Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1295

 

 

К.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч К.Г-т холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6424 тоот захирамж бүхий гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн 81 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч К.Г-т танилцуулаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эсэх тухайд хууль тогтоогчийн хуульчилж өгсөн эрхийг нь эдлүүлэлгүйгээр төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот тогтоолыг үйлдсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан К.Гантунгалаг гомдол гаргасан байна. К.Г-н гаргасан гомдлыг хүлээн аваад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Намсрай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1 дэх хэсэгт заасны дагуу 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонгын хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, төлбөр төлөгчийг хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхийг нь хангаагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Нэгэнт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөнийхөө үнэлгээтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхийг нь хуульд заасны дагуу эдлүүлэлгүйгээр хууль зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь ч мөн адил хууль зөрчигдөн үйлдэгдсэн тогтоол болох юм. Иймд хуульд заасны дагуу төлбөр төлөгч К.Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6424 дүгээр захирамжаар К.Г-с 49 105 379 төгрөгийг гаргуулж “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч К.Г нь шүүхийн шийдвэрийг төлж барагдуулаагүй тул гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 15 дугаар байрны 29 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг хөндлөнгийн гэрч оролцуулан битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 81 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16649 тоот албан бичгээр танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 -д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч К.Г-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан /хуучин нэрээр/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн  1  дүгээр хороо, 15 дугаар байрны 29 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот "Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага  худалдаанд оруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д   зааснаар   нэхэмжлэгчээс   улсын   тэмдэгтийн   хураамжид   төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "....нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу гомдлоо гаргасан гэж үзнэ. Сүхбаатар дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15340 дугаартай захирамжаар К.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох "Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг буцаасныг нэхэмжлэгч хуулийн хугацаанд зохих ёсоор гомдол гаргаагүй учир тус 15340 дугаартай захирамж 12 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон байна. ........"Төлбөр  төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно " гэж заасныг хэтрүүлэн 61 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гомдол гаргах эрхээ алдсан байна..." гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр К.Г-с Б.Б-д олгосон гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр Б.Билгүүлд олгосон итгэмжлэл нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-д шилжигдэн олгогдсон цаг хугацаанд Б.Б Улаанбаатар хотод байгаагүйг тооцвол гомдол гаргах эрхийн хугацаа тасалдаагүй болохыг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр гаргасан дүгнэлт гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бичигдсэн "Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл"-ийг хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан" техникийн алдааны улмаас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэж бичсэн гэх тайлбарыг үнэн зөв, бодит байдалд илүү нийцсэн" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч К.Г-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт "...үл хөдлөх эд хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр үнэлж байгаа..." тухайгаа илэрхийлж бичиж гарын үсэг зурж бичиж өгсөн бичвэрт 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэсэн бичиглэл байхгүй, мөн "Эм эй эф" ББСБ-ын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн № 17/133 тоот албан тоотын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэх огнооны 10-ны өдөр гэсэн бичиглэл нь илт эасвартай байх тул шүүхийн техникийн алдаанаас 2017 оны 5 дугаар сарын 15 гэж бичигдсэн гэх дүтнэлт нь бодит үнэнд илүү нийцэж буй нь тогтоогдоогүй байна. Мөн шинжээч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулльд заасны дагуу шинжээчийн үнэлгээнд гомдол гаргах эсэх тухайд төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тухайд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч К.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06424 дүгээр захирамжаар К.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 48 904 129 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ба хариуцагч К.Г нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөөгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцаа хөрөнгө /Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 15 байр, 29 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц/-өөс албадан гаргуулах арга хэмжээ авах эрхтэйгээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                                                                                                  /хх-37 дахь тал/

 

Дээрх шийдвэрийг үндэслэж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 101/ГХ2017/00274 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 188/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор К.Г-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 15 байр, 29 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 188/22 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагаа хүчинтэй байна.                                                                                                        /хх-35, 42, 45 дахь тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн боловч төлбөр авагч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь үнэлгээг зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргажээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 15 байр, 29 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 81 400 000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.                                                                                                                                                    /хх-53-59 дэх тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/16013 дугаар албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 15 байр, 29 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 81 400 000 төгрөгийн 70 хувиар тооцон 56 980 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж, 2017 оны 6 дүгээр сарын 06-ны өдрийн 6/56 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2017/15340 дугаар захирамжаар К.Г-н нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шүүх нэхэмжлэлийг буцааснаар нэхэмжлэгчийн тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах хугацааг тасалдсан гэж үзэж шинээр тоолох бөгөөд нэхэмжлэгч үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдол гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллага нь дуудлага худалдааг хуульд нийцүүлэн зохион байгуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эрхийг нь хязгаарласан, эрх нь зөрчигдсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ