Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: * тоотод оршин суух, 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Боржигон овогт Хүрэлбаатарын Т /рд:*, утас:*/,

Хариуцагч: * тоотод оршин суух Нарангэрэлийн О /рд:*, утас:*/ нарт холбогдох

          “Зээл, зээлийн хүүгийн төлбөр 21,264,106.99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах” тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, хариуцагч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: :  Зээлдэгч Х.Т, Н.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХасБанктай зээлийн 1320025142 дугаар гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийн зээлийг Үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, 365 хоногт 24.00 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1.  2018.11.06-ны өдрийн Барьцааны 1320025142-01 дугаар гэрээгээр 2006 онд ашиглалтанд орсон Г-000622626  тоот гэрчилгээний дугаартай, Ү-1327007555 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 159 мкв талбайтай хувийн сууц,

2. 2018.11.06-ны өдрийн Барьцааны 1320025142-01 дугаар гэрээгээр 2016 онд ашиглалтанд орсон Г-000738740 тоот гэрчилгээний дуагаартай, нэгж талбарын 4303007003 тоот дугаар бүхий 500 мкв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай 55 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

 Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Х.Т, Н.О нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.Мөн зээлдэгч нь эрхэлж байсан бизнесээ  зогсоосон зэрэн нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1320025142 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.Зээлдэгч Х.Т, Н.О нар нь зээлийн 1320025142 дугаар гэрээний 3.2.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Х.Т, Н.О  нарын зээлийн үлдэгдэл 2019.10.14 -ний өдрийн байдлаар:

1. Зээлийн 1320025142 дугаар гэрээний үндсэн төлбөр 19,166,666.66 төгрөг, хүү 2,066,849.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,591, нийт 21,264,106.99 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна: 1. Зээлийн нийт төлбөр болох 21,264,106.99 төгрөгийг Х.Тас гаргуулах. 2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. 3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, Х.Т, Н.О нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү.  Улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн дансанд 17,365,072.98 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 264,271 төгрөг төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрэзнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүрэлбаатарын Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хасбанкний 1320025142 тоот зээлийн гэрээнд 23 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар 365 хоногт 24 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар буюу барьж байгаа байшингаа дуусгах зорилгоор авсан. Хамтран зээлдэгчээр гэр бүлийн хүн Н.О гарын үсэг зурсан. Зээл авах үедээ Т нь авто машины худалдаа эрхэлдэг байсан. Зээлийн барьцаанд 2018 оны мөн өдрийн 1320025142-ийн 01 дугаар барьцааны гэрээгээр өөрийн төрсөн эх О.Гарамцоогийн өмчлөлийн Мандал сумын 9-р баг Баян-Арцатын гудам үйлчилгээний 6-624 тоотод байрлах 159 мкв талбайтай хувийн сууц, мөн нутаг дэвсгэрт байрдах 500 мкв талбайтай эзэмшх эрхтэй газрын хамт зээлийн барьцаанд барьцаалсан. Зээлдэгч Т нь 2018 оны 11 сард зээл авчихаад ерөнхийдөө 12 сараас зээлээ хэвийн төлж байгаад 2019 оны 04 сараас эхлээд зээлийн төлөлт доголдож эхэлсэн. 2019 оны 06 сарын 06-нд зээлийн төлбөрөө дутуу хийгээд түүнээс хойш мөнгө хийхгүй явж байгаад сая шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 12 сард 1,400,000 төгрөг хийсэн. Одоогоор үндсэн бизнес нь зогссон. Зээлийн төлөлт хийхгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд банкний зүгээс зээлийн үндсэн төлбөр болох 19,166,666 төгрөг, зээлийн хуримтлуулсан хүү болох 2,066,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 30591 төгрөг нийт 21264106 төгрөгийг зээлдэгч Тас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хамтран зээлдэгч гадаадад байгаа учраас үндсэн зээлдэгчээс төбөрийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ зээлээ хэвийн болгоод төлье гэсэн бодолтой байгаа юм. Найзтайгаа нийлээд Америкаас машин оруулж ирж зарах гэсэн боловч асуудал гарсан юм. Энэ асуудал нь дүүргийн  шүүхээр хөөцөлдөж байгаа. Энэ асуудал шийдэгдчихвэл зээлээ хаачихаж болно. Одоогийн байдлаар хувиараа хүмүүстэй хамт Ховдод бригад гаргачихсан алтны ажил хийлгэж байгаа. Уг нь зээлээ хэвийн болгож болох байсан юм. Нэг хүн гарыг минь бэртээж ажиллагаагүй болгосон юм. Үүндээ хагалгаа хийлгээд 8 сая төгрөг зарцуулсан. Одоо дахин Солонгос улс руу мэдрэлийн судасны  8 сая вонны төлбөртэй хагалгаанд орох болчихоод асуудал үүссэн юм гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь үндсэн зээлдэгч Х.Т, хамтран зээлдэгч Н.О нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн төлбөр 19,166,666.66 төгрөг, хүү 2,066,849.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,591 төгрөг, нийт 21,264,106.99 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Т, Н.О нар нь Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1320025142 дугаар зээлийн гэрээгээр 23,000,000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн  бөгөөд нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны 1320025142-01 дугаар гэрээгээр 2016 онд ашиглаптанд орсон Г-000622626  тоот гэрчилгээний дугаартай, Ү-1327007555 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 159 мкв талбайтай хувийн сууц,

2018.11.06-ны өдрийн Барьцааны 1320025142-01 дугаар гэрээгээр 2016 онд ашиглалтанд орсон Г-000738740 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4303007003 тоот дугаар бүхий 500 мкв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай 55 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ бусад баримтаар тогтоогдож байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд  талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Н.О нь гадаад улсад байгаа тул хариуцагчаас татгалзаж байна. Үндсэн зээлдэгч Х.Тас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байх бөгөөд хариуцагч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага болон  үнийн дүн дээр маргаангүй ба эрүүл мэндээр хохирч  нэг гар гэмтэж хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудлыг харгалзан үзнэ үү, цаашид зээлээ хуваарийн дагуу төлөх саналтай байна гэдгээ илэрхийлж байна.

Иймд хариуцагч Х.Тас үндсэн төлбөр 19,166,666.66 төгрөг, хүү 2,066,849.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,591 төгрөг, нийт 21,264,106.99 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,271 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Х.Тас 264,271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Хүрэлбаатарын Тас Зээл, зээлийн хүүгийн төлбөр 21,264,106.99 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Тас 264,271 төгрөгийг гаргуулж Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2018.11.06-ны өдрийн Барьцааны 1320025142-01 дугаар гэрээний зүйл болох 2016 онд ашиглалтанд орсон Мандал сумын 9-р баг Баян-Арцатын гудам үйлчилгээний 6-624 тоотод байрлах 159 мкв талбайтай хувийн сууц,Г-000738740 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4303007003 тоот дугаар бүхий 500 мкв талбайтай гэр, орон сууцны хашааны зориулалттай 55 жилийн хугацаатай газар  эзэмших эрхээр тус, тус  үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.