| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 108/2020/0003/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 294
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Б.Ч,
шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-т холбогдох эрүүгийн 1907 00381 0154 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Б-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, морин спортын тамирчин мэргэжилтэй........... ажилладаг, ам бүл 4, эх, дүү нарын хамт ...................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ....... УБП улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 3 дугаар хороо, Туулын 3 дугаар гудамжны засмал замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3, 12.1 дэх заалтыг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, З.Т-н жолоодож явсан ....... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Б.Ч-н эрүүл мэндэд хүнд, З.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Б.Э-н 1197018 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 3.483.575 төгрөг гаргуулан хохирогч Б.Ч-д, 120.000 төгрөг гаргуулан хохирогч З.Т-т, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-с 1.041.640 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Г-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн өөрийн хувийн нөхцөл байдлаа илэрхийлж тухайн цаг мөчид хохирогч нарт хохирлоо төлж барагдуулж чадахгүй байгаагаа тайлбарлаж өгсөн. Хохирогч нар өөрсдийн хохирлоо хурдан хугацаанд гаргуулмаар байгаагаа илэрхийлдэг. Гэвч шүүх Б.Э-н жолоодох эрхийг 2 жил хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.
2. Нөхцөл байдлын хувьд хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг шүүх харгалзаж үзэх ёстой байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Уг заалтаар зөвхөн хориод гэмт хэргийг буруулахгүй, хүний эрхийг хязгаарлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй гэдэг агуулгыг агуулж. Тиймээс гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал уг заалтын цаад мөн санаатай уялдаатай байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн цээр хүлээх нь зүй ёсны асуудал, гэхдээ цээр хүлээнэ гээд давхар хохирогч нарыг хохироох ёсгүй юм. Миний үйлчлүүлэгч Б.Э нь өөрийн нөхцөл бололцоогоор хохирогч нарт эм, тариа авч өгсний сацуу тогтоогдсон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, цаашдаа дахиж ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэх санааг илэрхийлсэн байдлыг шүүх харгалзах ёстой байсан.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах зүйл, хэсгээр миний үйлчлүүлэгч зүйлчлэгдсэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх” боломж бий. Шүүгдэгчийн хувьд Монгол улсаа төлөөлөн Олон улсын тэмцээнд оролцож түрүүлсэн, өөрийнх нь хийж буй ажил, үүрэг зэргийг харгалзан шүүх түүнд боломж олгох байсан атал хорих ялаар шийтгэж шүүгдэгч, хохирогч нарын эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4. Угтаа бол шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж байж хохирогч нарын хохирлыг богино хугацаанд барагдуулах болохоос хорих ял эдлээд хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах боломжгүй. Хохирогч нарын хүсэл сонирхол бол хурдан хугацаанд хохирлоо барагдуулах. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорих ял оногдуулж тэнсэх, тус хугацаандаа хохирлыг барагдуулах, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
5. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж барагдуулах боломжтой тухайгаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Өнөөдөр хорих ял эдлээд өөрийн ажил, цаашдын амьдралаа алдаж байгаагийн хувьд шүүх хорих ял оногдуулсан нь туйлын харамсалтай.
Эцэст нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шүүх дордуулснаас гадна шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Б.Эт оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өнөөдөр надад Б.Э-с хохиролд 500.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирлын баримтыг дутуу бодсон байсан. ...” гэв.
Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш буюу анхан шатны шүүх хурал болох хүртэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ...... УБП улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Туулын 3 дугаар гудамжны засмал замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас З.Т-н жолоодож явсан ........... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Б.Ч-н эрүүл мэндэд хүнд, З.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр тус тус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч З.Т-н “... Би машиныг жолоодоод ... 152 дугаар цэцэрлэгийн ард талын тойргоор эргэж байтал зүүн талаас маш хурдан гэрлээ гялалзуулаад миний жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би хэсэг зуур ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байгаа. ... Миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгсэл маш хурдтай орж ирсэн ба гэнэт л миний урдаас урсгал сөрж орж ирээд мөргөсөн. ...” /хх 17-18/,
хохирогч Б.Ч-н “... Т нь дүү Төвшөө гэх залуугийн хамт ирэхээр нь найз Г-н хамт машинд суугаад Т ах машин жолоодоод явсан. ... Туулын 3 дугаар гудамжны урд засмал замаар явж байтал хажуунаас тод гэрэл гэнэт гарч ирээд л шууд мөргөсөн. ... Би тухайн үед жолоочийн арын сандалд сууж явсан. ... Ослын улмаас миний гавлын яс шугаман цууралт өгч тархинд хаван үүссэн. ...” /хх 22/,
иргэний нэхэмжлэгч С.Г-н “... Ингээд 152 дугаар цэцэрлэгийн ардуур явсан тойрог дээр эргэж явтал урдаас гэнэт хурц гэрэл тусаад хажуугаас машин ирээд мөргөсөн. ... Би жолоочийн хажууд сууж явсан болохоор урд салхины шил мөргөөд миний толгой зүүн талдаа хавдаад тархи доргисон. ...” /хх 26/,
гэрч С.Т-н “... Ч-н гэрт очоод хашаанд нь байсан машины түлхүүрийг нь Т ахад өгөөд бид дөрөв машинд суугаад хөдөлсөн. ... Тойрог дээр эргэхэд цаанаас гэнэт машины гэрэл анивчаад маш хурдан гарч ирээд мөргөсөн. ...” /хх 27-28/,
гэрч Л.Б-н “... Б-г ирэхийг хүлээж байх үедээ Э, Г хоёр 2.5 литрийн пиво ууж байсан. Тэгээд Б ирээд машиныг нь гаргаж өгөөд Г гэх залуу Б-н машинд суугаад явсан. Э бид хоёр Налайх руу явж байгаад 3 дугаар хорооны урд талын засмал зам дээр нэг машинтай мөргөлдсөн. ... Э “би өөрөө машинаа бариад явна” гэсээр байгаад машинаа жолоодоод явсан. ...“ /хх 31/
шинжээч С.Төгсбуянгийн “... З.Т-н бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь ясны хугарал учир ясны эдгэрэх бороолох хугацаа 1-3 сар байдаг. Дээрх гэмтэл нь тухайн хүний эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулж байгаа учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 39/
шинжээч Э.Хишигтогтохын “... ... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байсан, мөн өөрийн хөдөлгөөнд оролцож байгаа замын нөхцөлд хурд тохируулж яваагүйгээс эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй. ...” /хх 40/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...З.Т-н биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 60/ гэх 08 шэ/437 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Ч-н биед баруун зулай ясны шугаман хугарал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 68/ гэх 08 шэ/435 дугаартай дүгнэлт,
Замын цагдаагийн шинжээчийн “... 67-61 УБП улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрийн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэлээр, мөн дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүйгээс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. ...” /хх 42/,
Замын цагдаагийн шинжээчийн “... Б.Э нь 67-61 УБП улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” /хх 50/ гэсэн 38 дугаартай дүгнэлтүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 9/,
“...Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, драйгер багажаар хэмжилт хийхэд хяналтын төхөөрөмжийн заалт 1.24% гарсан. ...” гэх жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх 8/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3, 12.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э-т анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан хэргийн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, уг гэмт хэргийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тохирсон байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “хорих ялыг хөнгөрүүлэх” зохицуулалтууд нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан “... шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянах явцад шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд тооцон хохирогч Б.Ч-д 500.000 төгрөгийг нэмж төлсөн болохыг дурдах нь зүйтэй.