| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00365/И |
| Дугаар | 00398 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Бөрт овогт Галсангийн М /рд:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух Боржигон овогт Шархүүгийн Г /рд:*, утас:*/-д холбогдох
972,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ш.Г, нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Шархүүгийн Г надтай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан тэгээд би засвар арай дуусаагүй байна дуусахаар нь ор гэж харилцан тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулан манай байранд орсон. Г орсноосоо хойш түрээсээ төлж байсан. Сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй 3-4 сараар удаашрах зэргээр явсаар байгаад өр нь хуримтлагдсаар байгаад байрны түрээс нь 310000 төгрөг болсон. Амьдрах хугацаандаа Г надтай удаа дараа надтай маргалдаж байсан тэр нь юунаас болдог байсан бэ гэхээр гэртээ хүмүүс авчирч архи, дарс уух, түрээслэгчийн үүргээ маргтаж байр орон сууцандаа агсан тавих, хэрэлдэж маргалдах, гадаа орчинг бохирдуулах, хажуу айлын хүнтэйгээ маргалдах зэрэг зан араншин гаргадаг. Энэ талаар бид 2 харилцан ярилцаад өршөөж, уучлаад байгаад болоод байдаг байсан. Миний ганц ярих гэж байгаа зүйл нь байрнаас гарахдаа тухайн үед ямар байранд орж байсан амьдрах хугацаандаа маш муухай эдэлж хэрэглэж гал тогооны угаалтуурын доогуур трубагаар ус шүүрч байсныг Г мэдсэн юмуу мэдээд хэлээгүй ч юмуу надад хэлээгүй учраас доогуураа ус шүүрч цементэн шалан дээр нэвчээд доороосоо чийг цохиж гал тогооны шал ялзарсан. Би энэ айлд байнаг орох биш энэ хүн тухайн үед надад хэлээгүй, байрны доторх орчин байдал зургаар нотлох баримт болгоод хавтаст хэрэгт байгаа. Ийм муухай миний байрыг эдэлж хэрэглэсэн болохоор би энийгээ нэхэмжилж байна. байрны түрээсээс гадна цахилгаан эрчим хүч, ус зэрэг нь байгууллагатай холбоотой учраас цагийн юмыг цагт нь төл гэж цаанаасаа шаардлага тавьдаг. Нэг айл төлбөрөө төлөөгүй тохиолдолд бүх айлыг нэг мөсөн тасалдаг. Гын амьдарч байх хугацаандаа төлөөгүй 05 болон 06 дугаар сарын 17 хоногийн цахилгааны төлбөр 13800 төгрөг, усны төлбөр нь 2 сар дамнасан орон сууц алданги тооцдог миний нэр дээр байдаг болохоор надаас шаарддаг учир 2 сарын мөнгө 32000 төгрөг төлсөн. Нэг айл нь төлөөгүй бол гадаа халуу, хүйтэн усны худаг гэж гадаа байдаг. Орон сууцанд харьяалалтай тэрийг хаачихдаг тэгээд халуун усгүй болчихоох бусад айлууд нь надад шаардлага тавина. Энэ мэтчилэн хэл амнаас болоод би оршин суугчдынхаа төлбөрийг урьдчилаж төлөөд байдаг. Засварын мөнгө 396200 төгрөг гал тогооны өрөөнд бүрэн засвар хийсэн. Хана будсан, замаск хийсэн, шалыг нь сольсон, 00-ны өрөөнд бүтэн хусалт хийгээд замаск татаж, эмүльсэдсэн, пилтаг хуулж доторх трубаг сольж сантехникийн ажил хийсэн. Тос өрөөнд шалны 2-3 банзыг сольсон, обог тэр чигээр нь сольсон. Шалны хулдаасыг сольсон. Одоо энэ байранд Баярсайхан УуГ гэдэг бүсгүй нөхөртэйгээ амьдарч байгаа саяхан 10 аад хоногийн өмнө төрсөн одоо нярай хүүхэдтэй амьдарч байгаа. Г бол хүн амьдарч болохооргүй байр гэж яриад байгаа тийм байталаа нярай хүүхэд амьдраад байх уу гэдгийг хэлье. Энэ байранд үнэхээр засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан уу, үгүй юу, амьдарч байх байхдаа ёс зүйтэй байсан уу, үгүй юу гэдгийг Гын хажуу өрөө болох 1,3 тоотод амьдарч байгаа хүмүүсийн мэдүүлэг байгаа. Баруун-өлөнт, Баянхангайн архичид ирж архидана Гын найз Батсайхан гэж хүн өглөө 05 цагт ирээд архидана хажуу айлын хаалга үүдийг тогшоод эмэгтэй хүнийг элэг барих асуудал гаргана. Тэгээд хажуу айл нь надад ирж хэлдэг. Энэ талаар хэлэхээр хэрүүл болчих гээд байдаг нэг удаа Г гарна гээд явсан боловч гараагүй эргэж ирж надаас гуйсан би охин хүүхдийг нь бодоод эргээд оруулсан. Гэтэл энэ хүн ах дүүтэйгээ нийлж архидана алтанд явдаг ах нь баахан хүмүүстээ ирээд архидана. Харин нэг ах нь ирж шаардлага тавьдаг. За ажлын хөлс 150000 төгрөгний хөлс байгаа угаалтуурын доогуур явсан трубаг Барилга орон сууцаар засуулахад 42250 төгрөг болсон. Одоо би нийт 972250 төгрөгийг Ш.Гаас нэхэмжилж байна. За нэг юм байна Г сонсож бай. Мандал сумын Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 685 тоот албан бичиг байна. Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны захиргаанд: Тус сумын Баянгхангайн 06 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Мын барьсан 5 айлын орон сууцны байрилгыг байнгын ашиглалтад орохыг бэлэн болохыг тодорхойлов. Засаг даргын орлогч Баасанхүү гэсэн байна. За Сэлэнгэ аймгийн Мандал сумын 06 дугаар багийн засаг дарга Хишигбаярын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 214 тоот тодорхойлолт байна. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн эрхийн тасагт: Тус багийн иргэн Галсангийн М ам бүл 1, Депогийн 28 тоотод оришин суудаг, 2012 онд өөрийн хөрөнгөөр барьсан 143мкв орон сууцны барилгыг ашиглатад оруулсан, энэхүү байшинг Депогийн 28В гэж дугаарласан болно. Энэхүү байшингийн хууль ёсны өмчлөгч нь Г.М бөгөөд газар эзэмшлийн Г-0158054 бүхий гэрчилгээтэй болохыг тодорхойлов гэсэн байгаа гэжээ.
Хариуцагч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 09 дүгээр сараас эхэлж ороод 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байрнаас гарсан. Нэг жил алдаад байна. Тэр үед манай ах нас барсан энэ жил 3-н жил нь болж байгаа. Би 3-н жил амьдарч байгаа сарын түрээс 180000 төгрөг байсан. Би нэг сарын төлбөр үлдсэн гэж бодож байсан. Би 09 дүгээр сарын дундуур нүүж орсон тухайн үед намайг нүүж ороход М хөдөө явчихсан байсан. Би эгчтэй нь ярьж орсон. Цахилгааны мөнгө яалтачгүй дутуу төлсөн. Усны мөнгө болохоор намайг нүүдэг өдөр танай хажуу айлын хүүхэн маргааш нүүж орлоо гэсэн. Тэр айлын усны мөнгийг би төлөх гээд байгаа юм шиг санагдаад байна. Засварын мөнгийг би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл гэрээн дээр заагаагүй байгаа. Намайг юу гэмтээсэн гээд байгаа юм бэ дүүжин тааз хэвээрээ байгаа. Обоны хувьд эдний хана доороосоо хөлөрдөг, хөгц үүссэн обо өөрөө хуураад унадаг. Доороо шал байхгүй хөрсөн дээрээ палк тавиад дээр нь зах банз тавьчихсан. Зах банз тавьсан болохоор хадсан хадаас нь холбироод сулраад хадаас нь гарч ирээд хулдаасаа цөмлөөд гишгэхээр оймс цоолоод байдаг.Тэр байр ямарч агааржуулалт байхгүй. Засварын зардал, ажлын хөлсийг гайхаж байна. Том өрөөнд будаг хийх шаардлага байхгүй зүгээр угаачихвал болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.М хариуцагч Ш.Гд холбогдуулан байр хөлслөх гэрээтэй холбогдон гарсан хохирол 972,250 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ш.Г нарын хооронд 2016 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Г.Мын эзэмшлийн хувийн орон сууц болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн 28-2 тоот нэг өрөө байрыг хөлслөх гэрээ хийгдсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ш.Гыг орон сууцнаас гарсанаар дуусгавар болсон ба нэхэмжлэгч Г.М нь орон сууц хөлслүүлсний төлбөр 313,000 төгрөг цахилгаан эрчим хүчний төлбөр 13,800 төгрөг, усны төлбөр 32,000 төгрөг, завсарын 396,200 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдох зардал фото зураг угаалгасны 20,000 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, ажлын хөлс 192,250 төгрөг нийт 972,250 төгрөгийг хариуцагч Ш.Гаас шаардсан боловч хариуцагч Ш.Г нь уг төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан ба хөлслөх гэрээнд заасан ашиглалтанд нийцсэн байдлаар хөлслөгчид шилжүүлэхээс гадна гэрээний хугацааны турш ашиглалтанд нийцсэн байхыг хөлслүүлэгч хариуцах үүрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл хөлслүүлэгч нь хөлсөлсөн эд хөрөнгөө ашиглалтанд нийцсэн байлгахад шаардагдах засвар үйлчилгээг цаг хугацаанд хийж гүйцэтгэх үүргийн дагуу уг байрны гал тогооны усны шугамд гэмтэл гарсны улмаас ус алдсантай холбогдон засвар хийлгэсний зардал болох банз мод 50,000 төгрөг, обой цавуу 133,200 төгрөг, хадаас 6,000 төгрөг, ажлын хөлс 42,250 төгрөг, зарлагын баримтаар хулдаас болон бусад зүйлийн үнэ 207,000 төгрөг бүгд 438,450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 533,800 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгнө гэж заасны дагуу хариуцагч Ш.Гаас 553,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мад олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Шархүүгийн Гаас 533,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бөрт овогт Галсангийн Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 438,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 16,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ