Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/834

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305025971683 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг гэх, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** ам гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “***” ХХК-ийн санхүү бүртгэлийн хэлтсээс Хаан банкны *** дугаар данс руу андуурч шилжүүлсэн 629.291 төгрөгийг хохирогч “***” компанийн эзэмшлийнх, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** группийн охин компани болох *** ХХК нь ***гийн ***ийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн агуулахад ачигчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2023 оны 3 дугаар сарын сүүл цалин болох 408,533 төгрөгийг ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед мөн лаборант ажилтан *** нэртэй ажилтны цалин болох 626,291 төгрөгийг ***ийн данс руу андуурч шилжүүлсэн. Харин *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэлгүй ажлаа хаяад явсан. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эргэж ***той утсаар холбогдож андуурагдсан гүйлгээ хийсэн байна, дээрх мөнгийг буцааж шилжүүл гэж хэлэхэд *** нь “за удахгүй хийнэ” гэж хэлээд алга болсон. *** нь 1 сарын бүтэн цалин буюу 1,200,000 төгрөгөөр цалин авахаар гэрээ хийж манай байгууллагад орсон. Ажил үүргийн хувьд журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж харилцаа сахилга ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин цалин орсны маргаашаас шалтгаангүйгээр ажлаа орхиж явсан. Манай байгууллагаас ***ийг ажлаас нь удалгүй чөлөөлсөн. *** нь 2023 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногийн цалин болох 213,340 төгрөгийг ***ид өгөх ёстой хэдий ч андуурч шилжүүлсэн 626,291 төгрөгөөс суутгаж бодоод үлдэгдэл 412,951 төгрөгийн цалингийн зөрүүг нэхэмжилж авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2. Хаан банкны ***гийн ***ийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

3. Ажил горилогчийн анкет, Хөдөлмөрийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ТХГ2023/08-23 дугаартай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нууц хадгалах 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн НХГ2023/08-23 дугаартай гэрээний хуулбар (хавтаст хэргийн 8-15 дахь тал),

4. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сараас эхлээд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаад *** дугаарын Хаан банкны дансаар өөрийн 3 дугаар сарын сүүл цалин болох 408,533 төгрөгийг над руу байгууллагаас шилжүүлсэн. Дараа нь дахин 626,291 төгрөгийг дахиж араас нь шилжүүлсэн. Энэ 626,291 төгрөгийг байгууллагаас андуурч шилжүүлснийг би мэдсэн. Яагаад гэвэл миний цалин 408,533 төгрөг орох байсан. Харин өөр хүний цалинг над руу шилжүүлсэн гэдгийг би гүйлгээний утга дээрээс нь харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн мөнгийг байгууллагын данс руу буцаагаад шилжүүлсэн. Хүний зүйл гэдгийг мэдсээр байж ашиглаж удаасандаа харамсаж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 49 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “***” ХХК-ийн санхүү бүртгэлийн хэлтсээс түүний Хаан банкны *** дугаар данс руу андуурч шилжүүлсэн 629.291 төгрөгийг хохирогч “***” компанийн эзэмшлийнх, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшиж, хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2023 оны 3 дугаар сарын сүүл цалин болох 408,533 төгрөгийг ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед мөн лаборант ажилтан *** нэртэй ажилтны цалин болох 626,291 төгрөгийг ***ийн данс руу андуурч шилжүүлсэн. Харин *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэлгүй ажлаа хаяад явсан. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эргэж ***той утсаар холбогдож андуурагдсан гүйлгээ хийсэн байна, дээрх мөнгийг буцааж шилжүүл гэж хэлэхэд *** нь “за удахгүй хийнэ” гэж хэлээд алга болсон...” гэх мэдүүлэг, Хаан банкны ***гийн ***ийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ажил горилогчийн анкет, Хөдөлмөрийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ТХГ2023/08-23 дугаартай гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нууц хадгалах 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн НХГ2023/08-23 дугаартай гэрээний хуулбар, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Хохирогч *** ХХК нь ажилтнуудынхаа цалинг бодож шилжүүлэхдээ ***ийн эзэмшлийн Хаан банкны *** данс руу өөр хүний цалин болох 626,291 төгрөг андуурч шилжүүлснийг шүүгдэгч мэдсээр байж буцаан өгөлгүй, хувьдаа ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байх бөгөөд тухайн гүйлгээний утга дахь “Жансуль УБГ ХХК-с 3 сарын сүүлийн цалин” гэх мэдээллээс шүүгдэгч *** нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч *** ХХК-нд 626,291 төгрөгийн бодит хохирол учирсан, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-нд 626,291 төгрөгийн хохирол учирсан байна.

Хавтас хэргийн 24 дэх талд хохирогч *** ХХК-ний хууль ёсны төлөөлөгч ***э нь “...2023 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногийн цалин болох 213,340 төгрөгийг ***ид өгөх ёстой хэдий ч андуурч шилжүүлсэн 626,291 төгрөгөөс суутгаж бодоод үлдэгдэл 412,951 төгрөгийн цалингийн зөрүүг нэхэмжилж авах шаардлагатай байна...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 59 дэх талд “...*** ХХК-ны ***ийн дансанд андуурч шилжүүлсэн төлбөр болох 412,951 төгрөгийг 2023.09.06-ны өдөр компанийн *** дансанд хүлээн авсан болно” гэж бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ид сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА