| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00370/И |
| Дугаар | 00399 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 00399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Бөрт овогт Галсангийн М /рд:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор *тоотод оршин суух, Дөрвөддалайхаан овогт Жаргалын Б /рд:*, утас:*, */-д холбогдох
553,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б өөрөө 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай байранд орсон боловч түүнээс өмнө хадам ээж Должинсүрэн нь манай депогийн 28-6 тоот 1 өрөө байранд амьдарч байсан юм. Б ах эхнэр найз Төгсжаргал нартай архидаад сүүлдээ мансуурч агсам тавьж бүх айлын хаалгуудыг, нүдэж сүүлдээ Баярсайхан, Чимгээ нарын хаалгыг нүдээд хаалгыг нь цөм өшиглөчихсөн юм. Ингээд Б ах дараа нь өөрөө ирээд хаалгыг нь арай гэж хадаасаар тогтоогоод надтай цуг гадна талын хаалгаа янзлаад нэг мөсөн мужаан цехэд хаалга захиалаад хийчихнэ гээд байж байтал Баярсайханых гарсаны дараа Б ахынх тэр байранд оръё гэсэн. Ингээд 09 сарын 26-27-ноор орсон юм. Мэдээж урьд нь эвдэлсэн байсан шүү дээ. Үргэлжүүлэн амьдарсан. Амьдарч байх хугацаандаа Б ах ажлаа хийгээд явдаг байсан. Эхнэр Сэлэнгээ Төгсжаргал нар самранд явдаг байсан. Самрын бригад гээд хүмүүс ирдэг. Ирсэн улсууд архидаад бөөн юм болно. Архидалтын дараа Б ах шаардлага тавиад загнадаг байсан. Ингээд хэрүүл зодоон болдог. Б ах байнга бол уухгүй. Уухаараа тавьтаргүй агсам тавьдаг байсан. Б ах авгай хүүхдээ зодохоос гадна эд хогшилдоо хор нөлөө гаргадаг ийм хүн байгаа юм. Байрыг түрээсэлж байх хугацаанд мөнгөний асуудал гарна. Төлбөрөө хугацаанда нь төлдөггүй. Түүнд нь би тохируулж харилцан тохиролцож ажил хийлгэдэг байсан юм. Өөрийнхөө ажлыг хийлгэж үнэ хөлсийг нь өгдөг байсан. Харин тохиролцоод үнээ яриад үнэ хөлсөө өгдөг байсан. Зарим нэгийг хөлсөнд суутгах авах журмаар хийдэг байсан. Эднийх ээж дээрээ ирж очоод явдаг байсан. Би өгчих байх гээд яваад байсан. Сүүлдээ уулзсан. Тэгхэд төлчихнө гээд л яваад байсан. Тэтгэвэрт гархаар өгнө гэсээр байгаад он гараад төлнө сүүлдээ тэр нь он гараад утас шөрмөсөө авахаа болиод дугаараа солиод ийм байдалтай болсон. Өвөл хүйтэн боллоо. Аргагүй буюу орсон айл нь надад шаардлага тавина. Тэрийг би өөрөө аргагүй засварласан. Мужаан цехэд захиалга өгөхдөө Б ахад хэлхэд чи хийчих би дараа төлнө гэхээр нь ажил дээр нь очиж тухайн зардал мөнгөө танилцуулаад харилцан тохироод төлбөр төлөх гэрээгээ хийгээд бид хоёр тохирсон байгаа юм. Тиймээс би энэ хүнд удаа дараа ярьж байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлтэй. Шаардлагатай бол гэрчүүдийн тодорхойлолтууд хавтаст хэрэгт байгаа. Б ах юмыг үнэн бодитой ярих хэрэгтэй байна. Гаргасан тайлбар чинь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Танай эхнэр Сэлэнгээ тайлбар өгсөн гэсэн. Энэ үнэн юм уу. Эхнэр нь ирээд 553000 төгрөгөөс 70,000 төгрөгийг хасах юм бол маргах зүйлгүй төлье гэсэн. Танай эхнэр ирж агсам тавьж цустай холилдоод ээжид чинь өгсөн миний 48,000 төгрөгийн үнэтэй цоо шинэ ус буцалгагчийг эвдэлж хэмхлээд эвдсэн байсан. Маргааш нөгөөдөр охин гэрлээтэй ирж төлнө гэсэн. Тэгвэл ус буцалгагчний мөнгийг эндээс 48,000 төгрөгийг суутгаад үлдэгдэл 32,000 төгрөгийг хасуулаад ингэж тохирч болж байна. Тэр сүүдрэвчний талаар ярьж байна. Сүүдрэвчийг бид хоёр хамт хийж байсан. Тэрийг та бодож яриарай. Өөр ярих зүйлгүй гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мын эхний ярьж байгаа нь хаалга өшиглөөд гэдэг бол тийм айхтар согтуу байгаагүй тухай үед найз нөхдийн жаахан маргаантай байснаас санамсаргүйгээс өшиглөсөн нь үнэн. Зөвшөөрч байна. Мын хэлж байгаа зарим нь бас надад сайн таалагдаж өгөхгүй л байна. Энэ хүний 553,000 цаасыг шууд бэлэн төлж чадахгүй. Би ганцаараа ажил хийж байгаа. Хамгийн бага хоёр хүүхэд 9 дүгээр ангид сурдаг. Ийм байдалтай өдий хүрсэн нь үнэн. Яг өнөөдрийн хувьд төлж чадахгүй. Харин 2-3 сарын дотор бага хэмжээгээр барагдуулж болно. Сар сараар л. Төлөх асуудлыг бол зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.М хариуцагч Ж.Бд холбогдуулан байр хөлсөх гэрээтэй холбогдох хохирол 553,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ж.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г.Мын эзэмшлийн хувийн орон сууц болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн 28 тоот нэг өрөө байрыг хөлслөх гэрээ хийгдсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ж.Батсуурийг орон сууцнаас гарсанаар дуусгавар болсон ба нэхэмжлэгч Г.М нь орон сууц хөлслүүлсний төлбөр 60,000 төгрөг цахилгаан эрчим хүчний төлбөр 20,000 төгрөг, хаалга эвдэлж хэмхэрсэнийг шинээр хийлгэсний үнэ болон завсарын 450,000 төгрөг, хэрэгт нотлох баримт бүрдүүлсний фото зураг болон нотариатын хөлс бүгд 553,000 төгрөгийг хариуцагч Ж.Батсууриас шаардсан боловч хариуцагч Ж.Б нь уг төлбөрийг бөөнд нь төлөх боломжгүй хэсэгчлэн төлж барагдуулахаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн болно.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгнө гэж заасны дагуу хариуцагч Ж.Батсууриас гэрээтэй холбогдон гарсан төлбөр 553,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мад олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дөрвөддалайхаан овогт Жаргалын Батсууриас 553,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бөрт овогт Галсангийн Мад олгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжинд 17,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ