Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221002661412

 

   2023           09            20                                                2023/ШЦТ/614

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгэч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

улсын яллагч М.Сумъяа,

иргэдийн төлөөлөгч С.Солонго,

шинжээч Ч.Эрдэмболор,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Оюун*****, түүний өмгөөлөгч Ө.Оргил, Д.Ганбаатар,

шүүгдэгч М.***, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 20** оны ** дугаар сарын 0*-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын *8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 4* настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, ээж, дүү, хүүгийн хамт Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, 120 мянгатын 4-**6 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бичээч овогт *** /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 0* дугаар сарын *0-ноос *1-нд шилжих шөнийн 00 цагийн үед  Хан-Уул дүүргийн * дүгээр хороо *** дугаар байрны өргөтгөлд байрлах “Центо” 20 рестораны үүдэнд “Ээжийгээ цээртэй үгээр хэлсэн” гэх шалтгааны улмаас амь хохирогч О.***гийн зүүн хацар хэсэгт гараараа цохиж тархинд битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч М.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ ирээд байж байтал манай 2 найз утсаар дуудсан. Би 2 найз дээрээ очсон. Талийгаач ууж идэх дуртай овилгогүй зантай хүн байсныг манайхан бүгд мэднэ. Тухайн өдөр талийгаачийг ороод ирэх вий дээ гэж яриад байж байтал гаднаас ороод ирсэн. Талийгаачийг орж ирэхээр нь за бүгдээрээ тарцгаая гэж хэлсэн. Гэтэл бид махан цуглуулга гэдэг хоол захиалсан байсан. Бид нар хоол хүлээж сууж байсан. Талийгаач пицца захиалсан байсан, түүнийгээ авах гэж орж ирэхдээ бид нарыг хараад манай ширээн дээр суусан. Зөөгч нарыг загнаад пицца таваглаад ир, би найз нартайгаа хамт сууна гэж хэлсэн. Манай найзын эхнэртэй танилууд байсан. Талийгаачтай уулзаагүй олон жил болсон гээд түүнд зориулаад 0,75 шилтэй архи авч өгсөн. Талийгаачийн архи уугаагүй гэдэг нь худлаа. Анх орж ирэх үедээ согтуу байсан. Орж ирээд хамт архи уусан. Талийгаач ээжийгээ дандаа ёс бусаар хэлдэг. Тухайн өдөр ээжийгээ дахиад ёс бусаар хэлэхээр нь чи яагаад дандаа ээжийгээ тэгдэг юм бэ гээд нэг удаа л цохисон. Би талийгаачийн амь насыг хохирооно гэж бодоогүй. Тийм үйлдэл хийхийг ч хүсээгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гээд цаг авсан байсан. Эмнэлэгтээ үзүүлчихээд, цаашаа хурал цуглаан гэж явж байгаад орой гэртээ ирсэн. Манай талийгаач шатан дээр тамхи татаад надтай таарсан. Би зөрөөд гэртээ ороод хоол цай уугаад байж байтал утас дуугараад охин залгасан. Охинтойгоо яриад байж байтал хаалга дуугараад гаднаас талийгаач цонхийсон царайтай орж ирээд толгойгоо бариад ёо ёо гээд байсан. Би цай хийж өгөх гээд явтал орон дээр тас хийгээд унасан. Би яасан бэ гэж асуухад юу ч дуугараагүй. Би халбагаар 2 удаа бүлээн цай өгсөн. Би түргэн дуудсан, түргэн удаагүй ирээд эмнэлэг рүү аваад явсан. Би яаж ч чадаагүй эмнэлэг явуулсан. Би гомдолтой байна. Би одоо яаж амьдрах вэ, надад үнэхээр хэцүү байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дүгнэлт гаргахдаа задлан шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээ томографын шинжилгээтэй онош нь таарсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар тухайн цохилтын улмаас гэмтэл үүсэх боломжтой. Тархи нь гавал тархи гэсэн хатуу зүйлийн дотор байдаг. Тархи нуруу нугасны шингэнтэй, тархины 80 хувь нь уснаас бүтдэг эд эрхтэн. Ямар нэг доргилтын улмаас цалгиж эсрэг талын гавлын ясыг тархи нь дотор талаасаа мөргөж цохиж няцраад эсрэг талдаа цус харвалт үүсдэг. Компьютер дээр хуучин гэж харагдаж байвал аль хэдийн бороолоод эдгэсэн 28-с дээш  хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байдаг. Талийгаачийн гэмтэл шинэ гэмтэл, хуучин гэмтлүүд нь талийгаачийн үхлийн шалтгаанд ямар ч хамаагүй. Хатуу хальсан доорх цусан хураа нь ганцаараа байсан бол сараар явж болно. Талийгаачийн хувьд баруун талдаа цусан хураагаас гадна аалзан хальсны няцралтай байсан учраас богино хугацаанд ухаан алдсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

4.  Цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 15-17/,

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “...00 цаг 01 минут 22 секундийн үед хар цамцтай эрэгтэй, түүний араас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай эмэгтэй түүний араас хар хөх өнгийн цамцтай эрэгтэй гарч ирээд тухайн эхэлж гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр луу харж зогсох бөгөөд 4 секундийн дараа эмэгтэй нь хамгийн сүүлд гарч ирсэн эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг рүү нэг удаа алгадаж буй дүрслэл, тухайн эрэгтэй толгойн зүүн талын шанаа хэсгийг гараараа барьж байв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 24-27/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 20** оны 0* дугаар сарын **-ний орой 21 цагийн үед баруун 4 замын орчим хуралд оролцчихоод 21 цаг 30 минутаас цагаас 22 цагийн хооронд гэртээ ирэхэд шатан дээр манай хүү *** тамхи татсан байдалтай миний хажуугаар зөрсөн. Тамхи татсан явж байхаар нь би юм дуугаралгүй зөрөөд гэртээ орсон. Гэртээ ороод цаг орчим болоод хаалга тогшоод гэртээ орж ирэхдээ царай нь цонхийсон цагаан болсон байдалтайгаар хоёр нүдээ бариад байхаар “миний хүү яасан бэ” гэж асуухад юм дуугараагүй. Тэгээд суусан байдалтай толгойгоо бариад хоёр хажуу тийшээ зайчиж хөдлөөд байсан. Харин тэр үед манай хүүхдийн толгой, нүүр хэсэгт ямар нэгэн шарх харагдаагүй. Мөн архи үнэртээгүй, уугаагүй байсан бөгөөд тамхины утаа л үнэртэж байсан. Би хүүхдэдээ аяга цай хийж өгөөд, хоёр үг солих гэтэл шууд буйдан дээр суусан байдалтай хажуу тал руугаа унаад ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***гийн “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд тухайн шөнө 00 цаг 10 минутын орчим Англи улсад амьдардаг хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад хаалга тогшсон тэгээд би хаалгаа тайлж өгөхөд манай талийгаач хүү *** царай нь цонхийсон байдалтай орж ирээд орон дээр суусан бөгөөд хоёр гараараа толгойгоо бариад хоёр тийшээ займчиж хөдлөөд байсан тэгэхээр нь би цай өгөх гэтэл орон дээрээ ухаан алдаад уначихсан тэгээд халбагаар ам руу нь хоёр халбага цай өгсөн тэгээд би хүүгээ дуудахад ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй байсан, тэгээд ухаангүй байгаад байхаар нь би 00 цаг 30 минутын үед л өөрийн *** дугаараас дуудлага өгсөн байгаа. Би өмнөх мэдүүлэгтээ цагаа буруу хэлсэн байсныг Англи улсад амьдардаг охинтойгоо утсаар ярьсан цагаа харж байж санасан ба манай ханын баруун цагны батарей нь хөндийрөөд зогсчихсон байсан юм байна лээ сүүлд нь мэдсэн...” гэх дахин мэдүүлэг /1 хх-ийн 41-42/,

8. Гэрч Б.***ийн “...Манай ресторан нь өглөөний 09:30 цагаас онгойж оройн 00:00 цагт хаадаг. 20** оны ** дугаар сарын *0-оос 21-нд шилжих шөнө ямар нэгэн хэрүүл маргаан болох нь мэдэгдээгүй. Харин дараа нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр байгууллагын хяналтын камер шүүхэд рестораны зааланд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нэг ширээнд цуг сууж байсан. Харин манайх хаах үед 3 хүн үлдсэн бөгөөд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр хүмүүс 00:01 цагаас 05 минутын хооронд гаргаж явуулаад хаалгаа түгжсэн бөгөөд камерын бичлэгт нэг саарал цамцтай эмэгтэй нь нэг залууг толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа бичлэгийг үзсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20** оны ** дүгээр сарын **-ний **** дугаартай “Талийгаач О.***ийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тусдаа тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн учир химийн шинжилгээ хийх шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71-76/,

10. Шинжээч Ч.Эрдэмболорын “...Тархины гэмтэл нь нэг удаагийн бусад гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Гавал тархинд үүссэн гэмтэл нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн мэс засалд орсон 20** оны ** дугаар сарын **-ний өдрөөс өмнө 1-2 хоногийн дотор...үүссэн байна...тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр толгойн зүүн хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой. Унаж, ойчсон гэх шинж тэмдэг илрээгүй...Тархины хатуу хальсны доор цус хуралт үүсч тархийг дарж ухаан алдах хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл  хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд уг хугацаа нь хүн бүрд бие махбодийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Талийгаач О.***ийн хувьд тархинд учирсан гэмтэл нь их байх тул богино хугацаанд буюу хэдхэн цагийн дотор шинж тэмдэг илрэх бүрэн боломжтой... Дээрх гэмтэл нь хүний хүчээр буюу толгойгоор мөргөх, өшиглөх, цохих үед үүсэх боломжтой... Тухайн тархины гэмтэл үүсэх үед толгойн гадна талд гэмтэл шарх үүсэхгүй байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,

11. Шинжээч Ч.Эрдэмболорын “...Амь хохирогчийн тархинд хуучин гэмтэл байхгүй шинэ гэмтэл байсан байна. Тархи судсанд цүлхэн судас хагарсан байх боломжгүй, нэг удаагийн алгадах үед үүсэх боломжтой гэмтэл байсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 82-83/,

12. Яллагдагч М.***ын “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр гэртээ байхад манай найз А***га, эхнэрийнхээ хамтаар Хан-Уул дүүргийн * дүгээр хороо 120 мянгатын ** дугаар байрны * давхарт  байдаг “Центо-120” ресторан пабад байна хүрээд ир гэхээр нь би 20 цагийн үед ганцаараа очиход А***а эхнэртэйгээ, Г***а нар сууж байсан.  Нилээн халамцуу орж ирээд тэкэн дээр очиж пицца авах гэж байснаа бид нарыг хараад хүрч ирээд хамт суусан. Талийгаач *** нь авч явах гэж   байсан пиццагаа таваглаад хүрч ирээд хамт суусан...0,75 литрийн шил архи авсан...Бид нар уг архийг ууж байхад А***а нилээн муудаад эхнэртэйгээ түрүүлээд 00 цагийн үед явсан. Г***а, талийгаач *** бид гурав үлдсэн. Талийгаач *** жаахан хашхираад чанга дуугараад байхад нь рестораны эзэн эгч нь ирээд одоо чи орж амар, манайх одоо хааж байсан гэж хэлсэн. Тэгээд Г***а, *** бид нар гэр лүүгээ орохоос өмнө ганц тамхи татчихаад салъя гээд рестораны үүдэнд гадна зогсож тамхи татаж байхад талийгаач *** ээжийгээ хараагаад “ээж пизда чинь намайг миний өмнө орж үхэж нүдний булай болов гэж шаадаг юм даа” гэж ярихаар нь би “төрүүлсэн эхийгээ яах гэж ингэж байдаг юм, чиний төлөө архи дарсаа боль гэж хэлж байна шдээ. Чи архи уухаа болио, чи наадахаа зогсоо” гээд энэ хооронд баруун гараараа талийгаач ***ийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 108-109/,

13. Амь хохирогч О.***гийн өвчний түүх /хх-ийн 117-130/,

14.  20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн мөрдөгчийн мэдэгдэл, хавсралт зурагнууд /1 хх-ийн 28-33/,

15. Р.***ийн гэрчийн мэдүүлэг /1 хх-ийн 45-47/,

16. М.***ын гэрчийн мэдүүлэг /1 хх-ийн 56-57/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 05/*** дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 88-92/ гэх зэрэг нотлох баримтууд авагдсан.

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 135/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хх-ийн 138/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1 хх-ийн 139/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 140/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 141/

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** нь 20** оны ** дугаар сарын **-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, *** дугаар байрны өргөтгөлд байрлах Центо 20 рестораны үүдэнд “Ээжийгээ цээртэй үгээр хэлсэн” гэх шалтгааны улмаас амь хохирогч О.***ийн зүүн хацар хэсэгт гараараа цохьсоны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг онцлогтой гэмт хэрэг юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Амь хохирогч О.*** нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн шинжээчийн **** дугаар дүгнэлтэд дурдсанаар гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

Шүүгдэгч М.*** нь амь хохирогч О.***ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэрээр нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, амь хохирогч О,***ийн нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*** нь хүнийг цохиж биед нь халдах нь аюултай гэмтэл учруулах эсхүл амь насыг нь хохироох боломжтой хууль бус шинжтэй  үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан байх ба хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн хацар хэсэгт нь хүсэж цохисоны улмаас хохирогчийн амь насыг хохироосон хор уршигт хүргэсэн тул түүнийг санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.***ын амь хохирогч О.***ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.***аа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***-г нарын мэдүүлэг, шинжээчийн **** дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлгээр зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохын зэрэгцээ, прокуророос М.***ын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнийг алах болон хүний амьд явах эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялган зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

       Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэв.

                 Иргэдийн төлөөлөгч “Амь хохирогч архины хамааралтай хүн байсан байна. Хэрэг болдог өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, ойрын хугацаанд бэртэл, гэмтэл авсан үгүйг нотлох боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гар хөлийн хөхрөлт, зулгаралт нь хацар луугаа алгадуулах үетэй ойролцоо байгаа нь тархиндаа өмнө гэмтэл авсан байж болох магадлалтай санагдлаа. Алгадалт нь гэмтсэн тархийг сэдрээсэн үгүйг нотлох боломжгүй ч тийм байх магадлалтай санагдлаа. Бичлэгээс харахад алгадалт хүчтэй, дангаараа үхэлд хүргэх магадлал бага санагдлаа. Иргэний хувьд гэм буруугүй гэж үзэж байна. Хөндлөнгийн дүгнэлтээр шинжээч эмч илтэд хохирогчийн талд байгаа санагдлаа” гэж дүгнэлт  гаргажээ.

                 Хэрэгт авагдсан 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 05-**** дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.***ийн гарын дардаст шинжилгээ хийсэн байх бөгөөд дүгнэлтийн 2-т “Талийгаач О.***ийн гарын дардас нь сан дахь хүмүүсийн гарын дардастай тохирохгүй байна...” гэснийг түүний мэдээллийг шалгасан гэж үзэх ба хэрвээ О.*** нь эрүүлжүүлэх байранд орсон тохиолдолд дээрх мэдээллийн сангаар тогтоох боломжтой тул түүнийг урьд эрүүлжүүлэх байранд орж байгаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

       Мөн шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Тархины хатуу хальсан доор цус хуралт үүсч тархийг дарж ухаан алдах хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой...Амь хохирогч О.***ийн хувьд үүссэн тархины хатуу хальсан доорх цусан хураа, суурь хэсгийн эдийн няцрал нь шинэ гэмтэл байсан тул аалзан хальсан доорх цус харвалт үүсч, богино хугацаанд ухаан алдсан...Тархины аль нэг талд өгсөн доргилтын улмаас гавлын эсрэг талын ясыг дотор талаасаа мөргөж аалзан хальсанд няцралт үүсч, цус харвалт үүсгэх боломжтой...Иймд тархины зүүн талд цохиход баруун талд гэмтэл үүсэх боломжтой...” гэж мэдүүлсэн тул иргэдийн төлөөлөгчийн алгадалт дангаараа үхэлд хүргэх магадлал бага гэсэн нь шинжээчийн дээрх тайлбараар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                Иймд шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1.    Хохирол, хор уршгийн тухай:

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт:  “..Хохирогч талаас оршуулгатай холбоотой зардалд 17.240.591 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжид 19.800.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 85.250.000 төгрөг, нийт 122.290.591 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”, мөн хуулийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*** нь  төрсөн хүү О.***г нас барсантай холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг шүүгдэгч М.***аас шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***ийн зүгээс оршуулгын зардалд 17,240,591 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 19,800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 85,250,000 төгрөг, нийт 122,290,591 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хавсарган өгсөн болно.

Шүүгдэгч М.***ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*** нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход

1. Амь хохирогч О.Баярхүү нь гэмт хэрэг болох үед 40 настай, Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын хүн амын дундаж эрэгтэй наслалт 67 байх ба үүний зөрүү /27/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2018 оны 5 дугаар сарын тогтоолоор тогтоосон/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /420,000*5=2,100,000/ хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд /2,100,000*27=56,700,000/ төгрөг,

2.  Гэмт хэрэг болох үеийн буюу 2022 оны 8 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /420,000*150=63,000.000/ төгрөг байна.

 Хохирлыг хохирогчид аль ашигтай байдлаар тогтоохыг жишиг аргачлалд заасан тул шүүгдэгч М.***аас сэтгэцэд учирсан хохирол 63,000,000 төгрөг, оршуулгын зардалд 9,380,000 төгрөг, нийт 72,380,000 гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***гт олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсан тэтгэмж 19,800,000 төгрөгийг хангах үндэслэлгүй ба уг асуудлаар холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эрдүүлэх саналтай.”,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж зааснаар ял шийтгэлийг тохирсон байдлаар оногдуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна..”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Бидний зүгээс 5 хоногийн хугацаанд хохирол төлбөрийг төлөхөөр хөөцөлдсөн боловч боломж нь байсангүй. Энэ хэрэг үнэхээр эргэлзээтэй байсан учраас өнөөдрийг хүртэл М.*** миний цохисон үйлдэл түүнийг үхэлд хүрээгүй гэж бодсоор ирсэн. Цохисон үйлдэл дээр бид маргаагүй. Уучлалт гуйгаагүй гэдэг асуудлаас болж ялыг хүндрүүлэх нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй. Шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ зүйл хэсэгт зааснаар ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэж тус тус санал, дүгнэлт гаргав.

Шүүгдэгч М.***ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталсан.

              Шүүгдэгч М.***ыг гэм буруутайд тооцсон шийдвэр болон гэмт хэргийн хохирол төлбөртэй холбоотой шийдвэрийг танилцуулахад хохирлоо төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг завсарлуулсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч талаас хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал /...** настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан М.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг цогцоор нь харгалзах учиртай бөгөөд тус гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг үйлдэгддэг, мөн хүний амь нас, амьд явах эрхийг нөхөн сэргээх боломжгүй байдгаараа гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарыг илтгэх тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

            Шүүгдэгч М.*/**ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бичээч овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           

            2. Шүүгдэгч Бичээч овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.***ын эдлэх 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Шүүгдэгч М.***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1  ширхэг сидиг хэрэгт үлдээсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508., дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ундралаас сэтгэл санааны хохирол 63,000,000 төгрөг, оршуулгын зардал 9,380,000 төгрөг, нийт 72,380,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.***т олгосугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ундралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР

                                                       

                                                        ШҮҮГЧ                               И.ГАНБАТ           

 

                                                        ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР