Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 307

 

Н.Г, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-н өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах  гомдлуудаар  Н.Г, М.М нарт холбогдох эрүүгийн 1905 02925 1045 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овогт Н-н Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт .........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Ц овогт М-ны М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт .....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.Г, М.М нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Билгүүн бар” ХХК-ийн барьж буй барилгаас 61 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, 69-05 УНЯ улсын дугаартай, “Hyundai Porter” загварын машин механизм ашиглаж хулгайлж, 2.386.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Г, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Н-н Г, Ц овогт М-ны М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Г, М.М нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Г, М.М нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Hyundai Porter” загварын, 69-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Г, М.М нараас тус бүр 1.650.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учир нь, би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр ажил хийдэггүйн дээр хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ээж, аавын минь нас өндөр, биеийн байдал муу байдаг. Ээж хөлөндөө өвдөгний хагалгаанд орж, өвдөгний үе солиулж хөдөлгөөний хязгаарлалтад байдаг. Аав маань даралт өндөр, харваад хэл ярианы бэрхшээлтэй болсон ба хэвтрийн дэглэмд байдаг учир би тэднийгээ хамтад нь харж ханддаг. Мөн асран халамжилдгаас гадна нэг хашаанд хамт амьдардаг. Би хувиараа барилгын компаниудтай гэрээгээр ажиллаж, машинаараа тээвэр хийж амьдарлаа авч явдаг байсан.

Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүйн (ялаа дуусгаад  гарсны дараа машин бол миний амьдралын баталгаа) дээр мэргэжил боловсрол нимгэн, хуулийн мэдлэг муу, муухай хэрэг өдүүлсэндээ үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлж, миний амьдрал ахуйг харж үзэн, хэргээ үнэн зөвөөр хүлээж, бусдад хохирол гомдолгүйг харгалзан, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, амьдарлаа залгуулдаг ганц эх үүсвэр болсон машиныг минь надад үлдээж өгнө үү.

Би энэ хэргийг хулгайн хэрэг гэж бодохгүй байна. Цалингийнхаа оронд тухайн эд зүйлийг авсан гэж бодсон. М.М-г энэ хэрэгт оролцуулсанд харамсаж байна ...” гэв. 

Шүүгдэгч Н.Г-н өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар гэрч Х.М-г шүүгчийн захирамжийн дагуу дуудан ирүүлсэн атлаа шүүх хуралдаанд биечлэн ирсэн дээрх гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн.

2. Шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор “Hyundai Рorter” загварын, 69-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, уг эд хөрөнгийг Х.Н-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэжээ. Хэдийгээр 69-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х.Н-н өмчлөлд байх ба тээврийн хэрэгслийн үнэлгээг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь гаргуулаагүй орхигдуулсан байхад шүүх анхаараагүй.

Гэвч дээрх нэр дурдагдсан гэрч нь өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, хэргийн байдлыг тал бүрээс нь шалгаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг харьяа шүүхэд шилжүүлэхдээ битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулахгүйгээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Н.Г, М.М нараас тус 1.650.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Прокуророос “Дамно” ХХК-иас тогтоосон хууль бус үнэлгээг шүүхийн шатанд гаргаж өгсөн бөгөөд тус үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Н.Г нар нь гэрээний дагуу “Билгүүн бар” ХХК-ийн өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн, итгэмжлэгдэн хариуцсан этгээдүүд байхад анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. М.М нь тухайн ажил гүйцэтгэж байгаа компанид туслах ажилтнаар ажиллаж байсан. Н.Г-н удирдлагад “Хий” гэсэн бүгдийг хийдэг хүн байсан байна.

М.М нь Н.Г-н “хэв хашмал ач” гэж үүрэгдсэний дагуу машин дээр нь ачсан байдаг. Тухайн нөхцөлд Н.Г нь өшиглөж цохиж зодсон, дарамталсан үйлдэл гаргасан тухай М.М хэлдэг.

Н.Г-н “М ахыг очоод аваад ир” гэж үүрэгдсэний дагуу М-г очиж авсан. Н.Г-г хэв хашмал зарах үйлдэлд оролцоогүй. Гэрч Э.Т-н мэдүүлгээр бүрэн нотлогддог. Н.Г-н зүгээс М.М-г уг гэмт хэрэг үйлдэхэд хамаагүй болохыг удаа дараа мэдүүлдэг, М.М-т цалингийнх нь үлдэгдэл болох 170.000 төгрөгийг өгсөн, түүнийг туслах ажилтны хувиар ашигласан байгааг анхаарч үзэлгүй ял халдаасанд гомдолтой байна.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийг шүүх үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, М.М нь Н.Г-н үйлдэл, маршрутыг гэрчилсэн байдаг. М.М-тай хийсэн гэрээ нь барилгын туслах ажилтан болохыг, мөн өдрөөр цалинждаг болохыг нь нотолдог.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд бүлэглэн гүйцэтгэхийг хуульчилсан бөгөөд санаатай нэгдэж үйлдсэн байхыг шаарддаг. М.М нь Н.Г-н хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, хийх ёстой ажил юм байх гэж бодож хийсэн тухайгаа хэлдэг. Н.Г нь цалингийн үлдэгдэл болох 170.000 төгрөгийг өгөхөөр нь авсан. Түүнтэй санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддоггүй. Хулгайн гэмт хэргийг Н.Г үйлдсэн болохоо, М.М хамаагүй талаар илэрхийлж хэлдэг. Н.Г нь өөрийн эцгийн эзэмшлийн автомашинд хэв хашмалыг ачсан, зарж борлуулсан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Н.Г нь төлсөн, гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд хөдөлбөргүйгээр нотлох ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна. М.Мын үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй юм. Гэм буруугийн субъектив тал байхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудсанд өмгөөлөгч намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийг дурдаж мэтгэлцсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгч М.М-н үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, түүнийг цагаатгах байр сууринаас оролцсон. Иймд М.М-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-н өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М нь манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, даамлаар Н.Г, ажилтнаар М.М нар ажиллаж байсан. Манай компанийн хохирол, төлбөр барагдсан. Анхан шатны шүүх эдгээр хүмүүсийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэв хашмалтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэж байсан гэж үзсэн. Хулгайлах болон завших гэмт хэрэг нь хоёр хоёулаа нууц, далд аргаар үйлдэгддэг. Хохирогч талаас хулгайн гэмт хэрэг биш гэж үзэж байна. Учир нь, тухайн хэв хашмалтай холбоотой ажлыг шүүгдэгч нар гүйцэтгэж байсан. Ажиллах явцдаа гэрээний үүргээ зөрчиж, хэв хашмалыг дутаасан тохиолдолд гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг анхаарч үзнэ үү.. ...” гэв. 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.М нь “нуруу луу нь цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл хулгайн гэмт хэрэг төгссөний дараа буюу маргааш нь М.М нь Н.Г-н хамт зах дээр очиж, хулгайлсан эд зүйлээ худалдан борлуулсан. Мөн Н.Г-с мөнгө хүлээж авсан. Шүүгдэгч М.М-г уг хэрэгт санаатай, бүлэглэн оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрч Х.Н нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийнх нь үү, эсхүл бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл үү гэх нөхцөл байдлыг л мэдүүлдэг. М гэх хүн анхан шатны шүүх хуралдаанд яллагдагчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийг хэлэлцсэний дараагаар гэрчээр оролцох асуудал ярьсан. М нь мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдгээр завших гэмт хэргийн шинжтэй гэж үзээд байна. Шүүгдэгч нарт тухайн эд хөрөнгийг хариуцуулсан талаар ямар нэг гэрээ байхгүй. Прокурорын зүгээс авто машины үнэлгээг шүүх хуралдаан болохоос өмнө шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хэргийн оролцогч нарт уг баримттай танилцах боломжоор хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Г, М.М нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Билгүүн бар” ХХК-ийн барьж буй барилгаас 61 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, 69-05 УНЯ улсын дугаартай, “Hyundai Porter” загварын машин механизм ашиглаж хулгайлан, 2.386.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-н “... Манай ажилчид таван давхараа цутгахаар хэв хашмалаа угсарсан. Үдээс хойш угсарч дуусаж байхад хэв хашмал дутсан. Тоолоод үзэхэд 10х20 хэмжээтэй дотор булан 10 ширхэг, 20-н хэмжээтэй хэв хашмал 30 ширхэг, 30-н хэмжээтэй хэв хашмал 15 ширхэг, 10-ийн дотор булан 6 ширхэг дутсан. Өмнөх өдөр 4 давхарыг цутгахад бүрэн байсан. ...” /хх 19/,

гэрч Б.А-н “... Би тэр өдөр ажлын байран дээрээ байж байхад 22 цагийн үед М, Г, М нар орж ирээд бэлэн гоймон дэвтээж иднэ, шөнө хүртэл ажиллана гэж хэлээд гоймонгоо идчихээд гараад явсан. 23 цаг өнгөрч байхад М манаачийн байранд орж ирсэн ба цамцныхаа энгэрт архи хийсэн байсан. Тэгээд надад “дүү нэг татчих, манай хоёр дээр чулуун хавтан нааж байгаа” гэж хэлсэн. ... Бид хоёр тэр шилтэй архийг хувааж уусан. Тэгээд би тасраад өгсөн. Нэг сэрэхэд өглөө 6 цаг болж байсан. Босоод харахад М байхгүй байсан. Би барилга руу орж үзэхэд тэр гурав байхгүй байхаар нь шөнө яваад өгсөн байх гэж бодсон. Тэгээд 8 цагийн үед угсралтын ажилчид ирээд ажлаа хийсэн. Угсралтын ажилчид “баригдаж байгаа барилга дээр байсан хэв хашмал байхгүй байна” гэж надад хэлэхээр нь тэр даруй О-т хэлсэн. ...” /хх 40/,

гэрч Х.М-н “... Би манай дүү Г, хамт ажилладаг М нарын хамт Г-н портер машинаар ажил дээрээ ажлаа хийхээр очсон. Би “миний даралт ихсээд байна, та хоёр ажиллаж бай” гэж хэлээд дэлгүүр лүү ороод нэг шил 0,75 литрийн архи аваад барилгын харуул Б-тай хамт хувааж уусан. Би ядарсан байсан болохоор маш амархан согтчихсон. Тэгээд Б, бид хоёр тасарчихсан байсан. М намайг дуудаж босгоод аваад гарсан ба бид гурав машиндаа суугаад манайх руу 04 цагийн орчим очоод тэндээ хоноцгоосон. Маргааш өглөө нь сэрэхэд Г надад юу болсон талаар хэлэхэд нь би маш их уурласан. Тэгтэл надад “бид хоёр өөрсдөө мэдэж байна, таны оролцоо байхгүй, таньд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. ...” /хх 41/,

 

гэрч А.Т-н “... Өглөө 7 цагийн үед нэг эрэгтэй хүн “хэв хашмал авах уу” гэж над руу залгаж асуусан. Ярьснаас хойш цаг гарангийн дараа 30 гаран насны цагаан өнгийн портертой хүн ирсэн. ... Би “хулгайн эд зүйл биш бол авъя” гэхэд “цалингийн оронд авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд тохиролцоод хэв хашмалыг хашаанд буулгаад мөнгөө өгч авалцсан. Машин дотор нэг залуу сууж байсан ба машинаас бууж ирээгүй. ... Би дан ганц хэв хашмал аваагүй, булан гэж төмөр байдаг тэрнийг бас авсан. Хэдэн төгрөг болсныг санахгүй байна. Булан, хэв хашмал нийлээд 55-60 орчим ширхэг байсан санагдаж байна. ...” /хх 48-49/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 25-28, 31-34/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-39/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50-51/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г, М.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Г, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г, М.М нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Н.Г-с “... Би цалингийн оронд хэв хашмалыг авсан. Миний ар гэрийн байдал болон хохирогч гомдолгүй гэснийг харгалзан, хорих ялыг хөнгөрүүлж, машиныг надад үлдээхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “... гэрч Х.М-г шүүгчийн захирамжийн дагуу дуудан ирүүлсэн атлаа шүүх хуралдаанд оролцуулаагүй. Н.Г нар нь гэрээний дагуу “Билгүүн бар” ХХК-ийн өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн, итгэмжлэгдэн хариуцсан этгээд байхад анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг анхаарч үзээгүй тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх “Hyundai Porter” загварын, 69-05 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х.Н-н өмчлөлийн эд хөрөнгө тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзэн, битүүмжилсэн тогтоолыг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосон бөгөөд тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Н.Г, М.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.М-с хэргийн талаар хоёр удаагийн мэдүүлгийг авсан байх ба түүний мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, тогтвортой, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байх тул түүнийг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан “Билгүүн бар” ХХК, “Тэгш мөнх” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгүүлэх гэрээнээс үзэхэд Н.Г нь “Билгүүн бар” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэгдсэн хариуцуулсан этгээд нь биш болох нь нотлогдож байх тул Н.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Г.Ганбадрахаас “... М.М-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлдөө нууц аргаар авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс уг гэмт хэргийг төгссөнд тооцдог учиртай.

Хэрэгт авагдсан гэрч Х.М-н “... Маргааш өглөө нь сэрэхэд Г надад юу болсон талаар хэлэхэд нь би маш их уурласан. Тэгтэл надад “бид хоёр өөрсдөө мэдэж байна, таны оролцоо байхгүй, таньд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. ...” /хх 41/, гэрч А.Т-н “... Тэгээд тохиролцоод хэв хашмалыг хашаанд буулгаад мөнгөө өгч авалцсан. Машин дотор нэг залуу сууж байсан ба машинаас бууж ирээгүй. ... “ /хх 48-49/, Н.Г-н яллагдагчаар “... Би М-т “хоёулаа ард талын барилга дотор хэдэн хэв хашмалыг хулгайлъя” гэж хэлэхэд тэр “үгүй ээ айж байна” гэж хэлсэн. ... Тэгээд хоёр хоёроор нь бид 2 зөөгөөд 1 давхар луу буулгаж 61 ширхэг хэв хашмал зөөсөн. ... М-г дагуулаад Дамбадаржаагийн эцсийн буудлын ард байрлах хэв хашмал авдаг газар очсон. ... Би өөрөө хэв хашмалыг буулгаад зарсан. Тэр үед Мягмар машин дотор байсан. ... Хэд хоногийн дараа М над руу залгаад “мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь “хүрч ирээд ав” гэхэд над дээр ирсэн. Би 170.000 төгрөг өгсөн. ...” /хх 65/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч М.М нь Н.Г-н хэлснээр хэв хашмалыг зөөх, түүнтэй хамт Х.М-н гэрт очиж хоноод маргааш нь хэв хамшалыг зарахаар хамт явах, хэд хоногийн дараа Н.Г-с 170.000 төгрөг авсан зэрэг хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэрээр Н.Г-той үйлдлээрээ нэгдэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байхаас гадна Н.Г-н эрхшээл, дарамт шахалтад орсон гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.