Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1219

 

 

 

 

 

 

 2023         09          21                                       2023/ШЦТ/1219

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Дд холбогдох 2306 00000 2563 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 09 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, найз охины хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 7а дугаар гудамжны 301 тоотод түр оршин суух хаягтай,

Сүхбаатар аймгийн сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х овогт Гий Д /РД:/.

Хэргийн товч агуулга:      

Г.Д нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11-1326 тоотод иргэн А.Эрхэмбаяртай үл ойлголцон хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нуруу, мөрний хэсэгт хагарсан архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд зүүн мөр, нуруу, баруун шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Г.Д нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11-1326 тоотод иргэн А.Эрхэмбаяртай үл ойлголцон хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нуруу, мөрний хэсэгт хагарсан архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд зүүн мөр, нуруу, баруун шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эрхэмбаярын өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 05-ны 17 цагийн үед манай найз Номин-Эрдэнэтэй утсаар яриад “би хөдөөгөөс орж ирээд хонох газаргүй болчихлоо, би танайд хонож болох уу” гэж асуутал найз Номин-Эрдэнэ “болно оо, ирэхдээ юм аваад ирээрэй” гэхээр нь би 3 том Сэнгүр аваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өлгийн 11-1326 тоотод оршин суудаг Номин-Эрдэнэ найзындаа дүү Мөнгөнхүүтэй хамт очсон, бид 2-ыг очиход Номин-Эрдэнийн нөхөр болох Д гээд залуу байсан, тэгээд бид 4 нийлээд миний авч очсон 3 ширхэг том пивыг хувааж уугаад дүү Мөнгөнхүү яваад бид 3 үлдсэн. Бид 3 байж байгаад дахиж дэлгүүр ороод 1 шил Хараа архи болон 1 том Сэнгүр пиво худалдаж аваад Номин-Эрдэнийн гэрт очиж үргэлжлүүлж уусан. Тэгээд би найз охинтойгоо чат бичиж байтал надаас Д юм асуухаар нь би “яасан гэнээ хөгшөөн” гээд асуутал шууд намайг зуух руу түлхэж наагаад “намайг хөгшин гэдэг хэн бэ” гээд шууд ууж байсан архины шилээ хагалаад над руу дайраад миний нуруу хэсэг рүү маш олон удаа хатгасан, тэгээд миний мөр лүү бас хатгасан, би айгаад шууд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.07-08/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.09-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9914 дугаартай:

1. А.Эрхэмбаярын биед зүүн мөр, нуруу, баруун шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах,
зүсэх үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.25-26/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.31-32/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Дий яллагдагчаар өгсөн: “... Тэгээд манай найз охины найз орж ирэхдээ нэг эрэгтэй дүүтэйгээ хоёулаа орж ирсэн. Орж ирэхдээ 3 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр пивотой орж ирсэн. Би тоглоом тоглоод утсаа оролдоод сууж байхад Номио “манай найз ороод ирлээ, танилц босоод ир” гэж хэлсэн, тэгэхээр нь би босож очоод танилцсан. Тэгээд бид хэд ууж эхэлсэн, пиво дууссан, тэгээд манай найз охины найзын дүү явлаа гэж хэлэхэд бид дөрөв дөрвүүлээ гарч Эрхэмбаяр, манай найз охин, бид гурав дэлгүүр ороод Эрхэмбаярын дүү гэр лүүгээ явсан. Бид гурав дэлгүүрээс 1 шил архи, 1 пивотой аваад гэртээ очоод уусан, архи дуусаад пивоноос ууж байгаад Эрхэмбаяр бид хоёр хоорондоо маргалдсан. Эрхэмбаяр эхлээд намайг нүүр лүү өшиглөсөн, архи ууж байсан стакан аваад над руу шидсэн, гэхдээ тэр намайг оноогүй. Миний уур хүрээд босож очоод хөлөөс нь чирээд дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Манай найз охин бид хоёрыг салгасан. Салгасны дараа Эрхэмбаяр зуухны таг аваад цохисон. Эрхэмбаяр үүний дараа архины шил авч хагалаад намайг шаана гээд дайраад байсан. Тэгэхээр нь би өшиглөөд унагаасан, унахдаа хагарсан шилэн дээр нуруугаараа унасан. Босож ирээд над руу ахин дайраад, би хойшоо зугтахдаа газар унасан, тэгээд газар хэвтэж байхдаа гарт таарсан шилээр Эрхэмбаярын мөрийг зүссэн. Тэгээд Эрхэмбаяр намайг аллаа гээд гараад гүйсэн. Тухайн үед би согтуу байсны улмаас энэ гэмт хэргийг үйлдэх болсон...” /хх.37/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.42/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.51/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.50/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч А.Эрхэмбаяр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Дийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Г.Дий хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Х овогт Гий Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Эрхэмбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР