Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбар /рд:*, утас:*, */-ын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: * тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Б /рд:*, утас:*/-д холбогдох

          “Цалингийн зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 24,179,623.22 төгрөгийг гаргуулах” тухай хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяртуяа, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Б нь тус банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2018/000235/0481-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 28,000,000 төгрөгийн зээлийг, сарын 1,3-н хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл шилжүүлэх зориулалтаар авсан. Зээлдэгч Ч.Б нь №2018/000235/0481-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалтж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч Ч.Б нь “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сарн 14-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 23,812,008.76 төгрөг, зээлийн үндсэн хүү 354,812.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,786.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000 төгрөг. Талуудын хооронд байгуулсан №2018/000235/0481-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, хариуцагч Ч.Бгаас зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 24,179,623.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяртуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зээлдэгч Б нь 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа аваад 09 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн төлбөр хийгээгүй байгаа. За тэгээд үндсэн зээл болох 23,812,008 төгрөг, зээлийн үндсэн хүү 354,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1780 төгрөг нийт 24,179,623 төгрөгний нэхэмжлэл гаргасан байгаа. Зээлдэгчтэй удаа дараа уулзаж шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан байгаа. Одоо хариуцагч Бгаас нийт 24,179,623 төгрөг 13 мөнгө болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа..... Би анх Хаан банкнаас шугаман зээл авсаар байгаад 25 сая гаруй төгрөгний зээлтэй байсан тэгээд тэр зээлээ Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж 2 сая гаруй төгрөг нэмж нийт 28,000,000 төгрөгний зээлтэй болсон. Тэгээд ээлжийн амралтаа авсан манайх ээлжийн амралт авахаар бөөн мөнгө өгөөд 1 сарын зээлээ өгөөд дараа сард нь шагнал цалин тал ордог. Тэрний дараа сар ажиллахгүй болохоор бүтэн шагнал цалин орохгүй тэгээд бараг 2 сар өнжиж байж бүтэн цалиндаа хүрдэг. Би огт төлж байгаагүй биш тал тал төлж байсан. Би Хаан банкнаас авсан зээлээрээ байшин барьсан. Би нодлингийн 3 дугаар сараас хамт ажиллаж байсан эгч маань би чамд Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргаад өгье тэгээд 2 уулаа ойр зуурын юм хийе гээд надад хүнээс мөнгө зээлж өгөөд би тэр мөнгөөр зээлээ төлөөд яваад байсан. Гэтэл нөгөө хүн маань надаас сүүлдээ аягүй их мөнгө нэхсэн уул нь тийм их мөнгө аваагүй юм хэл ам хийгээд хүүхэд өвдөөд байхаар нь би хашаа байшингаа суллаад өгчихсөн юм. Тэгээд бас надтай хамт ажилладаг Баярсайхан эгчийн хашаа байшинг тавиад миний нэр дээр зээл аваад тэр зээлээ дутуу төлөөд бараг төлөөгүй тэгээд Баярсайхан эгчийн хашаа байшинг алдах шахаад манай дүү нар миний нэр дээр байсан тэр зээлийг төлөөд айлын хашаа байшинг суллаж өгсөн. Би одоо дүүгийнхээ хашаа байшинд амьдарч байгаа би буруу хүн дагаж яваад хамаг юмаа алдчихсан. Үүнээс болж өр ширэнд ороод эвлэрүүлэнгээр орсон хүмүүсийнхээ өрийг барагдуулаад явж байна зээлээ төлнө гэжээ.

   Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбар нь зээлдэгч Ч.Бг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 24,179,623.22 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Б нь Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбараас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2018/000235/0481 дугаар зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өөрийн цалингийн орлогыг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2018/000235/0481 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.  

Зээлдэгч Ч.Б нь Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авахдаа өөрийн хүсэл зоригийнхоо дагуу гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зээлдэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Зээлдэгч, зээлдүүлэгч тал зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан талаар маргаангүй. Иймд хариуцагч Ч.Бгаас зээлийн үндсэн төлбөр 23,812,008.76 төгрөг, зээлийн хүү 354,828.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,786.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 11,000 төгрөг, нийт 24,179,623.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278,848 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Ч.Бгаас 278,848 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг,  242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Бгаас зээлийн үндсэн төлбөр 23,812,008.76 төгрөг, зээлийн хүү 354,828.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,786.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 11,000 төгрөг бүгд  24,179,623.22 /хорин дөрвөн сая, нэг зуун далан есөн мянган, зургаан зуун хорин гурван төгрөг, хорин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278,848  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 278,848 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.