Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/639

 

 

 

 

 

 

 

 

   2023        10          04                                   2023/ШЦТ/639

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Очгэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 0000 01235 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б Б /РД:хх000000/, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр, хүүхдийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 0-0 тоотод орших суух хаягтай, урьд Ажилчны районы  ардын шүүхийн 1976 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-ийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх тухай 0 дугаар зарлигийн 6-ийн 2-т зааснаар оногдуулсан ялын тал хувийг хасаж 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн “б” ангид зааснаар 5 жил, мөн хуулийн 153 ”б”-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж 5 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Төв аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 5 жил, 153 дугаар зүйлийн “б”-д зааснаас 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж 5 жил хорих ялаар шийтгэсэн, Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600 төгрөгийн хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил, 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хугацаагаар тогтоосон, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 0 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар байрны гадна байрлах төмөр хашаанаас цоожилж үлдээсэн байсан хохирогч С.С ийн өмчлөлийн EVROBIKE брендийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 799.260 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч С.С ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10 дахь тал эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 29 дэх тал), Дамно ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ЧД1-23-700 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 16-19 дахь тал), шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч С.С  нь “...намайг хохиролгүй болгосон болно” (хавтаст хэргийн 81 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ хэрэгт прокуророос шүүгдэгч Б.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоохоор эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохиролцжээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялын альтернатив хувилбар болохын хувьд ялтныг нийгмээс тусгаарлахгүйгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх чөлөөтэй байх, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах эрхэд хязгаарлалт тогтоож гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино. Иймээс зорчих эрхийг хязгаарлах нь ял болохын хувьд хязгаарлалтын бүсчлэлийн хүрээг аль болох багаар тогтоож засаг захиргааны нэгжийн хамгийн бага нэгжийн сонгон авах, эсхүл хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг иргэний журамт үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хязгаарлалтын бүсчлэлээс гарч явахыг хориглох, маршрут тогтоож ял, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахад анхаарах нь зүйтэй.

Прокурор яллагдагчтай тохиролцсон зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсчлэл нь Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэж тогтоох нь хэт өргөн байх тул прокурорын ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би цахимаар зар тавиад мужааны ажлаа дуудлага өгсөн газраар явж хийдэг учраас 3 дүүргээр бүсчлэлээ тохирсон” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Б ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн боловч хамгийн сүүлд ял шийтгүүлснээс хойш 22 жил өнгөрсөн тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэж үзэх үндэслэлтэй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо цахилгаан унадаг дугуйг буцааж өгсөн, мөн цахилгаан унадаг дугуйнд учруулсан хохиролд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүх шүүгдэгч Б.Б ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Ийнхүү хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулав.

  Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэг Б овогт Б-ийн Б /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР