Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/01047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 07 өдөр

  Дугаар 102/ШШ2020/01047

Улаанбаатар хот

 

                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У зам холбогдох,

 

ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан үндсэн цалинг бууруулсан зөрүү цалин, үр дүнгийн шагнал цалин, нийт 33 495 407 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад хууль бусаар ажлаас халагдсан. Хууль бусаар ажиллаас халсан асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр хууль бус шаардлага тавьж сахилгын шийтгэл ногдуулсан, ажиллаас үндэслэлгүй халсан үйлдлийг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-11-152 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хууль зүйн албаны Хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 5 029 636 төгрөг гэж тогтоосон.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд, мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байнаа.

Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг хохироосоор байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 307 хоног бөгөөд өдрийн 97 654 төгрөг гэж тооцож, уг хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29 979 872 төгрөг, үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан үндсэн цалинг 20 хувиар буруусан 260 410 төгрөг, үр дүнгийн шагналын дүрмийн дагуу дараа сард олгох ёстой байсан үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх урамшуулал төгрөг 651 025 төгрөг, миний бие алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байсан бөгөөд хууль бусаар ажлаас халснаас жилийн эцэсийн үр дүнгийн шагнал үндсэн цалинг 200 хувиар тооцож 2 604 100 төгрөг, нийт 33 495 407 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Бг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа нь үнэн.

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо нэг өдрийн цалин хөлсийг 89 814 тооцоолон гаргасан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт байгаа тул түүнийг дахин нотлуулах шаардлагагүй. Дээрх дүнгээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 307 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 27 572 898 төгрөг болж байгаа.

 

О.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.14 дэх заалтын дагуу 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 4 878 964 төгрөгийг олгосон. Иймд 27 572 898 төгрөгийн шаардлагаас уг 4 878 964 төгрөгийг хасч тооцон үлдэх 22 693 934 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжтой. Мөн сахилгын шийтгэлийн улмаас үндсэн цалинг 20 хувь хассан 260 410 төгрөг, хасагдсан үр дүнгийн шагнал 651 025 төгрөгийг нэмж олгохийг, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бичилт хийхийг тус тус зөвшөөрнө.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 604 100 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А-14 дугаар “Шагналын дүрэм шинэчлэн батлах тухай” тушаалаар төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийг баталсан. Энэхүү дүрмийн 12 дахь хэсэгт зааснаар уг шагналыг оны эхнээс бүтэн жил ажилласан ажилтанд олгодог. Нэхэмжлэгчийн хувьд бүтэн жил ажиллаагүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 979 872 төгрөг, үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан үндсэн цалинг бууруулсан зөрүү цалин 260 410 төгрөг, хасагдсан үр дүнгийн шагнал 651 025 төгрөг, авах ёстой байсан үр дүнгийн шагнал 2 604 100 төгрөг, нийт 33 495 407 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлстэй тэнцэх олговорт 29 979 872 төгрөг гаргуулах хэсгийг “...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 27 572 898 төгрөг, үүнээс түүнд ажилаас халагдсаны тэтгэмжид төлсөн 4 878 964 төгрөгийг хасч, үлдэх 22 693 934 төгрөгийг төлнө, ...нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд ажиллаагүй тул үр дүнгийн шагнал 2 604 100 төгрөг олгох үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ. Харин үлдэх шаардлага болох үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан үндсэн цалинг бууруулсан зөрүү цалин 260 410 төгрөг, хасагдсан үр дүнгийн шагнал 651 025 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухайд маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29 979 872 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаартай, “О.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, О.Бг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны олговорт 5 029 636 төгрөг гаргуулан О.Бд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00923 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/4217 дугаар албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн байна. Иймд шүүхийн дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэж үзэхээс гадна талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрийн “О.Бг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож” хэсгийг биелүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрээс дээрх хэсгийг биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар О.Бгийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 56 хоног буюу   ажилгүй байсан хугацааны олговорт 5 029 636 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс өдрийн 89 814 төгрөг /5 029 636 төгрөг : 56 хоног/ гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхээр байх тул түүнийг дахин нотлох шаардлаггүй.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалингаас тооцсон байна. Иймд нэхэмжлэгчийн “...нэг өдрийн дундаж цалин хөлс 97 654 төгрөг” гэх тайлбар үндэслэлгүй, харин хариуцагчийн “...нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 89 814 төгрөг” гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 27 572 898 /ажилгүй байсан 307 хоног х 89 814 төгрөг/ төгрөг болж байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 27 572 898 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-I-538 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж 4 878 964 төгрөг төлсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигч уг үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагчийн “нэхэмжлэгчийн уг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 27 572 898 төгрөгөөс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж 4 878 964 төгрөгийг хасна” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-I-538 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хууль бус тушаал гаргаж, үүний улмаас хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж 4 878 964 төгрөгийг нэхэмжлэгчид олгосныг нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 27 572 898 төгрөгөөс суутган тооцох үндэслэлгүй юм.

 

2. Үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан үндсэн цалинг бууруулсан зөрүү цалин 260 410 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас үндсэн цалингаас суутгасан 260 410 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь уг шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

3. Хасагдсан үр дүнгийн шагнал 651 025 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч нь үр дүнгийн шагнал 651 025 төгрөг аваагүй байх бөгөөд хариуцагч нь уг шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 651 025 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

4. Үр дүнгийн шагнал 2 604 100 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А-14 дүгээр тушаалаар Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийг баталсан байна.

 

Уг дүрмийн зорилго нь харьяа нэгжийн зорилтыг биелүүлэх, зардал хэмнэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, ажилтны ажлын үр дүнг үнэлэх явдал байх бөгөөд дүрмийн 12-т ажил олгогчийн нэгжид оны эхнээс бүтэн жил ажилласан ажилтанд шагналыг бүрэн тооцохоор заажээ.

 

Хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-282 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэрийг хариуцагч тал өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллаагүй байх тул дүрэмд заасан үр дүнгийн шагнал 2 604 100 төгрөгийг хариуцагчаас шаардах боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

 

Иймд хариуцагчид нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 28 484 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговороос нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 011 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарна. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 350 000 төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 28 484 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 011 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бд олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 300 372 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН