Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 309

 

    Э.Б, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч И.Т-н өмгөөлөгч Р.Бадмаа,

яллагдагч Э.Б-н өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/232 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1809 00874 0458 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч овогт Б-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, “.............ажилтай,  ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ..........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Б овогт Э-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

 Шүүгдэгч Э.Б, Б.А нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB kebab” түргэн хоолны газрын гадна хохирогч Х.Т-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй байна. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 115 дугаартай тогтоолоор яллагдагч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Г нь хэрүүл маргааныг эхлүүлсэн бөгөөд хохирогч Х.Т түүнийг нүүрэндээ 2 удаа цохисон болохыг мэдүүлсэн ба гэрч нар үүнийг давхар мэдүүлсний гадна шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Т-н биед зүүн зажуурын хөндийн урд ба дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогджээ. Прокуророос хяналтын камерын бичлэгийг үндэслэн Г.Гандаваагийн үйлдлийг хохирогчид гэмтэл учруулсан болох нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл дээрх камерын бичлэг нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...ирүүлсэн бичлэг нь дүрсний үсрэлт, гажилт үүссэн байна. Сэргээн дүрслэх боломжгүй, татаж тодруулахад нягтралгүй байна. ...” гэж дурдсан байна.

2. Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мэдээлэл техникийн сургуулийн багш нараас шинжээчээр томилж, дээрх камерын бичлэгийг тодруулах, удаашруулах боломжтой эсэхийг тодруулах,

3. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байх тул эдгээр зөрүүтэй нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эргэлзээгүйгээр тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байна.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй тул яллагдагч Э.Б, Б.А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор  Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Яллагдагч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргасан.

Прокуророос яллагдагч Г.Г-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогчид гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэг болон бусад баримтаар хохирогч Х.Т-н биед зүүн зажуурын хөндийд урд ба дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Г.Г учруулсан болох нь тогтоогдоогүй байхад шүүх нотлох баримтыг шинжлэн судлаагүй атлаа прокурорын шийдвэрт шууд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно” гэж хуульчилсан.

Иймд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мэдээлэл техникийн сургуулийн багш нараас шинжээчээр томилж, камерын бичлэгийг тодруулах, удаашруулах боломжтой эсэхийг тогтоох ажиллагааг шүүхийн шатанд томилж хийж гүйцэтгэх боломжтой байна.

3. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Х.Т, гэрч Б.М, С.Ч, Э.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх”-ээр тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр 6.13, 3.14, 6.15-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр ерөнхий байдлаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч И.Т-н өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Г, Б.А, Э.Б нарыг яллагдагчаар татсан. Прокуророос хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ Г.Г-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Г.Г-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Г нь Солонгос улс руу явсан сураг байдаг. Хохирогч И.Т-н хувьд маш их гомдолтой байгаа. ...” гэв.

Яллагдагч Э.Б-н өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Г.Г, Б.А, Э.Б нарыг бүлэглэж, зодоон үүсгэсэн талаар тодорхой мэдүүлдэг. Прокурор нь камерын бичлэгийг үзээд уг 3 хүний үйлдлийг хэрхэн, яаж ялгаж хараад байгааг ойлгохгүй байна. Би уг бичлэгийг маш олон удаа үзсэн. Хүний нүүрний аль талд нь яаж цохиж байгааг ялгаж харах боломжгүй байдаг. Ийм камерын бичлэгийг үндэслэж дүгнэлт хийгээд Г.Г-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгааг буруу гэж үзэж байна. Камерын бичлэгээс харахад зодоон хийж байсан хүмүүс зүүн тийшээ явж байгаа харагддаг. Э.Б зодоонд оролцсон уу, зодсон уу гэдэг нь эргэлзээтэй. Өөр хүмүүс зодоонд оролцсон байдал харагддаг. Прокурорын нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж, хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд яллагдагч Э.Б, Б.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Э.Б, Б.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”  /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг нотолсон гэж дүгнэх боломжгүй байх ба хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна хэн, хэн ямар оролцоотой уг гэмт үйлдлийг үйлдсэн, хэний ямар үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Х.Т-н биед “зүүн зажуурын хөндийн урд ба дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан” талаар шинжээчийн дүгнэлт /1 хх 73/ гарч, хохирогч нь Г.Г-г түүний нүүрэнд хоёр удаа цохисон талаар удаа дараа мэдүүлсэн /1 хх 14, 16-17/ байна.

Гэтэл Г.Г-н үйлдлийг техникийн шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг үндэслэн үйлдэл холбогдол нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээтэй бүхий байх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Прокуророос “яллагдагч нарын үйлдэл оролцоог камерын бичлэгээс тодорхой харах боломжтой” гэх байдлаар тайлбарлах боловч тухайн бичлэгт авагдсан үйл баримтаас үзэхэд хэний, ямар үйлдлээр хохирогчид гэмтэл учирч байгаа, хэргийн үйл явцыг ялгаж салгах боломжгүй, өөрөөр хэлбэл бичлэг нь техникийн хувьд шаардлага хангахгүй байна.

Иймээс анхан шатны шүүх Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мэдээлэл техникийн сургуулийн багш нарыг шинжээчээр томилж, тусгай мэдлэгийн хүрээнд уг бичлэгийг сэргээх, тодруулах, удаашруулах боломжтой эсэхийг шалгуулахаар хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс гадна камерын бичлэгээр тухайн гэмт хэргийн үйл явцыг тодорхойлох боломжит нөхцөл байдал байсаар атал дээрх ажиллагааг хийлгүйгээр зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь учир дутагдалтай болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.