Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/01195

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Бт холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 21 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь  Ц ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд тус компани нь хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг тул эмнэлгийн байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2014 онд Б.Бийн өмч болох Т банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан Баянгол дүүргийн  1-р хороо, Алтай хотхон, 16-р байрны 89 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100 сая төгрөгөөр, 17-р байрны 549,36 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 111 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад банкны зээлийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байсан боловч банкнаас Ц ХХК-д хүссэн хэмжээгээр зээл өгөх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, Б.Бөөс 111 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Т ББСБ-аас 90 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Тухайн 111 000 000 төгрөгийн 21 000 000 төгрөгийг Б.Бийн хувийнх нь Хаан банк дах 5020587995 тоот дансанд 2014 оны 10 сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлж, мөн 2014 оны 12 сард 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ 21 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөг шиг санагдаж байна Б.Б надад буцаан төлсөн тул одоо 17 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг урьд нь нэхэмжилж байсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж дүгнээд уг зөрчил арилгасны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласан байдаг гэжээ.

 

Хариуцагч Б.Бийн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Ц ХХК-тай 2015 оны 02-р сарын 09-ний өдөр  худалдах, худалдан авах гэрээ байгуулан үйлчилгээний зориулалттай 549,36 мкв, Улсын бүртгэлийн Ү-2205041654 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 1 120 000 000 төгрөгөөр, мөн  59,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205052938 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцож гэрээ байгуулж байсан болохоос биш, харин энэхүү нэхэмжлэлийг гаргаад байгаа иргэн Б.М-тай ямар нэгэн гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй. Б.Бийн хувьд Б.Мд 3 500 000 төгрөг өгч байсан гэж хэлж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгор өмнө нь хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул дахин шийдвэрлэх үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Бөөс 17 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Б.Б-өөс 145 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг гаргаад байгаа иргэн Б.М-тай ямар нэгэн гэрээ байгуулж, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Б.М нь Б.Бт холбогдуулан 17 500 000 төгрөгний нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Энэ л асуудлаараа дахин шүүхэд хандсаныг  шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх энэ талаар дүгнэлт гаргахдаа шүүхийн шийдвэртээ Ц ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ дүрэм хэрэгт авагдсан бөгөөд итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байна гэж хуулийн этгээдийн нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа мэт дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 17 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “өмнө нь уг асуудлыг шүүх шийдвэрлэсэн” гэж маргажээ.

 

“Ц” ХХК, Б.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч нь 111 000 000 төгрөгийг эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн боловч талууд гэрээнээс татгалзсан, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөг гаргуулах хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэж, шийдвэр биелэгдсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх-ийн 37-42 дугаар хуудас/

 

Хэрэгт Б.М нь Б.Б-ийн Хаан банк дах 5020587995 тоот дансанд 2014 оны 10 сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 10 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн оны 12 сард 1 000 000 төгрөгийг бэлнээр Б.Бд өгсөн гэсэн тайлбар гаргасан, гэрч Б.М-с  “Б.М-ын даалгаснаар өөрийн нэрээр 20 000 000 төгрөгийн гүйлгээг Б.Б-ийн данс руу хийсэн” гэж мэдүүлсэн зэргийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /хх-ийн 6-7, 37-42 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчид тодорхой үүрэг үүсээгүй байхад мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан. Мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд компаниас биш Б.М-аас гэж гүйлгээний утгыг бичсэн байна. Иймд Б.М иргэнийхээ хувьд, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан Б.Бөөс буцаан шаардаж байгааг үндэслэлтэй гэж үзнэ. Хэргийн баримтаар Б.Б нь 21 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 37-42 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 21 000 000 төгрөгийг авсан гэхдээ компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэдэг агуулгаар тайлбарлажээ.

 

Дээрх шилжүүлсэн мөнгөнөөс 3 500 000 төгрөгийг буцаан авсанд талууд маргаагүй. Иймд шүүхээс 17 500 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч нь иргэнийхээ хувьд өөрийн нэрээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан байх тул талуудын хооронд өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж дүгнэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД