Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/328

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Н.О..............р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н..............гийн О..............рт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О..............р нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох Э.А..................ын биед халдаж духанд няцралт, цус хуралт, баруун зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Н.О..............р нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох Э.А..................ын биед халдаж духанд няцралт, цус хуралт, баруун зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн .................. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О..............рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5-р багт гэртээ сууж байтал эхнэр Э.А.................. манай нутгийн Б..................той мотоциклоос уначихлаа гээд нүүр ам цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би цусыг нь цэвэрлээд эхнэрээ унтаж амраасан. Хоорондоо маргалдсан зүйл болоогүй...Б..................ийн гэрт очиход хаалгаа онгойлгохгүй цаг шахуу болсон, гадаа нь зогсож байхад манай эхнэр уйлаад гараад ирсэн. Юу болсон бэ гэхэд Б.................. бид хоёр бэлгийн харилцаанд орчихлоо уучлаарай гэхээр нь уур хүрээд буцаж орох гэхэд хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд бид 2 гэртээ харихаар алхаж явахдаа замдаа хэрэлдээд би эхнэрийнхээ нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.А..................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт манай нөхөр Н.О..............р бид хоёр найз болох Ж.Б..................ийнд очиж дайлуулаад гурвуулаа 1 том пиво, 1 шил архи уучхаад манай нөхөр Н.О..............р бид хоёр Ж.Б..................ийн гэрээс нь гараад хашааны гадаа гэнэт манай нөхөр Н.О..............р миний дух хэсэг рүү үгийн зөрүүгүй чулуугаар цохиж үснээс зулгааж гараараа 4-5 удаа цохих шиг болсон. Би тухайн үед архи уусан байсан болохоор эсэргүүцэж чадаагүй, гадаа гудамд миний үснээс манай нөхөр Н.О..............р зулгаагаад явах шиг болсон. Нэг мэдсэн гэртээ очсон унтаж байсан... Бид хоёр гэрлэлтээ батлуулсан, хамтран амьдраад 11 жил болж байна, дундаасаа 5 хүүхэдтэй. Тухайн үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийгөө хянах бол чадвартай байсан. Харин манай нөхөр хэр зэрэг уусныг бол сайн мэдэхгүй байна. Н.О..............р тухайн үед миний толгой руу чулуугаар цохиод нүүр хэсэг рүү хоёр гараараа цохиж үсдэж зулгаасан... Өмнө нь цагдаагийн байгууллагад 2 удаа хандаж байсан, гэхдээ гомдлоо буцааж авч байсан юм...Би Н.О..............раас ямар нэг байдлаар хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Би гэр бүлээ цуцлуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх гэж байгаа, тийм болохоор энэ хүнээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, зүгээр гэр бүлээ цуцлуулмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 20, 27-28-р хуудас),

Гэрч Э.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.А..................ын том охин А.Нарансолонго нь манай гэрт амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын эхээр надад хэлэхдээ ээжийг аав маань зодсон байна гэсэн юм. А.Нарансолонго маргааш нь аав руугаа видео коллоор ярьж байхыг нь сонстол “ээжийг чинь чулуугаар цохиж зодсон” гэж хэлэн. Хүмүүстэй архи ууж байхаар нь утсыг нь аваад ярьтал “уучлаарай” гэж хэлээд салгасан юм. Тэгээд орой нь Тосонцэнгэл сумын цагдаад хэлээд холбогдох хүмүүс нь хамгаалалтад авсан юм. Маргааш нь шөнө 02 цаг өнгөрч байхад Галт сумаас нөхрийн хамт гараад Тосонцэнгэл суманд 10 цаг өнгөрч байхад ороод цагдаагийн хэсэг дээр нь очсон юм. Дараа нь гэрт нь очтол үүд нь түгжээтэй байхаар нь цоожийг нь цохиж эвдээд ортол хүн харахын эцэсгүй хөнжил бүтээлэг нь цус болсон гэр нь эмх замбараагүй, хөргөгч нь идэх хүнс байхгүй байхаар нь сэтгэл маш эмзэглэсэн юм... Манай хүргэн О..............р цохиж зодсон талаараа том охиндоо утсаар хэлж байсан. Төрсөн дүү А..................тай уулзахад “манай нөхөр миний толгой хэсэг рүү 2-3 удаа чулуугаар цохисон. Мөн гараараа нүүр хэсэг рүү цохисон гэж хэлж байсан юм. Манай дүүг цохиж зодсонд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч  Д.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О..............р нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаад архи дарс уух үедээ эхнэрээ зодож танхайрч байгаад эхнэр нь Галт сум руу явсан. Харин өөрөө Тосонцэнгэл суманд байгаа...Н.О..............р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хүнд тусч, ааш араншин сайтай, олон нийтийн тийм хүн, харин уухаараа эхнэрээ зодож танхайрдаг юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Гэрч  Ж.Б..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны орой Тосонцэнгэл сумын 5 дугаар багт Э.А.................., О..............р нар манайд 22 цагийн үед хоол унд идээд 1 том пиво, 1 архи ууж дуусгаад шөнийн 23 цагийн үед манайхаас гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Тухайн үед Э.А.................. О..............р бид хэд л байсан. Манайд байх хугацаанд Э.А..................ын биед ил харагдах шарх сорви байхгүй, зүв зүгээр л байсан. Э.А.................. бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Тэр хоёрыг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Нэлээн уусан л байх шиг байсан. Би тухайн үед Э.А.................., О..............р нарыг хашааны үүдэн дээр гаргаж өгсөн. Тухайн үед Э.А.................., нөхөр О..............ртай хамт гараад явсан. Би 2 хоногийн дараа О..............рын гэрт очиход Э.А..................ын нүд ам хөхөрсөн, хацар дух шалбарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтэд: “

1. Э.А..................ын биед духанд няцралт, цус хуралт, баруун зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Э.А..................ын  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 78-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-75-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 77-р хуудас), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 76-р хуудас), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 85-87-р хуудас), Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 91-107-р хуудас), Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас (хх-ийн 89-90-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн .................. дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О..............р нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох Э.А..................ын биед халдаж духанд няцралт, цус хуралт, баруун зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.О..............рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Э.А..................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Э.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч  Д.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Гэрч  Б..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.О..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.О..............р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.О..............р нь хохирогч Э.А..................ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Э.А.................. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.О..............рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О..............р нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-75-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн .................. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Есөн чоно овогт Н..............гийн О..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н..............гийн О..............рыг 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О..............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн .................. дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О..............рт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР