Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-1, 101 тоотод үйл ажиллагаа явуулах “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК /улсын бүртгэлийн дугаар *, рд:*, утас:*, */-ны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Лт” ХХК /рд:*, утас:*/-д холбогдох

            “Гэрээний үлдэгдэл төлбөр 17,816,774.19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасралтгүй найдвартай байдлыг ханган ажилладаг төрийн өмчит компани. Манай компани Лт ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх №1317/18 тоот гэрээг байгуулсан. Лт ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны №17/11-030, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №17/12-004 тоот албан бичгүүдээр интернэтийн хурд бууруулах тухай хүсэлтүүд ирүүлснийг хүлээн авч сувгийн урсгалын хэмжээг 40 Мбит/с болгон бууруулж төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн гэрээний хавсралт 2 дахь хэсэгт заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Лт ХХК нь төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд тохиролцож 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №18/18 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаар болсон. Мөн Лт ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500.000-1.000.000 төгрөгийг тогтмол төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх №1517/18 тоот гэрээний 11.1 заасны дагуу гэрээний төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх боломжгүй болсон тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,816,774.19 төгрөгийг Лт ХХК-иас гаргуулж "Мэдээлэл Холбооны Сүлжээ" ХХК-д олгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу хоорондоо харилцан тохиролцож уулзалт зохион байгуулсан юм байна лээ. Дахиж уулзаж гэрээ байгуулахдаа сард 500000-1000000 төгрөг төлөхөөр хоорондоо харилцан тохиролцсон боловч нэхэмжлэл гаргах хүртэл нэг ч төгрөгний төлбөр тооцоо хийгээгүйн улмаас Мэдээлэл сүлжээ холбоо ХХК-нь Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдээж хоорондоо харилцан тохиролцож чадаагүй учраас шүүхийн замаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. Хэрэв удирдлагууд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд шийдвэр гаргах түвшний удирдагууд ирээд асуудлыг шийдвэрлэсэн байсан бол эвлэрлээр шийдвэрлэх боломжтой байжээ гэж бодож байна. Нэхэмжлэлийн үнийн дагуу төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манайх мэдээлэл сүлжээ холбоо ХХК-наас 100мв хурдыг 60000 төгрөгөөр буюу 6600000 төгрөгөөр сар бүр төлөхөөр интернэтийнхээ бөөний урсгалыг авсан. Тухайн үед бид мөнгөө төлж явж байгаад 2017 оны сүүлээр Зүүнхараад үүрэн телефоны гэр интернэт, 2018 онд Sky media, Univision  ирснээс болж манай интернэт хэрэглэгчийн тоо огцом буурч гэр хороололын хэдэн айл манай интернэтийг ашиглаж байгаа. Тиймээс манай компани эдийн засгийн хувьд их хүнд нөхцөл байдалтай болсон байгаа. Одоо сарын орлого 2 сая гаруй төгрөг байгаа харин зарлага нь тэрнээс давчихаад нийгмийн даатгал, татвараа зарим сардаа төлөх боломжгүй яваад байгаа. Ер нь бол эдийн засгийн маш хүнд байдалд орчихоод байна. Уг нь бид өр төлбөрөө төлж барагдуулахдаа сард 500000-1000000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч яг үнэндээ төлөх ямарч нөхцөл боломж байхгүй байгаад байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргах зүйл байхгүй  гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь хариуцагч “Лт” ХХК-аас “Гэрээний үлдэгдэл төлбөр 17,816,774.19 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК болон хариуцагч “Лт” ХХК-ны хооронд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №IS17/18 тоот интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагджээ.        

            Хариуцагч “Лт” ХХК нь төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд тохиролцож 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №18/18 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд тухайн актаар үлдэгдэл төлбөр 17,877,500 төгрөгийг графикийн дагуу 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. Гэвч хариуцагч “Лт” ХХК гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй  бөгөөд төлбөрийн үнийн талаар маргаангүй, төлбөрийг өөрт байгаа техник, тоног төхөөрөмжөөр бартердаж барагдуулах боломжтой гэсэн тайлбар мэдүүлэг гаргадаг.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт  ...харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх.... үүрэгтэй гэж зааснаар хариуцагч “Лт” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 17,816,774.19 төгрөгийг нэхэмжлэгч “Мэдээлэл холбоны сүлжээ” ХХК шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч “Лт” ХХК-д холбогдох “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ны нэхэмжлэлтэй гэрээний үлдэгдэл төлбөр 17,816,774.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын  “Лт” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 17,816,774.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,035 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Лт” ХХК-аас 247,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д  буцаан олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ