| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00204/И |
| Дугаар | 00261 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 00261
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1974 онд төрсөн. 45 настай, эмэгтэй, Хойд ургийн овогт Дүгэрхүүгийн ЧЭ /РД:*, утас:*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоото оршин сууж байсан, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, Солонго ургийн овогт Оюунчимэгийн Г /РД:*/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.ЧЭ, хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төртулах нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.ЧЭ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие О.Гтой 1996 онд танилцаж нэг гэрт орсон ба 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан юм. бидний гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд 1998 оны 01 дүгээр сарын 12-нд том охин Г.А, 2002 оны 08 дугаар сарын 19-нд дунд охин Г.Н, 2005 оны 05 дугаар сарын 04-нд бага охин Г.Х нар төрсөн. 2003 онд том охин Г.А авто ослоор нас барсан. Гэр бүл болсоны дараахнаас буюу 1999 оноос эхлэн О.Гтой зан ааш хувиран өөр эмэгтэйчүүдтэй явалдаж гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн гэртээ ирэхгүйгээр явдаг болсон. Гэртээ ирхээрээ намайг ямар нэгэн шалтаг олоод зоддог болсон. Үүний дараа 2207 онд надаас салж Нарангэрэл гэж өөрөөсөө 10 дүү хүүхэнтэй суууж миний амьдарч байсан гэрт амьдарсан. Би 2 хүүхэдээ аваад өөрийн аав ээж дээр очсон. 2016 онд Нарангэрэлээс салсаны дараа надтай буцаж хамтран амьдрахаар гуйж байсан боловч би зөвшөөрөөгүй. Бид 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа. О.Гтой хамтран амьдрахад маш төвөгтэй байсан. О.Гтой нь огцом ууртай, хартай, үр хүүхэддээ ямар нэгэн халамж анхаарал тавьдаггүй байсан юм. О.Г Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны 342 тоот шийтгэх тогтоолоор Д.ЧЭ миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар торгох ялаар шийтгүүлсэн юм. О.Г бид 2-ын хооронд хамтын амьдрал байхгүй бөгөөд тусдаа амьдраад 12 жил болж байна. цаашид бид хамтран амьдрах болмжгүй бөгөөд бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Оюунчимэг овогтой Г, Дүгэрхүү овогтой ЧЭ нарын гэр бүлийг цуцлуулах, 2. Охин Г.Н, Г.Х нарыг Д.ЧЭ миний асрамжинд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.ЧЭ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 1996 онд анх Гтой танилцсан. 1998 онд анхны хүүхэд Гийн Анужин төрж байсан. 1996 оноос 2019 он хүртэл нийт 23 жил боловч яг хамт амьдарсан нь цөөхөн. 2002 онд Г.Номуунаа, 2005 онд Г.Х нар төрсөн. 2003 онд том охиныгоо автын ослоор алдсан. Би анх замаар хөтөлж явж байсан юм. Үүнд Г намайг их буруутгаж байсан. Зоригоо бас өмнө ийм газарт сууж байсан. Солонгос явсан. Цэрэгт явсан. Хамт байсан нь 6 жил болов уу гэж бодож байна. Бусад үед ер нь тусдаа байсан. Огцом ууртай. Хүүхдүүд тэр үед жаахан байсан. Нэг хөхрөлтөөс нөгөө хөхрөлт рүү л тэгж явдаг байсан. Би гэр бүлээ салгамаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдийн тэтгэмж нэхэмжлэхгүй. Хүүдүүдээ өөрийн асрамжид авна. Улсын тэмдэгтийн 70,000 төгрөгийг энэ хүнээс гаргуулахгүй...” гэжээ.
Хариуцагч О.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Оюунчимэг овогтой Г би Д.ЧЭэс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахгүй бөгөөд цаашид хамт амьдрах өөрийн охид болох Г.Н, Г.Хгийн ирээдүйн амьдралд сайн сайхан бүхний төлөө хамтдаа байна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна...” гэжээ.
Хариуцагч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1996 онд бид нар танилцаад 1998 онд том охин, 2002 дунд охин, 2005 онд Х төрсөн. Энэ хугацаанд нэг удаа шоронд ороод, Солонгос явсан. Тэгээд хийдэг ажил маань хөдөө гадаа явдаг ажилтай байсан. Миний ажлаас энэ бүхэн л болдог байсан байлгүй дээ. Солонгост хагас жил шахуу явсан. Нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлагыг зөвшөөрч байгаа. Ямар нэгэн маргаангүй...” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан Г.Н, Г.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.ЧЭ нь хариуцагч О.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.ЧЭ, хариуцагч О.Г нар нь 1996 онд гэр бүл болон хамтран амьдарч байгаад 2005 оны 06 дугаар сарын сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор эрх бүхий байгууллагад бүртгүүлж батлуулсан ба тэдний дундаас 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.А /том охин Г.А 2005 онд авто ослоор нас барсан/, 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дунд охин Г.Н, 2005 оны 05 дугаар сарын 04-ны өдөр бага охин Г.Х нар төрсөн байна.
Гэрлэгсэд нь гэр бүл болон амьдарч байх хугацаанд нөхөр О.Г нь бусадтай ойр дотно харицаа үүсгэж, хамтран амьдарч гэр бүлийн талаар тогтворгүй байдал удаа дараа гаргаж, мөн үр хүүхэддээ халамж анхаарал тавьдаггүй, тусдаа амьдраад 12 жил болж байгаа, эхнэрээ цохиж зодсоны улмаас гэрлэгсдийн хоорондын харилцаанд зөрчил үүсэн хэрүүл маргаан үргэлжилсний улмаас зохигчид нь тусдаа амьдарцгааж байгаа, гэрлэгсэд гэрлэлтийг цаашид үргэлжүүлэх хүсэл, сонирхолгүй, гэрлэлтийг цааш үргэлжүүлвэл нөхрийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдал нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч О.Г нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор эхнэр Д.ЧЭий биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар торгох ялаар шийтгүүлсэн нь тогтоогдож байгаа. Мөн охин Г.Н ....ээж, дүүгийнхээ хамт амьдарна..., охин Г.Х нь ....эгч, ээжтэйгээ хамт амьдарна.... гэх саналаа илэрхийлсэн, мөн хүүхдүүдийн төрсөн эх Д.ЧЭ нь хүүхдүүдийн асрамжийн асуудлыг өөр дээрээ шийдвэрлүүлэх саналтай зэргийг харгалзан хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд нь эхийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай зэргийг харгалзан охин Г.Н, Г.Х нарыг төрсөн эх Д.ЧЭийн асрамжинд өгөх нь зохистой гэж шүүх үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаарлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, түүнчлэн Д.ЧЭ нь О.Гыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх зэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.ЧЭ, хариуцагч О.Г нарын гэрлэлтийг цуцлаж, 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Н, 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.Х нарыг төрсөн эх Д.ЧЭийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахгүй гэснийг дурьдах, тус тус дурьдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хойд овогт Дүгэрхүүгийн ЧЭ, Солонго овогт Оюунчимэгийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин Г.Н, 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Х нарыг төрсөн эх Д.ЧЭийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг дурдсугай.
4.Нэхэмжлэгч Д.ЧЭэс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг О.Г нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ