Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: * тоотод үйл ажиллагаа явуулах “СБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар *, регистрийн дугаар */-ны нэхэмжлэлтэй

           Хариуцагч: * тоотод оршин суух Дархчууд овогт Сүхбаатарын Н /рд:*, */-д холбогдох гэм хор учирсан төлбөр 26,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдаа, иргэдийн төлөөлөгч Г.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “СБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СБ” ХХК нь хариуцагч С.Нг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр компанийн захирлын 01/13 тоот тушаалаар жолооч албан тушаалд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь ажилд томилогдсоносс 7 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн М.Хонгорынг мөргөж амь насыг хохироосон. Хариуцагч С.Нгийн тус үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 14 дугаартай шийтгэх тогтоолд дурьдсаны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 26.304.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч СБ ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.835.630 төгрөгийг, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 20.468.370 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяад төлсөн болно. Хариуцагч С.Н нь түүний бусдад учруулсан гэм хорын хохиролд төлсөн 26.304.000 төгрөгийг одоог хүртэл нэхэмжлэгчид буцаан төлөөгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Хариуцагч С.Н нь СБ ХХК-нд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр жолоочийн албан тушаалд ажилд орсон түүндээ хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал гаргасан ажилд томилогдсоноос хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 34 минутад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энх тайваны өргөн чөлөө Цамбагаравын зүүн урд талын явган хүний гарцан дээр иргэн СБ ХХК-ны 1006 маркгий 2648 УНЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь хэсгийг зөрчсөний улмаас  явган зорчигч М.Хонгорыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцат СБ ХХК-ыг иргэний хариуцагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцат С.Нг гэм буруутайд тогтоосон хохирогч Хонгор нь 4 хүүхэдтэй байсан тэжээн тэтгэх үүрэг бүхий хүн байсан учраас 5-10 насны 4 өнчин хүүхдэд 26000000 төгрөгийг Хонгорын төрсөн эгч Мөнхтуяа нэхэмжилсэн үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцат оршуулгын зардал өөр бусад зардалд 10200000 төгрөгнөөс 4364370 төгрөг төлсөн болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан байдаг үүнээс 20468370 төгрөгийг гаргуулахыг шүүхийн шийтгэх тогтоол дээр дурьдсан байдаг. Нгийн үйлдсэн гэмт хэргийн гэм хорын хохирол 26304000 төгрөг төлөхөөр шүүх тогтоосныг СБ ХХК хохирлыг бүрэн барагдуулсан байгаа энэ бүхнийг ямар хуулийн үндэслэлээр шаардаад байгаа юм бэ гэхээр иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс шаардахын тулд урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан төлбөрийг нас барагчийн хохирогчийн асрамжинд үлдсэн буюу талийгаач Хонгорын төрүүлсэн охин Б.Мягмарсүрэн гэх охинд хохирлыг барагдуулсан баримтуудыг хавсаргаж өгсөн. Ийм учраас Иргэний хуулийн 498.5 дахь хэсгийн дагуу гэм хорыг гэм буруутай этгээдээс буцаан шаардах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ийм учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....С.Н миний бие 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр СБ ХХК-нд  жолоочоор ажилд орсон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто осол гаргаж нэг хүний амь насыг хохироосондоо маш их харамсдаг. Надаас гэм хорын хохиролд 26000000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлөхөд надад маш их хүнд байна. СБ ХХК-ны өмгөөлөгчөөс энэ мөнгийг багасгаж өгөөч гэж гуйж байна. Өөр ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “СБ” ХХК нь хариуцагч С.Нгаас түүний бусдад учруулсан гэм хорын хохиролд төлсөн 26,304,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд С.Н нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/13 тоот тушаалаар “СБ” ХХК-д жолооч албан тушаалд томилогдсон ба ажилд томилогдсоноос 7 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн М.Хонгорыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар саырн 13-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор хорих  ял шийтгүүлсэн байна. Шийтгэх тогтоолоор “СБ” ХХК-ийг  С.Нд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохиролд хэрэг шийдвэрлэх шатанд 5,835,630 төгрөг, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 20,468,370 төгрөг, нийт 26,304,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяад төлсөн байна. Иргэний хариуцагч “СБ” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг шийтгэх тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч “СБ” ХХК нь хариуцагч С.Нгаас гэм хороос учирсан төлбөр 26,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу

            Тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээд болох “СБ” ХХК  нь  хариуцагч С.Нд холбогдох эрүүгийн гэмт хэргийн улмаас амь хохирсон иргэний  оршуулгын болон тэжээгчээ алдсаны тэтгэмж бусад хохирол бүгд 26,304,000 төгрөгийг төлж  барагдуулсан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1,498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч С.Нгаас бусдад учруулсан гэм хорын хохирол 26,304,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. Хариуцагч С.Н болон түүний  өмгөөлөгч  нараас нэхэмжилж буй төлбөрийг хувь тэнцүүлэх төлүүлэх нь  зүйтэй гэсэн тайлбар саналыг гаргаж байгаа боловч нь бусдад гэм хор учруулсанд ажил олгогч байгууллага хохирлыг хуваалцах үндэслэл нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй  байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар овогтой Нгаас бусдад учруулсан гэм хорын хохирол 26,304,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “СБ” ХХК-д  олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нгаас 289,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  “СБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                     Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                  Б.ХЭРЛЭН

             

                                                                                               Ж.ЭРДЭНЭБАТ