| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2020/0025/Э |
| Дугаар | 303 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 303
С.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах,
орчуулагч Л.Отгончимэг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.Нт холбогдох эрүүгийн 1909034651159 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
С.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Лхагвадоржийг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Сүнхёны Нямдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар С.Н нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол
шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, С.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хохирогч Н.Лхагвадорж нь заалдах гомдолдоо “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт миний бие гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж 4 залуу хоорондоо зодолдож байхад нь салгасан. Гэтэл дээрх 4 залуугийн нэг болох солонгосоор ярьдаг залуу нь үгийн зөрүүгүй намайг цохиж надад эрүү ясны баруун талын их биеийн далд хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндийг минь удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр гэмтлийг учруулсан. Уг гэмтлийн улмаас би 1 сар гаран хугацаанд эрүүл мэндээрээ хохирч хагалгаанд орж, мөн хугацаагаар албан үүргээ гүйцэтгэж чадаагүй, бие эрүүл мэндийн болон сэтгэл санааны ихээхэн хохирол амссан.
Шүүх хуралдаан зарлагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө орон нутагт томилолттой байсан учир өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн байдаг. Хохирогчийн зүгээс эхний ээлжинд эмчилгээ хийлгэсэн нийт 5.736.449 төгрөг нэхэмжилсэнээс 2.642.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 3.094.449 төгрөгийг төлөөгүй ба дээрх үлдэгдэл мөнгийг шүүхээс ор үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Учир нь миний хувьд өөрт учирсан хохирлыг нотлох баримттайгаар гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь гайхалтай байна.
Мөн шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш надтай биечлэн нэг ч удаа уулзаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанарыг ойлгоогүй, учирсан хор уршгийг арилгаагүй байхад шүүхээс 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна.
Иймд миний гомдлыг хүлээн авч шүүгдэгчид холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, учирсан хохирлыг минь шүүгдэгчээс гаргуулж өгөхийг хүсье. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч давж заалдах гомдолдоо 5.736.449 төгрөг нэхэмжилснээс 3.094.449 төгрөгийг анхан шатны шүүхээс ор үндэслэлгүйгээр хохиролоос хасаж тооцсон. С.Н нь баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин 3.094.449 төгрөгийг зарлагын баримт байхгүй учир хохиролд тооцох боломжгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Мөн эмчилгээний зардлаа баримтжуулаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн хохирогч давж заалдах гомдолдоо шүүгдэгч С.Нийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, уг гэмт хэргийн аюулын шинж чанарыг ойлгоогүй гэж гомдол гаргасан байна. С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч ирсэн. Үйлдсэн хэргийнхээ гэм буруу дээр маргаж байгаагүй. Мөн энэхүү үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа шүүхийн шатанд хэлж байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би тэр хүнийг цохисон эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ цохисон нь үнэн юм шиг байна лээ. Тухайн үед би хохирогчтой уулзах гээд эмнэлэг рүү явсан юм. Гэтэл хохирогчийн эхнэр гарч ирээд “дөнгөж сая хагалгаанд ороод гарч ирж байна” гэсэн. ...” гэв.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Н.Лхагвадоржийн нэхэмжилсэн хохирлын баримтуудаас 3.065.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзээд үлдсэн 2.223.900 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзсэн. Түүнчлэн, шүүгдэгч С.Н нь хохирогчид 2.642.000 төгрөгийг төлсөн байна гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Н.Лхагвадоржийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг анхан шатны шүүхээс зарлагын баримт байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд бараа худалдан авсан баримт байх ёстой гэж үзэн дараа нь баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Н нь эдгээр баримтуудыг хохиролд тооцсон тохиолдолд төлж барагдуулахаа шүүх хуралдааны явцад илэрхийлж байсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогч Н.Лхагвадорж нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Гэвч анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Заавал өөр баримт байх шаардлагатай гэж үзэн нотлох баримтаас хасаж тооцсон. Эдгээр хохирлын баримтуудыг харахад яах аргагүй тухайн гэмтлээс үүссэн зардлууд байна. Иймд давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзвэл хохирлыг шүүгдэгч С.Нээс гаргуулан хохирогч Н.Лхагвадоржид олгох нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Нт холбогдох 1909034651159 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.
С.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Лхагвадоржийг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Лхагвадорж /хх 5/, гэрч П.Энхтөр /хх 71/, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн С.Нийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11141 дугаар “...Н.Лхагвадоржийн биед эрүү ясны баруун талын их биеийн далд хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч С.Нийн хохирогч Н.Лхагвадоржийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...” гэж гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой байдлаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Нт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нотлох баримттайгаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч С.Нээс гаргуулж шийдвэрлээгүй талаар гаргасан хохирогч Н.Лхагвадоржийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Лхагвадорж нь гэм хорын хохирлын нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт болгон “Оюудент” ХХК-аас титан ялтас, титан шураг худалдан авсан 2,000,000 төгрөгийн зарлагын баримт /хх108/, “Алунгоо дент” ХХК-аас худалдан авсан эмчилгээний хэрэгслүүдийн 1,065,000 төгрөгийн баримт /хх109/-ыг шүүхэд гаргаж өгчээ. Энэхүү баримтад дурдсан 2,000,000 төгрөгийн эмчилгээний материалыг хохирогч Н.Лхагвадоржид хийсэн мэс заслын эмчилгээнд хэрэглэсэн болох нь Н.Лхагвадоржид эмчилгээ хийсэн эмчийн “...өөрийн зардал болох 2 сая төгрөгөөр титан ялтас, шургийн хамтаар зах зээлээс худалдан авч эмчилгээ хийлгэсэн. ...Хагалгаа хийлгэсэн, хэрэглэсэн материалууд нь хагалгааны төлбөр биш бөгөөд хяналтын дэлгэмэл рентген зурагт тод тусгагдсан болохыг тодорхойлов...” /хх 84/ гэсэн тэмдэглэл, хохирогчид шүдний эмчилгээ шаардлагатай болох нь мөн эмчийн “...хугарлын заагт орших шүдийг авахуулж...” гэсэн тэмдэглэл /хх 84/-ээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчээс нийт 3,065,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Лхагвадоржид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолд хохирол гаргуулсан өөрчлөлтийг оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Нээс нийт 3,065,000 /гурван сая жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Нямдэлэгийн Лхагвадорж /РД: ЛЮ87070170/-д олгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ