Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00757

 

                                                             ****ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд yарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дүгээр шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1501 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Гэрээний үүрэгт 7,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайоролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****дхолбогдуулан гэрээний үүрэгт 7,575,000 төгрөг гаргуулахааршаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дүгээршийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ****аас 3,575,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгон, нэхэмжлэлээс үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагчаас хариуцах хураамжид 72,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн ажлын хөлс 100,000 төгрөгийг хариуцагч тал төлсөн болохыг дурдажшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1501 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрчийн мэдүүлэгт тулгуурлан шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигчийн хооронд автомашин худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдэж, үнийг дараа төлөхөөр тохирсон, хэлцэл хийсэн өдрөө дараа төлөгдөх гэрээний үүргийг зээлийн гэрээ нэрээр бичгэн хэлбэрт оруулж, гэрээний хариуцлага анз буюу алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцон төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулж хөндлөнгийн хуульчаар гэрчлүүлсэн болон талууд маргаандаа зээлийн гэрээний талаар шаардлага хэлэлцүүлээгүй байдлаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж зааснаар анзын хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Харин зээлийн хэлцлийн гол нөхцөлийн тохиролцоо, агуулга байхгүй байна... ” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон. Учир нь талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдсэнд маргаагүй. Харин 2017.02.23-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч ****ийн хүсэлтээр “мөнгө зээлсэн зээлийн гэрээ” хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьсаны дагуу тухайн өдөр 29,500,000 төгрөг зээлсэн байдлаар зээлийн гэрээг байгуулсанг хэрэгт авагдсан байдаг. Үүний дагуу хэрэгт авагдсан зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд “...гэрээний зорилго нь зээлдүүлэгч нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг мөнгөн хэлбэрээр авах, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино...” мөн гэрээний гол нөхцөлд “... зээлийн хэмжээ 29,500,000 төгрөг гэж тус тус тодорхой дурдагдсан байхад анхан шатны шүүх зээлийн хэлцлийн гол нөхцлийн тохиролцоо, агуулга байхгүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй, бодит байдалд хэрхэн нийцэх талаас нь дүгнэлт хийгээгүй байж зээлийн гэрээнд тулгуурлан алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үдэслэлгүй. Мөн уг шийдвэрийн үндэслэл хэсэгт 1997 онд үйлдвэрлэгдсэн Bongo frontier маркийн автомашиныг хариуцагч тал зах зээлийн ханшаар үнэлнэ гэх боловч маргаж буй үндэслэлээ нотлох ямар нэгэн баримт гаргаагүй, харин автомашины чанар байдлын талаар болон асахгүй байсан талаар **** бодитоор ****аас шилжүүлэн авсан талаар маргаагүй тул уг автомашиныг худалдах үнийн саналыг дамжуулан ****т хэлсэн, хашаанд тавигдсан машиныг хүлээлгэн өгсөн, уг үйл явдалд биечлэн оролцсон, маргалдагч 2 талтай найзын харилцаатай гэрч Н.Энхбаатар 1,800,000 төгрөгөөр үнэлж худалдсаныг гэрчилж байгаагаар үнэлэх үндэслэлтэй... ” гэж дүгнсэн нь үндэслэл муутай болсон. Хариуцагч талаас үнийн дүнд маргаж буй байдлаа хэрэгт авагдсан “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр Bongo frontier маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэ 4,500,000 төгрөг байна гэж тогтоолгон нотолсон байхад баримт гаргаагүй байдлаар дүгнээд байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

4.1. Мөн магадлалын хянавал хэсэгт “...хэргийн 68-73 дугаар талд “хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 1997 онд үйлдвэрлэгдсэн Bongo frontier маркийн машиныг 4,500,000 төгрөгөөр, 2003 онд үйлдвэрлэсэн Hyundai Starex маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлэхдээ автомашинуудыг биечлэн үзэж үнэлээгүй, тухайн үнэлж буй хөрөнгөтэй хийц, зориулалт орсон огноо зэргээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан жиших аргаар зөвхөн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан үнэлсэн нь учир дутагдалтай болсон...” гэж хянасан нь ямарч үндэслэлгүй. Учир нь тухайн гэрчийн мэдүүлэг, талуудын шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас харахад тухайн маргааны 2 автомашин нь аль хэдийн зарагдсан бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй үзэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авсан ****ийн өмчлөлд байхгүй бөгөөд гуравдагч этгээд рүү шилжсэн бөгөөд хөдөө орон нутагт зарагдсан тул очиж үнэлэх боломжгүй юм. Мөн шүүх гэрч Н.Энхбаатарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр асахгүй машиныг хүлээлгэж өгсөн тул 1,800,000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай болсон. Гэрчийн мэдүүлэг шууд нотлох баримт болж чадахгүй, эх сурвалжаа заан үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх дан ганц гэрч Н.Энхбаатарын мэдүүлэгт тулгуурлан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэлгүй шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцээгүй. Хэрэв шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болсон гэж үзэхэд шүүхийн дүгнэлтээр үндсэн үүргийн төлөгдөөгүй үлдэгдэл 1,550,000 төгрөг, алданги 2,025,000 төгрөгийг хангаж шйидвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан хариуцагч ****аас 3,575,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****аас 3,575,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгон, нэхэмжлэлээс үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлээс үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

9. ****2017.02.23-ны өдөр Ниссан навара маркийн автомашиныг 20,000,000 төгрөг, Тоёота приус 20 маркийн автомашиныг 9,500,000 төгрөг, нийт 29,500,000 төгрөгөөр ****т худалдах, төлбөрийг 2017.05.10-ны өдрийг хүртэл хүүгүй, хугацааны эцэст бөөнөөр төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

Дээрх хэлцэлийн дагуу ****гэрээний зүйлийг ****т шилжүүлэн өгч, хариуцагч нь дээрх төлбөрөөс 24,450,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд маргаагүй, харин үлдэх 5,050,000 төгрөгийн хэмжээнд маргажээ. 

10. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

11. Давж заалдах шатны шүүхээс “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь 1997 онд үйлдвэрлэгдсэн Bongo frontier маркийн автомашиныг 4,500,000 төгрөгөөр, 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starex маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлэхдээ автомашинуудыг биечлэн үзэж үнэлээгүй, тухайн үнэлж буй хөрөнгөтэй хийц, зориулалт, ашиглалтад орсон он зэргээрээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан жиших аргаар зөвхөн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан үнэлсэн нь учир дутагдалтай болсон талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

11.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Н.Энхбаатарын...Мягмаржав нь Bongo frontier маркийн автомашины мотор нь эвдрээд зогсож байсныг 1,800,000 төгрөгөөр, Hyundai Starex маркийн автомашиныг 1,500,000 төгрөгт бодож авах уу гэж надаар дамжуулж асуулгахад Б.Мөнхцог зөвшөөрсөн, Bongo frontier маркийн автомашин нь манай хамаатны хашаанд намар унтраад тавьсан байсныг Б.Мөнхцог өөрийнхөө машинаар чирээд авч явсан, Hyundai Starexби өөрөө унаад хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгээс үзвэлBongo frontier автомашиныг шууд унах боломжгүй тодорхой хэмжээний гэмтэлтэй байсан нь тогтоогдож байх тул шинжээчийн үнэлсэн зах зээлийн ханшаар тооцох боломжгүй, харин 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starex маркийн автомашины хувьд нэхэмжлэгч бусдад худалдсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шинжээчийн үнэлсэн зах зээлийн ханшаар тооцох боломжтой гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зөрчсөн гэж үзэхгүй.   

12. Анхан болон давж заалдах шатны шүүх 1997 онд үйлдвэрлэгдсэн Bongo frontier маркийн автомашиныг 1,800,000 төгрөг, 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starex маркийн автомашиныг шинжээчийнүнэлгээ 5,000,000 төгрөгт тооцон тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. 

13. Хариуцагч **** гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид Bongo frontier маркийн автомашинаа 4,500,000 төгрөгт, Hyundai Starex маркийн автомашинаа 5,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн учраас одоо өглөг, авлагын тооцоо байхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

14. Талууд гэрээг 2017.02.23-ны өдрөөс 2017.05.10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд ****22,850,000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх ****ийн алданги 2,025,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1501 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД