Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0030

 

           

          “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0857 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.У, түүний өмгөөлөгч Г.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н

Хариуцагч Л.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр  

Хэргийн индекс: 128/2025/0512/З                                          

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0857 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Хууль хэрэгжүүлэгч нь төрийн байгууллага, албан тушаалтан болохоос хувь этгээд биш. Тиймээс захиргаанд хүлээлгэсэн үүргийг тендер шалгаруулалтад оролцогчид халдаан, үүрэгтэй хэмээн дүгнэх нь буруу. Түүнчлэн зөвхөн өөрийнхөө өмнө буюу өөртөө л хариуцлага хүлээдэг хувь этгээдийг хариуцлагатай байсангүй хэмээн буруутгаж байгаа нь хууль хэрэглээний алдаа юм.

2.2. Мөн үйлдвэрлэгчээс өгсөн баримтыг л захиалагчид өгсөн буюу огнооны зөрүү нь нэхэмжлэгчид хамаарахгүйг хүлээн зөвшөөрсөн баримтыг хуулийн шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн. QR код дээрх мэдээлэл 2022 он гэж гарах нь гэрчилгээ олгогч байгууллагын мэдээллийн системийн асуудал юм. Үйлдвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтан тайлбарлахдаа “огноо зөрөх нь QR код анхны дээж өгсөн огноогоор үлдсэн байх”, “үйлдвэрлэгчийн баримт бичиг хүчин төгөлдөр” гэсэн.

2.3. Мөн БНХАУ-ын “Х” ХХК-иас “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ 2027 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүчинтэй тухай баримт хэрэгт авагдсан ба түүнийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүх тайлбарласангүй. Түүнчлэн тендерийн баримт бичгийн ТШ3 17.5-д шинжилгээний тайлан ирүүлэх шаардлага байгаагүй тул хамааралгүй баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан нь буруу.

2.4. Огнооны хувьд зөрүүтэй байгаа нь бидний буруу биш хэмээн маргасан ба улсын байцаагчийн хууль хэрэглээг огт зөвшөөрөөгүй. Энэ талаараа шүүх хуралдаан нэмж тайлбарласан. Гэтэл шүүх энэ тал дээр ямар ч дүгнэлт хийсэнгүй.

2.5. Хариуцагч нь “тендерт ирүүлсэн тайлангийн QR кодыг шалгахад 2022 оны тайлангийн мэдээлэл гарч ирсэн. Иймээс компани 2022 оны тайлангийн огноог 2023 болгон засварлаж ирүүлсэн гэж дүгнэсэн”  гэсэн тайлбар ирүүлсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасныг эш татсан. Баримт бичигт өөрчлөлт оруулаагүй, үйлдвэрлэгчээс ирсэн баримтыг ямар ч засваргүйгээр тендерт хавсаргасан.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан "баримт бичгийг өөрчлөх" үйлдэл хийгдээгүй. Үйлдвэрлэгч өөрөө 2022 оны баримт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн QR кодын мэдээлэл өөрчлөгдөөгүй байж болно гэж тайлбарласан. Үйлдвэрлэгч нь манай бичиг баримтыг засварлаагүй байна гээд байхад бичиг баримтыг өөрчилж, засварлалаа гэж байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.                

                                                            ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд,

3.1 Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “Т” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1-д заасныг үндэслэн “Т” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.2. Тус дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Т” ХХК-иас “... тендер шалгаруулалтад хамааралгүй буюу шаардлагагүй баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан бөгөөд ямар нэг засвар оруулсан баримтыг илгээгээгүй ...” гэж тайлбарлан маргажээ.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана”,  56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж,

5. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 4.5-д “Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж тус тус заажээ.

6. Дээрх хууль болон журмын зохицуулалт нь тендерт оролцогч тендерт ирүүлсэн баримтыг үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулах боломжийг тендерт оролцогчид олгосон агуулгатай.

7. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Э” ТӨҮГ-аас  зарласан “Төрөл бүрийн шаваас, эмульс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202401023** дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан        Z22072500* дугаартай барааны шинжилгээний тайлангийн огноо зөрүүтэй байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

8. Үүнтэй холбогдуулан хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендерт ирүүлсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаа нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимтай, энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.У, түүний өмгөөлөгч Г.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА