Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянбулаг овогт Чойжилсүрэнгийн Ринченд холбогдох эрүүгийн 201603000478 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт Оюу толгой ХК-ний МБК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд баг, Үргээдэг гэх газарт оршин суух, 2013 онд Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнуулж байсан, ял шийтгэл эдэлж байгаагүй, Баянбулаг овогт Чойжилсүрэнгийн Ринчен /РД:АО94061812/

 

Шүүгдэгч Ч.Ринчен нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Доод ар гэх газарт хохирогч Ж.Гантигийг “манай найзыг зодох гэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

            201603000478 дугаартай эрүүгийн хэргээс:         

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Гантигийн: “...Би бичиг үсэг сайн мэдэхгүй, 5-р анги төгссөн. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Би байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Доод ар гэх газар 20 цагийн үед манай саахалтын айл Жаргалбатын гэрт Бонго гэх машинтай Самбууренчинтэй хамт очоод айлд орон мэнд ус мэдэж мал асуух гэж байхад тухайн гэрт Жаргалбатын эхнэр Цагаанаа гэх эмэгтэй байсан. Тэгээд ороод сууж байтал гаднаас Ренчин, Отгон нар нилээн согтуу орж ирээд хажуу талд суусан. Надтай хамт явсан Самбууренчинг хаанахын хүн бэ гэж Отгон асуухаар нь би та нар танихгүй, Архангай аймгийн төвд байдаг, Байгаль орчинд жолооч хийдэг хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад машинтай суух гэж байтал Отгон намайг уулзая гэж дуудахаар нь би очтол Ренчин нь Самбууренчингийн Бонго машиныг асаагаад гэнэт хөдөлсөн. Тэгэхээр нь би гүйж очоод түлхүүрийг нь булааж аваад кабинаас нь татаад буулгаж хаясан. Тэгтэл Самбууренчин босоод, Ренчинтэй барьцалдаад авсан. Нэг ч цохиогүй ноцолдож байсан чинь Отгон босоод, Самбууренчинг яаж унагаасан гэдгийг би анзаарч хараагүй, тэр хоёр нийлэн Самбууренчинг гэнэт унагааж, унасаных нь дараа Отгон нь аль хөлөөрөө өшиглөсөн болохыг би сайн анзаарч хараагүй. Би наад талаас нь очоод больцгоо гэж хэлтэл гэнэт Ренчин нь үүдэн шүд хэсэг рүү цохьсон. Тэгтэл миний үүдэн 4 шүд болон хиймэл 4 шүд хугараад уначихсан. Тэгээд Самбууренчин би хоёрыг хаяад Отгон нь мотоциклио жолоодоод явах гэхээр нь цагдаа дуудна гэж хэлтэл Ренчин наад муу шүд чинь яах вэ, би төлчихнө гээд давхиад явчихсан. Миний шүд ёзоороороо буйлнаасаа сугараад гараад ирсэн байсан, 8 шүд хугарсан, нэг шүд хөдөлсөн байсан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, харин Архангай нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эичид үзүүлээд өвчин намдаах тариа тариулсан. Өвчин намдаах эм болон буйлны үрэвсэл дарах эм бичүүлж авсан. Би эмчилгээ хийлгэхдээ 6.000 төгрөгийн зардал гаргасан, харин тарианы мөнгийг эмч надаас аваагүй. Надад зарлагын баримт байхгүй. Отгон болон Ренчин нар согтуу байсан, хаана, хэнтэй, хэдэн шил архи уусан болохыг би мэдэхгүй байна. Миний нүүрэн хэсэг болох үүдэн шүд рүү Ренчин нэг цохьсон би аль гараараа цохьсон болохыг анзаараагүй. Намайг цохиход Отгон, Самбууренчин харж байсан. Ренчин цохьсон, өөр ямар нэгэн хүн хараагүй, тийм орилоон хашгираан шуугиан тариагүй, хоромхон хугацаанд болсон асуудал юм. Би Ренчинг цохиогүй, бидний дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа, өс хонзон гэхээр зүйл байгаагүй. Намайг болон Самбууренчинг зодуулж байхад Жаргалбат нь гүүн зэлэн дээр унага татаад байж байсан. Цагаанаа нь төрөөд 5-6 хонож байсан, нялх биетэй байсан учраас гэрээсээ гарч ирээгүй байх. Жаргалбат нь 5-6 айл хамт буусан байдаг. Жаргалбатын ээж болон хамаатан садан, ах дүү нар нь байдаг. Биднийг зодуулж байхад хараагүй бас сонсоогүй байх. Бид гүүн зэлнээс 50 м орчим зайтай, Жаргалбатын гэрээс 10 м орчим зайтай байсан байх. Би 2007 онд 4 үүдэн шүдээ Улаанбаатар хотод шүдний эмнэлэгт хийлгэж байхад 500.000 төгрөг болж байсан. Би гомдолтой байна. Би өөрийнхөө 8 үүдэн шүдийг хийлгүүлмээр байна. Мөн хөдөлсөн 1 шүдээ авахуулна...” гэх мэдүүлэг /хх-18-20х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Самбуурэнцэнгийн: “...Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдэд заасныг ойлгож мэдсэн, асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цаг болж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Гантиг над руу утсаар яриад би үнэмлэхгүй, намайг машин бариад өг гээд байсан. Тэгээд би Портер гэх машин жолоодож Цэнхэр сумын Тэлээ гэх газарт очихоор явсан. Тэгээд Гантиг орж малаа асууна гээд замдаа Жаргалбат гэх айлд буусан. Бид хоёр гэр рүү нь ороход 2 залуу гарч ирсэн. Тэгээд бид хоёрыг Жаргалбатын гэрт монгол гэрт ороод мал сураад сууж байтал Гантигтай Отгон гэх залуу нь Гантигт хандаж би багадаа Гантиг ахаа таны морийг унадаг байсан, одоо би морь уяж байгаа юм гээд юм яриад, тэгээд бид хоёр явъя гээд гарсан. Тэгээд намайг гараад бие засаад байж байхад Ренчин гэх залуу Гантиг болон Отгонтой юм яриад байсан. Тэгээд Ренчин Портерыг асаачихсан барихад амар машин шүү гээд байсан. Тэгээд Гантиг машиныхаа түлхүүрийг сугалж аваад буулгатал Гантигийг цохиод авах шиг болсон, харин Ренчин гэх залуу нь намайг заамдаж аваад 2 тийшээ хөрвөөгөөд ноцолдож, би дээр нь гарсан байхад Отгон гэх залуу нь миний нүүрэн хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд Гантиг биднийг залгатал босч ирээд Гантигийг цохиход Гантигийн шүд нь унасан байсан. Тэгээд Ренчин болон Отгон нь мотоциклио унаад явсан. Тэгээд бид хоёр тэндээ үлдсэн. Гантигийн 4 шүд нь унасан байдалтай, нэг шүд нь унасан байдалтай байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, машин барьсан байсан. Гантиг бас надтай хамт явсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гантиг бид хоёрыг зодуулж байхад харсан хүн байхгүй. Учир нь харанхуй байсан бөгөөд хоромхон хугацаанд болсон асуудал юм. Тэдний хотонд 2 айл байх шиг байсан. Намайг Отгон гэх залуу миний зүүн талын шанаа хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд миний нүүр хөхөрсөн, уруул бага зэрэг язарсан байсан. Тэгээд өөр ямар нэгэн гэмтэл аваагүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, харин гэртээ соривны тос түрхээд хэвтсэн. Ренчин болон Отгонжанчив нар миний харснаар согтуу байх шиг байсан, хэр их согтолттой болохыг нь би сайн мэдэхгүй. Би Ренчинтэй газарт ноцолдооп салаагүй байхад Отгонжанчив миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэр яг надтай ноцолдоод би дээр нь гараад байж байхад Отгон гэдэг залуу нь  намайг нүүрэн хэсэгт зүүн талын шанаа хэсэгт өшиглөсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, тэр 2 залуу надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-23-24х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Бадамгаравын: “...Би эрх, үүргийг ойлгож мэдсэн. Би Отгонжанчив болон Ренчин гэх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай хүү Жаргалбатынд 2 мотоцикльтой залуу ирсэн байсан бөгөөд тэр хоёр залууг би танихгүй. Мөн ямар хувцастай байсныг нь анзаарч хараагүй. Харин дараа нь Гантиг нэг хүнтэй /Самбуурэнцэнтэй/ ирсэн. Тэгээд би 20 цагийн үед гадаа гартал 2 залуу дээр, доороо оролцоод байх шиг байсан бөгөөд гадаа харуй бүрий тасарсан байсан болохоор би сайн хараагүй. Тэгээд Гантиг нь миний шүд уначихлаа гээд байх шиг байсан. Миний асах, хөдлөх дууг нь сонсоогүй бөгөөд миний чих хатуу. Гаднаас хүн ороод ирдэг, би машин, мотоцикль гадаа ирж байгааг сонсож чаддаггүй. Би хэн нь хэнийгээ хэдэн удаа цохихыг хараагүй, гадаа харанхуй болж байсан. Гантигийн унасан шүд нь гадаа байсан үгүйг би анзаарч хараагүй, мэдэх зүйл байхгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-27х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Жаргалбатын: “...Би эрх, үүргийг ойлгож мэдлээ, Отгонжанчив болон Ренчин нартай садан төрлийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би мэдүүлэг өгнө. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай гэр болох Архангай аймгийн Цэнхэр сумын Доод ар гэх газарт 19 цагийн үед Отгонжанчив болон Ренчин нар мотоцикльтой ирсэн. Тэгээд манайд мах чанаж идээд ойр зуурын мал ахуй гэх мэтийн талаар ярилцаад сууцгаасан бөгөөд тэр хоёр ганц пиво уусан гэж ярьж байсан. Тэгээд 20 цагийн үед Гантиг ах Самбуурэнцэнтэй хамт “Бонго” машинтай давхиж ирсэн. Намайг адууны хашаа, гүүн зэл рүүгээ гүүгээ саалгах гээд явахад зөрөөд манай гэрт орсон. Манай гүүн зэл ойролцоогоор 60 метр орчим байгаа байх гэж би бодож байна. Тэд нар зодолдсон, гэхдээ удаан хугацаанд орилж хашгирсан зүйл байхгүй. Гадаа харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй, би зодолдсоныг нь хараагүй, сонсоогүй. Намайг гэртээ ирэхэд Гантиг шүд уначихлаа гэж байсан. Машин асаагаад хол яваагүй, урд нь хонины хашаа байсан. Ойрхон дөнгөж хөдөлсөн байх, тэгээд л машин зогссон. Тухайн үед зодоон болохыг харсан хүн байхгүй. Манай гэр ээж Бадамгарав болон Уранчимэгийнхтэй айл байдаг. Манай хотонд өөр хүн байгаагүй. Би Гантигийн шүд унахыг хараагүй, шүд унасан гэж ярьсан. Отгонжанчив болон Ренчин нар нь бага зэргийн пиво уусан гэхээр бага зэрэг юм үнэртэж байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Эдгээр хүмүүс манай гэрт агсан согтуу тавиагүй, энэ 2 залуу дараа төлөв зантай...” гэх мэдүүлэг /хх-28-30х/

 

            Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Баярмагнайн: “...Эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Отгонжанчив, Ренчин нартай садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 10 сарын 17-нд манай гэрт Отгонжанчив, Ренчин нар ирсэн. Тэгээд гэрт орж ирэхэд би мах чанаж өгчихөөд нөхөр бид дөрөв яриад сууж байсан. Тэгээд манай нөхөр Жаргалбат гүүндээ гарсан. Манай нөхөртэй зөрөөд Гантиг, Самбуурэнцэн нар орж ирсэн. Тэгээд тэр 4 мэнд усаа мэдэлцээд Отгонжанчив нь Самбуурэнцэнг хаана ямар ажил хийдэг юм гэж асуусан. Тэгэхэд Гантиг нь манай найз байгаа юм, ой хамгаалахад ажилладаг гэсэн. Отгонжанчив нь би чамайг ой хамгаалахад хараагүй юм байна шүү гээд байсан. Тэгээд Гантиг Самбуурэнцэн нар гараад явсан бөгөөд араас нь Отгонжанчив гараад, дараа нь Ренчин дуугай л гараад явсан. Тэгээд гадаа гэрийн ойролцоо юм ярих чимээ гарсан. Тэгээд манай гаднаас холдсон байх, сонсогдохоо больсон. Түүний дараа 30 орчим мунутын дараа манай нөхөр орж ирээд Гантигийн шүд хугарсан байна хө юу болсон талаар харсан уу гэхэд би мэдэхгүй хараад явсан гэсэн. Би тэр үед төрөөд эмнэлгээс гарч ирээд 7 хонож байсан. Тэд нар зодолдсон гэхээр асуудал болоогүй. Ой хамгаалахад ажилладаг ийм хүн мэдэхгүй гээд Отгонжанчив, Самбуурэнцэнд хэлсэн. Харин Самбуурэнцэн юм хэлээгүй, гараад явсан. Манай гэрт зодоон хийсэн асуудал болоогүй. Машин асаад түг таг гэж дуугараад зогсох шиг болсон. Тэд нар орилж хашгарах чимээ сонсогдоогүй, хоорондоо зодолдсон асуудлын талаар би мэдэхгүй байна. Тэд нар манай гэрт архи уугаагүй, харин тэд нар өмнө нь архи уусан гэмээр байсан бөгөөд тийм их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-31-33х/

 

            Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Хулангийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасныг ойлголоо. Би Ренчинг танина, тэр манай нөхөр байгаа юм. Миний нөхөр болох Ренчин нь Чойжилсүрэн гэх хүний 6 хүүхдийн 2 дахь хүүхэд нь байгаа юм. Тэрээр бага байхдаа Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд 4 дүгээр ангиа төгссөн. Тэгээд түүний дараа дахин сургуульд сураагүй, эцэг, эхдээ тусална гээд мал маллахаар хөдөө гарсан. Түүнийг хүүхэд байхаасаа хүнд тусархаг сайн хүүхэд хэмээн нутгийн хүмүүс ярьж байсан. Бид 2013 онд анх танилцаад хамт амьдраад үр хүүхэдтэй болоод 3 жил болж байгаа. Би түүнтэй хамт амьдраад энэхүү багагүй хугацааг өнгөрөөж хамт байхад надад болон хүүхдэдээ хайр халамж тавьдаг сайн хүн байгаа юм. Манай нөхөр даруу төлөв зантай, хүмүүстэй эелдэг харьцдаг, хүнд тусархаг, сэтгэл сайтай, ой тогтоолтын хувьд хурдан цээжилж, удаан мартдаг давуу талтай, хүнд муу санаж явдаггүй. 2016 оны 10 дугаар сарын дундуур энэ хэрэгт санамсаргүй байдлаар холбогдсон гэж би бодож байна. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, хүнтэй ч зодолдож чаддаггүй байх гэж би бодож байна. Тэрээр архи дарс уудаггүй, томоотой хүн бөгөөд бүрэг ичимхий зантай. Энэ хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна...” /хх-36-37х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ч.Ренчингийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичихдээ алдаатай бичдэг, 4-р анги төгссөн. Би мэдүүлэг өгнө, зөвшөөрч байна, ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Доод ар гэх газарт Жаргалбат гэх айлд хууч хөөрөөд сууж байхад Гантиг, Самбуурэнцэн гэх хүмүүс орж ирсэн. Гантиг гэх хүнийг би танина. Тэгээд тэр хүмүүс орж ирээд амар мэнд мэдэлцээд сууж байгаад Самбуурэнцэн, Отгонжанчив 2 хаанахынх вэ гээд асуутал ойн байцаагч байна гэсэн, тэгээд Отгонжанчив тийм хүн хараагүй юм байна, гээд муудалцаад байсан. Тэгж байгаад гадаа гараад байж би машиныг нь асаах гэсэн боловч асаагүй. Тэгээд Самбуурэнцэн намайг яасан овоо чацга вэ гээд 2-3 удаа цохьсон. Тэгээд Гантиг намайг татаж буулгаад би Самбуурэнцэнтэй барьцалдаж аваад байж байтал намайг хоолойноос заамдаж боогоод би унаж дээр нь гарахаар нь хөрвөөгөөд боссон. Тэгээд би босоод байж байсан чинь Гантиг боль гэх шиг болсон, тэгээд би Гантигийн нүүрэн хэсэгт нь цохьсон. Шүд нь унасан байсан. Тэгээд бид хоёр шууд өөрийн гэр болох Баянбулаг гэх газар очсон. Би Гантиг гэх хүнийг нүүрэн хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохьсон. Намайг Гантиг гэх хүнийг цохиж байхад Самбуурэнцэн болон Отгонжанчив нар харсан байх, өөр хүн хараагүй гэж бодож байна. Гадаа харанхуй болж байсан. Тэр айлын гадаа байсан хүмүүс хараагүй байх гэж бодож байна. Намайг ноцолдож байхад Отгонжанчив болон Гантиг нар 5 м зайтай байсан байх. Би тухайн үед нэг сав 2.5 л Боргио гэх пиво уусан байсан, өөр зүйл хэрэглээгүй. Отгонжанчив нь Самбуурэнцэнгийн нүүр рүү нь өшиглөж байхыг би хараагүй. Миний дээр байхад намайг Гантиг салгасан...

 

...Би мэдүүлэг өгнө. Би байцаалтандаа өөрийн сонгон авсан өмгөөлөгч Д.Насанжаргалыг оролцуулна. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би бүлэглэнэ гэж бодоогүй намайг Самбуурэнцэнгийн доор нь байхад Отгонжанчив нь нүүрэн хэсэгт нь 2 удаа өшиглөсөн гэсэн би тэрийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-54-55, 57х/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 481 дугаартай дүгнэлт: “...1. Ж.Гантигийн биед 23, 24, 33, 34-р шүд унасан, түүшин ясны шүд дайрсан хугарал, 32-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 11-52-3-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувьд тогтмол алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-40х/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 492 дугаартай дүгнэлт: “...1. Д.Самбуурэнцэнгийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-43х/

Цахим үнэмлэхийн хуулбар /хх-71х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68-69х/

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 242 тоот тодорхойлолт /хх-72х/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-80, 82х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Ринчен нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Доод ар гэх газарт хохирогч Ж.Гантигийг “манай найзыг зодох гэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Гантигийн: “...Би наад талаас нь очоод больцгоо гэж хэлтэл гэнэт Ренчин нь үүдэн шүд хэсэг рүү цохьсон. Тэгтэл миний үүдэн 4 шүд болон хиймэл 4 шүд хугараад уначихсан. Миний шүд ёзоороороо буйлнаасаа сугараад гараад ирсэн байсан, 8 шүд хугарсан, нэг шүд хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-18-20х/

 

Хохирогч Д.Самбуурэнцэнгийн: “...Тэгээд Гантиг машиныхаа түлхүүрийг сугалж аваад буулгатал Гантигийг цохиод авах шиг болсон, харин Ренчин гэх залуу нь намайг заамдаж аваад 2 тийшээ хөрвөөгөөд ноцолдож, би дээр нь гарсан байхад Отгон гэх залуу нь миний нүүрэн хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд Гантиг биднийг залгатал босч ирээд Гантигийг цохиход Гантигийн шүд нь унасан байсан. Гантигийн 4 шүд нь унасан байдалтай, нэг шүд нь хөдөлсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24х/

 

Гэрч Д.Бадамгаравын: “...Тэгээд би 20 цагийн үед гадаа гартал 2 залуу дээр, доороо оролцоод байх шиг байсан. Тэгээд Гантиг нь миний шүд уначихлаа гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27х/

 

Гэрч М.Жаргалбатын: “...Намайг гэртээ ирэхэд Гантиг шүд уначихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-30х/

 

Гэрч М.Баярмагнайн: “...Түүний дараа 30 орчим мунутын дараа манай нөхөр орж ирээд Гантигийн шүд хугарсан байна хө юу болсон талаар харсан уу гэхэд би мэдэхгүй гараад явсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-31-33х/

 

Сэжигтэн, яллагдагч Ч.Ренчингийн: “...Тэгээд би босоод байж байсан чинь Гантиг боль гэх шиг болсон, тэгээд би Гантигийн нүүрэн хэсэгт нь цохьсон. Шүд нь унасан байсан. Би Гантиг гэх хүнийг нүүрэн хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-54-55х/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 481 дугаартай дүгнэлт: “...1. Ж.Гантигийн биед 23, 24, 33, 34-р шүд унасан, түүшин ясны шүд дайрсан хугарал, 32-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-40х/ зэрэг баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нь хангалттай тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Ринченг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ринчен нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Ч.Ринчен нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баянбулаг овогт Чойжилсүрэнгийн Ринченг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ринченг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ринченд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.  Шүүгдэгч Ч.Ринчен нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Ринченд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ринченд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ