Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00174

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, * оршин суух, Монхор овогт Эрдэнэдаваагийн И /РД:*, утас:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй,

* тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор * тоотод оршин суух, Боржигон овогт Тогтохсүрэнгийн Ү /РД:*, Утас:*, */-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Э.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие нь  2013-2020 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2017.01.27-нд охин Ч.Э, 2019.09.22-нд хүү Ч.М нарыг тус тус төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа хүүхдээ төрүүлхээс өмнө хэрэлдэж муудалцдаггүй, архи ч нээх уудаггүй ганцхан PC тоглоом тоглодог байсан. Манай нөхөр сүүлийн 4 сар 2019 оны 10 сараас эхлэн архи ууж гадуур шалтгаанүй хоноглох нь ихсэж, ааш зан нь өөрчлөгдөж, гэр бүл үр хүүхэддээ анхаарал халамж тавихгүй, шалтаг хэлж хэрүүл хийж хэл амаар доромжлон намайг хүн гэж үзэхээ байсан. Хүүхдүүдээ санаж байна нэг удаа ярья гээд залгаагүй. Би буулт хийж уучлалт гуйсаар байгаад давруулсан. Өнөөдөр гэр бүл нь хоол ундтай, хүүхдүүд нь эрүүл мэнд ямар байгаа нь огт хамаагүй болсон. Шүүхэд хүсэлт гаргана гэхэд тэг тэг гээд тоож авч хэлэлцдэггүй. Өөдөөс архи уусан үедээ ч эрүүл үедээ ч надруу томорч өөрийнхөө бурууг хүлээж уучлалт гуйж чин сэтгэлээсээ хандаж байгаагүй. 2019 оны 09.22 нд хүүгээ төрүүлчихээд нялх биетэй байхад архи уугаад шоудаад явдаг. Намайг төрснөөс хойш 4 удаа архи ууж хоногоор явсан. Хаана хэнтэй ууж, хаана хоносон тухай асуухад чамд хамаагүй миний эрхийн асуудал би уугаад явна хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж ярьдаг болсон. Эцэг байх үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй үр хүүхэд нь хоол унд, өмсөх хувцас, эрүүл мэнд нь ямар байгаа нь огт хамаагүй болсон. Гэр бүлдээ хайр халамж гаргадаггүй, хүүхэдтэйгээ өөрөө залгаж утсаар ярьдаггүй гэртээ байх хугацаандаа утсаар тоглоод суудаг. Айлд байгаа хүн шиг сэтгэл нь гэгэлзээд гэртээ тогтохгүй байдаг болсон. Хүүхэдтэй эмнэлэгт хэвтэж байхад уурлаж хоол авчирч өгдөг. Архи уухаараа зан ааш нь бүр онцгүй болдог. 2019 оны 01.31-нд бааранд хүүхнүүдтэй архи ууж дуулж байхад олж авсан цуг явья гэхэд би болоогүй байна архиа уучихаад явна гээд би хүүхэд уйлаад байна гээд дагуулж гарсан. Явж байх замдаа надад архи авч өг тэгвэл би гадуур архи уухгүй гэдэг. Өөрийнхөө эрхийг ярьж үр хүүхэд гэр бүлээ хайхрахгүй, утсаа кодлож надаас бүх юмаа нуудаг байсан. Ер нь цаашид 2 хүүхдээ бодоод хамт амьдрах үнэхээр хүндрэлтэй  байнгын сэтгэл санааны дарамтанд байна бас эдийн засгийн хүндрэлтэй байна.Иймд эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу Т.Үгоос гаргуулж   өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.И шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Үтой 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. Одоо 6 жил хамт амьдарч байна. Анх би 2 дагавар хүүхэдтэй Үтой амьдарсан. Амьдарч байх хугацаанд манай нөхөр гадуур гардаггүй гайгүй амьдраад байсан. Хүүхэд төрснөөс хойш өөрөө ажилд орсноос хойш их зантай болчихоод байгаа. Манай том хүү тэтгэмж авдаггүй дараагий хүү минь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Аав нь 2009 онд автын ослоор нас барсан. Тэгээд би 5 жил хүнтэй суухгүй 2 хүүхдээ тэжээж явж байгаад энэ хүнтэй 2013 оноос хамтран амьдарч байгаад ерөнхийдөө харъя гэж бодоод хэдэн жил харж байгаад 2017 онд хүүхдийг нь гаргаж өгсөн. Уг нь би энэ хүнийг доороо 4 өнчин дүүтэй ээжтэйгээ амьдардаг зовлон үзсэн юм чинь намайг ойлгох байх намайг хайрлах байх гэж бодож итгэж хамт амьдарсан. Анх суухад PC тоглоом их тоглодог байсан архи дарс ууж, гадуур дотуур хүүхэн шуухантай явдаггүй байсан. Би тоглохыг нь хүлээн зөвшөөрчихсөн сүүлийн үед гар утсаараа PUBG тоглодог болсон тэрнээс болж хэрүүл хийдэг л байсан тэгээд би хүлээн зөвшөөрч хориглохоо больсон. Одоо бид 2 тустаа амьдраад 3 сар болж байна. Би уурандаа зайл гээд хөөцөн юм ийм амьдралаар хэдий болтол амьдрах юм 2017 оноос охин төрснөөс хойш дандаа аргадаж гуйлгаж байна. Санаачлагаараа юм хийхгүй тэрийг хий энийг хий гэж хийдэг. Гол нь би ингээд нэхэмжлэл гаргавал гэр бүлээ гээд ирэх юм болов уу гэж бодож горьдож нэхэмжлэл өгсөн юм тэрнээс би шууд салчихъя гэж бодоогүй. Би зөндөө аргаар хойноос нь очсон ажил дээр нь очсон, баранд байхад нь очсон, гэрт нь хүртэл очиж би уучлалт гуйсан. Уурандаа хөөсөн нь миний буруу гол нь чи хөөгдөх ажлаа өөрөө л хийсэн гэж уучлалт гуйхад хүлээж аваагүй. Утсаар залгахаар утсаа авахгүй мэссэж бичихээр хариу бичихгүй тиймэрхүү л байгаа. Ү архи уусан үедээ бага хүүхдээ миний хүүхэд биш гэдгийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа мөн  гэсэн байна лээ. Тэрнээс миний хүүхэд биш би гений шинжилгээ өгнө яах гэж наадахаа гаргасан юм гэдэг байсан. Би 2 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа оръё чи хүүгээ харчих гэр ойрхон юм чинь гэхэд би хүүхэд харж чадахгүй гээд намайг дэмжээгүй одоо би хүүхдээ хараад гэртээ байгаа. Саяхан би охиноо аав гээд байхаар нь аавыгаа санаад бэтгэрчих юм болов уу гээд 3 хоног аав дээр нь байлгаж байгаад 3 хоногийн дараа бага хүүгээ дагуулаад хүүгээ харж магадгүй, үнсэж магадгүй гээд такси бариад хадмынд очсон чинь намайг ч хараагүй, хүүгээ ч тоогоогүй. Хүүгээ тэвэрч бай би бие засаадхая гэхэд тэврээгүй тэгэхээр нь би охиноо аваад хүүгээ тэврээд хадмын гэрээс уйлаад гарсан. /уйлав/ Би хадам ээжид хэлсийн ээжээ би гэрлэлтийн баталгаатай байсан бол эцэг тогтоолгож гүйгээд байхгүй байсан даанч танай хүүхэд гэрлэлтээ батлуулаагүй гэхэд чи өөрөө өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй юм биш үү гэсэн тэгэхээр нь би 2014 онд цуцлуулсан гэхэд тийм үү л гэж байна лээ. Би 12 дугаар сард гэрлэлтээ батлуулъя гэхэд бодож үзье гэж намайг ёжлоод байхаар нь дахиж би гуйгаагүй. Би өнгөрсөн хугацаанд нөхөр хүүхдийнхээ төлөө амьдарч байсан. Манай нөхөр надтай анх суухдаа өмссөн хувцастайгаа л ирж байсан. Би энэ хүнийг 2015 онд МСҮТ-д гагнуурчин мэргэжилтэй болгосон. 2016 онд албан бусаар суурь боловсролын гэрчилгээтэй болгосон, найз нөхдөө гуйж байж С,Е ангилал даруулж өгсөн. 2018 оны 06 дугаар сард бэрийгээ гуйж байж 1 дүгээр сургуулийн цахилгаанчнаар ажилд оруулсан. Энэ болгоныг минь ойлгохгүй анхнаасаа халамжгүй байсан хүүхэдтэй болоогүй болохоор залуу хүн болохоор алдаж эндэж байна гэж боддог байсан. Хүүхэдтэй болохоор өөр болох байх гэж бодсон болоогүй. Гэхдээ манай хүн тийм ч муу хүн биш жоохон хүүхэд шиг зантай тэрийг нь би мэдээд аргадаад л байдаг. 1 дүгээр сургуульд ажилд орсноосоо багш нарын баяр болсноос хойш эрс сонин болоод гэртээ тогтохоо болиод тэгээд бас нийлж ууж идэж байгаа хүүхнүүд нь нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Хамт олонтойгоо ууж идэлгүй яахав гэхдээ арай дэндүү 7 хоног болгон явна заримдаа 7 хоногт 2 удаа явна. Эргээд бодоход энэ хүнийг яаж мэргэжилтэй болгочих уу яаж тогтвор суурьшилтай ажилтай болгочих уу гэж яваад өөрийгөө гаргуунд нь гаргасан юм шиг байгаа юм гэжээ. 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно гэв.  

Хариуцагч Т.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.И бид хоёр 2013 оноос 2020 оныг хүртэл хамтран амьдарч байсан нь үнэн. Хамтран амьдарч байх хугацаандаа бидний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Ү.Э, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ү.М нар төрсөн. Би Игийн бичсэн шиг гадуур тэнээд архидаад явдаг хүн биш. Би ер нь Итай хамт амьдарсанаас хойш зүгээр суусан удаа байхгүй. 2013 оноос 2016 он хүртэл онцгой албаны барилга барих ажилд туслах ажилчнаар ажилласан 2016 оноос 2018 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд Төмөр замын орон сууцын 40айлийн барилга дээр ажилласан. 2018 оны 06 сараас өнөөг хүртэл 1 дүгээр сургуульд цахилгаанчнаар ажиллаж байна. Энэ хугацаанд би цалингаасаа өөртөө нэг ч төгрөг авахгүй бүгдийг нь Ид өгдөг байсан. Засвар зайгаар нь алтанд явдаг мөн раман дээр ажиллаж гэрийхээ доторхыг тохижуулсан. Э.И намайг байнга араас хардаад тайван явуулахгүй энэ байдлыг нь майнай ажлийхан бүгд мэднэ. Өмнө нь 2 хүүхэдтэй боловч өөрийн хүүхдийн адилхан л үздэг. Урьд нь сууж байсан 2 нөхрийнх нь талаар юу ч ярьдаггүй. Би өөрийн чадал боломжоороо амьдрахын төлөө зүтгэж элдэв хэрүүл маргаан хийхийг хүсдэггүй. Гэтэл Э.И байнга үглэж яншаад тайван байлгадаггүй. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн охин Ү.Эийг өөрийн асрамжинд авах бодолтой байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.И, хариуцагч Т.Үд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.И, хариуцагч Т.Ү нар нь 2013 оноос 2020 оныг хүртэл хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Ү.Э, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ү.М нар төрсөн байна. Нэхэмжлэгч Э.И нь 0-14 насны 4 хүүхэд хамтран амьдрагч Т.Ү нарын хамт амьдарч байсан, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх юм.  

 Зохигчид гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд зохигчдын дундаас   03 настай охин Ү.Э, 06 сартай хүү Ү.М нар төрсөн. Хариуцагч Т.Ү хүүхдүүдээ өөрийн хүүхэд мөн биш эсэхэд маргаагүй, иргэний бүртгэлийн байгууллагаас Ү.Э, Ү.М нарын төрсөн эцэг нь Т.Үгоор овоглон төрсний гэрчилгээг олгогдсон бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ.   

Хамтын амьдралтай байх хугацаанд зохигчдын хоорондын харилцаанд зөрчил үүссэн, хариуцагч Т.Ү нь ар гэрийн амьдралдаа хөндий ханддаг, гэр бүлээ үл хүндэтгэдэг, гэр ахуйн ажилд оролцдоггүй эцэг хүний үүргээ үл биелүүлдэг зэрэг хэрүүл маргаан үргэлжилсний улмаас зохигчид тусдаа амьдарцгааж байгаа нь талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаарлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Т.Үгоос түүний төрсөн хүүхдүүд болох 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ү овогтой Э, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ү овогтой М нарт хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Э.И, хариуцагч Т.Үг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх нь зохистой болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Үгоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, 

 Мөн хариуцагч Т.Үгоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 53,024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах, хариуцагч Т.Ү нь эцэг хүний хувьд хуулиар хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүйг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч Т.Үд  оршин суух хаягтаа байхгүй эзгүй байгаа тул шүүх хуралдааны товыг түүний ээж Т.Тогтохсүрэнгийн 86961199 дугаарт мэдэгдсэн ба ээж нь хариуцагчид мэдэгдсэн /хэрэгт авагдсан тэмдэглэл байгаа/, хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан. /ИХШХШТХ-ийн 100.3/ Мөн бага насны 2 хүүхдийн тэжээн тэтгүүлэх, амьдралын нэн тэргүүний хэрэгцээгээ хангуулах эрх нь зөрчигдөж байгаа зэргийг харгалзан хуульд заасан журмаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ү овогтой Э, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ү овогтой М нарт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ү овогтой Э, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ү овогтой М нарт 11-16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн  эцэг Т.Үгоос сар бүр  гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Үгоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ид буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Үгоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт шаардсан нэхэмжлэлийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 53,024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Т.Ү нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.АЛТАНЦЭЦЭГ