| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00388/И |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2019-04-04 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00101
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 32 настай. *тоотод оршин суух, Шанд овогт Батнайрамдалын Б. /РД:*, Утас:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, * тоотод оршин суух, Боржигон овогт Гомбожавын Бд. /РД:*, Утас:99843368/-д холбогдох хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Бд нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..... Миний бие нь Ж.Бдтэй 2014 оны 12-р сард танилцан дотно харьцаатай болж 2015 оны 02-р сард манайхаар Бд ирж манайхантай танилцаж тэгээд бид хоёр биенийхээ гэрээр ирж очдог болсон ба үүнээс хойш манайхаар байдаг байсан . Ингээд би 2015 оны 06-р сард жирэмсэн болсон ба энэ тухай Бд нь мэдсэн. Бд 2015 оны 08-р сард хот руу яваад 09-р сард бэр гуйна гэж хэлсэн. Ингээд би 9-р сард ирэх байх гэж хүлээж байтал утсаа авах болиод сүүлдээ сураггүй болсон. Би 2016 оны 03-р сарын 11-нд хүү Тбыг төрүүлсэн. Намайг төрөх үед манай ээж Бд лүү ярьж намайг хэлсэн боловч хариу яриагүй . Мөн Бдийн гэр орныхоо намайг төрж хүүтэй болсныг мэдсэн. Ингээд би хүүгээ төрснөөс хойш Бдтэй дахин уулзаагүй ба нэг ч яриагүй. Иймд хүү Б.Тбын эцгээр Ж.Бдийг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Би 2 настай хүү Б.Тб, өндөр настай ээжийгээ асарч ам бүл 3-лаа амьдардаг. Иймд өвлийн энэ хэцүү цагт Улаанбаатар хот явж энэ асуудлыг шийдүүлэх боломжгүй тул ИХШХШТ хуулийн 16 дугaap зуйлиин 16.4-т зааснаар нэхэмжлэгч миний оршин сууж байгаа газрын шүүхээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:….. Миний бие нь 2014 оны 12 сард анх Бдтэй Улаанбаатар хотод танилцаж утсаар нилээн ярьж байгаад уулзаж манайхаар орж гарч байгаад би 2015 оны 02 дугаар сард гэр бүлтэй нь, эгчтэй нь танилцсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сэтгэл санааны хямралтай байсан тул хүүхдээ мэс заслын аргаар төрүүлсэн. Эр хүн яахав ирэх болов уу гэж удаан хүлээсэн. Хариуцлага хүлээх болов уу гэж бодсон. Хүүхэд минь одоо аавыгаа асууж надаас нэхэж эхэлж байна. Би юу гэж хэлэх юм бэ. Төрсөн өдрөөрөө миний аав хаачсан юм бэ. Тэнгэрт явсан юм уу, машинаар явсан юм уу гэж надаас асуусан. Одоо хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв. Бд хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу хүүхдээ авч Шүүх шинжилгээний байгууллагад очоод 2 өдөр хүлээсэн энэ хүн ирээгүй, хүүхэд нь Бдтэй маш адилхан өөрөө ояоод хараасай, надад маш их чирэгдэл учруулж байгаагаа ойлгоосой гэж хэлэх байна гэв.
Хариуцагч Г.Бд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай эгчийнд анх танилцсан. Эднийд 2015 оны 05 дугаар сарын 15-нд ирсэн. Дарханд найзын төрсөн өдөр болж тэгээд хот явж дараа нь 6 дугаар сард Хөвсгөл явад 10-ны өдөр хотод ирээд 7 сард Хараагийн наадам үзчихээд явсан. Би уг нь 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл рүү манайх руу явъя гэхэд хамт яваагүй юм. 2015 оны 7 дугаар сард Ноён уулийн тахилгад ирчихээд явсан. Анх би гайхаж байсан. Бие биенээ сайн таниагүй байж шууд хүүхэдтэй болъё гэж байсан. Би буцаад хотод уулзчихаад аав ээж дээр гурван сар болчихоод төлийн ажил хийж байсан. Би хариуцлагаа хүлээнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн бас ээж болоод зовж зүдэрч байгааг ойлгож байна. Би ч гэсэн жаргаад байгаа зүйл байхгүй, өвчтэй эхнэрээ асарч тойвлоод амьдралын асуудлууд байна. Хүүхдийн хувьд эх үрийг салгаж хүүхдээ авна гэхгүй, надад бас бодож санаж яваа зүйл байгаа гэв.
Шүүх хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, БАТУ өрхийн эмнэлэгийн Б.Тб нь эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар, Болрсувдын Тбын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Бдт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Бдт нар нь 2014 оны 12 дугаар сард танилцаж улмаар 2015 оны 02 дугаар сараас ойр дотно /эр эмийн/ харилцаатай болсон ба тэдний дундаас 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б овогтой Тб төрсөн, одоо эх Б.Бын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹ 4322000127 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын БАТУ өрхийн эмнэлэгийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Г.Бд нь хүү Б.Тбыг өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгч захирамж гарган Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн хэлтсийг шинжээчээр томилсон боловч хариуцагч Г.Бд нь захирамжид дурьдсан хугацаанд шинжилгээ өгөөгүй тухай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10/1609 дугаартай албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн, мөн хариуцагч Г.Бд нь шүүгчийн туслахтай холбогдож шинжилгээ өгөхөөс татгалзаж байна хүү Б.Тбыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн тухай утсаар ярьсан тэмдэглэл зэргээс хариуцагч Г.Бд нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б овогтой Тбыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд хүү Б овогтой Тбын төрсөн эцэгээр Г.Бдийг тогтоолгох, хүү Б.Тбт сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч Г.Бдээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 21470 төгрөгийг гаргуулж, төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б овогтой Тбын төрсөн эцэг нь Боржигон овогт Гомбожавын Бд мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн хуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б овогтой Тбыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар /11-16/ нас, суралцаж буй бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдүүдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт Гомбожавын Бдээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бдээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Бдээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ