| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2020/0115/И |
| Дугаар | 288 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 288
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Т овогт Мы З,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт Ты Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт Тн Г,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Р овогт Шийн Ж нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчид М.З, Т.Г, хариуцагч Т.Г, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 6280000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.З, Т.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө сумын 6 дугаар багийн иргэн Т.Г нь Т.Г надад ирж, 2 хоногийн хугацаатай 16280000 төгрөг түр зээлэх үү? 3 хоногийн дараа найдвартай өгнө, мөн мөнгө зээлэхэд тодорхой хэмжээний хүү төлнө гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж, Т.Гд мөнгө зээлэхээр тохиролцсон юм. Тухайн үед Т.Г нь бидэнд би энэ мөнгийг Ш.Жийн хамт зээлж авах хүсэлттэй байна гэж хэлэхээр нь би нөхөр М.З бид хоёр нотариатад очиж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т.Гд 16280000 төгрөгийг бэлнээр өгч, 1328 дугаартай "Хувь хүний зээлийн гэрээ" байгуулан нотариатаар гэрчлүүлж авсан билээ. Үүнээс хойш Т.Г нь 3 гэрээгээр тохиролцсон хугацаанд мөнгийг өгөөгүй. Янз бүрийн шалтаг зааж байгаад 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр 10000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба үлдсэн 6280000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй хохироож байгаа болно. Иймд Т.Г, Ш.Ж нараас гэрээний үлдэгдэл төлбөр 6280000 /зургаан сая хоёр зуун наян мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ш.Ж болон Т.Г нар эхнэр бид хоёроос 2018 он байх яаг санахгүй байна, тэр үед биднээс 16280000 төгрөгийн зээл авсан. Дараа нь Ш.Ж Улаанбаатар хотод байхдаа надад 10 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 6280000 мянган төгрөгийг элдэв шалтаг хэлэн одоо хүртэл өгөөгүй. Надад удахгүй өгнө гэж бичиж байсан Ш.Жийн мессежүүд нь байгаа. Тэгээд хүлээгээд өгөхгүй болохоор нь шүүхэд хандаж байна гэв.
Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид Жийн огт танихгүй. Т.Г надад ирээд мөнгө шаардлагатай байна, надад нэг удаа тус болж мөнгө зээлээч гэж хэлсэн тэгэхэд “би хүнд өгөх илүү мөнгө надад байхгүй” гэж учирлан тайлбарлаж хэлэхэд уйлаад гуйсан болохоор 7 хоногийн хугацаатай нотариатаар баталгаажуулан 6280000 төгрөгийг зээлсэн. Дараа нь Жийг дагуулж, ирж 10 сая төгрөг хэрэгтэй байна. Олон хүнд тус болох гэж байгаа гэж гуйсан болохоор бид дахин 10 сая төгрөгийг зээлсэн. Тухайн 10 сая төгрөгийг 2 сарын дараа Ш.Ж Улаанбаатар хотод явж байхад миний нөхрийн дансанд шилжүүлсэн. 6280000 төгрөгийг огт өгөөгүй. Тус мөнгийг биднээс авахад 2 сая төгрөгийн хүү төлөх ёстой байсан. Хэрэв хүү төлж чадахгүйд хүрвэл 4500000 төгрөгийг гаргаж өгсөн ч болно. Тэрийг бид хүлээн зөвшөөрнө гэв.
Хариуцагч Ш.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.З, Т.Г нарын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед М.З, Т.Г нар Т.Гд гэрээ байгуулж, мөнгө авсан байсан юм. Харин М.З, Т.Г нарын 10 сая төгрөгийг дансаар төлж өгсөн юм. 6280000 төгрөгийг Т.Г хариуцаж төлөх юм. М.З нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Зын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Т овогтой Г танайд М.Зын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Миний танил Ш овогтой Ж 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр надад 2 сая төгрөгийн зээл хэрэгтэй байна. Би гадаадад шилжүүлээд дараа нь бөөн мөнгөтэй болох гэж байна гэхээр нь би сайн танил эгч Гд хэлэхэд би ч авч болох нь юм байна гэхээр нь би Гйг Ж дээр дагуулан ирж уулзуулахад Ж 2 сая гэснээ 4280000 төгрөг хэрэгтэй гэлээ. Г Хас банк дээр намайг дагуулан очиж 4280000 төгрөг Жд аваачиж өгсөн юм. Ж уг мөнгийг гадаад руу шилжүүлснийг Г өөрийн нүдээр үзсэн юм. Маргааш нь Ж виза карт блоклогдлоо гэж мөнгө хэрэг болоод Г дээр бид хамт очсон юм. Ж Ггээс 10000000 төгрөг авахаар болоод нотариатад дээр очиж гэрээ хийлээ. Ж нь гэрээ хийж нотариатаар батлуулж байхад Гд би чамд 2 сая төгрөгийн хүүг нэмээд өгнө гэж хэлээд 10000000 төгрөг авсан юм, Ингээд тэр 2 саяыг нэмээд 16280000 төгрөг болсон юм. Би яагаад нотариат дээр гарын үсэг зурсан вэ гэхээр Г надад "Жийг би огт танихгүй тул чи ч гэсэн хамт гарын үсэг зураад өг" гэж гуйгаад байхлаар нь би өөрийн гарын үсгээ зурсан юм.Тэгээд Алау вааарын цайны газар дотор Г Жд мөнгөө тоолж өгсөн юм. Ж авсан мөнгөний талаар дэвтэр дээрээ бичиж авсан юм. Тэр мөнгөө Ж ХААН банк дээр очоод гадаад руу шууд шилжүүлсэн юм. Тэхэд бидний дэргэд Г байсан. Миний бие Г, Ж нараас нэг ч төгрөг авч байгаагүй тул М.Зын нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй болно. Уг мөнгийг тоолж авснаараа Ж хариуцах болно гэжээ.
Хариуцагч Т.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.Г эгчид Францаас бага хүүтэй зээл авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Т.Г би ч бас авмаар байна гэсэн. Тэгэхэд би Ш.Ж Хаан банканд байхад дагуулж очиж уулзуулсан. Ш.Ж тэр үед эхлээд 2 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Дараа нь 4280000 төгрөг шаардлагатай байна гэхэд Т.Г өөрөө хүлээн зөвшөөрөөд бид хоёр холбоонд очиж Хас банкны ATM-ээс 4280000 төгрөгийг гаргаж авч Ш.Жд өгсөн. Бид харж байхад Ш.Ж тухайн мөнгийг гадаадад шилжүүлсэн. Маргааш нь Ш.Ж одоо 10 сая төгрөг шаардлагатай гэхэд би Т.Ггийн дансанд 10 сая төгрөг байгааг хэлсэн. Тэгвэл Ш.Ж Т.Гтай уулзъя гэж би дагуулж очиж уулзуулсан. Тэгээд Т.Ггаас 10 сая төгрөгийг авч нийт 14280000 төгрөг зээлсэн. Т.Г мөнгө өгч байгаа учраас нотариатаар баталгаажуулна, гэхдээ Жийн би танихгүй гэсэн учраас би хамт очиж гарын үсэг зурсан. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Би зөвхөн гарын үсэг л зурсан. Гадаад шилжүүлснийг хажууд нь Г гэдэг хүн сайн мэдэж байгаа. Тийм гэрчтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.З, Т.Г нар нь хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 6280000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж, хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 4500000 төгрөгийг нэхэмжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэг авагдсан нотлох баримт болох 1328 дугаартай хувь хүний зээлийн гэрээгээр зээл өгөгч М.З /РД:БД/, эхнэр Т Г, зээл авагч Т.Г /РД:БД/, Ш.Ж /РД:ХО/ нар нь хоорондоо харилцан тохиролцож гэрээг байгуулж, уг зээлийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нотариатч баталгаажуулсан байна.
Хариуцагч Т.Г /РД:БД/, Ш.Ж /РД:ХО/ нар нь зээлийн гэрээгээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 хоногийн хугацаатайгаар, 16280000 /арван зургаан сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг зээлээр авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хувь хүний зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Т.Г нь “... Г Хас банк дээр намайг дагуулан очиж 4280000 төгрөг Жд аваачиж өгсөн. ... Ж Ггээс 10000000 төгрөг авахаар болоод нотариат дээр очиж гэрээ хийсэн, Гд би чамд 2 сая төгрөгийн хүүг нэмээд өгнө гэж хэлээд 10000000 төгрөг авсан юм. Ингээд 2 саяыг нэмээд 16280000 төгрөг болсон. Би яагаад нотариат дээр гарын үсэг зурсан вэ гэхээр Г надад Жийг би огт танихгүй тул чи ч гэсэн хамт гарын үсэг зураад өг гэж гуйгаад байхаар нь би өөрийн гарын үсгээ зурсан юм. Тэгээд Алау ваарын цайны газар дотор Г Жд мөнгө тоолж өгсөн. Ж авсан мөнгөний талаар дэвтэр дээрээ бичиж авсан. Тэр мөнгөө Ж ХААН банк дээр очоод гадаад руу шууд шилжүүлсэн. Миний бие Г, Ж нараас нэг ч төгрөг авч байгаагүй тул М.Зын нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй болно. Уг мөнгийг тоолж авснаараа Ш.Ж хариуцах болно” гэж,
Хариуцагч Ш.Ж нь “... тухайн үед Т.Г, М.З нар Т.Гд гэрээ байгуулж, мөнгө авсан байсан юм. Харин М.З, Т.Г нарын 10 сая төгрөгийг дансаар төлж өгсөн юм. 6280000 төгрөгийг Т.Г хариуцаж төлөх юм. М.З нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна” гэж тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Хариуцагч Т.Г, Ш.Ж нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нар өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч М.З, Т.Г нар болон хариуцагч Т.Г, Ш.Ж нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээж, Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Т.Г, Ш.Ж нар нь мөнгө шилжүүлэн авч, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хувь хүний зээлийн гэрээнд “... хэрвээ зээлдэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги тооцох болно, Ш Ж, Т Г бид хэрэв уг зээлийг хугацаандаа төлж чадахгүй тохиолдолд уг нотлох баримтыг үндэслэн шүүхэд хандвал ямар нэгэн гомдолгүй, гарч болох эрсдэл, зардлын хамт төлөх үүргийг бид бүрэн хариуцах болно, гэрээг талуудын хүсэлтээр хийгдэв, уг зээлийг бид өөрийн хүсэлтээр биечлэн бэлнээр хүлээн авлаа Ш.Ж, Г” гэж тус тус нэрээ бичиж, гэрээгээр талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо бүрэн илэрхийлж талууд гарын үсэг зурж баталгаажуулж, мөн талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна гэж үзлээ.
Хариуцагч Т.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... би мөнгийг төлж чадахгүй, мөнгийг Ж тоолж авсан учир Ж хариуцаж төлөх ёстой, гэрээнд нэхэмжлэгч нарын итгэлийг алдахгүйн тулд миний бие гарын үсэг зурсан. Тэрнээс биш гэрээнд заасан мөнгийг би огт аваагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлаж байгаа боловч энэ талаар хариуцагч Т.Г нотлох баримт гаргаж өгөөгүй учир зөвхөн хариуцагч Т.Ггийн тайлбараар хариуцагч Ш.Ж маргаан бүхий мөнгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлт хийх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Т.Г нь “... 6280000 төгрөгийг хариуцагч Т.Г, Ш.Ж нар нь төлөх мөнгө байхгүй гэж хугацаандаа төлөөгүй, гэрээгээр харилцан тохиролцсон ёсоор хүү төлөх ёстой байсан гэхдээ хариуцагч нарын байдлыг харгалзан хүүгээ хасаж, хариуцагч нараас 4500000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч Т.Г “... хүүгийн талаар Жтэй тохиролцсон, надад төлөх төлбөрийн чадвар байхгүй, төлөх мөнгө ч байхгүй” гэж үгүйсгэж байгаа боловч нэхэмжлэгч М.З, Т.Г нар нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 4500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.З, Т.Г нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 1780000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 86950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Зд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ш.Жд шүүх хуралдааны товыг шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Жийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.З, Т.Г нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 1780000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г, Ш.Ж нараас 86950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Зд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН