Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Батсайхан

            Иргэдийн төлөөлөгч: С.Нямдорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал, Б.Эрдэнэцогт

Хохирогч: М.Мааньрагчаа

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг

Нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан, гэрч М.Наранцэцэг, Ү.Цэрэнтуяа, Д.Сарангэрэл нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Пүрэвжавын Энхтайванд холбогдох 201503000433 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1965 оны 11 сарын 16-нд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршоолол гэх газар оршин суух, онц тээвэрчин тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Сартуул овогт Пүрэвжавын Энхтайван /РД:АЯ65111676/

 

            Шүүгдэгч П.Энхтайван 2015 оны 09 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 16-06 тотоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мааньрагчааг зодож, бие мах бодид нь  хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийн он сар нь тодорхой байгаа бөгөөд би 05-ны өдөр сая нас барсан хүүгийнхээ төлбөрийг хийх гэж аймагт орж ирсэн байсан. Тэр үед Цэрэнтуяа намайг бензин аваад яваач гэхээр нь би түүнийг нь авах санаатай очоод, хоол хийж байхаар нь хоол идэх гээд сууж байтал 1.5 литртэй Нийслэл нэртэй пиво гаргаж өгөхөөр нь бид хоёр хуваагаад уусан. Тэгээд сууж байтал Цэрэнтуяа утсаар ярих шиг болоход гаднаас Мааньрагчаа ах 0.5 граммтай нэг шил Ерөөл нэртэй архи, пиво зэргийг авч орж ирээд ойрд уулзаагүй учраас сайхан хуучилж байгаад уучихъя гэхээр нь бид нар архиа уусан бөгөөд би тэр үед жаахан согтчихоор нь хэсэг унтаад архиа гаргаад явъя гэж хэлээд унтаад сэрсэн чинь гадаа  харанхуй болсон тэр үед 8 цаг л болж байсан байх. Тэгээд би босч ирээд халуун ногоотой хоол идэж архиа гаргамаар санагдаад Цэрэнтуяа, Сарангэрэл, Мааньрагчаа ах нарыг дагуулаад Ричланд гэх газарт ороод тагтуратин гэх халуун ногоотой  хоол захиалаад сууж байтал тухайн хоол нь олон дагалдах хачиртай байснаас болсон юм уу яасан юм мэдэхгүй, Маань ах уурлаад явлаа, чи нохой хооллож байгаа юм шиг хоол өглөө гэж хэлээд Цэрэнтуяаг татаж, чангааж зулгаагаад байхаар нь би та наад хүнээ хоол идүүлчихээч гэсэн чинь Маань ах үгүй, чиний нохойны хоолыг чинь би идэхгүй гэж хэлээд  аваад гараад явсан. Би тэр үед Сарангэрэлтэй сууж хоолоо идчихээд 30 гаруй минутын дараа гараад, Сарангэрэлийг хүргэж өгнө гэж ярьж байсан боловч тэндээс гараад ах нь хүргэж өгч чадахгүй нь  согтуу учраас цагдаа нар тааралдвал болохгүй миний дүү ингээд харьчих, ах нь 10 давхарын хажуу талд машинаа түгжээгүй хаясан байх шиг байна гэж хэлээд би машиндаа очоод хөлс гарсан байсан учраас хэсэг суусан. Тэгээд би 24  дүгээр байрны булан тойроод шээх гэтэл Мааньрагчаа ах цагаан малгай нь хажуудаа уначихсан, хамар амнаас нь цус гарсан хэвтэж байсан. Би тэр үед ямар хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод утасныхаа гэрлийг тусгаж харахад Маань ах хэвтэж байсан. Тэгээд би түүнийг өргөөд Цэрэнтуяагийн гэр рүү чирсэн бөгөөд тэр үед Маань ах даагдахгүй, архи нь гараагүй юм байлгүй ухаан алдчихсан учраас миний хөл дээр 2 удаа гишгэсэн. Тэгээд бид хоёрыг ороход Цэрэнтуяа сандал дээрээ унтаж байхаар нь би түүнийг дуудаад Мааньрагчаа ах ийм болсон байна, чи дагуулж гарчихаад яасан юм бэ гэж асуухад тэр мэдэхгүй гээд байхаар нь би алчуур норгож түүний цусыг арччихаад цаад талынх нь орон дээр хэвтэж байтал зүүн талын шанаа руу тас гэхээр нь харахад Мааньрагчаа ах чамайг би ална, чамаас болж би ийм болчихлоо гээд байсан. Маань ах тухайн үед тийм зүйл ярьсан гэдгээ мэдэхгүй байсан юм байна лээ. Та яаж байгаа юм, би таньд хоол авч өгсөн нь буруу зүйл болоогүй юу гэж хэлээд цохиход тэр нэг удаа хойшоо болсноо буцаж дайраад миний цамцны энгэр болон товч, кармааг нь урахаар нь би түүнийг нэг цохиход Цэрэнтуяа босч ирээд хөөе та хоёр юу болоод байгаа юм гэж хэлээд бид хоёрыг салгасан. Би тэр үед Нараа эгч рүү залгахад Нараа эгч утсаа аваагүй, тасдаад байсан бөгөөд миний утасны цэнэг ч гэсэн тэр үед дууссан. Тэгээд өглөө нь надтай Пүрэвхүү таарахаар нь би түүнд яанаа Маань ах шөнө хүнд зодуулсан бололтой нүүр ам нь аймаар болсон хэвтэж байхаар нь би оруулж өглөө гэж хэлсэн чинь Пүрэвхүү тэгээд учрыг нь олооч, Маань ах яагаад архи уусан юм гэж хэлж байсан бөгөөд би Нараа эгч рүү залгаж хэлэхээс гэж байсан. Тэгээд би Нараа эгч рүү залгаад Маань ах иймэрхүү байдалтай болсон байна гэсэн чинь Нараа эгч чи хүргэж авчирч өгөөч гэхээр нь би Маань ахыг хүргэж өгөх гэтэл Маань ах би яаж ийм нүүр амтай харих вэ, чи яв гэхээр нь би нутгийн айлын захисан захиасыг авах гээд хэсэг явж байгаад ирэхэд Пүрэвхүү надтай 24 дүгээр байрны тэнд таараад чи утсаар яриад хэлсэн юм уу, цаана чинь Маань ахын эхнэр нь ирээд бөөн юм болоод байна гэхээр нь би машинаараа Маань ахыг гэрт нь хүргэж өгөхөд манай Маань ах гэрийнхээ үүдэн дээр ухаан алдаж унахаар нь би гэрт нь оруулж, түргэн дуудаж өгөөд буцсан. Би тэр үед сургуулийн 7 настай хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээсэн, ээж нь хөдөө ажлаар явсан байсан учраас гэр рүүгээ яараад явсан. Тэгээд дараа нь Нараа эгч над руу залгаад чи Маань ахыгаа ийм болгосон байна ир гэхээр нь би ирээд Маань ахтай уулзаж ярилцаж байсан. Хэргийн нөхцөл байдал бол иймэрхүү л байна. Тэгээд 8 хоногийн дараа хотоос Маань ахын дүү нь яриад, чи хүнийг ийм болтол зодсон байна гэхээр нь би Маань ахыг хүнд бэртэл авахаар зодоогүй гэж хэлэхэд дүү нь чи зүгээр гарна гэж бодож байна уу, бид нар эмнэлгийг дахин дүгнэлт гаргуулах гэж байна, чамайг заавал шүүхэд өгч ажилгүй болгож шоронд хийнэ гэж ярьж байсан. Би Маань ахыг 2 удаа цохисон нь үнэн, гэхдээ ийм хүнд гэмтэл авахаар зодоогүй гэв.

 

Хохирогч М.Мааньрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би уг нь өвсний фондод ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад гэртээ суудаг байсан. 2015 оны 09 сарын 05-ны өдөр нэг дүү маань над руу яриад би Хотонт суманд ажилтай байгаа учраас та миний оронд гараанд гараад өгөөч гэхээр нь би 4 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад доошоо  уруудаад Петровис өнгөрөөд явж байхад Батмөнх над руу залгаад та ирээд яахав дээ, би шууд ажил дээрээ буучихлаа гэж хэлсэн. Тэгээд би буцаад явж байтал 24 дүгээр байрны тэнд явж байхад Энхтайваны машин байхаар нь Цэрэнтуяа руу залгаад Энхтайван ирсэн юм уу гэсэн чинь Цэрэнтуяа тийм, Сараа бид нар ганц пиво уугаад сууж байна гэхээр нь би эд нартай ойрд уулзаагүй, ажилд гарахаа больсон юм чинь гэж бодоод ганц шил архи аваад ороод хамт ууцгаасан. Би Ричландад орсон гэдгээ огт санахгүй байгаа. Цэрэнтуяа болон Сарангэрэл нар бүгдээрээ байсан бөгөөд та намайг хоол идүүлсэнгүй гэж хэлсэн нэг л зүйл санагдаад байгаа. Өөр асуудлыг би огт санахгүй байгаа. Маргааш өглөө нь би бие засах гэсэн чинь явж чадахгүй хөл гар болохгүй байхаар нь би аймаар их архи уусан юм байна гэж бодоод л гарч бие засчихаад орж ирээд Энхтайван болон Цэрэнтуяа нараас би яасан юм, толгой их өвдөөд, нүд юм харахгүй байна гэсэн чинь Цэрэнтуяа надад та Тайван ахтай муудалцаад бие биенийгээ цохиж аваад байсан шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Энхтайван намайг хүргэж өгөх гэхээр нь би жаахан хэвтэж байгаа явъя гэж хэлээд хэвтэж байсан чинь манай эхнэр ирээд бид нар гарах гэж байтал Энхтайван болон Пүрэвхүү нар урдаас ирээд, Энхтайван намайг хүргэж өгсөн. Энхтайван намайг хүргэж өгөх гэж байх үед манай эхнэр Энхтайваныг зодсон байна гэдгийг Цэрэнтуяагаас мэдсэн юм шиг байна лээ. Тийм л асуудал болсон гэв.

 

Гэрч М.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэрийн хүн 2015 оны 09 сарын 05-ны өдөр орой 17 цагийн үед хүний оронд ажилд гарах гээд явсан. Тэр үед манай хүүхэд уйлаад болохгүй байхаар нь 19 цагийн үед утсаар ярьсан, тэрний цаана нь хөгжим дуугараад байхаар нь юун хөгжим дуугараад байгаа юм гэсэн чинь би зурагт үзэж байна гэсэн. Тэгээд би жаахан байж байгаад ахиад залгасан чинь цаанаас нь нэг эмэгтэй хүн утсыг нь аваад юугаа ярьдаг байнаа гээд утсыг салгаад унтраасан. Тэр хүн нь Цэрэнтуяагийн дуутай адилхан байсан. Манай хүү өвөөдөө их сайн учраас тэр өдөр өвөө гээд уйлаад байсан. Тэгээд би хүүгээ унтуулах гээд байж байхад 11 цаг өнгөрөөгөөд миний утас дуугарахаар нь утсаа авах гэсэн утас унтраад нэгж дуусаад утсаар ярьж чадаагүй. Маргааш өглөө нь би нэгж авч чаддаггүй, ажилтай гэсэн учраас ажилтай байгаа байх л гэж бодоод байж байтал 12 цагийн үед Энхтайван над руу залгаад Маань ах зодуулсан байна, та ирээд ав гэхээр нь би та нар өмнө нь аваад ирдэг л байсан биз дээ, аваад ир гэж хэлчихээд авчраад өгөх байх гэж бодоод хүлээгээд байхад ирэхгүй болохоор нь 5 цагийн үед дүүгийнхээ охиныг дагуулаад Цэрэнтуяагийн гэрийг хайгаад явж байтал Пүрэвхүү тааралдаад Цэрэнтуяагийн гэрийг заалгаад тэдний гэрээр ороход Цэрэнтуяагийн хөгжлийн бэрхшээлтэй 2 охин, манай нөхөр гурав орны дэрэн дээр зэрэгцээд хэвтэж байхаар нь бид нар бараг л ухаан алдах шахсан. Тэр үед надтай хамт явсан охин ийм болгоод байхдаа яадаг юм гээд орилсон. Би тэдний гэрт ороод Цэрэнтуяаг хараад олоогүй болохоор нь охиноос нь ээж нь хаана байна гэсэн чинь нэг охин нь ээж гээд заахаар нь харсан чинь Цэрэнтуяа хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад тэр Энхтайван ах, наад хоёр чинь л зодоон хийсэн, би мэдэхгүй гээд хөнжлөө нөмрөөд хэвтээд байсан. Тэгээд байж байтал Пүрэвхүү орж ирээд Энхтайван энд байна лээ түүгээр хүргүүл, би Энхтайваныг олоод ирье гээд Энхтайваныг дагуулаад ирэхээр нь бид нар Энхтайванаар хүргүүлсэн. Тэгээд манай хүн гэрийнхээ гадаа очоод ухаан алдаад унасан бөгөөд бид нар түргэн дуудаад үзүүлэхэд даралт нь ихэссэн байна, хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Тэр үед Энхтайван буулгаж өгчихөөд яваад өгсөн гэв.     

 

Гэрч Ү.Цэрэнтуяа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 сарын 05-ны өдөр ээж над руу утасдаад манай багийн засаг аймаг руу орсон байгаа, чи өвс татах 10 литр бензин өгөөд явуулаач гэхээр нь би Тайван ах руу утасдаад та манайхаар дайраад бензин аваад яваач гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэр үед манай бичиг хэргийн эрхлэгч Сараа манайд ирсэн бөгөөд бид нар ганц пиво уугаад сууж байтал Маань ах Энхтайваны машин байна гээд манайд орж ирсэн. Тэр үед Сараа улсын архивын шалгалт ирэх гэж байгаа гээд ажлаа хийх гээд явсан, бид нар 2-3 шил архи уугаад нилээн согтоод Тайван ах болон Маань ах нар унтаад өгсөн. Тэгээд орой Сараа орж ирээд энэ хоёр ч гэсэн сэрээд бид нар Ричландад орж хоол идэх гээд явсан. Би архи их гараагүй байсан учраас гэртээ түрүүлээд орж ирчихсэн байхад Сараа, Тайван ах хоёр араас орж ирээд Маань ах хаачсан юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь Сараа түрүүлж яваад Тайван ах гарч яваад Маань ахыг байшингийн буланд цустайгаа холилдсон байна гээд оруулж ирсэн гэв.

 

Гэрч Д.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хагас сайн өдөр байсан архивын улсын шалгалт ирэх гээд ажил дээрээ ажиллаж байгаад Цэрэнтуяа эгч рүү 4-5 цагийн үед утсаа яриад танайд очоод нэг унд ууя гэж хэлсэн чинь Цэрэнтуяа эгч тэг хүрээд, би мах гаргаад тавьчихъя гэж хэлэхээр нь яваад очиход эд нар архи уугаад сууж байсан. Тэгээд би хоол хийгээд байж байна гэсэн яасан бэ гэсэн чинь хийж амжсангүй гэж хэлэхэд Энхтайван ах Ричландад орж хоол идье гэхээр нь бид нар Ричландад орж хоол идчихээд Цэрэнтуяа эгчийн хоёр хүүхдэд авсан хоолоо ширээн дээр нь тавьчихаад би гараад явсан. Цэрэнтуяагийнд Энхтайван ах бид хоёр цуг орсон. Тэр үед Маань ах байхгүй байх шиг байсан гэв.

 

Эрүүгийн 201503000433 тоот хэргээс:

 

Хохирогч М.Мааньрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...2015 оны 09 сарын 05-ны өдөр би хамт ажилладаг байсан Энхтайван, Цэрэнтуяа, Сарангэрэл нарын хамт Цэрэнтуяагийн гэрт архи ууцгаасан юм. Бид нар нийт 2 шил архи, 1 пиво уусан юм.  Би архи ууж их согтсон , юуч санахгүй байгаа. Өглөө сэрэхэд Цэрэнтуяагийн гэрт баруун нүд хөхөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд өглөө босоод юу болсон юм бэ гэхэд Цэрэнтуяа, шөнө Энхтайван ах та хоёр маргалдаад Энхтайван таны нүд рүү цохьсон, би дундуур чинь орж салгасан гэж хэлсэн. Би гарах гэхэд шартсан юм уу яасан юм босоод явахаар толгой эргээд байсан. Би хэвтэж байтал манай эхнэр ирээд эхнэртэй Цэрэнтуяагийнхаас гарч байтал Энхтайвантай таарсан. Тэгээд Энхтайваны машинаар 1 цагийн үед хүргүүлсэн. Гэрийнхээ гадаа ирээд гэртээ орж чадалгүй ухаан алдсан. Сэртэл гэртээ хэвтэж байсан. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлж Архангай аймагт эмнэлэгт 6 хоног хэвтэж, Улаанбаатар хотод 17 хоног хэвтэж эмчлүүлсэн. Цэрэнтуяа надад таныг Энхтайван цохиж зодсон гэж хэлсэн юм. Би тухайн үед Цэрэнтуяагийнд ороход Энхтайван, Цэрэнтуяа, Сарангэрэл нар 1 шил 0.5 граммын Ерөөл гэсэн архи, боргио гэсэн 2 литрын пиво ууж байсан. Би 0.5 граммын Ерөөл гэсэн архи авч өгсөн юм. Би тэр гуравтай тэр архиа хувааж уугаад тасарсан юм шиг байсан. Сайн санахгүй байна. Намайг очиход Энхтайван архи уугаад сууж байсан. Надтай хамт бас архи уусан хэр их согтсонийг нь мэдэхгүй байна. Намайг Энхтайван зодоход Цэрэнтуяа лав харсан байсан өөр хүн харсан эсэх, хаана зодоон болсон эсэх талаар би санахгүй байна. Намайг өглөө босоход Энхтайван гутлаа наагаад байсан, гутал нь салсан байсан. Энхтайван бид 2 өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн муу харьцаа байхгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байна. Одоогоор хагалгаа, эмчилгээний зардал гэж 5.000.000 орчим төгрөг гарсан. Одоо ахиад эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудаа нэхэмжилнэ. Би гомдолтой байна.

Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр ярих зүйл байхгүй. Тэр өдөр би их согтсон байсан. Маргааш өглөө нь болсон чинь миний баруун нүд хавдсан байсан тэгэхээр нь би Цэрэнтуяагаас асуусан чинь өчигдөр Энхтайван та хоёр маргалдаад та эхэлж Энхтайванг нүүр рүү нь цохисон тэгсэн Энхтайван таныг зөрүүлээд цохисон тэгэхээр нь би салгах гэж дундуур нь орсон гэж ярьж байсан. Тухайн үед би Энхтайванг архинд явуулах гэхэд Энхтайван явахгүй гэсэн юм шиг байна лээ. Маргааш нь 12 цагийн орчимд Цэрэнтуяагийнхаас Энхтайванаар гэртээ хүргүүлэн гэрийнхээ гадаа ирээд ухаан алдаж унан түргэн дуудуулсан. Тухайн үед эмч ирж үзээд хөдөлгөж болохгүй шүү гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргааш нь аймгийн эмнэлэгт хэвтсэн эмнэлэгт 6 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явах шаардалагатай гээд Улаанбаатар хот руу очиж  гэмтэлд хэвтсэн. Эмчилгээ хийлгэж тархины хагалгаанд орсон. Тэгээд нэг сар гаруй болоод эмнэлгээс гарсан. П.Энхтайван миний нүүр рүү гараараа цохих үед би хана мөргөж унасан санагдаж байгаа. Одоо миний биеийн байдал сайнгүй, зарим нэг зүйлээ мартаж санаад байх юм. Би одоо гомдолтой байгаа миний эмчилгээний зардалд 4.000.000 гаруй төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байгаа, эмч нар цаашдаа Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардалагатай гэж байсан. Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралд сууна. Би П.Энхтайваныг таних болоод 5-6 жил болж байгаа. Бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан ах дүү шиг л хүмүүс байгаа юм. Би аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар явж хагалгаанд орох шаардалагтай гэхээр нь явсан. Хэрэг болсон өдрөөс хойш хаа нэг тийшээ явж гэмтэл бэртэл авсан зүйл байхгүй, мөн хэрэг болохоос өмнө нь ч ямар нэг гэмтэл авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 21-22 дугаар тал/

  

Гэрч Д.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...2015 оны 09 сарын эхээр санагдаж байна, нэг амралтын өдөр Цэрэнтуяа эгчийнд очсон. Намайг очиход тэднийд Мааньрагчаа, Энхтайван, Цэрэнтуяа нар байсан. Тухайн үед тэд архи пиво уугаад ажил төрлөө яриад байж байсан. Тэгээд бид хэд Ричланд гэх хоолны газарт хоол идээд буцаж Цэрэнтуяа эгчийнд орж ирсэн. Тэгээд би гэртээ харьсан. Бид хэдийг хоол идэж байхад Мааньрагчаа ах би энэ хоолыг чинь идэхгүй гээд уурлаад гараад явсан. Намайг байх хугацаанд маргалдаж зодолдсон зүйл байгаагүй, харин намайг явснаас хойш маргалдаж зодолдсон зүйл болсон юм шиг байна лээ. Тухайн үед Мааньрагчаа, Энхтайван нарын биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Мааньрагчаа ах их согтсон, Энхтайван нь арай гайгүй байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ 

 

Гэрч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

 “...2015 оны 09 сарын 05-ны орой 17 цагийн үед манай нөхөр М. Мааньрагчаа хүний оронд жижүүрт гарч өгнө гээд гэрээсээ гараад явсан. Би 19 цагийн үед залгахад зурагт үзээд сууж байна, хошин шог гарч байна гэж хэлсэн, түүний дараа 21 цагийн үед залгасан чинь цаанаас нь нэг эмэгтэй хүн таньтай одоо хэн ярьдаг юм бэ гээд утсыг нь булааж авсан. Тэгээд утас нь холбогдохоо больсон, хаана ямар газар жижүүрт гарч байгааг нь ч мэдээгүй, надад ч хэлээгүй. Тэгсэн шөнө 23 цагийн үед Энхтайван над руу залгасан байсан, би буцаагаад залгах гэсэн чинь нэгжгүй болсон байсан. Тэгээд маргааш өдөр нь Энхтайван над руу ярьж Мааньрагчаа ах хүнд зодуулсан муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө авчирч өг гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь 16 цагийн үед хойноос нь 24 дүгээр байранд Цэрэнтуяа гэх айлд Пүрэвхүүтэй хамт очсон, Мааньрагчаа буйдангийн дэрнүүд дээр хэвтсэн, хувцас нь нил цус болсон, нүд нь таг хавдсан, нүүр ам нь ч мөн хавдсан байсан. Тэгээд Пүрэвхүү Энхтайваныг дагуулж орж ирсэн, би чи ийм болгосон уу гэсэн чинь би юу гэж зодох юм бэ гээд байсан. Тэгээд 24 дүгээр байрнаас Энхтайваны машинтай бид хэд манай гэрийн гадаа ирээд Мааньрагчаа машинаас буугаад ухаан алдаж унасан. Түргэн дуудаж үзүүлээд, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мааньрагчаа аймгийн эмнэлэгт 6 хоног хэвтээд Улаанбаатар хот руу очиж гэмтэлд хэвтсэн. Тэр 2-ын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй, хамт нэг байгууллагад ажиллаж байсан хүмүүс юм. Тухайн үед Мааньрагчаагийн баруун нүд нь хавдсан, нүүр ам нь мөн хавдсан байсан, босч явахдаа хүүхэд хөлд орж байгаа юм шиг салгалж чичирч явж, ярихдаа хэл ам нь орооцолдож байсан. М.Мааньрагчаа өмнө нь ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй, архаг хууч өвчин ч байхгүй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Гэрч Ү.Цэрэнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

 “...2015 оны 09 сарын 05-ны өдөр манай ээж над руу Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоолол гэх газраас утсаар яриад Засаг дарга П.Энхтайван аймгийн төв орж бензин авна гээд явчихлаа, чи өнөөдөр Энхтайваныг буцахад нь өвс татах 20 литр бензин аваад явуулчих гэхээр нь тэр өдөр нь би өдрийн 12 цагийн үед бензинээ авчихаад Энхтайван ахтай утсаар яриад та хөдөө явахдаа манай гэрээс ирээд бензин аваад яваарай гэж хэлтэл Энхтайван ах манай гэрт өдөр 13 цагийн үед ирсэн юм. Тэр үед манай гэрт Эрдэнэбулган сумын бичиг хэргийн эрхлэгч Сарангэрэл унд уух гээд ирчихсэн, би хоол хийгээд байж байсан юм. Энхтайван ахыг хоол хүлээж суух хоорондоо энэ пивыг ууж бай гээд Сарангэрэл бид 2 дэлгүүрээс 1,5 литрийн пиво авч өгсөн юм. Тэгээд бид 3 авсан пивоо уугаад сууж байтал гаднаас урд өмнө Эрдэнэбулган суманд хамт ажиллаж байсан Мааньрагчаа гэдэг ах 1 шил архи, 2 литрийн пиво авчихсан манай гэрт орж ирсэн юм. Тэр үед хоол болж, хоолоо гаргаж идээд байж байсан ба хоолны даруулга гээд Сарангэрэл бид хоёр Мааньрагчаа ахын авчирсан пивыг уугаад Мааньрагчаа ах Энхтайван ах хоёр архинаасаа уусан юм. Тэгтэл Энхтайван ах жаахан согтчихсон болохоор хөдөө 6 дугаар баг руу машинтайгаа явахаасаа өмнө архиа гаргаж байгаад явахгүй бол болохгүй гээд унтах гээд хэвтсэн чинь Мааньрагчаа ах би бас унтана гээд тэр 2 хоёулаа хамт унтаад өгсөн юм. Тэр хооронд Сарангэрэл гэр нь хол учир би ажил руугаа яваад ирье гээд яваад өгсөн. Энхтайван ах Мааньрагчаа ах 2, 4 цаг гаран унтаад орой 20 цагийн үед Энхтайван ах босож ирээд халуун ногоотой хоол идмээр байна гэж яриад байж байтал Сарангэрэл орж ирээд дөрвүүлээ Ричланд рестаронд орж хоол идье гээд Мааньрагчаа ахыг татаж босгоод дөрвүүлээ Ричланд ресторан орсон юм. Ресторанд ороод Энхтайван ах бид гуравт хоол авч өгтөл Мааньрагчаа ах ийм хоол идэхгүй гэж уурлаад намайг хоол идүүлэхгүй татаж чангаагаад байхаар нь миний уур хүрээд гараад гэр рүүгээ явтал Мааньрагчаа ах миний араас дагаад манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд Мааньрагчаа ах бид 2 манай гэрт байж байтал гаднаас Энхтайван ах, Сарангэрэл 2 удаагүй орж ирээд Энхтайван ах орон дээр хэвтээд өгтөл Мааньрагчаа ах босож ирээд Энхтайван ахыг гараа атгаж байгаад нүүр рүү нь цохиод авсан юм. Тэгтэл Энхтайван ах босож ирээд Мааньрагчаа ахтай барьцалдаж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Мааньрагчаа ахыг газар унтуулаад Энхтайван ахыг орон дээр түлхэж унтуулсан юм. Ийм л асуудал болсон. Мааньрагчаа гэдэг хүнтэй би 2009 оноос хойш хамт ажиллаж байгаа юм. Мааньрагчаа ах хүнд их тусархуу урд өмнө манай гэрээр орж гардаг ийм л хүн тэр өдөр Мааньрагчаа ахыг манай гэрт хүрээд ир гэж дуудсан хүн байхгүй өөрөө гаднаас архи, пиво аваад орж ирсэн юм. Мааньрагчаа ах Ричланд рестаронд ороод Энхтайван ахыг хоол авч өгөхөд голоод уурлаад намайг хоол идүүлэхгүй, татаад сандлаас босгоод байхаар нь би уурлаад гэр рүүгээ гараад явчихсан юм. Тэгтэл Мааньрагчаа ах миний араас дагаад манай гэрт орж ирсэн юм. Ямар учиртай уурлаад байсныг нь мэдэхгүй, гэрт орсон хойноо Энхтайван ахыг орж ирээд хэвтсэн чинь юу ч ярилгүй шууд очоод цохиод авсан юм. Мааньрагчаа ах Энхтайван ах хоёрын Мааньрагчаа ах их согтчихсон байсан. Энхтайван ах Мааньрагчаа ахын нүүр рүү гараараа 1 удаа цохиод автал Мааньрагчаа ах газар унахдаа шал мөргөчихсөн юм. Тэгсэн чинь Энхтайван ах дээрээс нь нүүр рүү нь 2 гурван удаа гараа атгаж байгаад цохиод авсан юм. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан, Энхтайван ах дахиж Мааньрагчаа ахыг цохиогүй. Энхтайван Мааньрагчаа ахыг зодоход Сарангэрэл ажил руугаа яваад өгсөн байсан. Тэр үед бид 3 байсан. Энхтайван ах бид хоёр дотно хувийн харьцаатай. Мааньрагчаа гуай бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн харьцаа байхгүй болно.  Тэр талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Мааньрагчаа ах архи уухаараа жаахан зан ааш муутай болчихдог юм. Тэрийг нь сайн мэднэ.

Би Ричландаас түрүүлж гараад гэртээ орсон. Гэртээ ороод нэг хэсэг унтчихсан байсан. Зодоон болох шиг болохоор нь сэрсэн чинь Энхтайван Мааньрагчаа ах 2 зодоон хийж байсан. Хэн нь эхлээд хэнийгээ юунаас болж цохиж авч зодоон эхэлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй банйа. Намайг харахад бол Энхтайван нь Мааньрагчаа ахыг цохиж аваад унахаар нь дээрээс нь 2-3 цохиод авах шиг болсон, би тэр чимээгээр нь сэрж салгасан. Тэр үед Мааньрагчаа ах, Энхтайван бид 3 байсан. Сарангэрэл байгаагүй, Ричландаас гараад манай гэрт орсон эсэхийг нь мэдээгүй, намайг сэрэхэд Сарангэрэл байхгүй байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Хана мөргөсөн байх гэж бодсон чинь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зодоон болох шиг чимээ гараад л сэрсэн. Миний харснаар бол гараараа толгой руу нь цохиод авах шиг болсон. Согтуу байсан болохоор нарийн сайн харж чадаагүй. Тэр талаар мэдээгүй. Анх орж ирэхийг нь хараагүй, унтаж байсан болохоор тэрийг огт анзаараагүй. Энхтайвангийнх нь нэг гар нь халцарсан, нүд нь хавдсан байсан. Аль гар нь нүд нь гэмтсэн байсан гэдгийг анзаараагүй, мартсан байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28-29, 91дүгээр тал/

 

Гэрч Ш.Пүрэвхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...Би 2015 оны 09 сарын 05-ны өдөр Цэрэнтуяагийн гэрт ямар асуудал болсныг сайн мэдэхгүй байна. 2015 оны 09 сарын 06-ны өдөр намайг 24 байрны гадаа зогсож байтал Эрдэнэбулган сумын 6 дугаар хорооны Засаг дарга Энхтайван над дээр ирээд Мааньрагчаа ахын эхнэртэй яриад байсан. Тэгээд удаагүй Мааньрагчаа ахын эхнэр ирээд Мааньрагчаа ахыг авч явж харагдсан юм. Миний хувьд өөр мэдэх зүйл байхгүй болно. Би Мааньрагчаа ах Энхтайван нарыг сайн таньдаг бид нарын хооронд урд нь ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

 

Гэрч Л.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...П.Энхтайван нь миний нөхрийн төрсөн ах байгаа юм. Би бэр дүү нь гэсэн үг. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Энхтайван ах бол томоотой, төлөв даруу, олон жил айл аймаг явсан. Архи дарс уудаггүй, ямар нэгэн асуудалд холбогдож байгаагүй, бусадтай нийтэч, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Олон түмэндээ нэр хүнд сайтай, ямар нэгэн гаж буруу зангүй, олон жил багийн засаг дарга хийж байгаа. Уур уцаар байхгүй, их л амгалан хүн байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/

 

Шинжээч эмч С.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. М.Мааньрагчаагийн биед учирсан тархины баруун тал бөмбөлөгийн дух зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл хальсан доорх хураа тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нүүрний болон баруун нүдний зөөлөн эдэд няцралт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нүүр, шанаа орчим гараар цохих үед буюу мохоо үшйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дугаар заалтаар тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл болох хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг, бусад цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь гэмтдийн хөнгөн зэрэгт хамаарах боловч журмын дагуу хөнгөн гэмтэл нь хүнд гэмтэл рүүгээ багтдаг.  2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр М.Мааньрагчаагийн биед үзлэг хийхэд, нүүр нилэнхүйдээ хавдаж хөрөсөн, энд тэндээ улаан ягаан цус харвалттай, баруун нүпний зовхи анигдсан, хаван ихтэй, баруун хацар доош унжсан байдалтай, зүүн хацарт доод эрүүний зүүн талд, зүүн чихний гэдсэнд зулгаралтуудтай, цээжний голд улаан хүрэн цус хуралттай байсан нь дээрх гэмтлүүд хэрэг болох үед буюу 2015 оны 09 дүгээр сарын 05-нд үүссэн байх боломжтой байсан. Тархины хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа нь тархийг дарж, уртавтар тархийг шаантаглуулан, амьдралын чухал эрхтэний төвүүдийг дарангуйлах хүртэл тухайн гэмтэл авсан хүн ямар нэгэн үйл хөдлөл хийж, ярьж хөөрөх, алхаж гишгэх боломжтой. Гэхдээ хөдөлгөөний эвсэл тэнцвэр алдагдах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/

 

Сэжигтэн, яллагдагчаа П.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 

“...Би 2015 оны 09 сарын 05- ны өглөө Эрдэнэбулган сумын 6 дугаар багаас аймгийн төв орох ажилтай ирсэн юм. Тэгээд ажлаа дуусчихаад 6 дугаар баг руу явах гээд байж байтал нутгийн дүү Батсүрэнгийн эхнэр Цэрэнтуяа над руу яриад хөдөө ээжид 20 л бензин авсан, ирээд аваад яваарай гэхээр нь Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт 24 дүгээр байранд оршин суудаг дүү Батсүрэнгийн гэрт орсон юм. Тэгтэл Цэрэнтуяа нь хоол хийж байгаа бололтой хоол идээд яв гэхээр нь би хоолыг нь хүлээгээд сууж байхад дүү Цэрэнтуяа надад 1 л пиво гаргаж өгөхөөр нь уугаад байж байтал гаднаас Эрдэнэбулган суманд надтай цуг ажиллаж байсан Мааньрагчаа ах 1 шил архи, пиво бариад орж ирэхлээр нь би уухгүй гэж хэлж чадаагүй, хоолны даруулга гээд Цэрэнтуяа Мааньрагчаа гуай нартай хамт уусан юм. Тэгтэл гаднаас Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн бичиг хэргийн эрхлэгч Сарангэрэл гэдэг эмэгтэй орж ирсэн, тэгээд Сарангэрэл ажилтай гээд архи уухгүй, хоол идчихээд гараад явсан. Мааньрагчаа ах бид 2 архиа хувааж уугаад нэлээд согтоод ирэхээр нь би Мааньрагчаа ахад жаахан завсарлаж байгаад ууя гэж хэлчихээд хэвтэж байгаа хэсэг унтчихсан байсан юм. Нэг сэрээд хартал Сарангэрэл ирчихсэн, Мааньрагчаа ах миний хажууд унтаж байхаар нь Мааньрагчаа ахыг дуудаж сэрээгээд Ричланд ресторанд орж, халуун ногоотой хоол идье гээд Сарангэрэл, Цэрэнтуяа, Мааньрагчаа ах бид 4 орсон юм. Тэгтэл Мааньрагчаа ах ресторанд ороод нохойн хоол авч өглөө гэж уурлаад Цэрэнтуяаг татаж чангаагаад Цэрэнтуяатай хамт гараад явчихсан юм. Тэгээд Сарангэрэл бид 2 хоолоо идчихээд Мааньрагчаа ахын араас гартал гадаа байхгүй байсан ба Сарангэрэл гэр лүүгээ яваад өгөхөөр нь би Цэрэнтуяагийн гэр лүү ортол Мааньрагчаа ах Цэрэнтуяа 2 ирчихсэн байсан. Тэгээд бид 3 үлдсэн пивоо хувааж уугаад би жаахан утаж байгаад гэр лүүгээ явъя гээд хэвтэж байтал Мааньрагчаа ах гэнэт миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад тас хийтэл цохиод авсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд чи яахаараа зүгээр байгаа хүнийг цохидог юм бэ гээд босоод иртэл дахиж цохих гээд дайрахаар нь би гараа атгаж байгаад нүүр рүү нь 3 удаа цохиод авсан юм. Тэгээд тэр өдрөө Мааньрагчаа ахыг гэрт нь хүргэж өгье гэтэл гэртээ харихгүй эндээ амаръя гээд Цэрэнтуяагийн гэрт унтаад өгсөн. Ийм л асуудал болсон. Бид хоёр маргалдаад хэрүүл хийгээд байсан юм байхгүй хоолны газар ороод би Мааньрагчаа ахад хоол аваад өгтөл би ийм хоол идэхгүй гээд уурлаад гараад явчихсан. Тэр үед нь би Мааньрагчаа ахыг хоол идэхгүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл Мааньрагчаа ах тэр хоолон дээрээс надад уурлаад Цэрэнтуяагийн гэрт очоод хэвтэж байхад шууд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад их хүчтэй цохиод авахаар нь миний уур хүрээд зөрүүлээд цохиод авсан. Мааньрагчаа ах нилээд согтчихсон бололтой байсан. Миний хувьд нилээд унтаад босоод ирсэн болохоор архи гарчихсан байсан. Намайг Мааньрагчаа гуайг зодоход Цэрэнтуяа хараад зогсож байсан. Цэрэнтуяа бид хоёрыг салгасан. Би Мааньрагчаа ахын нүүр рүү нь гараа атгаж байгаад 3 удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Мааньрагчаа гуайг цохиход газар унасан. /хх-ийн 57-58 дугаар тал/

Намайг Мааньрагчаа ахын гэрт нь авч ороход Цэрэнтуяа согтоод унтчихсан байсан босож ирэхгүй байсан хэрнээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө Мааньрагчаа ахтай хамт надаас түрүүлээд гэртээ орсон гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Уг нь бол Ричландаас Цэрэнтуяа, Мааньрагчаа 2 надаас түрүүлж гарсан боловч Мааньрагчаа ах 24 дүгээр байрны гадаа под станцын хажууд унтаж байхаар нь Цэрэнтуяагийн араас гэрт нь авч орсон юм. Би тухайн үед архи гарчихсан эрүүл болсон байсан учир бүх асуудлыг мэдэж байсан. Мөн Мааньрагчаа ах тасарсан юу ч мэдэхгүй ухаан алдсан байсан хэрнээ Цэрэнтуяагийн үгээр орж намайг цохиж зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Мааньрагчаа ахыг гэрт оруулааад хамраас нь цус гарсан байхаа нь хамрынх нь цусыг арилгаж өгөөд унтуулсан, яагаад хамраас нь цус гарсан байсан гэдгийг мэдэхгүй, гадаа унтаж байхдаа хүнд зодуулсан юм уу, юм мөргөсөн юм уу мэдэхгүй байна. Тэгээд Мааньрагчаа ахыг хэвтүүлчихээд би өөрөө хэвттэл нэг хэсэг унтсан байсан. Намайг шалан дээр унтаж байтал гэнэт баруун талын гар дээр нэг хүн гишгээд, миний зүүн талын шанаа руу гараараа цохиод авахаар нь өндийгөөд хартал Мааньрагчаа ах босоод ирсэн намайг цохиж авсан байсан. Би сэрээд та чинь яаж байна аа, адилхан архи уучихаад хүн унтаж байхад яаж байгаа юм гэсэн чинь ахиад дайраад миний зүүн хөлийн өвдөгний орчим өшиглөхөөр нь урдаас нь нэг удаа гараараа зүүн шанаа руу нь цохиж авсан чинь уначихаад дахиж босож ирээд дайраад миний цамцны халаасыг ураад товчийг нь хазалчихаар нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохиж авсан. Тэгээд Цэрэнтуяа босож ирээд салгасан. Цэрэнэтуяа миний Мааньрагчаа ахыг цохиж авахыг харсан. Намайг өөр цохиж зодоогүй. Салаад унтацгаасан. Миний зүүн шанаа нилээн хавдсан байсан. Өшиглөсөн өвдөгний орчим хөхөрсөн байсан. Одоо аль хэдийн эдгэрсэн учир ямар нэгэн гэмтлийн үлдэц байхгүй. Би тухайн үед эмчид үзүүлээгүй учир ямар нэгэн баримт байхгүй. Надад учирсан гэмтэл нь аль хэдний эдгэрсэн учир, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Цэрэнтуяа унтаж байсан учир хараагүй, босож ирэхгүй байсан, би гэрт оруулаад хамрынх нь цусыг арилгаж өгөөд шууд унтуулсан. Мааньрагчаа ахыг гадаа унасан хамраас нь цус гарсан, шанаа нь хавдсан байсан зэргийг харсан үзсэн хүн байхгүй байх, намайг тэр хоёрын араас гарч ирэхэд ойр хавьд хүн байхгүй, Мааньрагчаа ах ганцаараа хэвтэж байсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 92-93 дугаар тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 348 тоот шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд “...1. М.Мааньрагчаагийн биед нүүр, баруун нүдний зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх ба бүгд шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр заалтаар зулгаралтаас бусад гэмтлүүд нь тус тусдаа биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь зодуулсан гэх цаг хугацаанд үүсчээ...” гэх дүгнэлт / хх-ийн 35-36 дугаар тал/

 

 * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 09 сарын 17-ны өдрийн 348 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт:

 

Дүгнэлтэд “...1. М.Мааньрагчаагийн биед тархины тал бөмбөлгийн дух, зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нүүрний болон баруун нүдний зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх ба бүгд шинэ гэмтэл байна. 3. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын” 3-1-3-р заалтаар амь насанд аюултай хүнд зэрэгт, “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2-4-1-р заалтаар зулгаралтаас бусад гэмтэл болох зөөлөн эдийн няцралт, цус хуралтууд нь тус тусдаа биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Хүнд гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-иас дээш тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь зодуулсан гэх цаг хугацаанд үүсчээ...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/

* Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-32, 46/

* Өвчний түүх /хх-40-45, 47, 94-96/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71-73/

* Ажил байдлын тодорхойлолт /хх-74/

* Хохиролтой холбоотой баримтууд /хх-102-116/ зэрэг болно.  

 

 Шүүгдэгч П.Энхтайван нь 2015 оны 09 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 16-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мааньрагчааг зодож, бие мах бодид нь  хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч М.Мааньрагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2015 оны 09 дүгээр сарын 05-ны орой Цэрэнтуяагийнд ороход Энхтайван, Цэрэнтуяа, Сарангэрэл нар пиво ууж байсан. Би нэг пиво нэг архи авч орсоноо хувааж уугаад нилээд согтсон. Орой Ричландад хоолонд орсон талаар сайн мэдэхгүй байгаа Цэрэнтуяа намайг та хоол идүүлсэнгүй гэж, Сарангэрэл та Цэрэнтуяа хоолыг нь идүүлсэнгүй гэж ярьж байсан нь бүүр түүрхэн санагдаад байгаа. Маргааш өглөө нь босоод явах гэтэл гар, хөл болохгүй байхаар нь Энхтайван, Цэрэнтуяа нараас би яасан юм болоо толгой их өвдөөд, нүд юм харахгүй байна гэхэд Цэрэнтуяа та Тайван ахтай муудалцаж зодолдоод би салгасан гэж хэлсэн. Ричландаас гарахад Цэрэнтуяагийнд очихын хооронд хүнд зодуулаад гадаа уначихсан байх боломжгүй гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

Гэрч Ү.Цэрэнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Бид нар архи, пиво ууж байгаад Энхтайван ах Мааньрагчаа ах хоёр архиа гаргах гэж 4 цаг гаран унтаад орой 20 цагийн үед Сарангэрэлийг орж ирэхэд босож Ричландад халуун ногоотой хоол идье гэж ярилцаад дөрвүүлээ явсан. Мааньрагчаа ах ричланд ресторанд ороод намайг хоол идүүлэхгүй, татаад сандлаас босгоод байхаар нь би уурлаад гэр рүүгээ гараад явчихсан. Тэгтэл Мааньрагчаа ах миний араас дагаад гэрт орж ирсэн. Гэрт ирсэн хойно Мааньрагчаа ах Энхтайван ахыг орж ирээд хэвтсэн чинь юу ч ярихгүй шууд очоод цохиод авсан юм. Энхтайван ах Мааньрагчаа ахын нүүр рүү гараараа нэг удаа цохиод автал Мааньрагчаа ах газар унахдаа шал мөргөчихсөн юм. Тэгсэн чинь Энхтайван ах дээрээс нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Гэрч М.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...орой 20 цагийн орчим Мааньрагчаагийн утас руу залгахад нэг эмэгтэй хүн утсыг нь аваад юугаа ярьдаг байнаа гээд тасалчихсан. Тэгээд утас нь холбогдохгүй болсон. Орой 23 цагийн орчим хүүхдээ унтуулах гээд байж байтал Энхтайван залгаад, авах гэтэл чадалгүй эргээд залгах гэтэл би нэгжгүй болсон байсан. Маргааш өглөө нь Энхтайван миний утас руу залгаж Маань ах хүнд зодуулчихсан муу байна гэхээр нь чи авч ирээд өгөөч гэсэн. Би ирэхгүй болохоор нь 17 цагийн орчим гэртээ байдаг ахын охинтой Цэрэнтуяагийнхийг сураглаж очоод ороход Мааньрагчаагийн нүүр ам нь хавдчихсан аймаар царай зүстэй хөгжлийн бэрхшээлтэй 2 охиных нь дунд хэвтэж байсан. Би Цэрэнтуяагаас яачихсан юм бэ гэхэд Энхтайван ах наад 2 чинь зодоон хийгээд байсан гэж хэлчихээд хөнжлөө нөмрөөд буруу хараад хэвтчихсэн. Тэгээд Энхтайвангаар хүргүүлж гэртээ харихад Мааньрагчаа хашааны үүдэнд ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Гэрч Д.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2015 оны 09 дүгээр сарын 05-нд хагас сайн өдөр байсан байх, архивын шалгалт ирэх гээд би ажил дээрээ сууж байгаад орой 4-5 цагийн орчим Цэрэнтуяа эгч рүү утсаар ярьж танайд очиж унд ууя гэхэд хүрээд ир би мах гаргачихъя гэсэн. Жаахан сууж байгаад Цэрэнтуяа эгчийнд очиход Энхтайван ах, Маань ах, Цэрэнтуяа эгч нар архи, пиво уугаад сууж байсан. Би та хоол хийгээгүй юм уу гэхэд Цэрэнтуяа эгч амжаагүй гэсэн. Тэгтэл Энхтайван ах бүгдээрээ Ричландад очиж халуун ногоотой хоол идье гээд хамт явцгаасан. Тэгээд очоод хоол захиалчихаад сууж байтал Маань ах би ийм хоол идэхгүй гээд Цэрэнтуяа эгчийг татаж чангаагаад тэр 2 хамт гараад явсан. Тэр үед би 4 настай хүүхэдтэйгээ хамт явсан. Энхтайван ах бид 3 хоолоо идчихээд орой 20 цаг өнгөрч байхад Энхтайван ах бид 2 цуг Цэрэнтуяагийнд орсон. Тэдний 2 охинд пакетанд хоол авсан байснаа би ширээн дээр нь тавьчихаад гарсан. Намайг ороход Маань ах тэднийд байхгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

 

Шүүгдэгч П.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...би архи, пивонд нилээд согтоод хэсэг унтсан. Намайг сэрэхэд Сарангэрэл ирчихсэн байсан. Тэгээд бид нар ричландад халуун ногоотой хоол идэх гээд очсон...” гэх мэдүүлэг, хохирогч М.Мааньрагчаа нь 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 6-нд шилжих шөнө бусдад зодуулсаны улмаас түүний биед тархины тал бөмбөлөгийн дух, зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 348 тоот дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, өвчний түүх /хх-ийн 40-45, 47, 94-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож, эдгээрээр шүүгдэгч П.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...М.Мааньрагчаа 24 дүгээр айлын орон сууцны хажууд байх под станцийн урд хүнд зодуулаад уначихсан байсан. Миний цохилтын улмаас түүнд ийм гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, өмгөөлөгч С.Нармандалын “...хохирогч М.Мааньрагчаа нь мэдүүлгийн эх сурвалжаа нотолж чадахгүй, хэнд зодуулсанаа мэдэхгүй байгаа, шүүгдэгч П.Энхтайван түүнийг зодож гэмтэл учруулсан нь нотлогдохгүй байх тул П.Энхтайваныг цагаатгах үндэслэлтэй...” гэх санал зэрэг нь үгүйсгэгдэж байна.    

 

Иймд П.Энхтайванд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нарын шүүгдэгч П.Энхтайванд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. 

 

Шүүх шүүгдэгч П.Энхтайванд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч П.Энхтайваныг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдан, шүүгдэгч П.Энхтайваны цагдан хоригдсон 38 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Пүрэвжавын Энхтайваныг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч П.Энхтайванг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Энхтайванд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Энхтайван нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч П.Энхтайваны цагдан хоригдсон 38 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогч, хохиогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                     Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                               П.ГАНДОЛГОР