнтэй юм яриад зогсож байсан. Би машиндаа хүлээгээд сууж байтал нилээд удаан юм ярьж байснаа хоорондоо муудалцаад зууралдаад байсан. н.Ч , О.И  хоёр машинаас бууж очоод салгасан. Тухайн үед миний машин хол байсан болохоор юу ярьж байгааг нь сонсоогүй. Удалгүй саарал өнгийн Ланд-80 маркийн машин ирээд зогссон. Тэгээд тэд нар тойроод зогсчихсон юм яриад байсан. Удалгүй Г.Б ын хамраас цус гарчихсан байсан. Яасан гэсэн чинь Б.О  цохьчихлоо гэсэн. Тэгээд сумын эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №354 дугаартай “...Г.Б ын биед баруун гайморын хөндийд урд хананы хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын зөөлөн эдийн шарх, зүүн дээд 1 дүгээр их арааны цөгц хэсгийн эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “PEXA МЕД” эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн комьпютер томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүдээс баруун гайморын хөндийд урд хананы зөрүүтэй хугарал хамар ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын зөөлөн эдийн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №383 дугаартай “...Б.О ын биед дээд уруулын зөөлөн эдийн няцралт, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний бага зэргийн хөдөлгөөнт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

-Шүүгдэгч Б.О ын өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Борнуур сумын төвд Баян-Өлзийт дэлгүүрийн зүүн урд буланд н.Төгсбаатар, н.Бямбаноров нарын хамт юм яриад зогсож байтал Баян-Өлзийт дэлгүүрийн үүдэнд нэг машин ирээд дотроос нь Г.Б  бууж ирээд миний хажууд ирээд бие зассан. Тэгээд над дээр ирээд чи надаас уучлалт гуйдаггүй юм уу би чамайг алнаа гээд байсан. Чи яагаад байгаа юм гэсэн чинь миний нүүр рүү нулимаад намайг 2-3 удаа цохисон. Гэтэл н.И , н.Ч  хоёр машинаасаа бууж ирээд намайг барьж авсан. Тэр хооронд Г.Б  намайг дахиад 2 удаа гараараа толгой руу цохисон. Тэгээд Г.Б  болиоч ээ та нар гэсэн чинь н.Ч  наад хоёрыгоо зодолдуул гээд байсан. Тэгээд Г.Б  намайг 2 удаа гараараа цохисон. Би зөрүүлээд баруун гараараа Г.Б ын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Г.Б  намайг шоронд оруулна банди болгоно гээд орилоод байсан. Тэгээд би цагдаагийн хэсэг дээр ирээд согтуурлаа шалгуулсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд байж байтал Г.Б ын аав орж ирээд намайг шоронд хатаана гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.О  нь хохирогч Г.Б тай үл ялих зүйлээс маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд ньбаруун гайморын хөндийд урд хананы хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын зөөлөн эдийн шарх, зүүн дээд 1 дүгээр их арааны цөгц хэсгийн эмтрэл” бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэл учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас М.Одгэрэлээс: “шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлт гаргасныг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалангаас: “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. 1.000.000 төгрөгийн хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.О  нь Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт гэх газарт оршин суудаг /хх 50/, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй /хх 53/ талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх 56-59/-р тогтоогдсон, одоо 38 настай талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалангаас гаргасан “торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Хохирогч Г.Б  нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2334000000266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О д оногдуулсан 1.000 тэнцэх хэмжээний буюу 1.000.000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

   5.Шүүгдэгч Б.О д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

   6.Хохирогч Г.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн 2334000000266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ