Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, утас:*/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  *тоотод оршин суух, Боржигон овогт Будын Х /рд:*, утас:*/-д холбогдох

            “Зээл, зээлийн хүүгийн төлбөр 21,460,575 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сум 4 дүгээр багийн иргэн Б.Х нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Цагаан идээ боловсруулах” төсөл хэрэгжүүлэхээр 19,347,000 төгрөгийг 2018 оны 1-р сарын 09-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Иргэн Б.Х нь зээл түүний хүүг 2015 оноос хойш хугацаа хэтрүүлсэн. Албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн төлбөр 19,347,000 төгрөг, зээлийн хүү 2,113,575 төгрөг, нийт 21,460,575 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Будын Х нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сум хөгжүүлэх сангаас цагаан идээ боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр 19347000 төгрөг авсан байдаг. Энэ нь 03 жилийн хугацаатай жилийн 03 хувийн хүүтэй зээл байсан. Үүнээс эргэн төлөлт хийгдээгүй явсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн онд мэдэгдэл өгч байсан. Хяналтаар явж байсан гэж урьд ажиллаж байсан хүмүүс ярьж байгаа. Монгол банкний зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдэж байна гэж мэдэгдэл өгсөн байсан. Түүн дээр ирж уулзаагүй юм байна лээ. Ер нь зээлийн гэрээ ёсоор эргэн төлөлтийг сар бүр үндсэн төлбөр хүү нийт төлбөр гэсэн зарчмаар төлөх ёстой байдаг. Тэр гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн байгаа. Зээлийг төлөөгүй тохиолдолд мэдэгдэл хүргүүлэх ёстой учир хүргүүлсэн. Мөн барьцаа хөрөнгийг хураах арга хэмжээ авах заалтууд байдаг. Хариуцагч талд тайлбар хэлж байсан. Сэлэнгэ аймгаас ЖДҮ-ийн мэргэжилтэнүүд хариуцаж байдаг. Мэргэжилтэнүүдэд удаа дараа зээлдэгч нарын талаар тохиролцоод ямар нэгэн байдлаар тохироё гэсэн санаа хэлж байсан боловч  дээрээс зөвшөөрөөгүй шууд шүүхэд хандаад хуулиар нь шийдүүл гэсэн хариу өгсөн байгаа учраас дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2013 онд байгуулагдсан. Манай дээр ОУ-ын глобал коммуниц байгууллагаас та нар нэгдээд хоршоо болгоод өөрсдөө төслөө бичээд яамаар өөрсдөө хөөцөлдөөд сүүний үйлдвэр бий болгоё гээд санал тавиад бид ярилцаж байгаад сүүний үйлдвэрт нийлүүлдэг байсан сүүний ченжүүд зэрэг улсууд бид нар нэгдээд хоршоо байгуулсан юм. Хөдөө аж ахуйн Яамнаас төслийг нь хийгээд өөрсдөө Голомт банкаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 136 сая төгрөгийн зээл авсан юм. Энийгээ бариад үйлдвэрлэл бий болгоод явах болсон. Эргэлтийн хөрөнгө байхгүй. Хоршооны гишүүд мөнгө төгрөг байхгүй байсан. Түүгээр дан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Хөх хотоос захиалгаар авчираад заримыг нь хотоос аваад үйл ажиллгаа эхлэх болсон боловч сав баглаа боодол гээд эргэлтийн хөрөнгийн асуудал гарсан.  Банкинд хандах гэхээр улсууд маань зээл авах боломжгүй гэж байсан. Тэгээд хуралдаад би эргэлтийн мөнгө гаргая гээд өөрийн нэр дээр Хасбанкнаас 15 сая төгрөгийн зээл аваад ойр зуурын юм хийгээд баглаа боодолдоо сум хөгжүүлэх сангаас тухайн 19 сая төгрөгийг давхар миний нэр дээр аваад, ерөнхийдөө хоршооны өмнөөс би яваад байгаа юм. Тэгээд ийм асуудал болоод зээл авсан байгаа юм. Орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээний явуулчихъя ард иргэдэд хэрэгтэй юм гээд эхлүүлж байсан. Ажлын байр болон хоршооны гишүүдийн орлого нь  нэмэгдэх юм уу гэсэн үүднээс зориод явж байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэлийн ажиллагаа борлуулалтаас болоод 30, 40 хувь явагдаж байна. Голомт банктай маргаан үүсээд 2 жил гаран бас зогссон. Банктай тохироод Хасбанкид давхар зээл төлөөд явж байгаа. Бүх юм зориулалтын дагуу явагдаж байгаа. Сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө бүгд сав баглаа боодолдоо ороод явагдаж байгаа. Нөгөө олон улсын байгууллага нь хугацаа нь дуусаад яваад өгсөн. Одоо 4 хүн ажиллаж хоршооны 13 гишүүнтэй боловч улсууд нь гараад явсан. Би өөрөө хөөцөлдөж явж байж орон нутгаас “аадра” олон улсын байгууллагад манайх тэнцээд одоогоор дэмжлэг аваад үйл ажиллагаа явагдаж байгаа. Цаашлаад бууз банш хийх санаатай байна. Нэхэмжилж байгаа мөнгийг үйл ажиллагааны ашиг орлогоосоо төлөөд явъя гэсэн бодолтой байгаа. ЗДТГ-т хэлхэд би сумын нэр хүндийг өсгөхөд хүч хөдөлмөрөө зориулж байгаа. Анхны эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулхад ч анхны сүүний хөргөлтийн төв байгуулаад Улаанбаатар хотод нийлүүлж явсан. Энэ дээр Цээпил дарга гадна дотноос ирсэн улсуудад үзүүлж харуулаад явж л байсан. Энэ байдлаа бодоод миний энэ эрхэлж байгаа үйл ажиллагаг цааш нь дэмжээд явуулах болов уу гэж бодож байгаа. Би энэ мөнгийг төлөх ёстой. Гол нь гарын үсэг зурснааараа би үлдчихээд байгаа юм. Цаанаа би хоёр банкинд зээд төлж байгаа. Гол нь хаалгаа бариад зогсоочихгүй төлөөд явж байна. Төлбөрийг сар сараар төлөөд явъя гэсэн бодолтой байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга нь хариуцагч Б.Хгээс Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 19,347,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,113,575 төгрөг, нийт 21,460,575 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга хариуцагч Б.Х нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр №13 тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагдаж, 19,347,000 төгрөгийг  жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай олгожээ.            

            Уг гэрээний 3.2.9-д зааснаар ...Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө Сэлэнгэ аймаг Мандал сумын Сум хөгжүүлэх сангийн 130455402 тоот дансанд төлснөөр.... гэрээний үүрэг биелэгдэж дуусахаар заасан байна. Гэвч хариуцагч Б.Х нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №13 тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний төлбөр 19,347,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,113,575 төгрөг, нийт 21,460,575 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар хариуцагч Б.Хгээс гэрээний үндсэн төлбөр 19,347,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,113,575 төгрөг, нийт 21,460,575 төгрөгийг нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга нь шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Х нь гэрээний үүргээ зөрчсөн тул  Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 21,460,575 төгрөгийг  хариуцагчаас гаргах  нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Будын Хгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 21,460,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Сум хөгжүүлэх сан-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хгээс улсын тэмдэгтийн хураамжинд 265,253 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ