Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2022/0169/З |
Дугаар | 128/ШШ2022/0278 |
Огноо | 2022-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2022/0278
2022 оны 03 сарын 16 өдөр 128/ШШ2022/0198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Г.У/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О ,
Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О гийн 2020 оны 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Г.У нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О д холбогдуулан “...Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдол гаргасан.
2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр албан бичиг болон Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 06/3212 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж ... илэрсэн зөрчлүүдийг ... шалгуулахаар” ирүүлснийг хүлээн авч, хяналт шалгалтыг хийж, “Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “сонгуулийн хуулийг зөрчих” зөрчил гаргасан гэж үзэн холбогдогч Г.Уд арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2011001340 дугаартай зөрчлийн хэргийг нээх тухай ТХ-41 дүгээр тогтоолыг үйлдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогчид шийтгэл ногдуулсан. Гомдол гаргагч Г.У нь тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан.
4. Гомдол гаргагчаас татварын улсын байцаагчийн 2020 оны 0176907 шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байна.
Үүнд: “...Миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрогт А намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Сонгуулийн үйл ажиллагааны үеэр ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Тайлант хугацаанд сонгуулийн тайланд “Шилэн баланс аудит” ХХК-ийн мэргэшсэн аудитороор дүгнэлт гаргуулан Аудитын төв байгууллагад хүргүүлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дунгаар сарын 29-ний өдрийн 06/31212 тоот албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай Шийтгэлийн хуудас бичиж улмаар Шүүгчийн захирамжаар Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О намайг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 54.4 дэх хэсэгт заасан Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно гэж заасныг баримтлан хариуцлага тооцжээ.
Ингэхдээ Татварын улсын байцаагч хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ зөрчлийг нотлох үүргээ биелүүлэхээс гадна миний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй. Гэтэл зөрчлийн хэрэг баримтыг надад албан ёсоор танилцуулаагүй буюу зөрчил үйлдсэн гэж буруутгахдаа зөрчлийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэхдээ холбогдогч миний хуулиар олгогдсон эрхийг бүхэлд нь эдлүүлээгүй хууль бус шийдвэр гаргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасан.
Шударга ёсны тогтолцоог Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Арван есдүгээр зүйлийн 19.1-д “... Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ..., хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнөх хариуцах...” гэж тодорхойлсон.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16.14-т “Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэсэн нь хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд хамааралтай бөгөөд миний хөндөгдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалах бодит баталгаа билээ.
Зөрчлийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэхдээ миний хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгааг ойлгуулах, хууль зүйн зөвлөгөө авах боломж олгоогүйгээс гадна шийтгэл оногдуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй болон шийтгэлийн хуудсыг танилцуулахгүйгээр иргэн миний өөрийгөө хамгаалах, хүсэлт гаргах, гэрч дуудах, өмгөөлөгч авах, хэрэг хянан шийдэх үйл ажиллагаанд гомдол гаргах, хэрэгтэй танилцах зэрэг бүхий л эрхийг маань зөрчсөн.
Хуулиар олгогдсон энэ бүх эрх алдаж, шударга шүүхээр шүүлгэх эрхээ хязгаарлуулж, хариуцагчийн гаргасан алдааг залруулах боломж олгоогүй захиргааны акт нь анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна .. гэснийг тус тус зөрчиж гаргасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмын 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэж заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагч Б.О гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч Г.У нь шийтгэлийн хуудсыг хожим мэдсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжсэн. Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа 2020 оны 05 дугаар сараас хойш явагдсан. Энэ бага хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хандивтай холбоотой зүйл заалтууд орсон. Тодорхойгүй хандив авсан, хуульд зааснаар буцаах байсан. Гэтэл хандивыг буцаагаагүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн гэж ойлгож байгаа. Зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар 2020 онд татварын улсын байцаагч Б.О нь утсаар мэдэгдсэн. Тухайн үед ковид-19 өвчний хатуу хөл хорио тогтоосон байсан. Иймд хатуу хөл хориотой байгаа учраас очих боломжгүй гэж хэлсэн. Мөн сонгуулийн дараа Г.Уд маш олон хүмүүсээс утсаар мессеж, дуудлага ирж байсан. Хариуцагч шүүхэд өгсөн баримтаа үндэслэж шийтгэлийн хуудсыг Г.Уд мэдэгдсэн гэж ярьж байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж мэдэгдээгүй гэж үзэж байна. Хэрэв үнэхээр зөрчлийн хэрэг үүсгээд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бол эрх, ашиг нь хөндөгдөж байгаа Г.Уд заавал мэдэгдэж, хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах боломжоор ханга ёстой байсан. Энэ боломжийг хангаагүй гэдэг үндэслэлээр гомдлын шаардлагаа гаргасан.
2021 онд шуудангаар хүргүүлсэн баримтаар мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарладаг. 2021 оны 09 дүгээр сард мэдэгдсэн гэж буй мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч гардан аваагүй. 2022 оны 02 дугаар сард шийдвэр гүйцэтгэх албанаас утсаар мэдэгдэхэд нөхцөл байдлын талаар Г.У мэдсэн. Улсын Их Хурлын сонгуулийн дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зүйл заалттай холбоотойгоор маргаан тус шүүхэд олон гарсан. Тус хуульд өөрчлөлт оруулж нэр дэвшигчдэд хандив өгч байгаа асуудлыг хэрхэн зохицуулсан талаарх ойлголтыг дутмаг өгсөн. Хэрэгжилт нь хангалтгүй байсан. Хуулийн талаар сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах асуудал дутмаг байсан талаар сонгууль дууссаны дараа Үндэсний аудитын газрын Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд дурдсан байдаг. Энэ нь нэр, хаяг нь тодорхойгүй, эх үүсвэр тодорхойгүй хандивыг буцаан шилжүүлнэ гэдгийг хандив өгч этгээдүүд ойлгоогүй байдаг. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох үндсэн зарчмыг заасан. Өөрөө болон төлөөллийн хүнээр сонгох эрх нь Монгол улсын иргэнд нээлттэй бөгөөд чөлөөтэй эдлэхээр заасан байдаг. Гэтэл үүнд хязгаарлалт хийж эрх, ашгийг зөрчсөн асуудал гарчээ. Зөрчлийн хэргийг аудитын байгууллага, татварын газрын албан бичгүүдийг үндэслээд үүсгэсэн байдаг. Зөрчлийн хэрэгт хяналт тавьж буй прокурор эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгд гэж удаа дараа явуулсан боловч мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь харагдаж байгаа. Мэдэгдэх үүргээ мессежээр биелүүлсэн гээд байгаа. Г.У нь би очих боломжгүй байна бид гэр бүлээрээ ковид-19 өвчин туссан байгаа. Энэ асуудлыг чинь би ойлгохгүй байна. Уг асуудлаа хэлдэг газар нь хэл гэсэн тайлбар өгсөн. Гэтэл Г.У нь эрэн сурвалжлуулах, хайж олуулах хэмжээнд тулсан хүн биш. Хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны актыг гаргахдаа эрх, ашиг нь хөндөгдөж байгаа хүнд бодит нөхцөл байдлыг мэдэх ёстой байсан. Мэдэгдэх үүргийг биелүүлээгүйгээс өнөөдрийн маргаан үүсээд явж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 2879 дугаар Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/31212 дугаартай албан бичгийн дагуу тус хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.О би Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт "А нам"-аас нэр дэвшигч Гийн У нь "Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй" гэх мэдээллийн дагуу Г.У-д холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2011001340 дугаартай нээж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Үндэсний аудитын газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр хандаж хариуг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3088 дугаар албан бичгээр Г.У-н гаргасан мөнгөн хандивын тайлангийн хувь сонгуулийн хандивын дансны хуулга, Мөн прокурорын зөвшөөрлийн дагуу нэр дэвшигчийн хувийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/369 албан бичгээр авсан, татварын удирдлагын нэгдсэн системээс Г.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг авч хэрэгт хавсаргасан.
Г.У-г Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ирж уулзах мэдүүлэг тайлбар өгөх талаар 99... дугаарын гар утас руу залгаж дуудсан боловч ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үед очих боломжгүй, мэдүүлэг тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг тайлбар өгөхгүй гэсэн тул түүний мэйл хаяг руу нь мэдүүлэг тайлбар авахаар холбогдогчийн мэдүүлгийн маягт явуулахаар асуухад хаягаа өгөхгүй асуудлаа наагуураа шийд очих боломжгүй гэх тайлбар, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдсээр байж ирээгүй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэг, Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Монгол Улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.1-дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байгаа нь Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Г овогтой У-н Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөнгөн хандивын тайлан 3, 5 дугаар маягт, хаан банкны 5429645914 дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй хэдий ч хэрэгт цугларсан баримт зэргээс зөрчил нь тодорхой байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар Г.У-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0176907 дугаар шийтгэлийн хуудсаар арван мянган нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичиж баталгаат шуудангаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж ...р байр ... тоот оршин суух гэрийн хаягаар нь шийтгэлийн хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч тухайн хаягт нь эзэнгүй байна, зуслан гарсан гэх шалтгаанаар буцаагдаж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дээрх гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.
2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.У-н 99.. дугаарын гар утас руу залгаж дуудсан ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдсээр байж ирээгүй, утсаар ярьсан тэмдэглэлийг хавсаргасан.
Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж .... байр, ... тоот гэрийн хаягаар нь баталгаат шуудангаар шийтгэлийн хуудсыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн байхад хүлээн авсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх заалтуудыг тус тус зөрчиж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар,
2.1. Гомдол гаргагч Г.У нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 25 дугаар тойрогт "А нам"-аас нэр дэвшин өрсөлдсөн.
Сонгуулийн үйл ажиллагаа дууссантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Аудитороос 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 2879 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газарт хандан “...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 22,24-т заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар Үндэсний аудитын газарт 2020 оны 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү” хэмээн албан бичгийг хүргүүлснийг Татварын ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан бичгээр “...нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж ... зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үр дүнг ... хариу мэдэгдэж ажиллах”-ыг аймаг, дүүргийн татварын хэлтэст үүрэг болгосон.
Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О гаас хяналт шалгалтыг хийж, “Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Уд арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдлоо.
2.2. Хариуцагчаас зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулаагүй байна. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011001340 дугаар зөрчлийн хэргийн материалаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хандаж холбогдогч Г.У-н гаргасан мөнгөн хандивын тайлангийн хувь, сонгуулийн хандивын дансны хуулга, мөн нэр дэвшигчийн хувийн мэдээллийг цуглуулан, татварын удирдлагын нэгдсэн системээс Г.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг авсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон 12 дугаар сарын 15-ны өдөр, 990... болон 99.. дугаарын гар утас руу залган холбогдогчид Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ирж уулзахын мэдэгдсэн тухай тэмдэглэлийг үйлдсэн байх хэдий ч тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байсан Чингэлтэй дүүргийн Прокурор Ж.Бат-Эрдэнээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаар “Зөрчлийн хэргийн хугацааг сунгах тухай” тогтоолд “...уг хэрэгт зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авч хэргийн талаар тодруулах шаардлагатай” хэмээн тэмдэглэсэн байхад тус ажиллагааг хийгээгүй.
Хэрэв холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” хэмээн заасан журмын дагуу ямар нэгэн ажиллагааг хийлгүйгээр дан ганц утсаар ярьсан болон мессеж илгээсэн гэх баримтыг үйлдэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг холбогдогчид ногдуулсан.
Улмаар шийтгэлийн хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/83 дугаар албан бичгээр холбогдогчид хүргүүлсэн хэмээн тайлбарлан, нотлох баримтаар Монгол Шуудан ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09/163 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн албан бичигт “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гийн У, 4 дүгээр хороолол, 31/1 дүгээр байр 15 тоот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо” хаягаар илгээсэн 01/83 албан бичгийг ... хаягийн дагуу очиход нүүсэн гэсэн тул шинэчилсэн хаягийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 12.10 цагт ах н.Батмөнх-д гардуулсан” гэсэн агуулгатай буюу шинэчилсэн хаяг гэж ямар хаяг болох нь тодорхойгүй, гомдол гаргагчийн зүгээс тухайн албан бичгийг аваагүй, тийм хүнийг танихгүй хэмээн маргаж байхад шүүх тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэмээн үзэх боломжгүй.
2.3. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т холбогдогч ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, .зөрчлийн хэрэгтэй танилцах эрхтэй хэмээн, 3-т холбогдогч эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй хэмээн, 4-т Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно хэмээн,
4.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” хэмээн тус тус хуульчилсан.
2.4. Хэдийгээр гомдол гаргагч Г.Уд холбогдох 2011001340 дугаартай зөрчлийн хэргийн материалаас үзэхэд Г.У нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг агуулж байх хэдий ч тухайн үйл баримттай холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулаагүй байх бөгөөд тухайн ажиллагааг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй байх тул шүүх тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай бөгөөд энэхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 58 /тавин найм/ хоногоор хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М