Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/00279

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б Э,  Л А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ..-ны өдөр төрсөн охин А.Н-ийг эх Б.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.А-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар...-ны өдөр төрсөн охин А.Н-г 7 хоногийн 3 өдөр эцэг Л.А-тэй уулзуулж байхаар зохигч тохиролцсоныг дурдсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар охин А.Н-ийг 7 хоног бүрийн 3 өдөр эцэг Л.А-тэй уулзуулж байх, нэхэмжлэгч Б.Э нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө ҮХХ дугаар Y-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14-р хороо,  тоот 40,63 кв.м 1 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 45.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.Ам нь нэхэмжлэгч Б.Э-т дээрх шаардлагатай холбоотойгоор 10,000,000 /арван сая/ төгрөгийг өгөх, орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хариуцагч Л.А төлж дуусгах, нэхэмжлэгч Б.Э хамтран өмчлөх эрхээсээ татгалзаж байгаа хүсэлтийг банк болон төрийн эрх бүхий байгууллагад бичгээр гаргах, гэрээний 3.2-т заасан хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргасан даруйд хариуцагч Л.А 10.000.000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 610.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-с 281.018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Л.А, эх Б.Э нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА