Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О********* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж*********

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Э*********, Д.Л*********

Маргааны төрөл: О********* ХХК-ийн эзэмшиж байсан 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э********* /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч О********* ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан О********* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. 
  2. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч компанид Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт орших 96 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 11839А дугаар тусгай зөвшөөрлийг 2037 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор дээрх тогтоолоор баталсан тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулжээ. 

Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газарт нэхэмжлэгч компаний ашигт малтмал ашиглах эрх бүхий 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцсан байна. 

3. О********* ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын О********* ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын О********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-011839 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 403 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

О********* ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт хандан нөхөх олговор авахаар хүсэлт гаргасныг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/1176 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, тус сайдын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/1283 дугаар албан бичгээр Ашигт малтмал, гарын тосны газарт тус тус шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/2433 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулиар олгосон чиг үүрэгт хамаарахгүй тул холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх талаар хариуг өгсөн байна.

Уг хариуны дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд тус тус 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хандахад Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/2676 дугаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/1939 дүгээр, Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4-2/4476 дугаар албан бичгүүдээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх эрхгүй талаар мэдэгдсэн байна.

Үүний дараа дахин 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21/18 дугаар албан бичгээр Зам тээврийн сайдад нөхөх олговрын асуудлаар хандахад хуулийн хүрээнд холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаарх хариуг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/3935 дугаар албан бичгээр мэдэгджээ.

 Дээрх албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваад, тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/ Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг 2009 онд Ашигт малтмалын газраас олгосон бөгөөд 2013 онд орд ашиглах Техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. 2013-2014 онд Талын бор толгой" нэртэй ил уурхайн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 982,800,000 төгрөг, төсөл ашиглалтын хугацаанд олох борлуулалтын нийт орлого 7,518,100,000 төгрөг, ашиглалтын зардал 3,956,800 төгрөг, улсын төсөвт оруулах татвар хураамж 1,887,590,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 220,600,000 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 375,910,000 төгрөг төлөхөөр тооцоолол гарсан байсан ба уг төслийг хэрэгжүүлснээр 889,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан.

2/ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд нөхөх олговрын асуудлыг Засгийн газар шийдвэрлэх үүрэгтэй байна.

Мөн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 403 дугаар тогтоолоор манай компанийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговорыг шаардах боломжтой болохыг тогтоосон.

Манай компанийн зүгээс нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт удаа дараа хандахад хүсэлтийг төрийн захиргааны байгууллагууд руу дахин дахин шилжүүлэх байдлаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа юм.

Иймд манай компани хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан төрийн байгууллага болох Засгийн газраас нөхөх олговрыг шаардах эрхтэй гэж үзэж байна.

3/ Манай компанийн хувьд, 11839А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг одоог хүртэл жил бүр төлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр байгаа болно. Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу нөхөн олговор олгогдсоны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдэх учраас Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой гэдэг газар 96,7 га талбайд 11839А тоот тусгай зөвшөөрөл кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа болохыг Ашигт малтмалын газраас манай компанид мэдэгдсэн.

Иймд манай компанийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 13 дугаартай Ашигт малтмалын тухай хуулийн 9 зүйлийн 9.1.13-т хэсгийг тайлбарласан тайлбар гарсан. Үүгээр тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь ямарваа нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн талбайг эзэмших, эрэх хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл эрхлэх боломжгүй болсон тохиолдолд нөхөх олговрыг шаардах эрхтэй. Нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон тохиолдолд хуульд заасан журмын дагуу газраар, тохиролцоогүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр шаардах эрх өөрт нь хадгалагдаж байгааг ойлгож болно гэсэн байна. Үүнээс үндэслэн манай компани 11839 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгахын тулд жил бүр төлж байна. гэв. 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тусгай хэрэгцээнд авч байгаа 2010 оны 140, 2016 оны 154, 2019 оны 155 дугаартай тогтоолуудаас үзвэл нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгээ Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд шилжүүлсэн асуудал байдаггүй. Тухайн тусгай хэрэгцээнд авсан газруудад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа тохиолдол байх юм бол түүнийг тогтоож давхцлыг арилгах арга хэмжээг авах асуудлыг эдгээр байгууллагуудад даалгасан. Нөхөх олговор олгох тохиолдолд шаардагдах зардлын хэмжээ буюу төсвийн хэмжээг тодруул гэдэг эрх үүргийг олгосон. Тэрнээс нөхөх олговрыг олгох эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газар шилжүүлээгүй. Ямар хэмжээний зардал гарахаар байна гэдгийг тооцоолоод судлаарай гэдгийг даалгасан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг агуулга бүхий үүрэг хуульчлагдсан байдаг. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт 2014 онд нэмэлт, өөрчлөлт орсон заалт байна. Энэ заалтын дагуу нөхөх олговрыг орд бүхий газар буюу нөөц бүхий улсын төсвийн хайгуулын орд газрын улсын төсвийн хөрөнгөөр сольж болно. Энэ тохиолдолд тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож болно. Үгүй бол ямар нэгэн байдлаар буюу мөнгөн хэлбэрээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломж нь нээлттэй байна. Аль боломжийг захиргааны байгууллага сонгох, энэ асуудлыг шийдэх боломжтой байна гэдэг нь захиргааны байгууллагын өөрт нь байгаа эрх юм. 

Тэгэхээр О********* ХХК-ийн талбай буюу 11839 дугаартай А лиценз Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын, яг одоогийн байдлаар цахилгааны дэд станц баригдсан талбай О********* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай болж байна. Ямар нэгэн байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай 2014 онд батлагдсан энэ хуулийн зорилт нь гээд зохицуулах харилцааны хүрээ хязгаарыг хуульчилж өгсөн байдаг. Үүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулсан байдаг. Нөхөх олговрын асуудал энэ хуулиар зохицуулагдаагүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байгаа ашигт малтмал нэг өөр, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар бол Ашигт малтмалын тухай хууль орохгүй гэж тайлбарлаад байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаагүй үлдсэн харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаад явах бүрэн боломжтой. Хоёр тусдаа асуудал юм шиг салгаж ярьж болохгүй. 

Өргөдөл гаргах асуудал дээр процессын алдаа гаргасан гэдэг зүйлийг ярьж байна. Тусгай хэрэгцээнд аваад шийдвэр гаргаад байгаа байгууллага нь Монгол Улсын Засгийн газар байхад орон нутгаар дамжина гэдэг ч юмуу, сум дүүргийн Засаг даргад өргөдөл гаргана гэдэг процесс хуульд хуульчлагдаагүй, тухайлсан журманд тийм зүйл байхгүй. Энэ процессыг хаанаас гаргаж ирээд ийм шаардлага тавиад байгаа нь ойлгомжгүй байна. Хуулийн дагуу шийдвэр гаргасан байгууллага болох Монгол Улсын Засгийн газарт шууд хандах болохоос хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй тохиолдолд эхлээд Засаг даргадаа хандъя гээд хандаад явах боломжгүй. Энэ процесст алдаа гарсан гээд байгаа нь ямар хууль журмаараа ингэж шаардлага тавиад Монгол Улсын Засгийн газарт хандах ёсгүй гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. О********* ХХК-ийн А11839 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудал шийдэгдээгүй байгаа юу, шийдвэрлэгдээгүй байгаа. Үүн дээр ямар нэгэн албан ёсны Монгол Улсын Засгийн газар нөхөх олговор олгоно, олгохгүй гэсэн зүйл шийдэгдээгүй байгаа үйл баримт дээр бид нэхэмжлэлээ гаргаж байна. Шийдэгдсэн асуудлын хойноос явах боломжгүй. Нэгэнт шийдэгдээгүй байгаа, шийдэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн агуулга байна. гэв. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын 2 дугаар заалтад тус тус давхцал бүхий талбайд бусдын эзэмшлийн газар хамаарах тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авах, нөхөх олговрын хэмжээг тогтоохыг холбогдох чиглэлийн сайд нарт даалгасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зүгээс нөхөх олговрын асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг дээрх тогтоолуудын дагуу шийдвэрлэсэн байна.

2/ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус зааснаар дээрх тусгай зөвшөөрлийн талбайд нь элс, хайргаар нөөц тогтоож улмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тул энэхүү хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах болсон. 

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хяналтыг төрийн захиргааны байгууллагаас орон нутагт шилжсэн.

Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговортой холбоотой хүсэлтээ орон нутгийн захиргааны байгууллагад шийдвэрлүүлэхээр хандаагүй байж Засгийн газрыг эс үйлдэхүй гаргаж байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан хуулийн үндэслэл болсон нөхцөлд түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарахгүй юм.

Ашигт малтмалын ашиглалтын 11839А дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 онд олгож эхэлснээс хойш 16 жил олборлолтын үйл ажиллагаа явуулсан байгаа тул О********* ХХК нь уулын ажлын болон санхүүгийн тайлан тэнцэлдээ тулгуурлан орон нутгийн захиргааны байгууллагад мөнгөн хэлбэрээр нөхөх олговрын хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оноос цахим систем нэвтэрснээс хойш нөхөх олговрын асуудлаар хандсан зүйл энэ компанийн хувьд байхгүй байсан. Өмнө нь хэлсэн тайлбараар 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газарт хандсан гэж байна. Монгол Улсын Засгийн газраас уламжлаад Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн зүйл байхгүй. Нөхөх олговор үйл ажиллагаа явуулж байсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хязгаарлагдаж байна. 2014 оноос хойш 2016 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж шийдэж байгаа тул орон нутагтаа хүсэлтээ гаргаад, орон нутгаараа дамжуулаад Засаг даргадаа уламжлаад гаргасан зардлаа баталгаажуулаад эхний ээлжинд мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргасан зүйл байдаг юм болов уу. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон талбай гэдэгт холбогдох хуулийн 9 зүйлийн 9.1.13 дахь заалт 2014 онд анх батлагдаад 2017 онд өөрчлөлт ороод явсан учраас манайд энэ асуудлаар гаргасан хүсэлт байдаггүй юм билээ. Хуулийн зохицуулалтыг харахаар түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөлд хамаарахгүй гэж үзээд байна. Орон нутагт хүсэлт гаргаад Засаг даргадаа уламжлаад Сангийн яам руу шилжүүлээд явах эрх нь нээлттэй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 зүйлийн 9.1.13-т хамаарахгүй юм байна. Мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм байна. Хэрвээ мөнгөн хэлбэрээр олгочлоо гэж үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь орон нутагт байгаа. 

Яамны хуулийн хэлтсийн даргатай ярьж үзэхэд орон нутгаар дамжуулж Засаг дарга руу хандах ёстой байсан процессийн алдаа гаргасан гэж зөвшилцсөн. Тэрнээс нөхөх олговор авах эрхгүй гэдэг юмуу тийм байдлаар хандахгүй байгаа. Мэдээж нөхөх олговор авах эрхтэй. Процессын дагуу хүсэлтээ гаргах ёстой. Түгээмлийн хуулийн дагуу хүсэлтээ гаргаад орон нутгаараа дамжуулаад хүсэлт гаргаж холбогдох зардлаа баталгаажуулаад ямар хэлбэрээр яаж авах гэдэг талаар талууд зөвшилцөөд аль зардал нь баталгаажиж байгаа юм үүн дээр эргээд ярилцаад явах боломжтой гэж харж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

О********* ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан О********* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор нэртэй газар орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

  1. Монгол Улсын Засгийн газар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.13-д үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар; 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 18.1.2.энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх; гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хэрэгцээнд авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглах эрх бүхий 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна.
  2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 403 дугаар тогтоолд нэхэмжлэгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд нөхөх олговор шаардах боломжтой талаар дүгнэжээ. 

Ашигт малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно., 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. гэж заасан байна.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч компанийн Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан нөхөх олговор авах тухай хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, тус сайд нь Ашигт малтмал, гарын тосны газарт тус газарт өргөдлийг шилжүүлсэн болон Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд тус тус гаргасан өргөдлүүдэд дээрх байгууллагууд олговрын асуудлыг шийдвэрлэх эрхгүй, хуулийн хүрээнд холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх зэрэг хариуг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дээр дурдсан хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч газрыг тусгай хэрэгцээнд авсан байгууллагад хандаж нөхөх олговор авахаар өргөдөл гаргахад түүнийг нь шийдвэрлэлгүй бусад байгууллага руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг судлан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлэх байхад шийдвэрлэлгүй харьяа байгууллага руу шилжүүлж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзлээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл учир орон нутгийн байгууллагаар дамжуулан хүсэлт гаргах бөгөөд орон нутгийн байгууллагад хандаагүй учир өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид Ашигт малтмалын тухай хууль хамаарах бөгөөд тус хуулиудад төрийн захиргааны байгууллагаар дамжуулан өргөдөл гаргахаар зохицуулаагүй бөгөөд нөхөх олговор олгох асуудалд Ашигт малтмалын тухай хуулийн хуулийг зохицуулалтыг хэрэглэх юм.

Иймд нэхэмжлэгчийн өргөдөлд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариу өгөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О********* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор нэртэй газар орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О********* ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О********* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор нэртэй газар орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН