Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1108

 

 

 

 

 

 

 

  2023        08          22                                   2023/ШЦТ/1108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

шүүгдэгч П.Лнарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 03183 2423 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Лнь 2023 оны 06 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг ашиглан гараас нь алтан бөгжийг булааж авч зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Лнь 2023 оны 06 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг ашиглан гараас нь алтан бөгжийг булааж авч зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдсэн болох нь хохирогч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Бөхийн алтан цомын тэмцээн болсон. Бөхийн тэмцээний дараа би хэсэг найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Сансарын Үйлчилгээний төв дээр байрлах нэрийг нь үл мэдэх бааранд орсон. Тухайн бааранд үйлчлүүлж байгаад баар хаах үед буюу 04:00 цагийн үед тухайн баарнаас гарсан. Би тухайн баарнаас гараад явж байгаад нэг газрын үүдэнд суугаад байж байтал 27 орчим насны эрэгтэй залуу дөхөж ирээд “Ахаа би таныг таксинд суулгаад өгье” гэж хэлээд намайг дагуулж Алтанжолоогоор Баянцээл тал руугаа урууддаг хэсэг рүү дагуулж явсан. Тухайн үед би согтолттой байсан учир толгой эргээд байхаар нь газар суусан. Энэ мөчид намайг дагуулж явж байсан залуу миний баруун rap талд байсан бөгжийг маань хүч хэрэглэлгүй аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/, Гэрч Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би алт, мөнгөн эдлэл байгаа газар нь очиж худалдаж авдаг. Энэ талаараа фэйсбүүк дээр зар байршуулдаг. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11:00 цагаас 12:00 цагийн хооронд миний 000 гэсэн дугаар руу 35 орчим насны гэмтээр хоолойтой хүн холбогдож “Алтан бөгж зарах гэсэн юм. Авах уу” гэж асуусан. Намайг авна, хаана байгаа вэ гэж асуусан чинь “Сандей плазагийн эсрэг талд байрлах Сансар худалдааны төвд гэж хэлсний дагуу би тухайн газар явж очоод бөгж зарна гэсэн хүнтэй уулзаад бөгжийг нь 2,124,000 мянган төгрөгөөр авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагаас холбогдож миний худалдаж авсан бөгжийг хулгайн бөгж байна гэж хэлээд дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, “Дамно” ХХК-ийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0000дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын нууц харьцуулалтын аргаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 09-10/, Шүүгдэгч П.Л мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...таксинд суулгаж өгөх гээд дагуулаад явж байсан чинь Алтанжолоогоос урууддаг замд явж байгаад суугаад өгсөн. Энэ үед би баруун гарт нь байсан албан бөгжийг анзаарч авч зугтаасан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч руу дайрч довтолсон зүйл байхгүй, хүч хэрэглэлгүй бөгжийг нь гараас нь булааж аваад зугтаасан... фэйсбүүк дээр алт мөнгөн эдлэл авна гэх зар байхыг хараад зар тавьсан хүнтэй холбогдож зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч П.Лнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А ямар нэгэн гомдол саналгүй, хохирлоо 100 хувь барагдуулсан гэж мэдэгдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 63-64/, мөн хохирсон гэх Ч.Б гаас 2,150,000 төгрөгийг бэлнээр авсан гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 60-61/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 11 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Лд мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд 11 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Лд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Лд сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО