Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/01196

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Ажил олгогчоос цалин 28 897 815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б би 2010 оны 8 дугаар сард анх “Т” ХХК-д ажилд ороод 2011 оны 07 дугаар сард үндсэн ажилтан болсон. 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрмийн мастераар дэвшин ажилласан. Ажиллаж байх хугацаанд компаниас цалинг цаг тухайд нь эсвэл сараар хойшлуулаад олгодог байсан. Ажил олгогчоос компанийн санхүүгийн нөхцөл байдлыг ойлгож ажиллахыг хүсэж, цалинг дараа олгоно хэмээн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний бичилт хийж,  2013 оны 10,11 дүгээр сарын цалин, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал, 2015 оны 8, 12 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй бөгөөд компанийн зүгээс дээрх саруудын цалин эрсдэлийн санд суутгасан суутгалд 9 648 725 төгрөгийг олгох тооцоог гаргаж өгсөн. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар захирал н.Чинбаттай биечлэн уулзаж цалингаа шаардаж байсан. Мөн өргөдөл гомдол, хүсэлт, шаардлага бүх зүйлийг хүргүүлсэн. Гэвч бичгээр хариу өгдөггүй байсан. Эсвэл уулзаад түр хүлээж бай, дараа сард өгье гээд хойшлогдоод яваад байсан. Би өөрөө хагалгаанд орсон байхдаа хүртэл захиралд хандсан. Уучлаарай мөнгөгүй, боломжгүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ аргаа бараад “Т” ХХК-ийн хуульч, санхүүгийн алба, хүний нөөц, захирлын албанд тус тус шаардлага хүргүүлсэн. Санхүүгийн албанаас өгнө гэсэн албан бичиг, нотлох баримт гаргаж өгдөггүй. Чи гараараа бичиж ав, би чамд хэлээд өгье гээд санхүүгийн албаны цалингийн нягтлан тэгж ханддаг байсан. Ингээд 2017 оны 10, 11 дүгээр сард хуваагаад олгоно гэж амаар хэлсэн боловч өгөөгүй. Би цалин гаргуулах асуудлаараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид өргөдөл гаргасан боловч гомдлыг маань хүлээн аваагүй. Тиймээс 2013 оны 10, 11 дүгээр сарын цалин 8 632 883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827 862 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын цалин 63 343 төгрөг,12 дугаар сарын цалин 124 637 төгрөг, нийт 9 648 725 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс хугацаанд нь олголгүй хугацаа хэтрүүлсэн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 665 хоног тутамд 0,3 хувиар тооцон алданги 19 249 090 төгрөг, нийтдээ 28 879 815 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж, 2013 оны 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б “Т” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж сар бүр тогтмол цалин авч байсан. 2011 оны 7 сарын 1-нээс 2016 оны 02 сарын 15 хүртэл ажилласан. Ажил олгогчоос олгоогүй цалин хөлс 9 648 725 төгрөгийг ямар гэрээний үндсэн дээр гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтгүй байна. Алданги 19 249 090 төгрөгийн шаардлагаа нотлоогүй. 2013 оны 10, 11 дүгээр сар, 2015 оны 8,12 дугаар сард цалин хөлс авч, нийгмийн даатгал төлөгдөж байсан нь Г.Бын нийгмийн даатгалын дэвтрээс харагдана. Хөдөлмөрийн гэрээнд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон зүйл огт байхгүй. Санхүүгийн байдлаас шалтгаалан сул зогсолттой зарим сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Гэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар тодорхойлсон үүргээ хэрэгжүүлэлгүй, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролгүй, нэмэгдэл цалин хөлс гэх нэрийдлээр ажилтны үндсэн цалин хөлсийг гэрээнд заалгүйгээр, үүнийгээ үндэслээд ажилтны цалин хөлсийг олгохгүй байсан юм. Хуулийн заалтын дагуу өрмийн мастерууддаа хөдөлмөрийн гэрээнд зааснаас илүү цалинг өгөөгүй нь гэрчийн мэдүүлэг, өрмийн мастеруудын өрмийн журнал зэргээр хангалттай нотлогдож байгаа. 2013 оны 10, 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл нь өөр байсан учраас тэр үеийн 8 362 888 төгрөгийн цалин хөлсийг олгоогүй. Үүнийг нөгөө 400 000 төгрөгөөр төлсөн юм гэж тайлбарлаад байна. Өөрөөр ажил олгогч тухайн гэрээнд заасан хугацаандаа ажилтанд олгоод, тэгээд нийгмийн даатгалыг төлөөд дэвтэрт нь бичилт хийх ёстой байсан. Гэтэл бичилт хийгээгүй өнөөдрийг хүрсэн учир энэ хэмжээндээ нөхөн төлөлт хийлгэж, бичилтийг хийлгэе гэж шаардлага гаргаж байна. 2016 оны 2 сараас ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ үед компанийн удирдлагууд цалинг чинь удахгүй өгнө гээд хугацаа заагаад хойшлуулаад байсан. Нэхэмжлэлийг хангаж  өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан “Т” ХХК-д холбогдох ажил олгогчоос 28 897 815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Г.Б-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.3 дах хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, 82.2 дах хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг  хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүх 2013 оноос хойш хариуцагч ““Т”” ХХК-аас олгогдоогүй цалин хөлсөө шаардаж байсан, тус компани цалин хөлсийг маань олгохоо хүлээн зөвшөөрсөөр байсан үйл баримт нотлогдсоор байгаа. Гэрч Солонго, Ууганбаатар, Баяртуяа, Уугансүх, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн эхний шүүх хуралдаанд эвлэрэх хүсэлт гаргаж байсан үйл баримт, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байгаа.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй байх тул дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан 2013 оны 10, 11 сарын цалин 8 632 883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827 862 төгрөг, 2015 оны 8 сарын цалин 63 343 төгрөг,12 сарын цалин 124 637 төгрөг, нийт 9 648 725 төгрөг, 665 хоногоор хугацаа хэтрүүлж цалин хөлс олгоогүй тул 0,3 хувиар алданги тооцон 19 249 090 төгрөг, нийтдээ 28 879 815 төгрөг гаргуулж, 2013 оны 10, 11 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

 

“Т” ХХК-ийн захирлын 2011 оны 06 сарын 30-ны өдрийн 118 тоот тушаалаар Г.Быг тус компанид өрмийн ажилчнаар, 2011 оны 11 сарын 01-ний өдрийн 353 тоот тушаалаар өрмийн мастераар томилж, 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 04 тоот тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /1-р хх-6-9, 36-38 дугаар хуудас/

 

Талууд дутуу олгосон цалин хөлс болон цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасантай холбоотой маргажээ. Хэрэгт авагдсан баримтаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайн байгууллагад хүний нөөцийн менежер, нягтлан бодогчоор ажиллаж ажиллаж байсан гэрч Ч.Уугансүх, Ш.Солонго, нарын цалин хугацаанд нь өгөөгүй гэдэг шаардлагыг компанид өгсөн гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийг цалин хөлстэй холбоотой шаардлагаа ажил олгогчид гаргаж байсан гэж үзэхээр байна. /1-р хх-54-57/

 

Талууд хөдөлмөрийн гэрээний үргэлжилсэн харилцаатай байсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг буюу цалин хөлс олгох хугацааг амаар ярилцаж хойшлуулж байсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Цалингийн эрсдэлийн санд суутгасан суутгал болох 827 862 төгрөг, 2013 оны 10, 11 дүгээр сарын цалин, 2015 оны 08, 12 дугаар сарын цалинг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид буцаан олгосон гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Цалингийн дансны хуулга гэх баримтад тодорхой цалингуудыг олгож байсан он сар өдөр, ямар хэмжээний цалин олгож байсан дүн байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ зааж байгаа 2013 оны 10, 11 дүгээр сарын, 2015 оны 08, 12 дугаар сарын цалинг олгосон талаар баримт байхгүй байна. /хх-ийн 72-75 дугаар хуудас/

 

Талуудын хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд сарын 430 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон байна. Иймд нийт 4 сарын цалин 1 720 000 төгрөгийг олгоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаж байсан, хариуцагчаас цалин олгох хугацааг хойшлуулж байсан зэргийг дүгнэж үзвэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар үүргийг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан, уг хойшлуулсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж дүгнэхээр байна.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу юм.

 

Хариуцагчийн тайлбар, хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргаж өгсөн баримтаар нягтлан бодогчийн гарын үсэг бүхий 827 862 төгрөгийг эрсдэлийн санд суутгаж авсан гэсэн баримт хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/ Эдгээрийг үндэслэж 4 сарын олгогдоогүй цалин, эрсдэлийн санд суутгаж авсан гэдэг нь тогтоогдож байгаа мөнгөн дүнгийн хамт 2 547 862 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Бусад шаардлагын хувьд цалингаас эрсдэлийн санд суутгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарласан үнийн дүн нотлогдоогүй, хариуцагч нь 827 862 төгрөгийг суутгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээнд талууд цалин, хөлсийг 430 000 төгрөг гэж тодорхой заасан, илүү хэмжээний цалин олгох ёстой гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Түүнчлэн 2 547 862 төгрөгт холбогдох үүргийг хойшлуулснаар, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсож байгаа учир хугацаа хэтрүүлсний алданги тооцох үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ““Т”” ХХК-иас 2 547 862 төгрөг гаргаж нэхэмжлэгч Г.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 349 953 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД