Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1243

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Бөд холбогдох эрүүгийн ************** тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************* овогт *******,********** /РД: ***********/,

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, орцны жижүүр хийдэг, ам бүл 3, эхнэр, 8 настай хүүхдийн хамт ****** дүүргийн ***** дугаар хороо, ***** 4 дүгээр хэсэг, ****** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо ***** хотхон ******* тоотод түр оршин суудаг, урьд:

-Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2 жил 6 сар 14 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

-Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 174 дугаартай захирамжаар 7 жилийн хугацаагаар хорих ял болгож өөрчлөн, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

-Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 2015 оны 11 дүгээр .сарын 05-ны өдөр 125 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч, үлдэгдэл 8 сар 16 хоногийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 419 дугаартай хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дуусгаж суллагдсан. 47 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 419 дугаартай ялын хугацаа дууссан байна.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байрны гадаа хохирогч Л.Д-ын эд хөрөнгийг авах зорилгоор гар цүнхийг нь булаан авч зугтан, цүнх нь дотор байсан самсунг галакси загварын гар утас 1 ширхэг, гэрийн түлхүүр, банкны виза карт 3 ширхэг, жирэмсний хяналтын дэвтэр, бэлнээр 8000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас хохирогчид 113,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дугаар байрны гадаа хохирогч Л.Д-тай “чи манай анги билүү” гэх зэргээр яриа өдөж, хажуунаас нь холдохгүй даган улмаар гар цүнхийг нь булаан авч зугтан, цүнхэн дотор байсан самсунг галакси загварын гар утас 1 ширхэг, гэрийн түлхүүр, банкны виза карт 3 ширхэг, жирэмсний хяналтын дэвтэр, бэлнээр 8000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас хохирогчид 113,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/,

-хохирогч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед гэж санаж байна. Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн банкаар үйлчлүүлж байгаад гэртээ харих гээд гарч ирсэн юм. Тухайн үед банкны гадаа зогсож байтал үл таних цагаан малгай, цэнхэр өнгийн судалтай цамц, бор өнгийн нүдний шилтэй, бор өнгийн савхин куртиктэй 60-65 орчим насны ноорхой хувцастай эрэгтэй хүн чи манай ангийн хүүхэд мөн үү? би ********** байна гээд над руу ирээд наалдаад гараас бариад авахаар нь би гайхаад чи цаашаа хол байгаач би 10-р ангиа төгсөөд 44 жил болж байна. Чамайг танихгүй байна гэж хэлсэн. Чи намайг танихгүй байгаа юм уу? би *******байна. Өнөөдөр миний төрсөн өдөр гээд салахгүй дагаад байсан. Тэгэхээр нь би тоолгүй гэр рүүгээ алхаад явж байтал намайг дагаад байхаар нь айгаад камерт царайг нь харуулъя гэж бодоод алхаж байсан зүгт маань байгаа супер маркет дотор ороход нөгөө өвгөн дэлгүүрээс шар өнгийн лаазтай 2 ширхэг пиво авчихаад намайг лангуунаас бохь аваад өг гэж хэлэхэд авч өгчихөөд гарах гэтэл авсан пиво цүнхэндээ хийчих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь цүнх зайгүй гэж хэлж байгаад цүнхэндээ хийгээд гараад хүүтэйгээ ярьж байгаад эргүүлээд авсан пиво-г өгчихөөд явах гэтэл гэнэт гүйж ирээд баруун гарт маань барьж байсан цагаан, цэнхэр өнгийн арьсан цүнхийг шүүрч аваад зугтаачихсан юм. Тэгэхээр нь би ардаас нь харахад нэлээн хурдтай гүйгээд явчихсан. Тэгээд би хүүдээ хэлж цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 73-р хуудас/ мэдүүлэг, 

-гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...14 цаг 10 минутанд ********* дугаарын утаснаас миний 9*****дугаарын утсанд дуудлага орж ирсэн. Манай ээж надтай ярихдаа ээжийг нь нэг үл таних хүн дагаж явж байгаад цүнх аваад зугтчихлаа араас нь хөөгөөд барьж чадсангүй. Намайг ээж аав, ах хоёрыгоо дагуулаад Содон хорооллын хаан банкин дээр хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-26 дугаар тал/,

- Т********” ХХК-ийн 630 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн хэрэг болох өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи дуусаж мөнгө дуусахаар нь энэ хүнд мөнгө байж магадгүй гэж бодоод тухайн хүний цүнхийг авч зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-р хуудас/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүйгэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56-р хуудас/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 57-61 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Д--ын эд зүйл болох цүнхийг нь шунахай сэдлээр буюу өөрийн эзэмшилдээ авах зорилгоор ил аргаар, хүч хэрэглэхгүйгээр булаан авч буй үйлдэл нь бусдын өмчлөх эрхийн эсрэг дээрэмдэх гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байдаг бөгөөд хохирогчийн энэхүү эрхэд хууль бусаар халдсанаар гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Л.Д-д 113,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн шинжид хохирлын хэмжээ хамаарахгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Д нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний нас /54 настай/, ажил эрхлэлт /орцны жижүүр/, ам бүл /эхнэр хүүхдийн хамт амьдардаг/-ийн байдлыг харгалзан үзсэн болно.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэн хэд хэдэн удаагийн ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжихгүй дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дүгнэн түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан.

Гэвч шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал болон энэ хэрэгт хохирол төлбөргүй байгаа байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэснийг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгоос гадна нийгэмшүүлэх зорилгын хүрээнд учруулсан хохирлын хэмжээ хор уршгийг дүгнэн үзэж, түүнд зорчих эрх хязгаарлах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ***** овогт ******,***** ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “*******” хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА