| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0130/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 2316001070172 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ********** багийн ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДН********** регистрийн дугаартай, Х овогт Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М” караокены үүднээс олсон “самсунг-а52” маркын гар утсыг өөрийн дугаарыг хийн ашиглаж байгаад бусдад өгсөн болох нь:
1. Шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах М караокены үүднээс үзмэн ягаан өнгийн Самсунг А52 загварын гар утсыг олсон... өөрийнхөө 9****** дугаарын симийг хийж асааж барьж байгаад манай дүүгийн хүүхэд Л хөдөөнөөс ирээд зугаалгаар явах гэж байна, гар утасгүй гэхээр нь энэ утсыг олсон юм гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/
2. Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Шөнө 23-24 цаг болж байхад М караокед ороод нийтийн том зааланд сууж архи дарс уусан. Ингэж байхдаа би өөрийн “Samsung А52” загварын гар утсаа ширээн дээр тавьсан байж байгаад алдсан ... 23 цагаас 02 цагийн хооронд алга болсон. Тухайн шөнө 02 цагийн үед манай нөхөр намайг ирж авсан. Тэгэхэд миний утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
3. Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г ахаас 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсан. Надад барих утас байхгүй байсан учраас надад өгчих гээд авсан. Манай ах надад “...олсон юм за яах вэ ав...” гээд өгсөн ... М баарны үүднээс шөнө 2 цагт олсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
4. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай хүргэн Г над руу залгаад “...та манай гэрээс гар утас аваад цагдаа дээр авч очоод өгчихөөч, эхнэр завгүй байна, би хөдөө ажилтай байна...” гэхээр нь би за тэгье гээд гэрээс нь аваад ирсэн юм. Надад хэлэхдээ энэ утсыг аймгийн төвөөс олсон юм. Тэгээд Цээлд байдаг дүүдээ өгчихсөн байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
5. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “М” нэртэй бааранд С, Со гэх найзуудтайгаа болон нөхөртэйгөө ороод гарсан юм. Тэгээд баарнаас гарч ирээд машиндаа суутал манай нөхөр Г нь баарны үүднээс газар уначихсан байсан гар утас оллоо гээд аваад ирсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
6. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-921/4524 дугаартай “...гээгдүүлсэн гэх Samsung А52 загварын гар утсыг 599,400 (таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/
7. Мобиком корпораци ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4/7194 дугаартай “... 3************** IMEI кодтой утсанд Б-н Г-н эзэмшлийн 9********* дугаар, Б-н Л-н эзэмшлийн 9******** дугаарыг тус тус хийж ашигласан ...” гэх агуулга бүхий албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
8. Хохирогчийн гээгдүүлсэн гэх “Samsung А52” загварын гар утсыг Т.Б-с хураан авсан эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-д 599,400 (таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА