Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0061

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн: шүүгч Б.Тунгалагсайхан

 Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х

 Нэхэмжлэгч: Т.Т-

 Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

 Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0649 дүгээр шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0329/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Т-өөс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0649 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т-өөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “...хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 11-т “хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно. Энэ хэсэгт заасан ...зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэж мөн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар тогтоолд тодорхой заасан байдаг ба уг тайлбарыг бусад нийтийн эрх зүйн харилцаанд, тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэхтэй холбоотой эрх зүйн харилцаанд мөн нэг мөр ойлгож хэрэглэх учиртай.

3.2. Тиймээс дээрх Улсын дээд шүүхийн тогтоол болон тайлбараас дүгнэвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/7401 дугаартай албан бичиг явуулсан өдрөөр сахилгын зөрчил гаргасанд тооцох ба Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж заасан тул 2022 оны 09 дүгээр сард гарсан зөрчилд 2024 оны 10 сард сахилгын шийтгэл тооцох үндэслэлгүй байна. Тодруулбал, хуульд заасан “зөрчил гаргаснаас хойш 1 жил” гэх нөхцөлийн хууль зүйн агуулга нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 1 жилийн үргэлжилсэн хугацааг ойлгох бөгөөд, энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй, сахилгын хэрэг үүсээгүй, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж ойлгоно. Мөн “зөрчлийг илрүүлсэн” -ээр уг 6 сарын хугацаа шинээр тоологдохгүй харин “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар” гэх нөхцөл нь “зөрчил гаргаснаас хойш 1 жил”-ийн хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалтад багтах агуулгатай юм.

3.3. Иймд сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа зөрчлийг илрүүлсэн тохиолдолд “зөрчил гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” хуулийн зохицуулалт үйлчлэхээр байх тул Т.Т-т тухайн үйл явдал болсноос хойш нийт 2 жил 2 сар өнгөрсний дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3860 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон байх бөгөөд уг дүгнэлтээр нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах саналыг хариуцагчид хүргүүлсэн байх тул уг дүгнэлтийг хэрэгжүүлж, сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3860 дугаар дүгнэлттэй маргаагүй болно.

3.5. Харин нэхэмжлэгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалтай маргаж байгаа. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас гаргах аливаа шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангах ёстой. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалыг гаргахдаа заавал хэрэглэх, шалгах ёстой бусад хуулийн заалт, нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр улсын байцаагчийн саналын шинжтэй дүгнэлтийн дагуу шууд Т.Т-т холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

3.6. Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих эрх хэмжээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн даргад олгогдоогүй байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна” гэж тус хуулийн 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” мөн хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 12 дугаар зүйлд Улсын бүртгэлд хориг тавих, цуцлах асуудлыг зохицуулсан ба тус журмын 12.1-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүтгэлд хориг тавих эрх хэмжээ нь улсын бүртгэгчид олгогджээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга нь улсын бүртгэгч биш юм. Иймд Т.Т- нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг хашиж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй болно.

Иймд анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

3.1. Х ХХК-ийн төлөөлөгч М.У-гаас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “... “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байхад хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж бүртгэл хийснээр төлбөрөө гаргуулан авах боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт, шалгалтын газарт гаргаж, уг гомдлын дагуу холбогдох бүртгэлийн ажиллагааг хянаад, хяналтын улсын ахлах байцаагчаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 3860 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалтаар “Ю” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, 3 дахь заалтаар Т.Т-т шийтгэл оногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.2. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Т-ийг  холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй нь Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 3860 дугаар дүгнэлт, Эрх зүйн хэлтсийн 2/30 дугаар итгэх хуудсаар тогтоогдсон гэж үзэж, “Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

3.3. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “...Хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавих эрх хэмжээ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад олгогдоогүй улсын бүртгэгчид олгогдсон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дарга нь улсын бүртгэгч биш. ...Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй. ...зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж,

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч Т.Т- нь хуулийн этгээдийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа “Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох хууль, журмыг зөрчсөн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3860 дугаар дүгнэлтээр дүгнэсэн бөгөөд уг дүгнэлт хүчин Т- болсон тул уг дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Т.Т-ийн гаргасан гэх сахилгын зөрчил нь ...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3860 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй байна. ...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3860 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон байх бөгөөд ...дүгнэлтийг хэрэгжүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй..., ...тухайн дүгнэлт хүчин Т- болсноороо нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн байна гэж үзэхээр байна...” гэж тус тус дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. 

5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д  “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан.

6. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Т.Т-ийг ажлаас  чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/432 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Т-ийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилсон болох нь тогтоогдож байна.

7. Тодруулбал, нэхэмжлэгч уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон улсын бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул зөрчил үргэлжилж байсан гэж үзэхээргүй байна.  

8. Иймд хариуцагчийн гаргасан “...Зөрчил гаргаснаас хойш гэхээр 2022 онд тухайн албан бичгээр хориг тавьж гээд зөрчил гаргачихлаа. Тэрийг нь бид иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дараа шалгалт хийгээд илрүүлснээс хойш 6 сар гэж үзээд байгаа...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөнөөс хойш 1 жил 5 сарын дараа түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

9. Харин нэхэмжлэгчийн гаргасан “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих эрх хэмжээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад олгогдоогүй. ...хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих эрх хэмжээ нь улсын бүртгэгчид олгогдсон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга нь улсын бүртгэгч биш...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтын 2-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, мэдээллийн сан хөтлөх үйл ажиллагаанд хяналт тавих”, 2 дугаар зорилтын 6-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих” гэж тус тус зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу хийгдэх бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нь нэхэмжлэгчид байсан гэж үзнэ.

10. Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Т.Т- нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/566 дугаар тушаалыг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Т.Т-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/566 дугаар тушаалыг  хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т- нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                   М.ЦЭЦЭГМАА

              ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН