Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0002

 

                                            

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0043 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл 

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга асан Ч.Ч

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Р.Ж

Хариуцагч: Ч.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 124/2025/0031/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0043 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Засаг дарга асан Ч.Чэд холбогдуулан гаргасан “төрд учруулсан хохирол болох 103,468,540 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Л.Ц нь Увс аймгийн Стандартын газарт мэргэжилтнээр /Дэс түшмэл/-ээр ажиллаж байгаад улмаар Увс аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /төсвийн шууд захирагч, ахлах түшмэл/-ийн албан тушаалд Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчин томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг салгаж байгуулах шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулсантай холбоотойгоор Увс аймгийн Засаг дарга Ч.Чийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Л.Цыг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

2.2. Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар Увс аймгийн Засаг даргын 2024 оны Б/05 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоол гаргаж, улмаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтан болох Ч.Чэд өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй нь тухайн байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг хууль тогтоомж зөрчин томилсон шийдвэрийг шууд санаатай, гэм буруутай буюу хор уршиг учрахыг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

2.3. Тодруулбал, Л.Цыг анхнаасаа төрийн захиргааны албан тушаал буюу Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж нь хууль бус байхад мэдсээр байж шууд санаатайгаар тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлд томилсон албан тушаалыг буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль бус гэж тогтоосон.

2.4.  Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу шинээр бий болсон орон тоог сул орон тоонд тооцох бөгөөд уг сул орон тоог нөхөхдөө хууль болон холбогдох журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахаар байсан.

2.5. Түүнчлэн шинээр байгуулагдсан төрийн байгууллагын удирдах албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл журмыг Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар зохицуулахаар хуульчилсан бөгөөд маргаан бүхий тохиолдолд тус аймгийн Орон нутгийн өмчийн газраас Худалдан авах ажиллагааны газарт Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шилжүүлэн ажиллуулж буй төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр байсан. Өөрөөр хэлбэл, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хууль ёсны томилгоотой төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгүүлэхээр байсан.

2.6. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан боловч төрийн албанд хууль бусаар томилогдсон Л.Цд нэг удаагийн буцалтгүй тусламжид 49,216,800 төгрөгийг олгосон нь хууль бус бөгөөд төрд хохирол учруулсан. Мөн Увс аймгийн Засаг дарга Ч.Чийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар захирамжаар тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Б/55 дугаар захирамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Ц нь өөрөө өөртөө төлбөрийн хүсэлтээр 49,216,800 төгрөгийг шилжүүлсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, Л.Цыг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хууль бусаар томилсны улмаас олгосон цалин хөлс болон төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгосон тэтгэмж нь төрд хохирол учруулсан болно.

2.7. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0043 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дутуу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэдий ч хэргийн шийдэл зөв байх тул дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Засаг даргын албан үүргийг эрхэлж байсан Ч.Чэд холбогдуулан төрд учруулсан хохирол болох 103,468,540 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

4. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 172 дугаар тогтоолоор Увс аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, зөвлөн тусалсан ажлын хэсгийн тайланг хянан хэлэлцээд төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэрүүд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоож, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төрийн захиргааны албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар баталжээ.

5. Үүнд, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ц багтсан байх ба түүнийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга асан Ч.Ч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар томилсон байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

7. Дээрхээс үзвэл, иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардахаар хуулиар тусгайлан зохицуулжээ.

8. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл Төрийн албаны зөвлөл нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 172 дугаар тогтоолыг гаргасан байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Г.Ц-ыг Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон болох нь тогтоогдсон гэж тайлбарлан маргадаг.

10. Гэвч бодит байдал дээр Увс аймгийн Засаг дарга асан Ч.Чийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ц-ыг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга буюу ижил шатны албан тушаалд шилжүүлэн томилсон нь хуульд заасан сонгон шалгаруулалтын шаардлагыг зөрчсөн гэж үзэхээргүй буюу үүний улмаас төрд хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

11.  Учир нь, Г.Ц нь Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд улмаар Увс аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар түүнийг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэвшүүлэн томилсон байна. Ингэхдээ мөн адил Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан сонгон шалгаруулалтгүйгээр томилсон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

12.  Өөрөөр хэлбэл, Г.Ц-ыг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр дэвшүүлэн томилохдоо хууль тогтоомж зөрчиж, энэ нь холбогдох шийдвэрээр нотлогдсон тохиолдолд Увс аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийн улмаас учирсан хохирлыг төрд учруулсан хохирол мөн эсэхийг тодорхойлох ба энэ тохиолдолд төрд учруулсан хохирол нь Худалдан авах ажиллагааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын цалин болох 54,251,740 төгрөг бус, харин Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэргэжилтэн болон Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн цалингийн зөрүүг хохиролд тооцох боломжтой. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

13. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох хохирлын зарим хэсэг болох Г.Ц нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг төрд учруулсан хохирол гэж үзэхгүй. Учир нь тэрээр Увс аймгийн Засаг дарга асан Ч.Чийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон эсэхээс үл хамааран тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдоно.

14. Мөн Г.Ц нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоол гарч, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг хүргүүлсэн цаг хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах бүрэлдэхүүнд багтсан байх ба Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр сарын 19.19, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д зааснаар сонгуулийн хороонд ажиллаж буй ажилтныг уг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх цаг хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх зэргийг хориглосон байна. Энэхүү нөхцөл байдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

15.  Ийнхүү анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримталсан хэсгийг хасах нь зүйтэй байна. Учир нь энэхүү заалт нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан шаардах эрхийн зохицуулалттай давхцаж байх бөгөөд маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 болон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн шийдвэрлэхээр байна.

16. Иймд шийдвэрийн тогтоох хэсгээс тус хуулийн заалтыг хасч, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийг тус тус нэмсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

17. Харин Увс аймгийн Засаг дарга асан Ч.Чийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар захирамжийн дагуу олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийг Г.Ц ажлаас чөлөөлөгдсөний дараа төлбөрийн даалгавар дээр өөрөө гарын үсэг зурж өөртөө олгосон гэх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр, магадлалаар хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШШ2025/0043 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын  “... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 ...” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

 

                                    ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА