| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 109/2025/0018/З |
| Дугаар | 221/МА2026/0085 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0085
Э.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүн оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б нар,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай шийдвэр;
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.У
Хариуцагч: Ч.Б (цахимаар)
Хариуцагчийн өмгөөлөгч: О.Б (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 109/2025/0018/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б-ээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Б ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-т “Нэхэмжлэгч Э.Б ийн тухайд тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй үндэслэлээр ажилтанд цалинтай чөлөө олгосон нөхцөл байдал тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан тухайн чөлөө олгосон ажилтны биеийн байдал, бодит байдал зэргээс харахад эл үндэслэлийг үндэслэл болгож нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцээгүй гэж шүүхээс үзлээ.” гэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.Б ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн нярав Т.М-д холбогдох хууль журмыг зөрчин цалинтай чөлөө олгосон гэсэн ганцхан үндэслэлээр бус 2023 он, 2024 онд хаягжуулалтын ажлыг өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид зориулан санхүүжилтийг тусгуулах санаачилга гаргаж шийдвэр гаргалтад оролцсон, түүнчлэн Архангай аймаг дахь төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан шаардлагуудыг биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг давхар гаргасан гэж үзэж түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсанчлан зөвхөн няравт цалинтай чөлөө олгосон гэж үзэж түүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй болно.
3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.7-д “Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “ДХ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай А/99 дугаар захирамжийн дагуу тус ажил 2023 онд хийгдсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн “ДХ” ХХК-д санхүүжилт олгох тухай захирамжийн дагуу гүйцэтгэгч компанид зардлыг шилжүүлсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн А/198 дугаартай ажлын хэсэгт орж, ажлыг хүлээн авч, үнэлээгүй, 2024 онд сумын орон нутгийн хөгжлийн сангааp 19 950 000 төгрөгийн хаягжуулалд хийх ажилтай холбоотойгоор Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн А/78 дугаартай захирамжаар гэрээг хамаарал бүхий этгээдтэй байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээг тухайн үед Засаг дарга болон Засаг даргын орлогч байгуулсан, мөн хэрэгт авагдсан гэрч Т.Г-ийн мэдүүлэг зэрэг үйл баримтаас харахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан зөрчил бүхий нөхцөл байдлыг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.” гэжээ.
3.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т ““хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх. төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.2-т ““хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гэж хуульчилсан. Үйл баримтын тухайд “ДХ” ХХК-ийн ерөнхий захирал О.Б-Энь Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч Э.Б ийн төрсөн хүү буюу нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус заажээ.
3.4. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд бодит нөхцөл байдалд дээрх хориглолт хязгаарлалтыг зөрчин өөрийн төрсөн хүүгийн компанид 2023 онд санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож, гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах үүрэг хүлээж байсан нь хэрэгт цугларсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023.05.30-ны өдрийн А/99 дугаартай захирамж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/123 дугаартай захирамж, төлбөрийн хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.
Мөн 2024 онд “ДХ” ХХК дахин хаягжуулалд хийх ажлыг хийхэд засаг даргын захирамжийн төсөл танилцуулах санал авах хуудаст ажлын хэсэгт хүртэл орж байсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг дээрх асуудалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан зөрчил бүхий нөхцөл байдлыг гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.
3.5 Хариуцагч миний бие нэхэмжлэгч Э.Б ийг ажлаас халах тухай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримталсан үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан.
4.2. Маргаан бүхий захиргааны актад зөрчил гэж дурдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг хангалттай тодруулсан бөгөөд 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцэхгүй байна.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэсний дагуу шалгаж хууль зүйн дүгнэлтүүдийг зөв хийсэн атлаа мөн хуулийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчиж, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, дахин шинэ акт гарсан тохиолдолд тухайн акт нь энэ маргаан бүхий акт болох Архангай аймгийн цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжийн үндэслэл болох эсэх нь шүүхийн шийдвэрийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарч байна гэж анхнаасаа хүчин төгөлдөр болоогүй Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актыг үндэслэж гарсан маргаан бүхий акт буюу Б/02 дугаартай актыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна.
4.4. Анхан шатны шүүх маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 05 сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай актыг хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугааp зүйлийн 106.3.1-д зааснаар маргаан бүхий актыг хүчингүй болгох байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж зааснаар хянав.
Хууль хэрэглээний талаар:
Нэг. Өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргалтад оролцсон гэх асуудлын талаар:
1 дэх заалтаар тус сумын гудамж, хорооллын хаяг, тэмдгийг ... байршуулах ажлыг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр гүйцэтгэх ажлын гэрээг “ДХ” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч,
2 дахь заалтаар Гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын тамгын газрын дарга Э.Б /нэхэмжлэгч/-т даалгаж;
1 дэх заалтаар сумын гудамж, хорооллын хаягжуулалтын ажлын зардал 20,000,000 /хорин сая/ төгрөгийг олгохоор,
2 дахь заалтаар ... урьдчилгаа 30 хувь 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийг ... их засварын зардлаас зарцуулахыг Засаг даргын тамгын газрын дарга Э.Б /нэхэмжлэгч/-т зөвшөөрч шийдвэрлэсэн нь;
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” гэж зааснаар “ашиг сонирхлын зөрчил үүсэх” нөхцөл байдал тогтоогдсон байхад нэхэмжлэгч Э.Б нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.” гэсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй, хууль зөрчин өөрийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой Захиргааны шийдвэр гаргалтын ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралдааны мэтгэлцэх явцад гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хоёр. Эрх мэдлээ урвуулан ашиглаж нярав Т.М-д 6 сарын цалинтай чөлөө олгосон гэх асуудлын талаар:
2.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Тамгын газрын нярав Т.М-д Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл, байгууллагын дотоод журмыг үндэслэн 6 сарын цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн байх боловч гэрч Т.М /нярав/ анхан шатны шүүх хуралдаанд /цахимаар/ өгсөн мэдүүлэгтээ “...би 2024 оны 06 дугаар сард шинжилгээ хийлгэхээр 7 хоногийн чөлөө авсан, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, 08 дугаар сарын 20-ны үед ажилдаа очиж ... анхан шатны материалд гарын үсэг зурах, хагас жилийн тайлангаа гаргах зэргээр ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг өгсөн нь дээрх чөлөө олгосон тушаал нь хууль зөрчсөн болохыг нотолж байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан цалинтай чөлөө авсан ажилтанд мөн хуулийн 99 дүгээр зүйлд заасан ээлжийн амралт олгох боломжгүй, эсрэгээрээ ээлжийн амралт авсан ажилтанд амралттай хугацаанд нь чөлөө олгох хуулийн зохицуулалт байхгүй тул дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
2.2. Анхан шатны шүүх “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0670 дугаар магадлал энэ хэргийг шийдвэрлэх цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх бөгөөд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0670 дугаар магадлалын хянавал хэсэгт дурдсан нөхцөл байдлыг дахин тодруулж шинээр захиргааны акт гаргасан тохиолдолд тухайн акт нь энэ хэргийн маргаан бүхий акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжийн үндэслэл болох эсэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарч байна” гэсэн дүгнэлт хийж, маргаан бүхий Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцэхгүй.
2.3. Тодруулбал, тухайн нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаа хүлээх нь үр дүнтэй бөгөөд боломжтой, ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд л дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхээс бус “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй аудитын нөхөн төлбөртэй холбоотой маргааныг тус төрийн албаны маргаанд хамаатуулж нэхэмжлэгч Э.Б ийн ажлаас халсан тушаалыг шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасантай зөрчилдсөн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв, бодитойгоор үнэлж дүгнээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.5. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109/ШШ2025/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б ийн “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА