Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю********* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э*********

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Х*********, М.Б*********

Маргааны төрөл: Ю********* ХХК-д эзэмшүүлсэн XV-******* дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*********, М.Б*********, гэрч Г.Б*********, В.Ч*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю********* ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг ханган гаргасан хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзсан шийдвэр болон Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоон, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цахирт нэртэй газарт орших 1962.68 гектар талбайд ашигт малтмал хайх XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Т********* ХХК-д, улмаар тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг Ю********* ХХК-д шилжүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс тооцож, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал сунгажээ.

Ю********* ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасан боловч Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй хүлээн аваагүй байна.

3. Ийнхүү тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй учир нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/47 дугаар албан бичгээр хугацаа сунгуулахаар хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5608 дугаар албан бичгээр хуулийн хугацаандаа өргөдөл гаргаагүй үндэслэлээр өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/53 дугаар Өргөдлийг хүлээн авч, шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч хариу өгөөгүй тул тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг ирүүлжээ.

     4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг явуулж байгаад дэлхий нийтээр тархсан цар тахал ковид өвчнөөс шалтгаалан хайгуулын үйл ажиллагааны эрчим суларч, санхүүгийн байдалд хүндрэл учирсантай холбоотой 2019 оны сүүл 2020 оны хавраас эхлэн хайгуулын ажил зогсонги байдалд шилжсэний дээр бүх нийтийн хөл хорио тавигдаж, улмаар УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль явагдан геологи, хайгуулын салбарын үйл ажиллагаа хэт улс төржсөнтэй холбоотой Дорноговь аймгийн нутагт хайгуулын ажлаа түр зогсоох нөхцөл байдалд хүрсэн.

Гэсэн хэдий ч төрд төвлөрүүлэх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөөс гадна төлөвлөгөө, тайлан хянуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хөлс, татвар хураамжуудад 2016 оноос 2021 оны байдлаар нийт 55 сая төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт 17 сая төгрөг тус бүр бүрэн төлж ирсэн байна.

Манай компанийн 6 дахь жилийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж байгаатай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийн 3-д заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх" үйлчилгээний хөлс нэг сая төгрөгийг Төрийн сан дахь дансанд төлж, өргөдлийн бүрдүүлбэрийг хуульд заасны дагуу бүрэн хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан боловч Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй болно.

Өргөдлийг хүлээн аваагүй шалтгаанаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй тул хүлээн авахгүй гэж мэдэгдээд аваагүй, татгалзлаа бичгээр хариу мэдэгдээгүй юм.

2/ Ингээд компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 21/47 тоот албан бичгээр дахин хүсэлтээ гаргахад тэрээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5608 тоот албан бичгээр .. хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд ирүүлээгүй байна гэсэн хариуг өгөхдөө давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, эсвэл хүнд нөхцөл байдал"-ын аль нэгийг харгалзан үздэг тухай мэдэгдсэн байна.

Уг хариу албан бичгээс Геологи уул уурхайн кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үздэг болохыг, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй хуулийн зөрчилтэй өргөдлийг хуулийн хугацаандаа байвал бүртгэн авдаг болохыг, энэ хуулийн зөрчилтэй дутуу бүрдүүлбэртэй өргөдлийг хүлээн авч бүртгэдэг ажиллагаагаа нийтэд зарлаж мэдэгдсэн байдалтай танилцуулсан болохыг тус тус ойлгож мэдсэн, харин манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахад 12 хоног дутуу байгаа ч хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22-д заасны дагуу 2021 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан өргөдлийг хэрхэн хүлээн авсан байдалтай танилцлаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан "... 1 сарын өмнө төрийн захиргааны байгуулагад гаргах гэсэн заалтыг зөрчсөн нийт 61 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл бүртгэснээс 1-15 хоногийн хугацаа хэтэрсэн 30 өргөдлийг, 16-30 хоногийн хугацаа хэтэрсэн 20 өргөдлийг авч шийдвэрлэсний зэрэгцээ, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш ч 10 компанийн өргөдлийг 4-өөс 183 хоног хэтэрсний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хүлээн авч, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дээрх байдал" нь төрийн үйлчилгээг Ю********* ХХК-ийн хувьд үзүүлэхдээ тэгш бусаар хандсан, ялгавартай, гадуурхсан шинжтэй үйлдэл гаргасан, хууль ёсны итгэлийг хамгаалуулах хүсэлтэд хайнга, эсвэл шударга бус байдал гаргасан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэглэхдээ үзэмжээр хандсан гэж үзэхээр байна.

Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-ээс 22.1.4дт заасан бүрдүүлбэр дутуу өргөдлийг хүлээн авдаг талаар олон нийтэд зарлаагүй, хэрэв зарласан, мэдэгдсэн бол манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийнийн 22.1.3-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нараар батлуулах гэж хичнээн их цаг хугацаагаа алдахгүй дутуу бүрдүүлэлттэй өргөдлийг өгөх боломжтой байсан. Энэ 6 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч байсны хувьд Ашигт малтмал, газрын тосны газар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрдүүлбэр дутуу өргөдөл авч байсан тохиолдлыг мэдээгүй. Олон нийтэд зарлаж байгаагүй. Бүрдүүлбэр дутуу өргөдлийг хүлээн аваад тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу зөрчилтэй өргөдөлд тооцон өргөдлийн дагуу сунгах шийдвэр гаргахаас татгалзах болно.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд төрийн захиргааны байгууллагын Төрийн сан дахь дансанд өргөдлийг хянах үйлчилгээний хөлс болох тэмдэгтийн хураамж 1 сая төгрөгийг төлж, өргөдлийн бүрдүүлбэрийг ханган гаргаж байхад хүлээн авахаас татгалзана гэсэн ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тогтоосон тэмдэгтийн хураамжийг төлсөн байхад төрийн эрх бүхий байгууллага үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй юм. 

Өргөдлийг хүлээн авч хянаад ямар шийдвэр гаргахдаа бус, төрийн эрх бүхий байгууллагаас өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

4/ Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэсний дагуу, мөн хуулийн зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан тусгай зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигч Ю********* ХХК-ийн эрх, ашиг сонирхолыг хохироож байгаа гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль болж хайгуулын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн тус газар нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай харьцахад хүндрэл учирсан. Өөрөөр хэлбэл тус сумын Засаг дарга нь 2021 оны 07 дугаар сард огцорч, шинээр Засаг дарга томилогдон ирсэн. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад зохих хэмжээгээр хүндрэл учруулсан гэж үзэж болно. 

Тусгай зөвшөөрлийн хэрэг дуусгавар болсонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлбөрийг төлж, бүрдүүлбэр хангасны дараа Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Гэвч тус газрын тусгай зөвшөөрлийг буцаах, дахин олгох, сунгах асуудлыг хариуцсан мэргэжилтэн манай бичиг баримтыг хүлээж аваагүй. Тэрээр өргөдлийг хүлээн аваагүй шалтгаанаа Ашигт малтмалын тухай 22 дугаар зүйлийн 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж аман байдлаар тайлбарлаж байгаа боловч татгалзлаа албан ёсоор бичгээр өгөөгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу татгалзана. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн бол хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авах ёстой. Өөрөөр хэлбэл хүсэлтийг хүлээн аваад хэрхэн яаж шийдвэрлэх нь төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал. Гэтэл хариуцагч манай хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. 

Манай компанийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 12 хоногийн өмнө гаргасан. Өөрөөр хэлбэл манайх хуулийн хугацаа дуусахаас өмнө гаргасан байхад гаргаагүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай компанийн өргөдлийг хариуцагч хүлээн авах боломжтой байсан бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн өмнөөс өөр этгээд шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч хохирч байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч компанийн геологич холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаад Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын хугацаа сунгалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээж аваагүй нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдлоо. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйн шинжийг хангаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хянаж бүртгэх чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Албан тушаалын тодорхойлолт дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээн авч, бүртгэх асуудал дээр туслах, гүйцэтгэх чиг үүрэг бүхий этгээдээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад би тэмдэглэл хөтөлдөг хянан шийдвэрлэх эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль бус байна. Үүгээрээ эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байна.

Эзэмшигчийн зүгээс тусгай зөвшөөрлийг хадгалах үүргээ биелүүлж, төлбөрөө тогтмол төлж байсан. Гэтэл хуульд заасан үндэслэлгүйгээр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдлийг хангаагүй байсан ч гэсэн хугацаандаа өргөдлөө гаргах ёстой байсан гэж үзэж татгалзсан нь хууль зөрчсөн. Манай зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллага албан тушаалтанд хандах үед ч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байсан. Орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны байгууллагын уялдаа холбооноос шалтгаалж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаанд нь батлуулаагүй. гэв.

  5. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нэхэмжлэгч "Ю*********" ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, түүний хавсралт бүрдэл баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болгохоор зохицуулсан.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй юм.

2/ Нэхэмжлэгч нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаан хүсэлтээ өгөөгүй гэдэг нь тогтоогдлоо. Дээрх хугацаанд багтаан өргөдлөө өгөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болдог. Энэ тохиолдолд ямар нэгэн шийдвэр гардаггүй бөгөөд нэхэмжлэгчид мэдэгддэггүй. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүсэлтээ ирүүлсэн. Энэ албан бичгийг хүлээж аваад би даргад танилцуулсан. Хугацаа хоцорч өргөдөл ирэх тохиолдол байдаг. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол түүнийгээ албан бичгээр ирүүл гэсэн шаардлага тавьдаг. Нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг харахад хугацаа хоцорсон гэдгийг нотолсон баримт байгаагүй учраас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08/5600 албан тоотоор хариу өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээд удирдлагад хандсантай холбоотойгоор удирдлагын зүгээс тус асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуул гэж хэлсэн. Үүний дараа танилцуулга бэлдээд удирдлагад өгсөн. 2020 оноос хойш ковидын нөхцөл байдлын үед 1 сарын өмнө өргөдлөө гаргах шаардлагаа мөн тавьж байсан. 

Тус асуудлыг хариуцсан мэргэжилтэн миний хувьд 1 сарын өмнө гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэдэг. Нэг сараас хойш гаргасан хүсэлтийг удирдлагад танилцуулж, шийдвэр гаргадаг. гэв.

6. Гэрч Г.Б********* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тус компанид сүүлийн 2 жил гэрээт геологичоор ажиллаж байна. Гэрээний дагуу хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө батлуулах, илгээх, түүнтэй холбоотой бусад хээрийн ажиллагааг хариуцдаг байсан. Хайгуулын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай материалуудыг би бүрдүүлдэг байсан. Материалуудыг аль болох бүрэн бүрдүүлээд явдаг. Геологи хайгуулын ажлын тайланг хуулийн хугацаанд нь илгээдэг.

Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 5 дугаар сард очиход Засаг дарга нь ажлаа хүлээлгэн өгч байсан учраас дараагийн Засаг даргаар батлуул гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын сүүлээр очиход шинэ Засаг дарга нь ажилтайгаа танилцаж амжаагүй байна гэсэн юм ярьсан. Ер нь бол байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах гэж 3 удаа очсон. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гээд өгөхөд Байгаль орчны байцаагч нь Засаг Даргад өгдөг тул бүртгэж аваагүй. Төлөвлөгөөг баталсан талаар утсаар ярьж мэдэгддэг.

Ингээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр хүсэлтээ гаргахад сумын Засаг дарга үлдээгээд яв. Эргээд хариу хэлье гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөвлөгөөг чинь баталчихлаа гэж хэлсэн. Тэгээд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө аваад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлтээ өгсөн. Энэ үед 2020 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө өгөөгүй. Учир нь дараа оныхыг нь өгөх ёстой байдаг юм.

Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулах ёстой. 2020 онд Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулаад очиж ажилласан.

Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг ажлын шугамаар хоёуланг нь танина. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал газрын тосны газрын Н.Х********* гэх хүнд хүсэлтээ өгөхөд хуулийн хугацаанд ирээгүй тул хүлээн авах боломжгүй гээд буцсан гэв.

7. Гэрч В.Ч********* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн бичиг баримтын талаар тодруулахаар 2021 оны 12 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Түвшинжаргал гэх хүнтэй уулзаж байсан. Эхний өдөр очиж уулзахад Кадастрын хэлтсийн дарга Б*********-тай очиж уулз гэж хэлсэн. Тухайн үед надад удахгүй шийдэж өгнө, удахгүй нэг хурал болно, тэр хурлаар танайх шиг компаниудын асуудлыг шийднэ гэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэл гаргах хугацааны тухайд; 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/53 дугаар Өргөдлийг хүлээн авч, шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч хариу өгөөгүй тул тус шүүхэд анх 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж нэхэмжлэлээ ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ. 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байна. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж зааснаар нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй болон хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тус тусад нь дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

2.1. Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг ханган гаргасан хугацааг сунгуулах өргөдлийг Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй гэдэгт хамаарч байх бөгөөд тус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 12 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.17.тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;, 11.2-т Төрийн захиргааны байгууллагын . кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ., 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: , 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэж заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хариуцагч байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн бүртгэлийн хөтлөх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн хүлээн авахгүй буцаах эрхийг хуулиар олгоогүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын тухайн асуудлыг хариуцсан ажилтан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэсний дараа  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар өргөдлийн бүрдэл хангасан эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан шаардлагыг хангасан эсэх зэргийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, хэрэв зөрчилтэй бол мөн зүйлийн 22.4-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. зааснаар сунгахаас татгалзах шийдвэр гаргах юм. 

Иймд хуульд хүлээн авч бүртгэхгүй байх зохицуулалт хуульд байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

2.2 Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзсан шийдвэр хууль бус болохыгтогтоолгох шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч асуудал хариуцсан мэргэжилтэн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй учир нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/47 дугаар албан бичгээр хугацаа сунгуулахаар хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5608 дугаар албан бичгээр ...хуулийн хугацаандаа хандаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүйг гэж мэдэгдье гэсэн хариу өгсөн байна. 

Тус албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэрт хамаарахаар байх бөгөөд хуулийн хугацаандаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандаагүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжит хугацааны өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг  гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт юм.  

Иймд нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан нь хуульд заасан 1 сарын өмнө өргөдөл гаргах хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч тус зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаж өргөдөл шийдвэрлэх боломжит хугацааны өмнө өргөдөл гаргасныг буруутгах боломжгүй тул Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзсан шийдвэр болох 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5608 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх Ю********* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг ханган гаргасан хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзсан шийдвэр болон Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю********* ХХК-иас Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-******* дүгээр тусгай зөвшөөрөлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтний эс үйлдэхүйг болон Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авахаас татгалзсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5608 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, XV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН