| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Төвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж, Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга, шүүгч А.Энхбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Иргэдийн төлөөлөгч Д.Батболд,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болормаа
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Д.Б-, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дагаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ц, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б- нарт холбогдох 2316000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын **** багийн *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДА***** регистрийн дугаартай, У овогт Д-ийн Ц,
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл*****хамт Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн **** *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДЮ****** регистрийн дугаартай, Б овогт Д-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *** сумын **** багийн найрамдлын хороо **** тоотод Б.С-той “эхнэр Д.Б-гаа зодлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар хоолойг нь боож алсан,
мөн шүүгдэгч Д.Ц нь Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн **** хороо **** тоотод 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ч-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Ч-ийн толгойн хэсэгт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь толгойн ар дагз, толгойн оройн зүүн талд шарх, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Б- нь бүртгэлийн *** дугаартай “Б.С нас барсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт” гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Нэг. Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын *** багийн **** *-**тоотод Б.С-ой “эхнэр Д.Б-гаа зодлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар хоолойг нь боож алсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь хүний амьд явах эрхэнд халдаж алсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ц гэм буруутай болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Говь-Алтай аймгийн **** сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун талын захын хашаанаас баруун тийш 1 км зайд “ бөөгийн овоо” гэх газар байх бөгөөд уг овооноос ертөнцийн зүгээр урагш 300 метр зайд дэрстэй газар байв...дэрсний баруун захад эрэгтэй хүний цогцос байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-3-9-р хуудас /,
2. Цогцост үзлэг хийсэн “...хүзүүний дээд хэсэгт зүүн чихнээс доош 5 см, баруун чихнээс доош 4 см хүзүүний урд хэсэгт 2.5 см өргөнтэй, 3 ширхэг хөндлөн зулгаралт үүсгэсэн, үүнээс зүүн тийш тойрсон 2 ширхэг зулгаралт явсан ба дээд хэсэг 0.6 см, доод хэсэг нь доороос дээш чиглэлтэй зулгарч хүзүүнийхээ зүүн хэсэгт 2.5 см болж үүнээс хойш нарийсан 0.5 см болсон улаан хүрэн өнгийн зулгаралттай, хүзүүний ар хэсэгт 0.9 см өргөнтэй байх ба баруун тийш тойрохдоо 2 см өргөнтэй болсон, хүзүүний баруун хэсэгт 2.5 см өргөнтэй улаан хүрэн өнгийн зулгаралтууд үүссэн. Уг зулгаралтууд нь хүзүүг битүү ороосон байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 22-33-р хуудас /,
3. Амь хохирогч Б.С-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 34-36-р хуудас /,
4. Амь хохирогч Б.С-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, /1-р хх-ийн 37-40-р хуудас /,
5. Д.Цгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, /1-р хх-ийн 41-44-р хуудас/,
6. “Түмэн туяа” гэх нэртэй эмийн сангийн хяналтыг камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, /1-р хх-ийн 45-48-р хуудас/,
7. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 53-55-р хуудас/,
8. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн амь хохирогч Б.Сын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1- р хх-ийн 58-60-р хуудас/,
9. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч Б.С-ын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн “...жолооч талын хойд хаалганаас суудлын гол хэсэгт 70см зайд 2см:4.5 см улаан бүдэг толбо байсан тул “1” дугаараар тэмдэглэж бэхжүүлэн авав...уг шалавчны хаалганы урд талын өнцгөөс дотогш 21 см зайд арзгар хээтэй хэсэгт 4см:3.2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн хатсан цус мэт зүйл илэрснийг бэхжүүлэн авав...” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 61-67-р хуудас/,
10. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 70-71-р хуудас/,
11. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрч Д.Б-гийн самсунг-А-10s маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 73- 77-р хуудас/,
12. Яллагдагч Д.Цгийн эзэмшлийн 02-93 ГАО улсын дугаартай ягаан өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн прокурорын тогтоол, /1-р хх-ийн 112-113-р хуудас/,
13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мийн “...2023 оны 03 дугаар сарын 07-ны орой эхнэр Д.Б- руу нь ярихад С гарч яваад 2 хонож байна гэж хэлэхээр нь хэнтэй явсан юм бэ гэж асуухад тамхиа татах гээд гараад орж ирээгүй гэж хэлсэн. Машинтайгаа явсан юм уу гэж хэлэхэд үгүй гэж Б надад хэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед Д.Б- над руу яриад С ирж хоносонгүй сураг гарвал хэлээрэй гэж хэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр С-ын хадам ээж Д гуай яриад С ирэхгүй байна хүн амьтнаас асуугаадхаарай гэж хэлсэн байсан. С-ыг сураг гаргах гээд төрсөн дүү Д-д ах С нь гэртээ ирэхгүй хэд хоносон чи сураг гаргаадхаач гэж хэлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүү Б.С нас барсан талаар цагдаагийн алба хаагчдаас мэдсэн...төрсөн дүү Б.С-ын амь насыг хороосонд маш их гомдолтой байна. Би оршуулгын зан үйлтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 120-р хуудас/,
14. Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “ Би 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад 11 цагийн үед Д, Ц гэдэг найзыгаа аймгийн спорт цогцолбор дээрээс очиж аваад бид 3 миний **** ** улсын дугаартай приус-20 маркын машинтай дээд талын 1 дэлгүүрээс 2 ширхэг 2 литртэй пиво аваад аймгийн төвөөс дээшээ ногоон толгойн зүгт гарсан. Тэгээд тэндээ байж байгаад 17 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү орох гээд уруудаж байтал дэрсний тэр хавьд хүний гутал байх шиг харагдаад би ойртож очоод цонхоо доошлуулаад хартал хүн хэвтэж байхаар нь бид нар цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг/1- р хх-ийн 132-р хуудас /,
15. Гэрч Б.Ө-ний мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд тэндээ манай найз М.Э машинаа дэлгүүрийн гадаа үлдээгээд миний машинтай дээшээ хүн хэвтэж байсан гэх газар луу цуг явсан. Тэгээд би тухайн газар очоод тухайн хүнийг холоос харсан. Тэгээд манай найз Э 17 цаг өнгөрч байхад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-р хуудас/,
16. Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би манай нөхөр Д.Цгийн нүүр хавдчихсан ирсэн өдрийг 03 дугаар сарын 08 гээд андуураад хэлчихсэн байсан. Би бодоод байсан чинь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад гэртээ ирсэн чинь баруун талын нүд нь хавдаад хөхөрчихсөн ирсэн. Би яагаад нүүр нүд чинь хавдчихсан ирсэн юм бэ гээд асуухад мотоцикльтой явж байгаад ганга руу уначихсан гэж хэлсэн... малгайтай цэнхэр өнгийн цамцтай, саарал өнгийн цагаан доторх тэрлэг, хар өнгийн хромон гуталтай хар жинсэн өмдтэй ирсэн. Д.Цгийн өмсөж явсан дээл нь тоос шороо болчихсон байсан. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хувцсаа тайлж тавьчхаад явчихсан байхаар нь өмсөж явсан хувцсыг нь угаах гэсэн чинь малгайтай цэнхэр цамцных нь хоолойн хэсэг урагдчихсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 158-160-р хуудас/,
17. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “ ...аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж зодолдож байсан...бид хэд унтах гэж байсан. Нэг агаа ирээд аавтай архи уусан. Аав агаа хоёр гэрээс гарч зодолдоод ээж эмнэлэг рүү утсаар ярих гэсэн чинь Х дүү утсыг нь эвдэлсэн байсан. Аавыг агаа эмнэлэг аваачиж өгнө гээд машинаар авч явсан. Ээж аав дээр очоогүй...аав хоноогүй. Ээж гэртээ хоносон. Агаа гэж хүний нэрийг мэдэхгүй. /Д.Цтэй ижил төсөөтэй хүний зургийг үзүүлэхэд агаа биш гэж хэлэв./ Д.Цгийн зургийг үзүүлэхэд агаа мөн байна гэж хэлэв./ Аав гэртээ ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-р хуудас/,
18. Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 08-ны орой манай караокед хамт орж ирээд манай заалны зүүн урд буланд хамт суусан. Тухайн ширээнд суугаад нэг нэг пиво авч уусан. Тухайн орой Д.Ц нь Д.Б-г тэврээд үнсээд байсан...яг ямар харилцаатай талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ орж ирэхдээ их дотно нэгнийгээ байнга үнсээд тэврээд байдаг. Би тухайн Д.Ц, Д.Б- нарыг эхнэр нөхөр юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 182-р хуудас/,
19. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Д.Батмагнайгийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 06 дугаартай “ 1. шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр, “**-** **” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын дугуй нь шинжилгээнд тэнцэнэ. Харин хэргийн газрын үзлэгээр 4 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын үзлэгээр 2, 4 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөрүүд нь ямар маркын тээврийн хэрэгслийн мөр болохыг лабораторийн нөхцөлд тогтоох боломжгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын үзлэгээр 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь “**-** **” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хойд дугуйтай ерөнхий шиж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 190-195-р хуудас/,
20. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай “1.талийгаачийн биед хүзүүнд дарагдлын ором, төвөнхний мөгөөрсний босоо хугарал, төвөнхний мөгөөрсний эвэрийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дээд уруулд шарх, дух, зүүн хацар, хамрын зүүн тал, хамрын нуруу, баруун шанаа, эрүүний ооч хэсэг, зүүн бугалга, зүүн тохой, зүүн сарвууны гадна хэсэг, баруун тохой, баруун шуун баруун сарвуу, зүүн дал, зүүн ташаан толгойн ар дээд хэсэг буюу ууцны зүүн тал, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун өвдөг, зүүн өвдөг зулгаралт, баруун тохой, баруун шуу, баруун сарвууны ар хэсэгт чигчий хуруу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хүзүүнд байх дарагдлын ором гэмтэл нь уяа оосор мэт зүйлээр үүсгэгдэнэ. Бусад /төвөнхний мөгөөрсний босоо хугарал, төвөнхний мөгөөрсний эвэрийн хугарал, тархины цус харвалт, шарх, зулгаралт, цус хуралт/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэж нас барсан байна. 5. Талийгаачийн цогцос нь хөлдсөн тул зөөвөрлөсөн болон нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. б.талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн байна. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 202-207-р хуудас/,
21. Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч нарын “Д овогтой Ц нь одоогийн байдлаар сэтгэц мэдрэлийн өвчний ямар нэгэн өөрчлөлт болон шинж тэмдэг ажиглагдсангүй... Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 216-218-р хуудас/,
22. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн лабораторийн эрхлэгч, криминалистикийн шинжээч цагдаагийн дэд хурандаа Г.Ганцэцэгийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Цгийн өмсөж байсан гэх хөх өнгийн дээл, юүдэнтэй хөх өнгийн малгайнд ханзралт, урагдал шинээр үүссэн байна. Хар өнгийн хос гутал гэмтэлгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Б.С-ын өмсөж байсан гэх хар өнгийн хүрэм, энгэр дээрээ зурагтай хар цамц, саарал дотуур өмдөнд ханзралт, урагдалт, гогдолт, шинээр үүссэн байна. шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэх мэдүүлэг гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 237-243-р хуудас/,
23. Д.Ц-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...гэрт нь очоод пиво ууж байхад С эхнэртэйгээ маргалдаад байснаа эхнэрээ 2 удаа цохисон. Тэгээд намайг булан руу шахаад боохоор нь Б эгч боль гээд хоёр тийш нь болгож салгасан. ...намайг хоёулаа гаръя гэхээр нь би дагаж гарахад хаалганы үүдэн дээр гарахад намайг боож унагахаар эхнэр Б гарч ирж дахин болиулаад гэрлүүгээ орохоор нь бид хоёр хоорондоо зодолдсон. С-ыг цамцаар нь боож унагачхаад гэрт ороод орон дээр байсан нарийн саарал уяаг аваад С-ын хоолойг уурандаа нэг гогцоолдоод нэлээн татахад Б эгч одоо болиоч гээд гараад ирсэн. Б эгч намайг дагуулж гэртээ ороод хэсэг байж байснаа цонхоор харахад С хөдлөхгүй байхаар нь гарч ирээд үзэхэд амьсгал хураасан байсан. Тэгсэн чинь Б эгч эмнэлэг дуудъя гэхэд би яахын бэ амьсгал хураасан гэж хэлсэн. Тэдний хар хөх машин руу Сыг тэвэрч арын суудалд нь суулгаад машиныг би өөрөө унахад Б эгч би хамт явъя гэхэд яахын гэж хэлсэн. Аймгийн өөдөө буюу баруун талын уулын бэлд очоод Сыг буулгаж тавьчхаад яваад өгсөн. ...Сыг боож амь насыг хохироосон уяаг хаана хаясан талаараа санахгүй байна” гэх мэдүүлэг/2-р хх- ийн 40-43-р хуудас/,
24. Д.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 44-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж уг хохиролд хүргэсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Ц нь Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** ** ** тоотод 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ч-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Ч-ийн толгойн хэсэгт шилэн стаканаар цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас Д.Ц нь Д.Ч-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр толгойн ар дагз, толгойн оройн зүүн талд шарх, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1. Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ц нь чи юмнаас дандаа хойш сууж байх юм, ална шүү чамайг гээд байсан. Тэгснээ намайг барьж аваад гараараа цээж хэсэгт 2 удаа цохисон тэгэхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодоод цааш нь түлхсэн чинь бид нарын пиво ууж байсан бариултай бор стаканыг барьж аваад миний толгойн ар хэсэгт цохисон. Би тухайн үед цохиулаад цус гараад байхаар нь болиоч чи хүн аллаа гээд гараад зугатаах гэсэн чинь Ц хөлнөөс барьж аваад би чамайг ална гээд гарт үлдсэн байсан стаканы бариулаар миний толгойн зүүн хэсэгт зүсчихсэн. Тэгээд би Ц-г түлхэж унагаачхаад куртикээ аваад цагдаа дуудна гэж хэлчхээд гараад явчихсан... эмнэлэгт үзүүлэхэд миний толгойн дагз хэсэгт 5 оёдол тавьсан... Би Улаанбаатар хотод очиж толгойн зураг авхуулах гэж очсон боловч эмчийн бичсэн хөнгөлөлттэй үзүүлэх хугацаа нь дуусчихсан тэр бичиггүй үзүүлнэ гэхээр 600,000 төгрөг гээд байсан тул надад тухайн үед мөнгө байгаагүй учраас үзүүлж чадаагүй. Би дахиад Улаанбаатар хот руу явж толгойн зургаа авхуулмаар байна. Би Ц-ээс 800,000 төгрөг нэхэмжилж байна, Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 195-196-р хуудас/,
2. Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байтал У та хүрээд ир манай гэрт хөзөр тоглоё гээд дуудсан. Би тэднийд 21 цагийн үед такси бариад очсон. Намайг У-ийн гэрт очиход Ц, Ч, У нар юм яриад сууж байсан. Бид нар хэсэг байж байгаад 4-лээ нийлээд 13 модны покер тоглосон. Бид нар хөзрөө тоглож дуусчхаад явах гэж байтал Ц гэдэг залуу та явах гэж байвал 1 пиво аваад ирье, уучхаад яв гээд гараад явсан чинь ногоон савтай том пиво аваад ороод ирсэн. Бид нар тэр пивыг ууж дуусгаад Цнь дахиад пиво авч ирсэн. Тэгээд У бид 2 юм яриад сууж байтал Ц гэх жижигхэн шар залуу нь Ч гэдэг залуутай муудалцаад заамдалцаад авсан. Тэр хоёрыг У салгаад 2 тийшээ болгосон чинь Ц гэх залуу нь пиво хийж ууж байсан сэнжтэй аягаар толгой хэсэгт нь цохисон. Би У-д наад хоёроо болиул гээд хэлсэн чинь У салгасан. Ч нь түрүүлээд гараад явсан чинь цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд Ц, У нар цагдаа нартай хамт яваад би гэртээ харихаар явсан... Цнь 1 удаа Ч-ийн толгойг стаканаар цохисон, Ч нь Ц-г түлхэж унагаагаад байсан болохоос цохиогүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 197-198-р хуудас/,
3. Гэрч Б.У-О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ ганцаараа байж байгаад Ч-ийн дугаар луу залгаад манай гэрт хүрээд ир хөзөр тоглоё гээд дуудсан. Дараа нь Ц-д хөзөр тоглоё гэж хэлээд дуудсан. Ч, Ц бид нар манай гэрт цуглаад байж байтал манай аавын найз Б гэх хүн ирээд бид нар хоорондоо 13 модны хөзөр тоглосон...тэгээд хөзөр тоглож байгаад Ч 20.000 төгрөг гаргаж ирээд 2 ширхэг пиво ууя гээд дэлгүүрээс өөрөө явж авч ирсэн...тэгээд бид нар сууж байтал Ч нь надтай эхлээд маргаад байхаар нь би чи одоо харьчих гээд хэлсэн. Тэгж байгаад Д.Ц тэй машины дугуйнаас болоод хэрэлдээд эхэлсэн. Ц, Ч нар хэрэлдэж байгаад ноцолдоод газарт өнхрөөд байсан. Би Б ахтай юм ярьж байгаад нэг харсан чинь Ц бид нарын ууж байсан сэнжтэй аягаар Ч-ийг цохичихсон. Тэгээд би салгасан...цагдаа нар ирээд Ц, Ч нарыг дагуулаад явсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 202-203-р хуудас/,
3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай “1.Д.Чийн биед толгойн ар дагз, толгойн оройн зүүн талд шарх, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 176-177-р хуудас/,
4. Хохирогч Д.Чийн амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, /2-р хх-ийн 188-190-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гурав. Шүүгдэгч Д.Б- нь бүртгэлийн гм-93/368 дугаартай “Б.С нас барсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б- нь худал мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тус хэрэгт шүүгдэгч Д.Б- гэм буруутай болох нь:
Гэрч Д.Б-гийн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаад гарын үсэг зурсан баримт /1 дүгээр хх-134/,
Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...манай нөхөр Б.С, Д.Цгийн хамт манай ээж Д-ын руу яваад ус авч ирсэн. Буцаж ирээд Б.С, Ц хоёр 2.5 литрийн пиво хувааж уучхаад гэрт байсан тал шилтэй дарсыг хувааж уусан. Тэгээд Д.Ц, гараад явсан. Б.С гэртээ жаахан байж байгаад галд нүүрс хийчхээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-136 хуудас/,
Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...тэгээд удалгүй Цнь цонх цохиод бид хоёр ойрхон юманд яваад ирье машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь би тэгвэл цуг явна гэж хэлээд хүүхдүүдээ хувцаслах гэтэл та яах юм бид хоёр яваад ирье гэж хэлээд яваад өгсөн. Би тэгээд хоёр хүүхэдтэйгээ унтах гэж байхад 22 цагийн үед Цнь буцаж ирээд агаа найзындаа хоцорчихлоо таныг уурлана гээд машин аваачаад өгөөдөх гэж хэллээ гээд хүрээд ирсэн. Би та хоёр ахиж уулзаад бөөн юм болов гэж хэлсэн. Цнь би агаа дээр очихгүй гээд яваад өгсөн. Би тэгээд хоёр хүүхэдтэйгээ унтаад өгсөн. Тэгээд тэр шөнө С ирээгүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-139-141 хуудас/,
Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...С хөдлөхгүй байхаар нь гарч ирээд үзэхэд амьсгал хуураасан байсан. Тэгсэн чинь Б эгч эмнэлэг дуудъя гэхэд би яах юм бэ амьсгал хураасан юм чинь гэж хэлсэн. Б эгч огт дугараагүй. Би Б эгчид хандан цагдаад очиж өөрөө хэлье гэхэд Б эгч дугараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-139-141 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хэд унтах гэж байсан аав нэг агаатай ирсэн. Нэг агаа ирээд аввтай цуг архи уусан. Аав агаа хоёр гэрээс гарч зодолдоод, ээж эмнэлэг хүү утсаар ярих гэсэн чинь Х/дүү/ утсыг нь эвдсэн байсан. Аавыг, агаа эмнэлэг аваачиж өгнө гээд машинаар авч явсан. Ээж аав дээр очоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн нь нас барсан үйлдэлд Д.Б-г ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж дүгнэн мөрдөгч гэрчээр мэдүүлэг авсан.
Гэвч гэрч Д.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж зориуд худал мэдүүлэг өгсөн тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нараас ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, уруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хуувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Цгийн жинхэнэ эдлэх ялыг 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цгийн цагдан хоригдсон 126 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдлээ.
Хохирлын тухайд: Хохирогч Б.Мийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй байна. Хохирогч Д.Ч 800,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Харин шүүгдэгч Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг си ди /CD/-г хэрэгт хавсаргаж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан арчдас 6 ширхэг, шүүгдэгч Д.Цгийн биеэс авч хатаасан цус 1 ширхэг, амь хохирогч Б.Сын биеэс авч хатаасан цус 1 ширхэг, хар өнгийн куртик, саарал өнгийн ноосон, энгэр хэсэгт цагаан өнгийн зурагтай цамц, бор шар өнгийн дотуур хувцас, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, энгэр хэсэгт WANG гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволка 1 ширхэг, урд ташаа хэсэгт 2 ширхэг халаастай мөн хойд бөгсөн хэсэгт 2 ширхэг халаастай жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон оймс 1 хос, хүрэн өнгийн дотортой гутал 1 хос, 11x10 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаас, хар торгон эмжээртэй, саарал өнгийн дотортой дээл 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн хромон гутал 1 хос, амь хохирогч Б.Сын 10 хуруунаас авсан 10 ширхэг хумс, шүүгдэгч Д.Цгийн гарын хуруунаас авсан 3 ширхэг хумс зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Цгийн эзэмшлийн мустанг-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц нь нийт 126 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөн Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У ургийн овогтой Д-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б ургийн овогт Д-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох,
2. Шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэх,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Цгийн жинхэнэ эдлэх ялыг 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цгийн цагдан хоригдсон 126 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох,
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэх,
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх,
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг си ди /CD/-г хэрэгт хавсаргаж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан арчдас 6 ширхэг, шүүгдэгч Д.Цгийн биеэс авч хатаасан цус 1 ширхэг, амь хохирогч Б.Сын биеэс авч хатаасан цус 1 ширхэг, хар өнгийн куртик, саарал өнгийн ноосон, энгэр хэсэгт цагаан өнгийн зурагтай цамц, бор шар өнгийн дотуур хувцас, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, энгэр хэсэгт WANG гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволка 1 ширхэг, урд ташаа хэсэгт 2 ширхэг халаастай мөн хойд бөгсөн хэсэгт 2 ширхэг халаастай жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон оймс 1 хос, хүрэн өнгийн дотортой гутал 1 хос, 11x10 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаас, хар торгон эмжээртэй, саарал өнгийн дотортой дээл 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн хромон гутал 1 хос, амь хохирогч Б.Сын 10 хуруунаас авсан 10 ширхэг хумс, шүүгдэгч Д.Цгийн гарын хуруунаас авсан 3 ширхэг хумс зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Цгийн эзэмшлийн мустанг-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц нь нийт 126 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөн Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдах,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлах,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА