Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: М.Батзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг  

            Хохирогчийн өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

            Хохирогч: Б.Оюунчимэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Жаргалжавын Сэр-Одод холбогдох эрүүгийн 201603000301 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын Жарантай 9 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Их Монгол овогт Жаргалжавын Сэр-Од /РД:ОВ85041711/

 

            Шүүгдэгч Ж.Сэр-Од нь Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэр Чулуутын хавцал гэх газарт асфальтан зам дээр 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед УВХ улсын дугаартай микро маркийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 7 настай Ц.Төгсжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Ж.Сэр-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бураагаа хүлээж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хэргийн зүйлчлэл дээр ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 11-ний өдөр бид нар амралтаа аваад 2 машинтай нутаг авах гээд Завхан аймгийн Цагаан хайрхан сум руу явсан. Бид нар Чулуутын хавцал дээр зургаа авахуулах гээд зогссон, манай нөгөө машин маань Зуун салаа модон дээр зогссон гэдгийг бид нар мэдээгүй учраас Чулуутын хавцал дээр жил бүр зураг авахуулдаг ёсоороо зогссон. Би урагшаа саглагар модон дээр зураг гоё гардаг гэж зургаа авахуулчихаад, хад руугаа болж зургаа авахуулах гээд хоёр хүүгээ хөтөлсөн байснаа тавьчихаад, ахынх нь зургийг авахуулъя гээд хүүгийнхээ гарыг тавиад эргэхэд л маш муухай тормосны чимээ гарахаар нь эргээд харахад зам дээр нэг машин хоёр тийшээ гуйваад зогсож байхаар нь машин мөргөлдсөн байх гэж бодсон. Тэр үед би хүүхдүүдтэйгээ явж байсан учраас дүү чинь хаана байна гэж асуухад бид нарын эргэн тойронд хүү маань байхгүй байхаар нь гүйгээд очиход хүү маань бид нарын машины ард доошоо харсан байдалтай, цус гарсан нөжөрсөн, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Манай хүн хавцал талдаа цагаан мах нь эргэсэн гээд бие засч байснаа эргэж ирсэн. Манай хүү Найдан ахтай машин дээрээ очсоныг би огт хараагүй, харин хоёр ах нь дараа нь надад хэлэхдээ бид хоёр дүүгээ Найдан ахтай зогсож байхад дуудаагүй шүү дээ гэж байсан. Манай хүн тэгээд жолооч нь хаана байна гэсэн чинь жолооч гэх хүн микроноос гарч ирсэн. Би хүүгээ хараад ямар нэгэн тусламж дуудаач гэж орилж байгаад, машинаасаа хүүгээ хучиж явсан хөнжлөөрөө хүүгээ ороогоод Тариат сумын эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг рүү явж байхдаа аймгийн төв болон аврах алба, Архангай Тариатын эмнэлгийн эмч, хотын эмнэлэг гээд бүх л газар руу тусламж дуудаж ярьсан. Би байнга утсаар ярьсаар байгаад эмнэлэг дээр очсон. Намайг дуудахаар тэр бүр онцгой байдал, аврах алба ирэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд Тариат сумын эмнэлэг дээр эмчилгээ хийсэн. Би тэр үед байнга л тусламж дуудаж, аврах боломж хайж, аймаг хот руу ярьж, хүүгээ аваад нисдэг тэргээр хот руу явах гээд тусламж дуудаж байсан. Баяр болсон байсан учраас хүмүүс амарсан гээд онцгой байдлаас нисдэг тэргээр авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би аймгийн эмчийг дуудаад өгөөч гэсэн чинь хүүхдийг эмчилж байгаа эмч нь л түргэн дуудвал ирэх боломжтой, хувьд хүн би хүүхдээ авраач гэж дуудвал ирдэг тогтолцоо байхгүй гэж хэлсэн. Тэгээд аймгаас эмч 9 цагийн үед ирсэн. Эмч манай хүүг хөл, гар нь хугарсан, толгой нь гэмтсэн гэж хэлсэн. Хотын эмч нар руу байнгын хүсэлт гаргаж байгаад, хотоос баг ирээд үзэхдээ хүүг чинь тээвэрлэх боломжгүй, хүнд гэмтэлтэй байгаа учраас 14 ч юм уу хоноод хүүгээ хүссэнээрээ тусгай багаа дуудаад хүүгээ авч явах боломжтой, нисдэг тэрэг агаар хэлбэлздэг учраас хүнд гэмтэлтэй хүүхдийг тээвэрлэж болохгүй гэж хэлсэн. Би хүүгээ тэнхрэхийг хүлээж байсан, манай хүү байнга унтуулах тариа хийж байсан. Би хүүгээ тухайн үед аврагдана гэж бодож байсан, гэтэл шинжээчийн дүгнэлтийг харахад хэзээ ч аврагдахааргүй маш хүнд гэмтэл учирч дотор эрхтэн, зүрх, бяцарсан байсан. Жолооч нэг л удаа дуут дохио өгч анхааруулсан бол миний хүү зогсох байсан. Манай хүү сургууль руугаа явахдаа 2 ч зам гардаг, манай хүү байнга замын хөдөлгөөнд оролцдог байсан, огт замын хөдөлгөөнд оролцож мэдэхгүй хөдөөний хүүхэд биш байсан. Тухайн үед тоноглогдсон машиныг дуудах гэсэн боловч хүүхдийнхээ биеийн байдлыг 7 хоног ч гэсэн тогтворжуул гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг харахад гурван хоног агуу их тэсвэр тэвчээрээр, намайг хээр зул өргөх газаргүй байх вий гэж бодсондоо тэвчсэн байна гэж бодож байна. Би хүүгээ тэнд нутаглуулахад эмнэлгийн эмч, сувилагч нар нь хамт байж хүний газар биш юм шиг байсан. Миний хүү угаасаа аврагдах боломжгүй байсан юм байна лээ. Энэ хүн хурдаа тохируулаад, ядаж нөгөө тийшээ дарсан бол бид нар ийм тохиолдлоор учрахгүй байсан байх гэж бодож байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Оюунчимэгийн: “...Би гэр бүлийн хамт 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Завхан аймгийн Цагаанхайрхан сум орохоор Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд явсаар өдөр 13-14 цагийн үед Чулуут голын хавцалын хажууд зогсоод бид нар бууж зургаа авахуулсан. Бид нар бүгдээрээ зургаа авахуулчихаад  явах гэж байсан чинь манай нөхөр модон дээрээс зураг гоё гарна, ээжийнхээ зургийг аваад өгчих гэж хэлээд машин руу гүйгээд явсан. Бид нар зургаа авахуулаад үлдсэн. Би модон дээр зургаа авахуулчихаад дунд хүү Түвшинбатын зургийг авч өгөх гэсэн чинь айгаад байхаар нь хөтлөөд ингээд авахуулчих гэж хэлээд эргэж хартал зам дээр нэг машин хүчтэй тормослоод чахарч дуугарч микро автобус дайвалзаад гуйваад зогссон. Тэгэхээр нь дүү чинь хаана байна гэж асуусан чинь ойр хавьд байгаагүй. Тэгээд гүйгээд очтол машин зам дээр манай машины ард 2-3 м орчмын зайтай хэвтэж байсан. Хамаг юмнаас нь цус их гарч байсан, доошоо харчихсан хэвтэж байсан, толгой хэсгээс нь маш их цус гарч байсан учир туслаарай, түргэн дуудаарай гэж би орилсон. Манай нөхөр тэр машин руу очоод жолооч нь хаана байна, тойроод гарах боломжтой байсан байхад гэж орилсон чинь тэр машинаас хүн гарч ирсэн харагдсан боловч жолоочийг нь нөхөр асуугаад байсан, тэгээд өөрсдийнхөө машинд хүүгээ суулгаад Тариат сумын эмнэлэг рүү явсан. Манай хүү намайг зам дээр очиход хөдөлгөөн байхгүй, ухаангүй байсан бөгөөд огт ухаан орохгүй байж байгаад эмнэлэгт 3 хоноод нас барсан. Эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотоос эмч нар ирээд нэмэр болсонгүй. Эмч нар биеийн байдлыг нь тогтворжтол зөөвөрлөж болохгүй, энд эмчилгээ хийх шаардлагатай, биеийн байдал нь тогтворжихоор нь зөөвөрлөх хэрэгтэй, гар хөл нь хугарсан, тархиндаа гэмтэлтэй гэж хэлсэн. Би машиныг ирж байхыг хараагүй, машин зам руу хараагүй зогсож байсан учраас хэдэн миллтэй явсан гэдгийг мэдэхгүй байна. Замын аль хэсэгт, машин аль хэсгээрээ мөргөсөн гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Унасан газар нь манай машины ард байсан. Манай хүүхэд урсгал сөрж ороогүй байх гэж бодож байгаа. Тэр машин нь Улаанбаатар хотын чиглэлд явж байсан машин байгаа юм. Машин аль хэсгээрээ мөргөсөн гэдгийг хараагүй. Өөр гэмтэл авсан хүн байхгүй. Манай хүүхэд ухаангүй байсаар байгаад нас барсан, огт ухаан ороогүй. Манай дүү Халиунаа, ах Найдан, нөхөр Цагаанбаатар, манай 2 хүү болох Түвшинбат, Түмэнжаргал нар байсан. Гэхдээ бид нар бүгд зургаа авахуулаад яг мөргөхийг нь хараагүй. Найдан ах болон манай нөхөр Цагаанбаатар нар харсан гэсэн. Тэр жолоочийг нь мэдэхгүй, яараад сумын эмнэлэг рүү явсан. Цагдаад хэн дуудлага өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн автомашины жолооч зогсоох арга хэмжээ авсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан тормос хүчтэй чийхарч дуугарсан бөгөөд манай хүүхдийг мөргөсний дараа дуугарсан юм уу, өмнө нь тормослосон гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй. Би эмнэлэг рүү хүүхдээ оруулаад 103, 101, 105 гээд олон газар руу дуудлага өгч нэгдсэн эмнэлгээс зөвлөх эмч гэж залуу 11-ний өдрийн орой ирээд явсан. Сумын эмнэлэг ямар онош тавьж ямар эмчилгээ хийсэн гэдгийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Маш сайн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тухайн автомашинд ямар нэгэн эвдрэл учирсан гэдгийг хараагүй. Хүчтэй тормос дуугарч хэр хол явсан гэдгийг анзаарч чадаагүй, хүчтэй чахарч дуугараад яваад байсан, хол явсан байх гэж бодож байна. Би тухайн үед айж сандарсандаа болоод болсон асуудлын талаар нарийн анзаарч чадаагүй, хүүхдээ гэж хашгираад тусламж дуудаад байсан. Микро автобус харагдсан, өөр ямар ч зүйл анзаараагүй, жолоочийг аль нь гэдгийг мэдээгүй, хүмүүс гарч ирж байсан. Тэр машинд хичнээн, ямар хүмүүс явж байсан талаар нарийн сайн мэдээгүй. Тэр машин маш хурдтай явсан бөгөөд жолооч ямар ч овсгоо самбаа ашиглаагүй, хүүхдээс зөрөөд гарах боломж байсан гэж бодож байна. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. 7 настай хүүхдээ алдсан хүн гомдолтой байна, гомдолгүй байна гэж байхгүй. Харин нэхэмжлэх зүйлтэй холбоотой одоогоор мэдэх зүйл байхгүй байна. Хүний хуруухан чинээ хүүхэд дайрчихаад биеийн биеийн байдлыг нь ч болов асуухгүй, хүн чанар гэж байдаггүй юм байх гэж бодсон. Гэхдээ хүүхдээ аврахаас өөр ямар ч бодол надад байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/

                       

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Цагаанбаатарын: “...Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Улаанбаатар хотоос Завхан аймаг орохоор 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө гарч, өдөр 14 цагийн үед /цаг хараагүй учир нарийн сайн мэдэхгүй байна/ Чулуут голын хавцал дээр ирээд манайхан бууж зургаа авахуулсан. Тэр хооронд би бие засахаар замын баруун тал руу гарсан. Намайг бие засаад байж байтал хүү Төгсжаргал миний машины ард гараад ирчихсэн байж байсан. Тэгэхээр нь би хүүе гэж хэлээд гараараа цаашаа гэж даллаад босоод ирэх хооронд өмдөө татаад хартал миний хүүг Тариат сум чиглэлээс ирсэн саарал өнгийн микро автобус мөргөсөн. Хүү тухайн үед куртик шидэж байгаа юм шиг хөөрөөд 4-5 метр хол шидэгдээд замын гол хэсэгт унаж өнхөрсөн. Нөгөө машин хэтэрч яваад замын хажуу руу шахаад зогссон. Тэгээд хүү дээр гүйгээд очтол ам хамар, 2 чихнээс нь цус гарчихсан байсан бөгөөд амнаас нь гарсан цус нөжөрсөн цус байсан. Манай хүү доошоо харсан байрлалтай, толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай байсан. Тийм хурдан нөжирнө гэж байхгүй байх, нөж гарсан байсан. Тэгээд манай эхнэр хүүхэд гүйж ирсэн. Машинаас 2 залуу гарч ирээд нэг жижиг залуу нь пизданууд чинь гэхээр нь би, чи жолооч нь юм уу, чи хүн дайрчихаад юу гээд байгаа юм гэж хэлээд хөөсөн чинь зугтаагаад гүйсэн. Би тухайн үед хүү дээрээ очоод нас барсан байна гэж ойлгосон. Тэр зугтаасан залуу би зорчигч гээд зугтаасан, эргэж ирээгүй. Би жолооч нь хаана байна гэж орилоход эргэж ирэхгүй байсан. Тэр үед хүү амьд байна, эмнэлэг явъя гэж эхнэрийг хэлэхээр нь шууд өөрсдөө боож аваад Тариат сумын эмнэлэг рүү явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд манай хүү эмнэлэгт ухаангүй 3 хоноод нас барсан. Тариат сумын эмчилгээ, үйлчилгээ сайн байсан ч хүнд гэмтсэн байсандаа нас барсан байх гэж бодож байна. Би осол гарахыг харсан бөгөөд өөр хэн харсан гэдгийг мэдэхгүй байна. Замынх нь хажуугаас мөргөж байгаа харагдсан. Тоормосны чимээ гарсан. Дэндүү хурдтай явсан болохоор их хол дугуйн мөр нь гарсан байсан. Тормослоод мөргөсөн, тэгээд л шидэгдсэн. Тэр жолооч туршлагагүй тормос гишгээд чигээрээ очоод мөргөсөн, хажуу тал руу нь дарсан мөр байгаагүй. Би жолооч хүн учраас тэр машиныг багцаагаар 100 миллийн хурдтай явсан байх гэж бодож байна. Тэр машин их хурдтай явсан, тиймдээ ч их хол тоормослоод зогссон. Би тухайн үед их сандарсан болохоор нарийн зүйлийг анзаараагүй байна лээ. Жолоочийг нь мэдэж чадаагүй, микро автобус дотор байсан хүмүүс бууж ирээгүй, толгой нь цухалзаад байсан. 2 залуу бууж ирсэн бөгөөд аль нь жолооч гэдгээ хэлэхгүй байсан. Би дараа нь машиныг нь харахад зүүн урд талын гуферт халцарсан, үрчийсэн гэхээр шинэ ором гарсан байсан. Би тэр хавиараа мөргөсөн байх гэж бодож байгаа. Замын аль хэсэгт мөргөсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Осол гаргасан машинд хичнээн ямар хүн сууж явсан талаар огт мэдэхгүй байна. Харин би эхнэр Оюунчимэг, том хүү Түмэнжаргал, дунд хүү Түвшинбат, тэгээд талийгаач хүү Төгсжаргал, эхнэрийн дүү Халиунаа, эхнэрийн төрсөн ах Найдан нартай явсан. Манайхан гэхдээ хавцалын эрэг дээр зургаа авахуулж байсан. Тухайн үед сандарсандаа нарийн зүйлийг анзаарч чадаагүй. Миний хүү миний машины араар 1 метр орчим зайтай гарч ирээд миний машины ард зогссон. Би цаашаа гэж хэлээд босч ирээд харсан чинь мөргөсөн. Машиндаа суух гэж гарч ирсэн байж болно, яагаад гэвэл тэнд суудаг, ундаа чихэр жимсээ тэнд тавьсан байсан. Тэр залуу хурд ихтэй явсан учраас осол гарсан гэж бодож байна. Өөр осол гарах шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/  

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Хуягийн: “...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын үед ухаангүй байдалтай хүүхдийг өөрсдийн машинаар хүргэж ирсэн, шалтгааныг нь машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Биедээ ил харагдах зүүн талын дух, хамар, баруун талын хацар, 2 өвдөг гээд нилээд олон тооны зулгаралттай, хамар, ам, 2 чихнээс нь цус гарсан байдалтай ирсэн. Тархины тархмал хүнд гэмтэл, зүүн дунд чөмөг хугарсан, зүүн тохойны үе дайрсан хугаралтай, зүүн духны яс цөмөрсөн гэж онош тавьж цаашдаа хүүхэн хараа хоёр талд ижил нарийссан, гэрлийн болон эвэрлэгийн реплекс байхгүй, 2 чихнээс цус гарсан зэрэг шинж тэмдгүүдээр нэмэлт духны ясны цөмрөлт, суурь ясны хугарал, тархины түгээмэл няцрал, тархины хаван зэргийн шинж илэрч байна гэж үзэж мозогвой ком /тархины ком/ гэсэн ерөнхий онош тавьж энэ чиглэлийн эмчилгээ хийсэн. Аймгаас гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Мөн Улаанбаатар хотоос гэмтлийн эмч нарын баг дуудаж үзүүлсэн. Хөдөлгөж болохгүй, тээвэрлэж болохгүй, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээг үргэлжлүүлэх талаар зөвлөөд мэс засал хагалгаа хийх боломжгүй гэдгийг зөвлөсөн. Энэ чиглэлийн эмчилгээг 3 хоног хийсэн боловч хүүхдийн биеийн байдал дордсоор 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутанд тархи зүрхний дутагдлаар нас барсан. Тэр чиглэлийн ямар нэгэн багаж төхөөрөмж байхгүй, илэрч байгаа шинж тэмдгүүдэд бодит үзлэгээр онош тавьж байгаа. Төгсжаргалын гэмтэлд ямар нэгэн харшлах эмчилгээ хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-52-55 дугаар тал /

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Халиунаагийн: “...Би гэрчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би Сэр-Од гэх хүнийг танихгүй. Би талийгаач Төгсжаргалыг танина. Би түүний нагац эгч нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө. 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг явах замд Архангай аймгийн Чулуутын хавцалын хажуугаар 48-69 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн машинаар Оюунчимэг, Цагаанбаатар, Найдан, Түвшинбат, Төгсжаргал, Түмэнжаргал нарын хамт зорчиж яваад бид нар Чулуутын хавцалын 14-15 цагийн орчимд түр амарч зураг даруулах гээд бууцгаасан. Тэгээд бид зураг даруулаад зогсож байтал гэнэт манай дүү Төгсжаргал төв замын хажуугийн шороон зам дээр Завхан аймаг явах зүгт байсан аавынхаа машины ард зогсож байсан. Тэгээд би Төгсжаргалыг араас нь хөөе Төгсжаргалаа гээд дуудтал цаашаа гүйсэн. Тэгээд цаашаа гүйгээд чигээрээ зам гарах гэж байгаад нааш эргэтэл эсрэг урсгалаас нь микро автобус орж ирсэн. Тэгээд манай дүүг тэр машин орж ирээд мөргөсөн. Би хол зайтай байсан бөгөөд ойролцоогоор 20 м зайтай байсан. Тэгээд би хөөе гээд дуудтал гэнэт машин орж ирээд мөргөсөн. Тухайн осол болох үед Цагаанбаатар ах ертөнцийн зүгээр уг төв замын баруун талд байсан. Оюунчимэг эгч модны хажуу талд зургаа авахуулж байсан. Найдан ах машины хажуу хэсэгт байсан. Тухайн осол болох үед Түвшинбат болон Түмэнжаргал нар нь Чулуутын хавцалын тэр хэсэгт байсан учраас тухайн осол болохыг хараагүй. Тухайн осол болох үед би талийгаачийг харж байсан юм. Яг мөргүүлэх үед нь Цагаанбаатар ах цаад талаас нь харсан гэсэн. Өөр харсан хүн байгаагүй. Түвшинбат болон Түмэнжаргал нар нь хавцалын доор байсан. Цагаанбаатар ах Завхан аймгаас Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл зорчих урсгалын цаад талд байсан. Найдан ах машины гадаа зогсож байсан, харин Оюунчимэг эгч модны хажууд байсан. Би тухайн үед талийгаачийг машин зам руу орж магадгүй гэж бодоод хөөе гэж араас нь дуудсан. Өөр зорилго надад байгаагүй. Талийгаач намайг дуудахад ертөнцийн зүгээр замын зүүн талд Улаанбаатар хотоос Завхан явдаг шороон зам дээр зогсож байсан. Талийгаачийг замын аль хэсэгт машин мөргөсөн, мөн машин аль хэсгээрээ мөргөсөн гэдгийг би хараагүй, харах боломж байгаагүй. Тухайн үед тэр машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна, их хурдтай явж байсан. Миний сонссоноор тормос гишгэх, чихрах чимээ гарсан, өөр ямар арга хэмжээ авсан болохыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч Х.Наранбаатарын: “...Би Сэр-Од болон хохирогч нарыг танихгүй, ямар нэгэн харьцаа байхгүй, найз нөхөд болон төрөл садангийн холбоо байхгүй. Би Баатарсамбуу болон Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй тухайн дүгнэлтийг хэргийн материалыг үндэслэж гаргасан. Тухайн осол нь дүгнэлтийн 4-д тусгагдсанаар жолооч Сэр-Од хурдаа тохируулаагүй, өөрөөр хэлбэл Сэр-Од тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалтыг зөрчиж уг осол гарсан байна. Осол гарсан зам дээр эсрэг урсгалд зам чөлөөлж зогссон машин зогсож байхад тэр орчимд аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх, болгоомжлох, жолоодож яваа машины урдуур хүн гарч ирэх, гүйж болзошгүй гэдгийг жолооч тооцоолж хурдаа тохируулж, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах ёстой. Явган зорчигч нь тухайн үед замын үзэгдэх хэсгийн хүрээнд явган хүний гарцтай хэсгээр гарах ёстой, гарц байхгүй тохиолдолд аюулгүй байдлаа хангасан нөхцөлд замын 2 чиглэлийг харж байж гарах ёстой. Мөн ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглосон байдаг. Мөн талийгаачийн эцэг, эх, асран хамгаалагчид нь бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн боловч, уг осол гарахад энэ зөрчил нөлөөлсөн гэж шууд үзэх боломжгүй. Харин хүүхэд гүйж гарч ирэх үед тээврийн хэрэгслийн жолооч бүрэн зогсоох арга хэмжээ авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 дүгээр тал/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд: “...1.Талийгаач Ц.Төгсжаргалын биед оношийн 1-рт тусгагдсан гавал тархи, цээжний хөндийн битүү хүнд гэмтэл, дотор эрхтэний доргилтын шинж, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, 3-рт тусгагдсан зүүн талын 1-8-р хавирганы хугарал, зүүн бугалга ясны доод хэсгийн тохойн үе рүү орсон далд хугарал, зүүн дунд чөмөг ясны дээд хэсгийн далд хугарал, нүүр, биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх хавсарсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, доргих, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Осолд орсон нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 3. Гавал тархи, цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, дунд чөмөгний далд хугарал нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь тархины битүү хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Тариат СДЭ-ийн №518 тоот өвчний түүхэнд: 2016 оны 07 сарын 14-ний өдөр 11 цаг 30 минутанд нас барсан гэж тэмдэглэгджээ. 7. Талийгаач Ц.Төгсжаргал нь В III-р бүлгийн цустай байна. 8.9. Талийгаач С.Төгсжаргалын биед СДЭ-н эмч, аймгийн мэс засал, гэмлийн эмч, ГССҮТ-н эмч нар үндсэн гэмтэл ба түүний хүндрэл, дагалдах оношийг зөв тавьсан байна. Сум дундын эмнэлэгт Рентген, КТ оношлогоо байхгүй тул дух ясны цөмөрсөн хугарал гэсэн онош тавигдсан байна. Шинжилгээгээр дух ясны хугарал тогтоогдоогүй, харин духны зүүн дээд хэсэгт зулгаралт, хуйхан доор цус хуралт, язарсан шархтай байсан тул энэ нь гаднаас тэмтрэхэд хонхор зөөлөн байсан тул бодит үзлэгээр дух ясны хугарал гэж оношилжээ. Зүүн талын 1-8-р хавирганы гялтанг гэмтээгээгүй хугарлууд Рентгенд хараагүй тул оношлогдоогүй боловч эмч нар бодит үзлэг, эмнэл зүйн шинж тэмдэгээр уушигны няцралыг зөв оношилсон байна. Талийгаачид эмчилгээ, сувилгаа стандартын дагуу зөв хийгдсэн байна. Үхэлд нөлөөлөхүйц эмчилгээ хийгдээгүй. 10. Шинжилгээгээр гавал тархинд мэс засал хийх заалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл тархины хатуу бүрхүүл хальсан дээрх, доорх цусан хураа, гавлын яс хугарсан, цөмөрсөн, олон хэлтэрхийт хугарал гэмтэлтэй үед энэ нь тархины хатуу хальс болон тархины эдийг гэмтээхүйц болсон, цусан хураа үүсч тархи дарагдах үед хагалгааг тархины дарагдалтыг чөлөөлөх зорилгоор хийдэг. Дээрх тохиолдолд бодит үзлэгээр тархины голомтот шинж, саа саажил, тархи дарагдлын шинж илрээгүй, тархины хаван, тархины няцрал давамгайлсан хүнд гэмтэл байсан тул мэс засал хийхгүй, мөн тээвэрлэхгүй. Хагалгаа хийгдэхгүй ч аль эмнэлэгт хийгдэх ёстой гавал тархины эмгэг жамын болон сэхээн амьдруулах бусад эрчимт эмчилгээнүүд хийгдэж байжээ. 11. Талийгаачийн биеийн байдал маш хүнд, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тогтворжоогүй, улам бүр муудсаар байсан тул УБ хот руу тээвэрлэх боломжгүй байсан...” гэх дүгнэлт /хх-102-105 дугаар тал/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтэд: “...1. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч М.Бат-Эрдэнийн гаргасан 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.1 Тухайн үед жолооч Ж.Сэр-Од нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.2 Явган зорчигч Ц.Төгсжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.В-д “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.В-д  “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг зөрчсөн. 3. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал болон өөр нэгэн хүчин зүйл  нөлөөлсөн зүйл илрээгүй. 4. 65-83 УВХ улсын дугаартай микро автобусын жолооч Ж.Сэр-Од нь тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс уг осол гарсан байна. 5. Авто тээврийн үндэсний төвийн тус аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтээр осолд холбогдсон 65-83 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем гэмтэлтэй, тоног төхөөрөмжөөр шалгахад хойд хоёр дугуйны тормос барихгүй байв гэснээс үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан байна. Осол болоход нөлөөлсөн байх боломжтой. 6. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. /эцэг,эх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ 7. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.Г-д “Суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашин тэвшинд хүн тээвэрлэх үед 70 км цагийн хурдтай явах  ёстой. 8. Хурдыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-168-дугаар тал/

 

Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн техникийн шинжилгээний дүгнэлтэд “...1. Дээрх тээврийн хэрэгслийн тормосны систем гэмтэлтэй ба тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд хойд хоёр дугуйны тормос барихгүй байв. 2. Техникийн үзүүлэлтээр зөрчилтэй гарсан тул зөрчлийг арилгасан тохиолдолд зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжтой юм. 3. Тээврийн хэрэгслийн суурин тоног төхөөрөмжөөр үзээд техникийн үзүүлэлтийг хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 164 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн яллагдагч Ж.Сэр-Одын: “...Би өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аймагтаа байж байтал Баян-Өлгий  аймгаар дамжиж ирсэн гээд 11 хятад иргэн Улаанбаатар хот явна гэхээр нь хөлсөөр Улаанбаатар хот руу орохоор Увс аймгаас 15 цагийн үед гарсан. Тэгээд явсаар Архангай аймгийн Тариат сумын нутагт ирсэн бөгөөд ирэх замдаа бид нар машиндаа 2 удаа хэсэг унтсан. Тэгээд Тариат сум хэтрээд Чулуутын хавцал гэх газар ирэх үед Тариат сумын чиглэлд явж байгаад зогссон Приус маркийн автомашины ар талаас миний машины араар бага насны хүүхэд гүйгээд зам гарч шороон /хатуу хучилттай захын/ хэсэг дээр очоод буцаад гүйсэн. Би тэр хүүхдийг замаас баруун тийш гарах гэж явахад нь тойрох маягтай зүүн гар тал руугаа шахаад зам голлоод явтал тэр хүүхэд буцаад гүйсэн. Тэр үед би тормос гишгээд зүүн гар тал руугаа дараад гарч амжилгүй, машины баруун урд дохионы орчмоор хүүхдийг мөргөсөн. Замын гол тусгаарлах шугам орчимд хүүхдийг мөргөөд замын зүүн талын ирмэг хүрээд буцаад замаа чөлөөлөөд зогссон. Мөргөчихөөд зогсоогүй. Мөргөмөгц хүүхэд ойгоод унах шиг болсон, яг унасан гэдгийг мэдээгүй, харж чадаагүй, хэтрээд явсан байсан. Машинаас буугаад иртэл хүүхдийн аав нь замын баруун талаас гарч ирээд миний хүүхдийг алчихлаа гээд орилоод, жолооч нь хэн бэ гээд байхаар нь айсандаа жолооч гэдгээ хэлэлгүй, хурдан хүүхдийг авч эмнэлэг явцгаая гэж хэлсэн. Тэр үед хамт явсан хүнийг жолооч мөн үү гээд хүүхдийн аав хөөгөөд байсан. Тэр үед хүүхэдтэй хамт явсан хүмүүс ирцгээж хүүхдийг Тариат сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэрний дараа надтай хамт явсан хүн цагдаа дуудсан чинь удалгүй цагдаа нар ирсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Гэтэл хүүхэд эмнэлэгт 3 хоноод нас барсан. Санаандгүй хүүхэд зам руу буцаж гүйснээс болж тухайн осол гарсан гэж бодож байна. Би хүүхдийг урдуур гүйхээр нь гаргах гэж зүүн тал руугаа дарж тормос гишгэсэн. Хүүхэд мөргөхөөс өмнө тормос гишгээд жолоогоо зүүн гар тийш дараад гаргаж чадаагүй. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсан гэдгээ хараагүй, гэхдээ 60-71 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өөр нөлөөлсөн зүйл байхгүй. Гэхдээ зам дээр тавьсан байсан хохирогч нарын Приусны араас хүүхэд харагдахгүй байж байгаад гэнэт л гараад ирсэн. Машинд эвдэрсэн зүйл байхгүй. Баруун гар талын дохио салсан, гуфер хөндийрсөн байсанг буцаагаад хийсэн бөгөөд ослоос болж ямар нэгэн зүйл эвдрээгүй. Миний машины тормосны болон бусад эд анги бүгд бүрэн. Урд сууж явсан нэг Хятад эмэгтэй Улаанбаатар хот орохоор явж байсан Болд-Очир гэдэг залуу хоёр харсан, харин бусад нь хойд суудалд сууж явсан, зарим нь унтаж явсан байх, хойд суудлаас чөлөөтэй харагдахгүй болохоор хараагүй байх. Тэнд байсан хүмүүсээс хэн хэн нь харсан гэдгийг мэдэхгүй байна. Хүүхэд эхлээд Приус машины араас зам хөндлөн гүйгээд гарсан. Тэгснээ араар нь гарах гэтэл замын захын шороо хүрээд миний урдуур буцаад гүйсэн. Хүүхэд юунаас болж буцаж гүйсэн гэдгийг мэдэхгүй байна. Сүүлд нь Тариат сумын цагдаа дээр байхад эгч нь гээд нэг эмэгтэй талийгаач хүүхдийг зам хөндлөн гарч явахад нь араас нь нэрээр нь дуудсан гэж ярьж байсан. Тэрнээс болоод буцаж гүйсэн байх гэж бодож байна. Хүүхэд буцаж гүйгээгүй бол осол гарахгүй байсан. Би 2004 онд Увс аймагтаа курс төгсөөд жолооны үнэмлэх авсан. “ВСД” ангилалын үнэмлэхтэй. Машин бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Хас банкны зээлээр авсан болохоор Хас банкны нэр дээр байдаг. Д ангилалын үнэмлэхээр жолоодох ёстой. Би тендертэй нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, хот орох гэж яваа Хятад улсын иргэд хүргээд өг гэхээр нь хөлсөөр явсан.

Би зүйл ангийг ойлголоо хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч М.Алтанчимэгийг өөрийн өмгөөлөгчөө сонгон авсан байгаа. Би өмгөөлөгчийн хамтаар байцаан шийтгэх бүхий л ажиллагаанд оролцоно. Би мэдүүлэг өгнө. Би 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр БНХАУлсын 11 иргэн, нэг монгол иргэний хамтаар 65-83 УВХ улсын дугаартай микро автобустай Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Чулуутын хавцал гэх газар Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Ц.Төгсжаргалын амь насыг хохироосон. Би тухайн үед автомашиныг жолоодож явсан. Би ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би зогсоох арга хэмжээ авч тормослосон. Талийгаач Төгсжаргал нь зам хөндлөн гарч гүйчихээд буцаад гүйсэн. Тэгээд түүнийг мөргөчихсөн. Тухайн хүүхэд буцаж гүйгээгүй байсан бол осол гарахгүй байсан. Би тухайн хүүхдийг буцаж гүйнэ гэж бодоогүй. Нөгөө хүүхэд асфальтан замаас гараад замын хөвөөн дээрээс буцаад гүйсэн юм. Тэгээд зогсоох арга хэмжээ авсан боловч амжаагүй мөргөсөн юм. Би хохирлын мөнгийг 5.000.000 гаруй төгрөг өгсөн байгаа. Тухайн үед нартай цэлмэг байсан. Тухайн үед баяр наадам болж байсан учраас хөдөлгөөн их байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136, 138-139 дугаар тал/

 

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12х/

* Фото зургийн үзүүлэлт /хх-13-34, 37-41, 123-126х/

* Ослын газрын схем зураг /хх-08-09х/

* Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-36х/

* Ц.Төгсжаргалын эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-112-122х/

* Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн засаг даргын 2016 оны 07 сарын 24-ний өдрийн 168 дугаартай тодорхойлолт /хх-128х/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-143-144х/

* Хас банкны тодорхойлолт /хх-145х/

* Хохирлын баримт /хх-160-165х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Сэр-Од нь Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэр Чулуутын хавцал гэх газарт асфалтан зам дээр 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед УВХ улсын дугаартай микро маркийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч 7 настай Ц.Төгсжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Оюунчимэгийн “...Би модон дээр зургаа авахуулчихаад дунд хүү Түвшинбатын зургийг авч өгөх гэсэн чинь айгаад байхаар нь хөтлөөд ингээд авахуулчих гэж хэлээд эргэж хартал зам дээр нэг машин хүчтэй тормослоод чахарч дуугарч микро автобус дайвалзаад гуйваад зогссон. Тэгэхээр нь дүү чинь хаана байна гэж асуусан чинь ойр хавьд байгаагүй. Тэгээд гүйгээд очтол машин зам дээр манай машины ард 2-3 м орчмын зайтай хэвтэж байсан. Хамаг юмнаас нь цус их гарч байсан, доошоо харчихсан хэвтэж байсан, толгой хэсгээс нь маш их цус гарч байсан учир туслаарай, түргэн дуудаарай гэж би орилсон. Тэгээд өөрсдийнхөө машинд хүүгээ суулгаад Тариат сумын эмнэлэг рүү явсан. Манай хүү намайг зам дээр очиход хөдөлгөөн байхгүй, ухаангүй байсан бөгөөд огт ухаан орохгүй байж байгаад эмнэлэгт 3 хоноод нас барсан...” гэх мэдүүлэг /хх-46-48х/, гэрч Н.Цагаанбаатарын “...Тэгэхээр нь би хүүе гэж хэлээд гараараа цаашаа гэж даллаад босоод ирэх хооронд өмдөө татаад хартал миний хүүг Тариат сум чиглэлээс ирсэн сааралд өнгийн микро автобус мөргөсөн. Хүү тухайн үед куртик шидэж байгаа юм шиг хөөрөөд 4-5 метр хол шидэгдээд замын гол хэсэгт унаж өнхөрсөн. Нөгөө машин хэтэрч яваад замын хажуу руу шахаад зогссон. Тэгээд хүү дээр гүйгээд очтол ам хамар, 2 чихнээс нь цус гарчихсан байсан бөгөөд амнаас нь гарсан цус нөжөрсөн цус байсан. Манай хүү доошоо харсан байрлалтай, толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай байсан. Тийм хурдан нөжирнө гэж байхгүй байх, нөж гарсан байсан. Тэгээд манай эхнэр хүүхэд гүйж ирсэн. Тэр үед хүү амьд байна, эмнэлэг явъя гэж эхнэрийг хэлэхээр нь шууд өөрсдөө боож аваад Тариат сумын эмнэлэг рүү явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд манай хүү эмнэлэгт ухаангүй 3 хоноод нас барсан. Замынх нь хажуугаас мөргөж байгаа харагдсан. Тоормосны чимээ гарсан. Дэндүү хурдтай явсан болохоор их хол дугуйн мөр нь гарсан байсан. Тормослоод мөргөсөн, тэгээд л шидэгдсэн. Тэр жолооч туршлагагүй тормос гишгээд чигээрээ очоод мөргөсөн, хажуу тал руу нь дарсан мөр байгаагүй. Би жолооч хүн учраас тэр машиныг багцаагаар 100 миллийн хурдтай явсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-49-51х/, гэрч Э.Халиунаагийн “...Тэгээд би Төгсжаргалыг араас нь хөөе Төгсжаргалаа гээд дуудтал цаашаа гүйсэн. Тэгээд цаашаа гүйгээд чигээрээ зам гарах гэж байгаад нааш эргэтэл эсрэг урсгалаас нь микро автобус орж ирсэн. Тэгээд манай дүүг тэр машин орж ирээд мөргөсөн. Би хол зайтай байсан бөгөөд ойролцоогоор 20 м зайтай байсан. Тэгээд би хөөе гээд дуудтал гэнэт машин орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-157-158х/, гэрч Х.Наранбаатарын “...Тухайн осол нь дүгнэлтийн 4-д тусгагдсанаар жолооч Сэр-Од хурдаа тохируулаагүй, өөрөөр хэлбэл Сэр-Од тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалтыг зөрчиж уг осол гарсан байна. Осол гарсан зам дээр эсрэг урсгалд зам чөлөөлж зогссон машин зогсож байхад тэр орчимд аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх, болгоомжлох, жолоодож яваа машины урдуур хүн гарч ирэх, гүйж болзошгүй гэдгийг жолооч тооцоолж хурдаа тохируулж, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах ёстой...” гэх мэдүүлэг /хх-170-171х/, шүүхийн шинжилгээний албаны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд: “...1.Талийгаач Ц.Төгсжаргалын биед оношийн 1-рт тусгагдсан гавал тархи, цээжний хөндийн битүү хүнд гэмтэл, дотор эрхтэний доргилтын шинж, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, 3-рт тусгагдсан зүүн талын 1-8-р хавирганы хугарал, зүүн бугалга ясны доод хэсгийн тохойн үе рүү орсон далд хугарал, зүүн дунд чөмөг ясны дээд хэсгийн далд хугарал, нүүр, биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх хавсарсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, доргих, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Осолд орсон нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 3. Гавал тархи, цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, дунд чөмөгний далд хугарал нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь тархины битүү хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-102-105х/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтэд: “...1. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч М.Бат-Эрдэнийн гаргасан 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.1 Тухайн үед жолооч Ж.Сэр-Од нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцог нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-168 х/, шүүгдэгч Ж.Сэр-Одын “...Тэр үед би тормос гишгээд зүүн гар тал руугаа дараад гарч амжилгүй, машины баруун урд дохионы орчмоор хүүхдийг мөргөсөн. Замын гол тусгаарлах шугам орчимд хүүхдийг мөргөөд замын зүүн талын ирмэг хүрээд буцаад замаа чөлөөлөөд зогссон. Мөргөчихөөд зогсоогүй. Мөргөмөгц хүүхэд ойгоод унах шиг болсон, яг унасан гэдгийг мэдээгүй, харж чадаагүй, хэтрээд явсан байсан. Машинаас буугаад иртэл хүүхдийн аав нь замын баруун талаас гарч ирээд миний хүүхдийг алчихлаа гээд орилоод, жолооч нь хэн бэ гээд байхаар нь айсандаа жолооч гэдгээ хэлэлгүй, хурдан хүүхдийг авч эмнэлэг явцгаая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-134-136, 138-139х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Сэр-Одын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, талийгаач Ц.Төгсжаргалын амь нас хохирсон, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос Ж.Сэр-Одод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Сэр-Од нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-143-144х/ тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Монгол овогт Жаргалжавын Сэр-Одыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар шүүгдэгч Ж.Сэр-Одыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Сэр-Одод оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан авто машинаас хуурч унасан будаг замаскны хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч Э.Сэр-Од нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Ж.Сэр-Одын жолооний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 65-83 улсын дугаартай Грекс маркийн автобусыг эзэмшигч Ж.Сэр-Одод буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Сэр-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,  түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ж.Сэр-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сэр-Одод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ