Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00373

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, * тоотод оршин суух, Боржигон овогт Базаргүрийн О /рд:*, утас:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, * тоотод оршин суух, Халх овогт Баяндалайгийн З /рд:*, утас:*/-д холбогдох

“Хүүхдийн эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.З нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: …...Миний бие Улаанбаатар хотод суралцаж байх хугацаандаа 2007 оны зун Б.Зтай танилцаж 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин Оюу-Эрдэнэнийг төрүүлсэн. Охиноо 5 сартай байхад нь сургуулиа төгсөх гэж Згийн ээж дээр орхиж явсан тэгээд Зүүнхараа Хаан банкинд 8 сар ажилласан энэ хугацаанд би өөрөө охиноо харж байсан. Би Згаас 2011 оноос хойш тустаа амьдарч байгаа охин 2011 оноос хойш аавтайгаа хамт амьдарч байгаа одоо 5 дугаар ангид сурдаг. Охин Оюун-Эрдэнийн эцгээр Б.Зг тогтоолгох хүсэлтэй байна эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Хариуцагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ......Миний бие Б.Отэй 2008 онд танилцаж 2011 он хүртэл хамт амьдарсан энэ хугацаанд 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охиноо өөрийн нэр дээр бүртгүүлж чадаагүй. Дархан-Уул аймгийн харьяатай байсан болохоор охиноо өөрийнхөө нэр дээр авч чадаагүй ээжээрээ овоглосон юм. Би охиноо 2 настай байхаас эхэлж өөрөө асарч өсгөж байгаа Оюун-Эрдэнэ бол миний төрсөн охин би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, Мандал сумын 6 дугаар багийн өрхийн эмнэлэгийн О.Оюу-Эрдэнэ нь эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, О.Оюу-Эрдэнийн Мандал сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 4А ангид суралцдаг талаарх тодорхойлолт, О.Оюу-Эрдэнийн төрсний  гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Зд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.З 2007 онд танилцаж улмаар ойр дотно харилцаатай болж хамтран амьдарсан ба 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин Оийн Оюу-Эрдэнэ төрсөн байна. Б.О, Б.З нар нь 2011 оноос тусдаа амьдарсан ба охин О.Оюу-Эрдэнэ нь 2011 оноос хойш өөрийн төрсөн эцэг Б.Згийн асрамж, халамжинд өсөн бойжиж байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.   

Хариуцагч Б.З нь охин О.Оюу-Эрдэнийг өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд охин О овогтой Оюу-Эрдэнийн төрсөн эцэг Баяндалайгийн З мөн болох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин О овогтой Оюу-Эрдэнийн төрсөн эцэг нь Халх овогт Баяндалайгийн З мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг  гаргуулж төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ