Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч А.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн А-ийн Т-т холбогдох 2316000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Х г багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЙ***** регистрийн дугаартай, У овгийн А-ийн Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Тнь 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах “Кэнзо” баарны гадна талд Ц.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа толгой хэсэгт нь цохиж зодон түүний биед тархи доргилт, толгойн оройд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Тнь 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах “Кэнзо” баарны гадна талд Ц.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас А.Тнь Ц.Бын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт, толгойн оройд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Тгэм буруутай болох нь:

 

        1.Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой манай нутгийн Халиун сумын залуу манай найз Н бид хоёр хавьд уулзалдаагүй гээд гэрээс 21 цагийн үед гараад Мичид гээд караокед 23 цагийн үед орсон. Ороод 2 шил Eden 0.75 литртэй архи авч уусан үүний дараагаар Мичид хаах гэж байна гээд байсан, тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй удаан уугаагүй нэг их хэрэглээд байдаггүй энэнээс хойш юу ч санахгүй байна...Толгой өвчин намдаах тариа хийхгүй бол байнга өвдөж байна. Толгойны орой бас ард дагз хэсэгт язарсан, үүдэн 2 шүд сэтэрсэн, баруун талын нүд сүүмийгээд юм муу хараад байна, зүүн нүд хөхөрсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

          2.Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 07-ний орой би гэртээ байж байтал Б үүдэн дээрээ гараад ир нэг газар сууя жоохон ууя гээд байсан. Тэгээд би хамт Мичид караокед 1 номерын өрөөнд ороод 2 шил Еden 0.75 литртэй архи /усан тэндээс гарсан цагаа санахгүй байна ямар ч байсан караокены хүн манайх хааж байна одоо та нар гар гээд байсан санагдаж байна.Тэндээсээ Н гээд бид хоёртой хамт явж байсан залуугийн дүүг дуудаад Ус-Алтайн бааранд орсон. Ороод Еden нэртэй 1 шил архи авч уусан, тэр үед л Баянзул хоёр залуутай муудалцаад байсан яг юунаас болж муудалцаад байсныг нь би мэдэхгүй байна, Тэгээд нэг гараад ирсэн барьцалдаад зогсож байсан би салгах гээд үзсэн салаагүй, нэг мэдсэн манай найз хаалганы үүдэн дээр толгойгоо дарцан намайг хүн зодчихлоо гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

          3.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цадаагийн ахмад цолтой Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...1.2. Ц.Бын биед тархи доргилт, толгойн оройд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

       

Шүүгдэгч А.Тнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Иймд шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Т-ийг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч А.Т-ийг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.Б-аас нотлох баримтаар гаргаж өгсөн 275,000 (Хоёр зуун далан таван мянга) төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн /хх-ийн 116-р хуудас/, хохирогч Ц.Б-ын эмчилгээ хийлгэсэн зардал буюу эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,306,500 (Нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Т нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Т-өөс 1,306,500 (Нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.Т хохирогч Ц.Б-д 275,000 (Хоёр зуун далан таван мянга) төгрөгийг төлсөн, шүүгдэгч А.Т-өөс 1,306,500 (Нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овгийн А-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-т мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.Т хохирогч Ц.Б-д 275,000 (Хоёр зуун далан таван мянга) төгрөгийг төлсөн, шүүгдэгч А.Т-өөс 1,306,500 (Нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР