Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  * тоотод оршин суух, Цорос овогт Дамдингийн Э /рд:*, утас:*/-д холбогдох

            “Зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,376,365 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар багын иргэн Д.Э нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Сүү зайрмагны үйлдвэр” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 5,000,000 төгрөгийг 2018 оны 9-р сарын 01-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Иргэн Д.Э нь зээл түүний хүүг 2014 оноос хойш хугацаа хэтрүүлсэн. Албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн төлбөр 5,000,000  төгрөг, зээлийн хүү 376,365 төгрөг, нийт 5,376,365 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мандал сумын 3 дугаар багийн иргэн Э нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын суи хөгжүүлэх сангаас сүү, зайрмагны үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлхээр 5000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй олгогдсон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Д.Э нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлж барагдуулаагүй байна.  Үндсэн төлбөр болох 5000000 төгрөг, зээлийн хүү 376365 төгрөг нийт 5376365 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Алданги ерөөсөө тооцоогүй байгаа. Э эгчтэй 2 удаа уулзсан нөхцөл байдлыг сонссон байгаа. Би түрүүн тодорхой танд хэллээ тийм учраас ийм нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлье гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие сүү зайрмагны үйлдвэр байгуулна гээд зээл авсан нь үнэн. Надад одоо 6 хайрцаг сав, баглаа боодол, 1 хайрцаг хаяг, шошго, бас би ааруул хатаагч гээд буруу, нийтийн хоолны газрын супер жигнэгч гэдгийг 1250000 төгрөгөөр авсан байсан. Тэр маань яг хэвээрээ байгаа борлуулчихъя гэхээр бэлэн мөнгөөр авах хүн байдаггүй. Сав баглааг нь сангийн аж ахуйд байдаг сүү цагаан идээний Хишигээ нь уул нь авна гэсэн юм. Би сард 1000000 төгрөг төлнө гэхээр хэцүү байна. Би сард тэтгэвэр 350000 төгрөг авдаг. Хүү минь энд ажилладаг ч гэсэн зээлтэй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга нь хариуцагч Д.Эээс сум хөгжүүлэх сангаас авсан  үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 376,365 төгрөг, нийт 5,376,365 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга хариуцагч Д.Э нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №22 тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагдаж 5,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай олгожээ.        

            Уг гэрээний 3.2.9-д зааснаар ...Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө Сэлэнгэ аймаг Мандал сумын Сум хөгжүүлэх сангийн 130455402 тоот дансанд төлснөөр.... гэрээний үүрэг биелэгдэж дуусахаар заасан байна. Гэвч хариуцагч Д.Э нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргаас 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №22 тоот Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 376,365 төгрөг, нийт 5,376,365 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар хариуцагч Д.Эээс гэрээний үндсэн төлбөр төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 376,365 төгрөг, нийт 5,376,365 төгрөгийг нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг дарга нь шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Д.Э нь гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрт эргэн төлөлт огт хийгдээгүй тул Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5,376,365 төгрөгийг  хариуцагчаас гаргах  нь зүйтэй байна. Хариуцагч нь гэрээний үүрэг зөрчсөн шалтгаанаа эрүүл мэндийн байдал муу өндөр үнэтэй эм хэрэглэдэг, тэтгэвэр  амьдралд хүрэлцдэггүй, ажил эрхэлдэг хүнгүй өрхийн орлогогүй зэрэг нь гэрээний үүргээс  чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цорос овогт Дамдингийн Эээс зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5,376,365 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд 100,972 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ