Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: * тоотод оршин суух, 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Тайжууд овогт Энхбаярын М /рд:*, утас: */,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 45-2-24 тоотод оршин суух,  1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Боржигон овогт Батмөнхийн Г /рд:*, утас:*/ нарт холбогдох

            “Зээлийн төлбөр 11,436,015.64 төгрөг гаргуулах” тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, хариуцагч Э.М, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Э.М, Б.Г нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 16,547,054.25 /арван зургаан сая таван зуун дөчин долоон мянга тавин дөрөв/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар гэрийн эд хогшилоо барьцаалан цалингийн зээлийг авсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн зээлд 5,258,896.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,915,210.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 134,293.02 төгрөг, нийт 11,308,400 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /261 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 1. 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн байдлаарх цалингийн зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 11,288,157.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 133,602.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,255.63 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11,000 төгрөг, нийт 11,436,015.64 төгрөг. 2. Улсын тэмдэгтийн хураамж 197,926 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.М, Б.Г нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлээд Хаан банкны Зүүнхараа салбараас цалингийн зээлийг 6 удаа нэмж авсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн зээлийн гэрээг хавсаргаж өгсөн байгаа. Үлдэгдэл нь 16547054 төгрөг 25 мөнгийг 1.5 хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байна. Э.М зээл авахдаа Хорих-413 дугаар ангид хянагч ажилтай байхдаа тус байгууллагын даргын тодорхойлолтоор тус зээлийг авч байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нь Төрийн банкны 1526 Зүүнхараа ширхэнцэг тооцооны төвд ахлах теллер ажилтай мөн тус байгууллагын салбарын захирал Дашдэлгэрийн тодорхойлолттой зээл авч байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг ажлаа хийж байх хугацаандаа 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хуваарийн дагуу хугацаа хэтрэлтгүй төлж байсан. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Э.М нь зээлээ төлөхгүй зээлийн гэрээний хугацаа хэтэрч эхэлсэн. Удаа дараа Э.Маас зээлээ төлөхийг шаардаж мөн Б.Ггийн ажлын газар очиж, гэрээр нь очиж уулзаж зээл төлөх мэдэгдэл өгч байсан боловч зээл төлөгдөөгүй тул шүүхэд хандсан байгаа. Одоо Э.М, Б.Г нараас 11436015 төгрөг 63 мөнгийг, улсын тэмдэгтийн хураамж 197926 төгрөгний хамт нэхэмжилж байна. 2014 оноос хойш авсан бүх цалингийн зээл дээр Э.М үндсэн зээлдэгчээр, Б.Г хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байгаа. Хариуцагч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анх 8000000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2000000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4000000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5000000 төгрөгний цалингийн зээлийг тус тус авсан гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хувийн шалтгаанаас болж 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажлаасаа гарч цалингийн зээлээ төлж чадаагүй. Би хаан банкнаас нэхэмжилж байгаа цалингийн зээлийг авсан нь үнэн төлж барагдуулна. Одоо би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том оврын машины дагалдан жолооч хийж нүүрс зөөдөг. Одоогоор жинхлээгүй байгаа учраас 500000-600000 төгрөгийн цалин авдаг гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны зээлийн тал дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бас адилхан банк санхүүгийн байгууллагад ажилладаг. Энэ хугацаанд Мыг ажлаас гарснаас хойш Хаан банкнаас нэг удаа над руу яриагүй нэг удаа ирж уулзаагүй байж 290 хоносон, 351 хоносон гэсэн мэдэгдэл 2 удаа авчирч өгсөн. Энэ хүн зээлээ төлөхгүй байна гээд нар руу утасдсан байсан бол би өдий хүртэл ингэж явуулахгүй байсан байх гэж бодож байна. Надад мэдэгдэл авчирч өгөхдөө ажлын байран дээр очерлож зогсож байгаад олон хүний дунд надад өгсөн. Тэр үед би Хаан банк руу гомдол гаргаж байсан. Манай гэрт очсон гэж яриад байна манай гэрт нэг удаа ч очоогүй ээ хэрвээ ийм их хугацаа хэтэрч байсан бол яагаад анхнаасаа надад хэлэлгүй, эцэст нь шүүх дээр ирэх шаардлага байсан ч юмуу. Энэ хүний авсан зээлнээс би авч хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед яахуу гэр бүл байсан. Саяхан энэ зээлийг хариуцаж авсан Сонинцэцэг билүү тэр эдийн засагч над руу залгасан. Г юу? Хаан банкнаас залгаж байна та хугацаа хэтэрсэн зээлийн хамтран юм байна.... гэсэн тэгэхээр нь би өө энэ хүн ажлаасаа гараад олон жил болж байгаа юмаа танайхаас ярьсан хүн байхгүй чамд баярлалаа гэж хэлсэн. Зээлийг та хэзээ төлөх юм бэ гэсэн танайх шүүхэд өгчихсөн байсан тэрний дагуу явах байхдаа гэж хэлсэн. Гэрт нь очиж уулзаж байсан гэсэн асуудал байхгүй хоёр удаа мэдэгдэл л өгсөн эхнийх дээр нь би гомдол гаргасан. Дараагийн мэдэгдлийг би хүлээн зөвшөөрөөгүй аваагүй. Энэ хүн Хорихоос гараад Барилга орон сууцанд ажилд орсон. Солонгос явсан 5000000 төгрөг байршуулаад явсан. Байршуулсан 5000000 төгрөгийг танайх авах нь тодорхой. Түүний татаж авснаас хойш 04 дүгээр сараас ажилд орсон түүнээс хойш гар дээрээ цалин авалгүй 08 дугаар сар хүргэсэн байх. Ерөөсөө төлөлт хийгдээгүй гэсэн юм байхгүй ямарч байсан би Мыг зээлээ төлөхийг шаардаж байсан гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь үндсэн зээлдэгч Э.М, хамтран зээлдэгч Б.Г нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  тул үндсэн төлбөр 11,288,157.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 133,602.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,255.63 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11,000 төгрөг, нийт 11,436,015.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.М нь зээлээ төлөхийг зөвшөөрч, хариуцагч Б.Г нь нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Г нь зээлдэгч Э.Мын Хаан банкны Зүүнхараа салбараас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЗГ201743161020 дугаар зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл төлбөр 11,547,054.25 төгрөг дээр  5,000,000 төгрөгийг нэмэгдүүлэн 365 хоногт 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн орлого болон  2,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшлыг барьцаалж зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч Э.М, Б.Г нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 6 удаа цалингийн зээл нэмэгдүүлэн авсан бөгөөд энэ зээлийн гэрээ болгонд хамтран зээлдэгчээр Б.Г гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн мэдүүлж байх бөгөөд хавтаст хэргийн 5-7 дугаар талд Хас банкны Зүүнхараа тооцооны төв, зээлдэгч Э.М, хамтран зээлдэгч Б.Г нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, хавтаст хэргийн 8-9 дугаар талд Хаан банкны Зүүнхараа салбар, зээлдэгч Э.М, хамтран зээлдэгч Б.Г нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан барьцааны зээлийн гэрээ тус тус авагдсан байна.

Зээлдэгч Э.М нь Хаан банкны Зүүнхараа салбараас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг шинээр нэмэгдүүлэн авахад нь хариуцагч Б.Г нь өөрийн хүсэл зоригийнхоо дагуу гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд зээлдэгчийн эрх, үүргийг зааж өгсөн, 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний нөхцлийг ойлгон ухамсарлаж байсан бөгөөд хамтран амьдрагч гэдэг утгаар гэрээнд гарын үсэг зурж хэлбэрийн төдий оролцсон болох нь нотлогдохгүй байх ба Хаан банкнаас зээлдэгч Э.Мын авсан цалингийн зээлийг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан байх тул үндсэн болон хамтран зээлдэгчээр нараар төлүүлэх Хаан банкны Зүүнхараа салбарын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Э.М, Б.Г нараас үндсэн төлбөр 11,288,157.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 133,602.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,255.63 төгрөг,нотариатын үйлчилгээний төлбөр 11,000 төгрөг, нийт 11,436,015.64 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 197,926 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Э.М, Б.Г нараас 197,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг,  242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Тайжууд овогт Энхбаярын М, Боржигон овогт Батмөнхийн Г нараас зээлийн төлбөр 11,436,015.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 197,926 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Э.М, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжинд 197,926 төгрөгийг гаргуулж Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.