Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Б.Тгийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: Боловсролын яам, Боловсролын зээлийн сан

Нэхэмжлэлийн шаардлага: “Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн жагсаалтаас Б.Т /РД:ЧМ721****/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд тус тус даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М

Хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0***/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Тгээс Боловсролын яам, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн жагсаалтаас Б.Т /РД:ЧМ721****/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд тус тус даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн жагсаалтаас Б.Т /РД:ЧМ721****/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд тус тус даалгаж ...” шийдвэрлэжээ.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Сургалтын төрийн сан, иргэн Б.Т нар нь 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээг талууд чөлөөтэйгээр, сайн дураараа харилцан тохирч байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, түүнтэй холбоотой маргаан талуудын дунд гарсан нь илт тодорхой харагдаж байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй” гээд 3.1.3-т "Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-т "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэж хуульчилсан, Сургалтын төрийн сан, иргэн Б.Т нарын 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний 1.4-т "Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, захиалагч, суралцагчийн Сургалтын төрийн сан тус бүр гэрээний хугацааг дуустал хадгална. Гэрээтэй холбогдсон маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож чадахгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр 3.11-т "Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д "Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно" гэснийг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2001 оны гэрээг Гэгээрлийн болон Сангийн сайдын 67/131 дугаартай тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдсан, нэг талд нь захиргааны байгууллага оролцсон гэсэн 2 үндэслэлээр захиргааны эрх зүйн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Гэгээрлийн болон Сангийн сайдын 67/131 дугаартай тушаалаар батлагдсан журам нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй байна. Мөн түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтан оролцсон, тухайн харилцаанд захиргааны байгууллагын баталсан журам үйлчилж байгаа гэсэн үндэслэлээр хэлцэл, гэрээ бүхнийг захиргааны акт, гэрээнд хавтгайруулан тооцох нь зүйд нийцэхгүй байна. Энэ нь Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолын 5.5.1-д " маргаан нь "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэдэг нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан нь "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус эсэхийг шүүх тодорхойлохдоо нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон асуудал нь "нийтийн эрх зүйн маргаан" мөн эсэх агуулгаар дүгнэлт хийнэ, харин тухайн асуудлаар маргаж буй нэхэмжлэл гаргагч талын эрх зүйн байдал, шаардах эрхтэй холбогдуулан дүгнэж, энэ дүгнэлтэд үндэслэж, "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" эсэхийг тодорхойлж болохгүй" гэж тайлбарласантай нийцэхгүй байна. Мөн түүнчлэн иргэн Б.Ттэй байгуулсан тус гэрээ нь тухайн иргэн болон түүнд зээл олгосон тухайлсан төрийн байгууллагын буюу хувийн эрх зүйн шинжтэй байгаа бөгөөд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болохтой хамааралгүй байна.

3.2.  Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондох гэрээ 2001 онд байгуулагдсан байхад анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д "Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ" гэсэн заалтыг (маргаан бүхий гэрээг байгуулах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан ч маргааныг энэ хугацаанд шийдвэрлэж байгаа тул хуулийг хэрэглэнэ) иш татан шийдвэрийнхээ үндэслэлд оруулсан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйл /Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх/-ийн 5.2-т "Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна" гэснийг зөрчсөн байна. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан зохицуулалт нь Захиргааны байгууллагаас гэрээ байгуулах стандарт, шаардлагыг тодорхойлсон. Анхан шатны шүүх (шийдвэрийн 3.1.7, 3.1.8, 3.1.9) гэрээний хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрхийн хугацааг зөв тодорхойлолгүй, хариуцагчийг 2025 оноос өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж гэрээ болон хуульд байхгүй үндэслэлийг заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж хуульчилсан бөгөөд Сургалтын төрийн сан, иргэн Б.Т нарын 2001 оны Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний 4.6-д "Суралцагч энэхүү гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, тэтгэлгийн болон замын зардалд авсан зээлийг гэрээний заалтыг зөрчсөн болохыг Сургалтын төрийн сан, захиалагч байгууллагаас тогтоосон өдрөөс хойш 3 жилийн дотор дор дурдсан хуваариар төлж барагдуулна. Хэрэв зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрвэл тухайн үед мөрдөгдөж байгаа арилжааны банкны хүүгийн хэмжээгээр төлнө" гэж заасны дагуу хариуцагчийн шаардах эрх 2025 онд үүссэн гэж дүгнэхээр байгааг шүүх харгалзан үзэлгүй орхигдуулсан байна.

3.3. Нэхэмжлэгчийн "гэрээний харилцааг байхгүй болсныг тогтоон, хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх" гэсэн шаардлага (Хэрвээ талуудын хоорондох гэрээг захиргааны гэрээ гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны гэрээг хүчингүй болгуулах...." нэхэмжлэлийн шаардлага байхаар байна)-ыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй тул гэрээний харилцаа дуусгавар болсныг буюу байхгүй болсныг шүүхээр тогтоох үндэслэлтэй гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа бий болсон гэдэг нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр нэгэнт ил тодорхой байгаа бөгөөд одоо ч тус гэрээний харилцаа дуусгавар болоогүй маргаантай хэвээр байхад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрхтэй холбоотой маргааныг огт өөр буюу эрх зүйн харилцаа байсан/байгаагүй эсэх асуудалд хамаатуулан шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т "Энэ хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Арбитрын тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд хамаарахгүй" гэж заасан байна. Тухайлбал иргэн Б.Тгээс тус санд хандан зээл чөлөөлүүлэхтэй холбоотой гаргасан өргөдөл нь талуудын хооронд сургалтын төлбөр төлөхтэй холбоотой харилцаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангаас гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахаар тухайн иргэний зээлийн мэдээллийг Монгол банканд нийлүүлсэн нь Иргэний хуулийн 12 дугаар зүйл /Өөртөө туслах/ 12.1. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй" гэсэнтэй нийцэж байгаа гэж үзнэ.

3.4. Иргэн Б.Т нь Сургалтын төрийн сан, иргэн Б.Т нарын 2001 оны Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний 4.1, 4.4, 4.6, 4.7-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байтал, шүүхээс хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж хэтэрхий нэг талыг барьж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч Б.Т нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Гэрээний 4.1-д заасан ".... захиалагчтай тохиролцсоны дагуу..... төгсөж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана" гэснийг биелүүлээгүй нь Гэрээний 1.3-т буюу төгсөж ирээд хаана ажиллахаа тодорхойлоогүй, мөн захиалагч болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай тохиролцсон тухай баримт байхгүй байхад гэрээний үүрэг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Үүнийг шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд байгаа Б.Тгийн мэдүүлгийн "..... заасан газар буюу Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багшлахаар байсан ба....." гэж бичсэн эхний хэсгээр нотлогдож байна. Гэрээний 4.4-т заасан дээр дурдсан үүргийг өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүнийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... хариуцан гүйцэтгэнэ" гэснийг биелүүлээгүй буюу гэрээний сунгалт хийлгэх гэж зээлдэг Б.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль аль нь ирж байгаагүй нь гэрээний 5 дугаар хэсэгт буй гэрээний сунгалтын хэсгээс тодорхой харагдана. Гэрээний 4.6-т "суралцагч энэхүү гэрээний 4.1-д заалтыг зөрчсөн тохиолдолд төлнө" гэсэн заалтыг биелүүлээгүй нь 4.1-д заасныг биелүүлсэн эсэх тодорхойгүй байдлаар батлагдана.
Дээрхээс гадна гэрээний 3.4-т "Суралцагч төгсөж ирээд гэрээнд заасан газар ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг Сургалтын төрийн санд жил бүр ирүүлж байна" гэсэн захиалагчийн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй. Энэ тухай шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд байгаа 2 дахь догол мөрөнд тусгасан Б.Тгээс "Мөн гэрээний 3.5-0 захиалагч яам нь "...... зээл чөлөөлөх талаар албан ёсны тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ" гэж заасан. Б.Т нарын гадаадад татвар төлөгчийн мөнгөөр сурч мэдлэг боловсрол эзэмшсэн зээлдэгч зээл болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулснаар одоогийн оюутан залууст сурч боловсрох боломж бүрдэх, нөгөөтэйгүүр 2025 оноос эхлэн хэрэгжиж буй зээлийн эргэн төлөлтөөр санхүүжигдэх Боловсролын зээлийн санд хамаарах төсвийн хууль хэрэгжих боломж бүрдэх төдийгүй тус сангийн цаашдын бие даасан байдал хангагдах нөхцөл бүрдэнэ. Иймд дээрх үндэслэл шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ/2025/0*** дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.
” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Тгээс “Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн жагсаалтаас Б.Т /РД:ЧМ721****/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Боловсролын яам, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан гаргажээ.

2.2. Шүүх хуралдааны явцад шүүгч тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг “Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн жагсаалтаас Б.Т /РД:ЧМ721****/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яаманд тус тус даалгах” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, бодит байх нөхцөлийг хангасан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.4-д заасантай нийцүүлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх төдийгүй энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй. 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сантай 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах” гэрээг байгуулж, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд тус гэрээний 4.1-д “... Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их сургуульд эрх зүйч мэргэжлээр амжилттай суралцаж төгсөж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Т нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд 1997 оноос хойш ажилласан ба дээрх гэрээний дагуу докторантурт суралцаж докторын зэрэг хамгаалан 2006 онд төгсөж ирээд тус сургуульдаа үргэлжлүүлэн багш, профессорын албан тушаалд одоог хүртэл ажиллаж байгаа үйл баримтууд нь дипломын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон бусад баримтуудаар тогтоогдож байна. 

3.1. Анхан шатны шүүхээс “... хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчээс нэг ч удаа гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж байгаагүй атлаа 2025 онд нэхэмжлэгчийг сургалтын төлбөрийн зээлтэй этгээдийн мэдээлэлд оруулж, үндэслэлгүй төлбөр төлөх үүрэг үүсгэж  нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ ... гэрээний харилцаа дуусгавар болсон байхад уг гэрээний дагуу түүнд сургалтын төлбөр төлөх үүрэг үүсгэснийг үгүйсгэх онцгой ашиг сонирхлыг бий болгохоос гадна нэгэнт дуусгавар болсон гэрээг хүчингүй болгох болон гэрээний үүргээс чөлөөлүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй ... нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлээс чөлөөлөгдөх үндэслэл нэгэнт бүрдсэн байхад хариуцагч захиргааны байгууллага гэрээнд заасны дагуу зээлээс чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай болох нь тогтоогдсон ...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.2. Учир нь, тухайн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67/131 дүгээр тушаалаар батлагдсан “Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Суралцагч сургалтын үндсэн хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй, төгсөөд эх орондоо ирээгүй, гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаагүй нөхцөлд сургалтын болон тэтгэлгийн зээлийг авсан өдрөөс эхлэн жилийн дундаж инфляцийн түвшингээс нэг хувийн илүү хүүтэйгээр суралцагч буюу итгэмжлэгч нь буцаан төлөх ба уг төлбөрийг барагдуулах асуудлыг гэрээний дагуу Сургалтын төрийн сан хариуцан гүйцэтгэнэ”, 2.8-д “Суралцагч    төгсөж   ирээд   хуваарилсан байгууллагад 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн
тэтгэлгийн зээл түүний хүүг чөлөөлөх эсэх асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ
” гэж заасан.

3.3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам” болон нэхэмжлэгч Б.Т, хариуцагч нарын хооронд байгуулсан 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний нэг талд захиргааны байгууллага оролцсон байх бөгөөд суралцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд тэтгэлгээс чөлөөлөх асуудлыг зохицуулсан тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... иргэн Б.Ттэй байгуулсан гэрээ нь тухайн иргэн болон түүнд зээл олгосон төрийн байгууллагын буюу хувийн эрх зүйн шинжтэй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.4. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл буцалтгүй тусламж олгох дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын 12.3.2-т суралцагчтай гэрээ байгуулах, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох” эрхийг Боловсролын зээлийн сан хэрэгжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж докторын зэрэг хамгаалан 2006 онд төгсөж ирээд тус сургуульдаа үргэлжлүүлэн багш, профессорын албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байхад тус гэрээг дуусгавар болголгүй түүнд үндэслэлгүйгээр сургалтын төлбөрийн зээл төлүүлэхээр мэдээлэл ирснийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нарт гомдол гаргасан.

3.5. Харин хариуцагч Боловсролын сайдад гаргасан гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/1882 дугаар албан бичгээр Боловсролын зээлийн санд уламжилсан хэдий ч энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Боловсролын зээлийн сангаас тухайн гомдолд ямар нэг хариу өгөөгүй байх тул дээрх журам болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гомдолд хариу өгөх үүргээ зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус зохицуулснаас үзэхэд шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн дотор хариуцагч шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой төдийгүй хөөн хэлэлцэх 10 жил өнгөрч гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагчийн шаардах эрх 2025 онд үүссэн ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

3.7. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Тг 2004 онд төгсөж ирэх байсан гэж тайлбарладаг боловч 2002 онд Герман улс руу зорчиж сургуульдаа элсэн орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд түүнээс хойш тасралтгүй суралцсаар 2006 оны 01 дүгээр сард докторын зэрэг хамгаалан ирээд 2006 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл тасралтгүй тус сургуульд ажиллаж байгаа зэрэг үйл баримт нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их сургуулийн 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэвлэгдсэн дипломын хуулбар,  Монгол Улсын Их сургуулийн захирлын 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр тушаал,  мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11/119 дүгээр албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр нотлогдож байхад гэрээний 4.1 дэх заалтыг зөрсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА