Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэгт бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ц-н Б од холбогдох эрүүгийн 2334000000262 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө овогт Ц-н Б , ......................, үүнд:

1.Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 5 сарын 21-ны өдөр хорих 443 дугаар ангиас хугацаа дуусч суллагдсан,

2.Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 7 сарын 9-ны өдөр хорих 437 дугаар ангиас суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ................... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурван зуун зургаан га” гэх газарт иргэн Д.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан тонгорч унаган дарж унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

  Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Согтуугийн улмаас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэв.

 

  Хохирогч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Эмчилгээний зардал 991.200 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн үүн дээр шүүх хуралдаанд ирэх гэж 6 удаа нааш цааш явсан. Энэ зардал буюу унаа, хоол нэг удаадаа 20.000 төгрөг, нийт 120.000 төгрөг, нийт 1.111.200 төгрөг болж байна. Мөн миний бие сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэмтэл авч, 8 дугаар сарын 14 хүртэл нийт 2 сарын цалингаа нэмж нэхэмжилж байна.” гэв.

 

              Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

              Үүнд:

              Хохирогч Д.Б гийн мэдүүлэг /хх-ийн 6-8 болон 58 хуудас/, гэрч Э.Ж ын мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Н гийн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Х ын мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Д ийн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/, яллагдагч Ц.Б ын мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 373 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29 хуудас/,

              Шүүгдэгч Ц.Б ын ял шийтгүүлсэн эсэх ял шалгах хуудас /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 71/,

              Хохирогч Д.Б гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 60-67/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д.Б гийн дансны хуулга 19 хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан хохирогчийн дүрс оношилгооны хариу, авхуулсан зураг 7 хуудас зэрэг болно.

 

              Гурав. Шүүхээс хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

   Шүүгдэгч Ц.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурван зуун зургаан га” гэх газарт иргэн Д.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан тонгорч унаган дарж унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн  2334000000262  хэрэгт авагдсан:

            

              Хохирогч Д.Б гийн өгсөн: “Би Төв аймгийн Цээл сумын нутагт үр тариа тарьдаг Цээлийн хур ХХК-д 2018 оноос хойш одоог хүртэл улирлын чанартай ажил хийдэг юм. 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цагийн үед байх өөрийнхөө машин дээр хашааны тор ачаад “Гурван зуун зургаан га”-д бид хэдтэй байсан Буянаа гэх залуу согтуу Хүдрээгийн машиныг унах гээд байхлаар нь чи боль согтуу машин унах гээд байх юм миний машинд суугаад хоолоо идээд харий гэж хэлэхэд машинаас буухгүй байсан. Тэгэхээр нь би Буянаа гэх залууг машинаас татаж буулгасан. Тэгтэл Б гэх залуу нь намайг барьж аваад тонгороод шидсэн. Тэгээд би газар унахад миний цээжин дээр Б хүчтэй унасан тэгээд би босож чадахгүй, амьсгал авч чадахгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд Угтаалцайдам сумын эмнэлэг дээр ирсэн тэгээд надаа тариа хийж өгсөн. Миний биед Б гэх залуу гэмтэл учруулсан. Б гэх залуу нь намайг зодож цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 58/,

              Гэрч Э.Ж ын өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл сумын 7 дугаар тасаг гэх газарт байдаг Цээлийн хур ХХК-д ажил хийж байж байгаад хөдөө байдаг үр тарианы талбайны хашааг барьж байсан тухайн үед өдөр хоолны цаг болоод Бямба, Б , Б туслахаар ажиллаж байсан гурван залуу байсан. Би уг залуусын нэрийг мэдэхгүй тэгээд хоолоо идээд дуусаад Б  бид хоёрын Заамар сумын Ар уртын бригад ороод дэлгүүрээс манай найз Б  нь утсаа тавиад нэг шил архи, ундаа, тамхи авсан. Тэгээд эргэж 306 га гэх газраар ирээд Бямба бид хоёр машины сүүдэрт нэг шил архи уусан. Тэгээд ууж дуусаад би Б  дээр очиж хашаагаа барьж байхад Б гийн явж байсан газар Б машинтай очсон байсан байж харагдсан.  Тэгээд би Б тэй хашаагаа янзлаад хүмүүс байгаа газар яваад ирэхэд Доржпалам, Б  хоёр  байсан. Б  газар хэвтэж байсан. Тэгээд би яасан юм гэж асуухад Б  миний хавирга хугарсан байх цээж нь хэсэгт нэг эвгүй байна бушуухан эмнэлэг оръё гэж хэлэхэд Доржпалам нь машиндаа суулгаад би өргөж өгөөд хамт Угтаалцайдам сум руу явсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд Б г яаралтай хот явж гэмтлийн эмнэлэг орж цээжний зураг авахуул гэж хэлээд Б д өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан. Б г бид хэдтэй хамт байсан Б гэх залуу машинаас бууж ирээд аваад өргөөд өөр дээрээ давуулаад шидсэн гэсэн. Тэгээд газар унасан гэж надад Доржпалам болон хамт байсан гурван залуу хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Х ын өгсөн: “ Би 2023 оны 06 дугаар сарын 14- ний өдөр үр тарианы талбай дээр хашааны шон барьж байсан. Цээлийн хур ХХК-н ажилчидтай тэгээд өдөр 14 цагийн үед байх. Б  ахын машин болон цагаан портер машины голд хүмүүс бөөгнөрөөд байсан. Тэгээд Д  бид хоёр алхад яваад очиход Б  ах газар дээлэн дээр хэвтэж байсан. Би яасан юм гэж асуухад Б  ах ёо ёо гэж хэлээд босохгүй хэвтээд байсан. Тэгтэл Н  Б ах Б  ахыг үүрээд шидсэн. Тэгээд Б  ах газар унаад босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Доржпалам ах Ж  ах нар нь машинд суулгаад эмнэлэг аваад явсан. Би хараагүй уг үйл явдал болох нь замын хажууд нь Н , Ууган-Эрдэнэ нар нь байсан. Б ах, Б  ах нарын болсон үйл явдлыг мэдэж байгаа байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Д ийн өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 14- ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 7 дугаар тасгийн ар "Гурван зуун зургаа га" гэх газарт хашааны шон тор "Цээлийн хур" ХХК-ний ажилчид нартай хашаа барьж байсан. Нийт 8 хүн байсан. Тэгээд хуваагдаад 4 хэсэг болоод ажлаа хийж байсан би Х ын хамт татсан торыг шонтой хамт уяад явж байсан бид хоёрын урд Н  ах, Б  ах, Б ах, Ууган-Эрдэн нар нь тор татаад явж байсан тэгтэл Х  бид хоёрын урд явж байсан хүмүүс бөөгнөрөөд байсан. Тэгээд бид хоёр алхаад яваад очиход Б  ах газар хэвтсэн байдалтай байсан ёо ёо гэж хэлээд байсан. Б ах хажууд нь зогсож байсан. Тэгээд яасан юм гэж асуухад Н  сая Б ах Б  ахыг үүрээд шидсэн. Тэгээд Б  ах босож ирэхгүй байна. Б ах согтуу машин барих гээд байсан юм гэж хэлсэн тэгээд Б  ах болиулах гээд ийм юм боллоо гэж хэлсэн. Тэгээд хашаа барьж байсан хүмүүс цуглаад Б  ахыг Доржпалам ах машиндаа суулгаад мөн Ж  ахыг суулгаад надаар Угтаалцайдам сумын эмнэлэгт дээр ирээд Б  ахыг үзүүлэхэд яаралтай хот яв гэсэн тэгээд хот руу Доржпалам ах Б  ахыг аваад явсан. Би Ж  ахтай Угтаалцайдам суманд үлдсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Б.Б ийн өгсөн: "Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл сумын 7 дугаар тасагт байдаг Цээлийн хур ХХК-г 306 га газрын хашааны торыг Б , Ж , Доржпалам, Буяа, гурван залуу, бид наймуулаа хийж байсан юм.  Тэгээд өдөр 12 цагийн үед байх яг цагийг нь сайн санахгүй байна едер хоол болох гэж байхад Б  ах, Ж  ах хоёр Ар урт руу дэлгүүр орчоод ирий гэж хэлээд явсан удалгүй яваад ирсэн дэлгүүр лүү Ж  ахын унаж байсан цэнхэр өнгийн поронтер маркийн машинтай явсан тэгээд Б  ахын машины хажууд ирээд зогсож байгаа харагдсан би хашаагаа бариад байж байхад Ж  ах ирсэн Ж  ахаас бага зэрэг архи үнэртэж байсан, тэгээд Ж  ах бид хоёр хашаагаа хийгээд явж байтал Б  ахын машины хажууд хашаа барьж байсан хүмүүс бүгд очсон байсан тэгээд нэг юм болсон байна гэж Ж  ах бид хоёр ярилцаад яваад очиход Б  ах газар хажуу талаараа хэвтээд ёо ёо гэж хэлээд гараараа цээжээ дараад байсан тэгээд юу болсон юм гэж асуухад хамт байсан гурван залуугийн Идрээ гэх залуу нь Б ах машин барих гээд байхаар нь Б  ах чи боль согтуу байж гэж хэлээд машинаас татаж буулгахад нь Б ах Б  ахыг өргөөд гараас нь татаж тонгороод унагасан тэгээд дээрээ нь Б ах унасан их хүчтэй пад гах дуу гарсан гэж хэлсэн тэгэхээр нь би Б руу чи настай хүнийг яаж байгаа юм гэж чиний гарын аяыг даахгүй ш дээ гэж хэлээд хоёр удаа Буяаг өшиглөсөн над руу дайрах гэхээр нь би чи барахгүй шүү зүгээр байж бай гэж хэлэхэд над руу дайрахаа болилд Б суусан. Тэгээд би хоол хийж байсан Доржпаламыг дуудаж болсон явдлыг хэлэхэд машиндаа суулгаад эмнэлэг бараадахаар Б  ахыг аваад Ж  ах, Доржпалам Угтаалцайдам суманд гэртээ байдаг залуу хамт явсан. тэгээд утсаар нь араас нь ярихад яаралтайгаар хот авч явж байна гэсэн. 4 хоногийн дараа Б  ахтай утсаар ярихад Б  ах эмнэлэгт байна хагалгаад орсон гэж хэлсэн. Б  ахыг Б ах өргөж газар унагасан. Яг яаж зодож цохисон талаар би мэдэхгүй байна. Хамт байсан гурван залуу болон Б өөрөө мэдэж байгаа байх. Б согтуу Б  ах бас архи уусан байх. Архи үнэртэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Н  өгсөн: " Б ах Б  ахыг гараас нь барьж аваад үүрээд шидсэн тэгээд Б  ах газар унасан дээрээс нь Б ах унасан тэгээд Б  ах босож ирэхгүй во во гэж хэлээд хэвтээд байсан цээж нь дээрээ гараа тавиад дээшээ болон хажуу талаараа хэвтээд байсан тэгээд хамт шон хашаа барьж байсан хүмүүс бүгд ирээд Доржпалам ах машиндаа суулгаад Ж  ах, Дорждагвын хамт эмнэлэг аваад явсан үлдсэн хүмүүс ажлаа хийсэн маргааш нь байх Б  ах Улаанбаатар хот ороод хагалгаанд орсон гэж сонссон. Б  ах Б ыг заамдаж аваад хоёр удаа алгадсан өөр зодож цохисон зүйл байхгүй машин барих гээд байна гэж уурлаад алгадсан. Б  ах Б  ахыг зодож цохисон зүйл байхгүй Б  ах Б  ахын гараас нь бариад үүрээд шидсэн тэгээд газар унагаагаад Б  ахын дээр нь Б  ах унасан өөр зүйл болоогүй. Хашааны тор татах үед Б  ах, Б ах, Ууган-Эрдэнэ, бид дөрөв байсан өөр хүн байхгүй байсан уг үйлд явдал болсны дараа Ж  ах, Б , Доржпалам, Дорждагва, Х  нар нь ирсэн өөр хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

              Шүүгдэгч Ц.Б  өгсөн:  " Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ хашааны тор татаж байгаад хамт хашаа барьж байсан Б  ахтай үл ойлголцон Б  ах намайг машинаас буу согтуу байж машин барих гээд байна гэж хэлээд намайг бариад авсан тухай үед би цагаан өнгөтэй портер маркийн жолооны ард сууж байсан тэгээд намайг татаж буулгасан гадаа намайг заамдаж авсан тэгэхээр би тавиулах санаатай Б  ахын зүүн гараас нь бариад тонгорч унагасан. Б  ах газар унахдаа гараа тулж унасан. Тэгээд би эрчиндээ Б  ахын дээр нь унасан тэгээд би босоод Б  ахыг босооч гэхэд Б  ах босохгүй газар хэвтээд байсан миний мөр мултарсан юм шиг байна гэж хэлээд цууж дараад хэвтээд амьсгаа авахгүй сонин байгаад байсан тэгээд хамт байсан хүмүүс ирээд Доржпалам, Ж  ах нар нь машиндаа суулгаад Угтаалцайдам сум руу явсан тэгээд Б  ах яаралтайгаар хот руу явсан байсан тэгээд би айгаад хот явсан. Гурван залуу байсан яг нэрийг нь би мэдэхгүй байна манай ХХК-д ажиллахаар ирсэн аав, ээж нартайгаа мөн сүүлд Ж  ах, Б , Доржпалам ах, Б  ах бид хэд байсан өөр хүн байхгүй байсан. Б  ах намайг зодож цохисон зүйл байхгүй намайг заамдаж авсан. Би Б  ахыг зодож цохисон зүйл байхгүй зүүн гараас нь бариад тонгорч газар унагасан тэгээд би дээр нь унасан өөр зүйл болоогүй Б  ахыг унагаж биед нь гэмтэл учруулсан минь миний буруу би өөрийн гаргасан үйлдэлдээ их гэмшиж байна.

              Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 21, 37/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын харьяа Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн:

“1.Д.Б гийн биед зүүн 3 хавирганы хугарал, зүүн 4,5 дугаар хавирганы гадна ясны хугарал /цуурал/ цээжний хөндийд цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо.          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  3.Дээрх гэмтлүүд нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна.

  4.Дээрх гэмтлүүдийн цээжний хөндий дэх хий хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн "Хүнд" зэрэгт, зүүн 3 хавирганы хугарал, зүүн 4, 5 дугаар хавирганы гадна ясны хугарал /цуурал/ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

  5.Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт  /хх-ийн 26-29 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

              Шүүгдэгч Ц.Б  нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй  маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

              Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүйгээр оролцсон болно.

 

            Шүүгдэгч Ц.Б  нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Б г тонгор унаган дээрээс нь дарж унасан үйлдлийн улмаас хохирогчийн  эрүүл мэндэд нь “зүүн 3 хавирганы хугарал, зүүн 4,5 дугаар хавирганы гадна ясны хугарал /цуурал/ цээжний хөндийд цус хуралдалт” бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д зааснаар хүнд гэмтэл учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

              Шүүгдэгч Ц.Б ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

              Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Ц.Сонинмөнхөөс: “шүүгдэгч Ц.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” дүгнэлт гаргасныг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгчийн хувьд цээжний хүнд гэмтэл авсан ч одоо нөхцөл байдал харьцангуй дээрдсэн тул шүүгдэгчийг заавал хорих ял аваасай гэсэн санаа бодол байхгүй. Хурал эхлэхийн өмнө завсарлага авч хохирол төлбөрөө төлөх, түүний үр дагаврыг сайн хэлж өгсөн. Гэвч шүүгдэгч энэ талаар сайн ойлгоогүй бололтой.” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгч эцсийн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Ахин ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.Б  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Галт сумын 3-р баг Рашаант гэх газарт оршин суух хаягтай /хх 71/, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 5 сарын 21-ны өдөр хорих 443 дугаар ангиас хугацаа дуусч суллагдсан,

2.Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 7 сарын 9-ны өдөр хорих 437 дугаар ангиас суллагдсан талаар ял шалгах хуудас /хх 54/, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон. Одоо 34 настай талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,

шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.

 

     Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлж хор уршгийг арилгаагүй /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан түүний улмаас учирсан гэм хорын хорын хохирол арилгаагүй/,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэж шүүгдэгч Ц.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.“ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Б од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         

Ийнхүү шийдвэрлэсэн нь шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

              Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “миний үйлчлүүлэгч нь “Цээлийн хур” ХХК-д улирлын чанартай ажил хийдэг байсан ба 12 сарын сүүл хүртэл ажиллаад 3-4 дүгээр сард гарч ирдэг. Миний үйлчлүүлэгч тухайн өдөр ажлын байрандаа ажил хөдөлмөрөө эрхэлж явсан. Ажлаа хийж яваад зодуулсан тул “Цээлийн хур” ХХК-г иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасан.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж,

  мөн Иргэнийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж тус тус заасан бөгөөд,

  шүүгдэгч Ц.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учирсан нь шалтгаант холбоотой буюу хохирогч Д.Б  нь“Цээлийн хур” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнддээ хүнд хохирол авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс үзсэн болно.

 

 

  Хохирогч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардал 991.200 төгрөг, шүүх хуралдаанд ирэх гэж 6 удаа нааш цааш явсан зардал буюу унаа, хоол нэг удаадаа 20.000 төгрөг, нийт 120.000 төгрөг, нийт 1.111.200 төгрөг. Мөн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэмтэл авч, 8 дугаар сарын 14 хүртэл нийт 2 сарын цалин, 3.00.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хавтаст хэргийн 61-63 талд хохирогчоос гаргаж өгсөн 991.200 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримт хэрэгт авагдсан бөгөөд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн дансны хуулга 19 хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан хохирогчийн дүрс оношилгооны хариу, авхуулсан зураг 7 хуудас зэргийг шинжлэн судлаад хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 991.200 төгрөг, мөн баримтгүй нэхэмжилсэн шүүх хуралдаанд ирэх гэж 6 удаа нааш цааш явсан зардал буюу унаа, хоол нэг удаадаа 20.000, нийт 1.111.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг талуудаас маргаагүй,

Мөн шүүгдэгч нь ажилгүй байсан 2 сарын цалин 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гараад, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт давтан үзүүлэхээр цаг авч үзүүлэх, физик эмчилгээ хийлгэх, дэглэм сахихыг эмч зөвлөсөн байх тул ажилгүй байсан хугацааны 13 хоногийн цалин 886.350 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж шүүгдэгч Ц.Б оос нийт 1.997.550 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б д олгох нь зүйтэй байна.

 

Иймд хохирогчийн 2.113.650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох баримтыг бүрдүүлэн “Цээлийн хур” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Б ыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн 2334000000262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ө овогт Ц-н Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ын цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Б оос 1.997.553 /нэг сая есэн зуун ерэн долоон мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 хороо 4 дүгээр хэсэг А1 гудамж 01 тоотод оршин суух хохирогч Д.Б  /РД: ............/-т олгосугай.

 

6.Хохирогч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.113.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн “Цээлийн хур” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  7.Эрүүгийн 2334000000262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул , уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ