Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0762

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0030 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.С

Хариуцагч: Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: З.М

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Н

Гуравдагч этгээд: З.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 158/2025/0024/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0030 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Саас Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжийн З.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ст Гурванбулаг сумын * дугаар баг Авзага, Зүүн уртын зүүн салааны эх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын Авзага багийн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж, 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Авзага багийн иргэдийн Нийтийн Хурлын  тэмдэглэлд тус хурлаар хэлэлцэх асуудлын 7-д “...2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авах тухай...” гээд,  хэлэлцсэн нь  “... 2024 оны Газар зохион байгуулах төлөвлөгөөнд өвөлжөө хаваржааны зориулалтаар төлөвлөгөөнд тусгах саналтай иргэд мэдээллээ өгнө үү...”, Нэхэмжлэгч “...Зүүн салааны эхийн өвөлжөөгөө эзэмших хүсэлттэй байгаа тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгнө үү...” гэдэг санал, хүсэлтээ илэрхийлдэг. Тус хуралд сумын Засаг дарга, газрын даамал, багийн Засаг дарга нар буюу эрх бүхий албан тушаалтнууд бүгд байсан, хүсэлтээ гаргаж байсныг хэн аль нь мэдэж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Авзага багийн иргэдийн Нийтийн Хуралд дээрх 19 өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд оруулж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэдэг. Тус хуралд 19 иргэн газар эзэмших, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах хүсэлт гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаж Авзага багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гаргасан 19 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Өөрөөр хэлбэл Авзага багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс “Зүүн уртын зүүн салааны эх” өвөлжөөг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан бөгөөд тус хуралд гуравдагч этгээд оролцоогүй бөгөөд төлөвлөгөөнд тусгуулах хүсэлтийг гаргаагүй.

2.2. Нэхэмжлэгчээс 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр тусгуулснаар “хууль ёсны итгэл хамгаалах” зарчим бий болсон. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан атал гуравдагч этгээд 3.М-д эзэмшүүлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 2023 оноос маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж байсан үйл баримт тогтоогддог. Мөн 2024 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр газар эзэмших хүсэлтээ идэвхтэй гаргаж, удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших хүсэлтээ бичээд очиход Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр хүсэлтийг буцаасан. Гэтэл гуравдагч этгээд 3.М-ы хүсэлт шаардлага хангахгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг буцааж шийдвэрлэчхээд гуравдагч этгээдийн хүсэлтийг буцаахгүй хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.3. Гэрч болох тус сумын газрын даамал О.Б нь шүүхэд гаргасан мэдүүлэгт “...нэг удаа бичгээр хүсэлтээ бариад ирсэн...” гэж мэдүүлдэг, гэтэл шүүх “... 2024 онд уг маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг иргэн З.Маас өөр этгээд ирүүлээгүй ...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх үзэхээр байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахгүй буцаасан тул газрын даамал О.Б-с газар эзэмших хүсэлтийн албан ёсны загварыг явуулахыг хүссэн. Тус үйл баримт гэрчийн мэдүүлэг болон, цахим хаягаа ирүүлсэн зэрэг үйл баримтаар тогтоогддог.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчээс “... бичгээр хүсэлтээ хэзээ өгсөн...” талаар асуухад санахгүй байна гэх зэргээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлдэггүй. Мөн хариуцагч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлдэггүй. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хүсэлтээ удаа дараа гаргаж байсныг мэдэж байгаа атал шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс асуухад өөрт ашиггүй зүйлийг “..мэдэхгүй...” гэж тайлбарлан хариулдаггүй. Нэхэмжлэгч тус маргаан бүхий газарт хэзээнээс хойш амьдарч байгаа талаар асуухад “...иргэний шүүхийн маргаан эхэлснээр 2021 оноос хойш...” гэж, хуралдаан даргалагчаас хэзээнээс хойш амьдарч байгаа талаар асуухад “... анх 2017 онд намайг багийн засаг дарга болоход байсан...” гэх зэргээр тайлбар мэдүүлэг нь зөрдөг, үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлдэггүй.

2.5. Гэтэл шүүх “...3.М-с өөр этгээд газар эзэмшүүлэх хүсэлт ирүүлээгүй, гуравдагч этгээд цахим системээр хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших хугацааг хүсэлтэд тодорхойлоогүй зэрэг нь хуульд заасныг зөрчсөн харагдаж байх боловч түүнээс өөр этгээд тухайн газарт газар эзэмших хүсэлтийг тухайн цаг үед ирүүлээгүй тул сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасныг буруутгахгүй...” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

2.6. Гуравдагч этгээд 3.М-ы гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагыг бүхэлд нь хангадаггүй буюу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-32.2.3-т заасан шаардлагын алийг ч хангаагүй байхад хариуцагч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг шүүх Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасныг буруутгахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч буюу Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Хуульд заасан журмын дагуу гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн нь буруу.

2.7. Өөрөөр хэлбэл хүсэлт нь шаардлага хангаагүй бол бүртгэлээс хасахаар хуульчилсан нь императив буюу үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг захиргааны байгууллага зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг буцаасан атал гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            2. Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн иргэдийн нийтийн Хурлын 6 дугаар хуралдаанаар тус багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлж, ашиглуулах газрыг сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал авах асуудлыг хэлэлцэж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэр бүхий 19 газарт газар эзэмшүүлэхээр нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулахаар шийдвэрлэсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн XV/10 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээг баталж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх бөгөөд энэ хүрээнд сумын Засаг дарга газар эзэмших хүсэлт гаргасан 19 иргэний хүсэлтийг хүлээн авч, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай захирамжаар хүсэлт гаргасан иргэдэд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлтээ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, гуравдагч этгээд нь хүсэлтээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид ирүүлсэн нь хэрэгт авагдсан Бүртгэл хяналтын карт, тэдний өргөдөл, хүсэлтүүдээр тогтоогдож байна. ... Хариуцагч Гурванбулаг сумын Засаг даргаас гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Учир нь гуравдагч этгээд З.Мд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий тус сумын Авзага багийн нутаг дэвсгэрт орших Зүүн уртын зүүн салааны эх гэх газар нь өөр этгээдийн эзэмшил, ашиглалттай давхцаагүй ба тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан газар байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.Сийн эцэг О.Б нь багийн иргэдийн нийтийн Хуралд биечлэн оролцож, маргаан бүхий газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх авах хүсэлтээ илэрхийлэн, тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших давуу эрх үүсгэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байдал нь тухайн иргэнд газар эзэмших эрхийг шууд олгосон, эсхүл бусдаас давуу байдал олгох үндэслэл болохгүй тул  энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын Авзага багийн иргэдийн нийтийн хуралд маргаан бүхий газраа эзэмших хүсэлтээ илэрхийлж, 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Мөн О.Б нь Халзангийн давааны өвөр гэх нэртэй газрыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшиж байсан бөгөөд эзэмшил газрын газар зүйн байршлыг андуурч Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүн уртын зүүн салааны эх гэх газарт нутаглаж байсан нь З.Мы нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2023/00054 дүгээр шийдвэр, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 214/МА2023/00006 дугаар магадлалаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байгаа газартай давхцалтай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

6. Тодруулбал, гуравдагч этгээд З.Мд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий Гурванбулаг сумын Авзага багийн нутаг дэвсгэрт орших Зүүн уртын зүүн салааны эх гэх газар нь дээр дурдсанчлан өөр этгээдийн эзэмшил, ашиглалттай давхцаагүй ба тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсаны дагуу газрыг хэнд, хэдий хугацаагаар эзэмшүүлэхийг хариуцагч Гурванбулаг сумын Засаг дарга хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгаж, Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь 2023 оноос маргаан бүхий газрын эзэмших хүсэлтээ илэрхийлж байсан үйл баримт тогтоогддог. Нөгөөтэйгүүр  2024 оны 11 сарын сүүл, 12 сарын эхээр газар эзэмших хүсэлтээ идэвхтэй гаргаж, удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. ...” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлан үзвэл энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дгаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ    

 

                         ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА      

 

                         ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА